Уулын баяжуулах ‘Эрдэнэт’ үйлдвэр болон УБТЗ нийгэмлэгийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн Стандарт банкнаас 110 сая ам.долларыг зээлсэн асуудлаар Монголын Засгийн газрыг 51 сая ам.долларын өрөнд унагасан Ш.Батхүүгийн хэрэг өндрөө авч, улс төрийн хүрээний том сэдэв болоод байгаа.
Түүний энэ хэрэгт тухайн үеийн МАН-ын эрх мэдэлтнүүд холбогдсон байх магадалтай гэсэн хардлага явж байгаа юм. Учир нь ‘Жаст’-ын гэх Ш.Батхүү Стандарт банкнаас зээл авахдаа тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, ‘Эрдэнэт’ үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ нийгэмлэгийн дарга Т.Очирхүү нарын гарын үсэгтэйгээр Монголын төрийн өмчийг барьцаанд тавьсан гэх асуудал үүсээд байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр 20.00 цагийн орчим түүнийг баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна. Өмнө нь Ш.Батхүү энэ хэргээр шүүхээс 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, түүний хэргийг АТГ-аас шалгаж байсан бөгөөд барьж хорих шаардлагатай гэж үзжээ. Харин ‘Эрдэнэт’-ийг барьцаанд тавьсан гэх хэрэгт холбогдох болсон Д.Сугар, Ч.Ганзориг нар гарын үсгийг нь хуурамчаар дуурайлгасан гэж мэдэгдээд байгаа билээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ