Тэгвэл бид гадагшаа юу зарж чаддаг вэ? /Тодруулга 2-оос харна уу/. Мөнөөх л ухаан ур ордоггүй бүтээгдэхүүн буюу газрын баялаг. Гэхдээ энэ ч бас “түүхий” чигээрээ. Мэдээж хэрэг баяжуулалт, боловсруулалт хийсэн бол илүү жин дарах байсан нь тодорхой. Даанч одоохондоо манайхан нүүрсээ ч угааж чадахгүй байгаа. Экспортын бүтээгдэхүүнийх нь бас нэг чимэг болсон ноолуур нь бас боловсруулаагүй бохироороо. Ийн манай экспортын бүтээгдэхүүнийг жагсааж үзвэл ердөө 7,0 хувь бусад гэсэн тодотголтой байгаа. Ингэхэд ямарваа нэг улсын экспортын бүтээгдэхүүний 50-иас илүү хувь нь боловсруулалт бага өөрөөр хэлбэл гар, ухаан бага шаардсан байгалийн байлгийн болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн байх ахул эдийн засгийн Голланд өвчний хам шинжийн нэг тэмдэг гэж үздэг сэн, ноёд оо. Тэгэхээр экспорт импортын тэнцлээ, тэр тусмаа экспортын бүтээгдэхүүний жагсаалтаа эргэн нэг харж, толгойгоо ажиллуулах сан даа. Эгээ л ирмэгтэй хад чулуугаар ам амьтны гэдэс цуу татан иддэг хүй нийгмийн үеийн дүр зураг шиг юм харагдаад байгаа бус уу?
ТОДРУУЛГА-1: Гадаад худалдааны тэнцэл 2011 оны эхний долоон сарын байдлаар 1100.7 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 970.0 сая ам.долл буюу 8.4 дахин өсчээ. Гадаад худалдааны тэнцэл 2010 оны долдугаар сард 83.0 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол 2011 оны 7 дугаар сард 368.0 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2576.3 сая ам.долл буюу 80.3 хувь, үүнээс импортын хэмжээ 1773.2 сая ам.долл буюу 2.1 дахин, экспортын хэмжээ 803.1 сая ам.долл буюу 52.2 хувиар өсчээ.
ТОДРУУЛГА-2: Нийт экспортод
- нүүрс 37.4 хувь,
- зэсийн баяжмал 24.9 хувь,
- төмрийн хүдэр 9.6 хувь,
- боловсруулаагүй газрын тос 5.0 хувь,
- бохир ноолуур 4.9 хувь,
- цайрын хүдэр, баяжмал 3.7 хувь,
- боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 3.2 хувь,
- хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.2 хувь,
- молибдений хүдэр ба баяжмал 1.2 хувь,
- самнасан ноолуур 0.9 хувь, үлдсэн 7.0 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна.
"Ардын эрх" сонин