ОХУ-ын Камчатскад нохой чарганы “Берингия” уралдаан эхэллээ. Энэ жилийн уралдаан хамгийн урт замд уралдах бөгөөд энэ үзүүлэлтээрээ Гиннеcийн номд амжилтаа бүртгүүлэх зорилготой байгаа ажээ.
Энэ жилийн уралдааны замын урт нь 2100 километр юм. Камчатскийн хязгаарын Мильково тосгоноос гараагаа эхэлж Чукоткийн автономит тойргийн Марково тосгонд барианд орох юм. Гиннесийн номын орос хэвлэлийн ерөнхий редактор Алексей Свистунов амжилтыг нотлон баталгаажуулахын тулд Камчатскад иржээ.
“Уралдааны товлосон маршрутыг харахад яах аргагүй Гиннесийн амжилтад бүртгэгдэхээр байна. “Берингия”-тай төстэй бусад уралдаантай харьцуулахад энэ маршрут үнэхээр урт байна. Гэхдээ уралдаан бариандаа амжилттай хүрч байж амжилт бүртгэгдэнэ” хэмээн Алексей Свистунов хэлснийг Камчатскийн хязгаарын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Уралдаанд 15 оролцогч өрсөлдөж байгаагийн ес нь Камчатскаас, тав нь Чукоткаас, нэг оролцогч Москвагаас оролцож байна. Уралдааны замыг 25 үе шаттайгаар туулахаас хамгийн богино нь 20 километр, урт нь 105 километр юм.
“Берингия” уралдаан нь 1990 оноос хойш тасралтгүй Камчатскад зохиогдож байна. 1991 онд нохой чарганы хамгийн урт уралдаан гэсэн амжилтыг Гиннест бүртгүүлсэн. Тухайн үеийн амжилт нь 1980 километр байсан юм. Харин энэ жил өмнөх амжилтаа эвдэх зорилго тавиад байгаа нь энэ ажээ.
2010 оноос энэ уралдааныг Камчатскийн хязгаарын албан ёсны баяр болгон тэмдэглэж байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ