“News” агентлаг 76:1 булангаараа УИХ-ын гишүүн Батсүхийн Наранхүүг танилцуулж байна.
Газрын ченжээс УИХ-ын гишүүн болтлоо суга дэвшсэн улстөрч бол Б.Наранхүүг гэдэг. Эл бизнес нь араасаа сайн муу мэдээг олонтаа дагуулсан ч өнөөдөр 20 гаруй компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болтлоо томорч чаджээ. Хөрөнгө чинээгээрээ өнөөгийн улстөрчдийг өнгөлөх төдийгүй хамгийн олон машин сэлгэж унадаг улстөрчдийн нэг.
Авлигатай тэмцэх газарт гаргаж өгдөг Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өнгөрсөн жил 20 гаруй тэрбум төгрөгийн хадгаламжтай, хоёр орон сууцтай, Land Rover Range Rover -1, Land cruiser Standart-1, Rollsroyce Phantom-3 зэрэг автомашинтай гэж мэдүүлжээ.
Бүрэн дунд боловсролтой гэдэг ч наймааны ухаан байхад бизнесийн салбарт гялалзаж чадна гэдгийг биеэрээ үлгэрлэсэн нэгэн юм. МУИС-д суралцаж явсан ч гуравдугаар курст элсэн суралцсан жилээсээ сургуулиа орхисон байна. Эмч нар гэргийг нь зүрхний өвчтэй тул хүүхэд төрүүлэх боломжгүй гэсэн оношийг тавьснаар 50 мянган ам.доллар олох эрэлд гарч, бизнест хөл тавьжээ. Хувийн салбарт зүтгэсэн нь алдсангүй, амжилт олж гэргийгээ ч эмчлүүлж гурван хүүтэй болсон байна.
Оюутан ахуйдаа УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийнд амьдарч, багш, шавийн барилдлагатай болсон бол ажлын талбарт гарсан хойноо УИХ-ын дарга М.Энхболдыг хотын даргаар ажиллаж байхад нь жолоог нь мушгиж, шадарлаж явжээ.
Газрын бизнес эрхэлж явахдаа олон дуулиантай үйл явдалд нэр холбогдож амжсан байна. Тухайлбал, нийслэлчүүдийн цэвэр ундны усны нөөц дээр “Дүнжингарав” төвийг байгуулсан, Хүүхдийн паркийн газраас “хумсалсан”, иргэдэд хашааны газар олдохгүй дүүрэг, хорооныхоо үүдийг сахиж суухад “Мон уран”-ы Б.Наранхүү орон сууц барих нэрийдлээр 200, 300-га газар эзэмшиж, зарж борлуулж ашиг унагасан зэрэг шүүмжлэлд өртөж, хэвлэлийн тэргүүн нүүрэнд бичигдэж явжээ.
Мөн “Алтжин”-гийн Г.Алтан хатагтайтай нэр холбогдож явсан бол бага насны хүүхдийг худалдсан гэх хэл аманд өртөж, хэвлэлийнхэнтэй шүүхдэлцэж амжжээ. Энэ заргад Б.Наранхүү гишүүн ялсан байна.
УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа ч хуралдаа суудаггүйгээрээ цуутай. Ардчилсан намыг эрх барьж байхад ч ажил таслалтаараа тэргүүлж явсан бол өнөөдөр ч энэ зангаа засаагүй л явна. Чуулган, байнгын хорооны хуралдаанд суудаггүй шалтгаанаа “УИХ-ын гишүүн болохоор бүх юмыг мэддэг юм биш. Тийм учраас мэддэг асуудлынхаа хэлэлцүүлэгт суугаад, мэдэхгүйдээ орохгүй байсан нь дээр” гэж үздэг хэмээн тайлбарласан удаатай.
Өнгөрсөн намрын чуулганы хугацаанд тоотойхон бараагаа харуулсан тэрбээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед Төрийн ордонд заларч, олны нүдийг хужирласан нь бий.
Ажилдаа ирсэн шалтгаанаа Б.Наранхүү гишүүн “Б.Хурцтай найз тул дэмжихээр ирлээ” гэж тайлбарлаж байв.
Дундговь аймгаас хоёр удаа дараалан сонгогдсон түүнийг эхэн үедээ нутгийнхнаа байр, машинаар байлж, нүнжигтэй загнаж явсан бол сүүлийн үед амласнаа өгөхгүй луу унжих болсон тухай яриа газар авсан болсон.
Арга нь барагдсан уу, аль эсвэл худал амлалт өгөхгүй байхыг нь зогсоохын тулд хийсэн сөрсөн базаа юу мэдэхгүй. Ерөнхийлөгч Х.Баттулгыг Дундговь аймагт өнгөрсөн нэгдүгээр сард ажиллах үеэр дундговьчууд “Б.Наранхүү гишүүн хургатай хонь амлачихаад өгөхгүй байна” гэж хов дуулгаж амжсан тухай шуугиад авсан удаатай.
Ажилдаа өөрийн тааллаар ирдэг болоод удаж буй Б.Наранхүү гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийн тулд хуульч залуус өнгөрсөн онд Үндсэн хуулийн цэцэд хандсан ч бүтэлгүйтсэн. Энэ асуудал нь Үндсэн хуулийн цэцээр хэлэлцэх асуудал биш гэж үзсэн билээ.
Харин ирцийн асуудлаар өдөр бүр шахам чих нь хангинаж явах болсон эрх баригчид энэ асуудлыг хамжааргатай болгохын тулд УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлаад байгаа. УИХ-ын хаврын чуулганаар төслийг хэлэлцэн баталсан нөхцөлд ирэх намрын чуулганаас эхлэн Б.Наранхүү нарын ажлаа тасалдаг гишүүдийг дэгэнд оруулах бололцоотой болно.
Тэрбээр УИХ-д зургаа дахь жилдээ ажиллаж байгаа ч хуулийн төсөл санаачлаагүй байна.
Морь уях хоббитой, алдарт шарга азарга нь улсад найман удаа түрүүлснээр “Мон уран”-ы Б.Наранхүүг олонд таниулжээ.
Ажилласан байдал:
1999-2012 онд
‘Мон -Уран’ ХХК-ийн ерөнхий захирал
2005-2012 онд
‘Инвэкс’ ХХК-ий ерөнхий захирал
2008-2012 онд
‘Дүнжингарав’ ХХК-ий ерөнхий захирал
2012-2016 онд
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ