Б.Хурцыг шүүх хурлын протокол дэлгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг шүүх хурлын протокол дэлгэгдлээ

Их Британид зорчих үедээ баривчлагдаж улмаар Германы талд
шилжүүлэн хүргэгдэхээр болоод байгаа ҮАБЗ-ийн ажлын албаны дарга асан
Б.Хурцын хэргийг сонсон хэлэлцсэн Английн шүүхийн протоколд олон сонин
баримт гарсан байна. Энэ оны зургаадугаар сарын 23-24-ний өдрүүдэд
хэлэлцсэн хэргийн талаарх бүх мэдээллийг багтаасан энэ протоколд
анхаарал татахаар, бас эргэцүүлж үзмээр олон мэдээлэл гарсан нь
сонирхолтой. Б.Хурцыг өмгөөлсөн болон түүнийг Германы талд хүлээлгэн
өгөх асуудлыг хамгаалсан талуудын гаргаж тавьсан мэдээллүүдийн заримаас
албан бус орчуулгаар та бүхэнд хүргэхээр хичээлээ.

Хурлын протоколын талаарх өмнөх мэдээллийг энд дарж үзнэ үү.

Үргэлжлэл. Хэдийгээр Британийн Онц ноцтой зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх товчоо буюу SOCA байгууллагын ажилтан ноён Кюф нь эхэндээ Б.Хурцыг дипломат албан паспорттай учир халдашгүй эрхтэй гэж ойлгож байсан ч түүний энэ бодлыг өөрчилж болох мэдээллийг удалгүй түүнд өгсөн байна. Б.Хурцыг Их Британид зорчих хүсэлт тавьж байгаа тухай мэдээллийг тэрээр авснаас хойш хоёр хонож байх үед нь буюу 2010 оны гуравдугаар сарын 19-нд Их Британийн гаалийн албаны Лондон дахь туслалцаа үзүүлэх тасгийн нэгэн ажилтан түүнд зөвлөгөө өгч Б.Хурц нь дипломат паспорттай байлаа ч энэ нь халдашгүй эрхтэй гэсэн ойлголт биш гэдгийг хэлж өгсөн аж. Учир нь Б.Хурц нь Их Британид Монгол Улсаас дипломат албанд томилогдож ирээгүй л бол дипломат халдашгүй эрх эдлэхгүй гэж ойлгуулжээ. Мөн зөвлөгөө өгсөн Их Британийн гаалийн албаны тэр ажилтан Б.Хурц нь Монгол Улсаас тус улсад суугаа ЭСЯ-ны дипломат эрх ямба бүхий ажилтнуудын тоонд  багтдаггүй гэдгийг ч лавлан тодруулж өгсөн аж.

Үнэндээ бол Английн шүүх хурлын протокол дахь энэ мэдээлэл хоёр ч эргэцүүлэлд хүргэж байгаагаа хуваалцья. Эхнийх нь дипломат халдашгүй эрхийн тухай асуудал юм. Гадаад улс орнуудад явж байхад ч, бас Шенгенийн орнуудад байгаа ЭСЯ-уудын хүмүүстэй уулзаж байхдаа ч дипломат паспорттай л бол халдашгүй эрхтэй байдаг гэх ойлголт авч байсан маань эндээс харвал буруу ойлголт болж таарлаа.

Их Британийн гаалийн ажилтнаас SOCA–ийн ажилтан Кюфэд өгсөн зөвлөгөөг ухаж ойлгоход хэрэв Монголын ЭСЯ-д ажилладаг дипломат эрхтэй ажилтан л биш бол дипломат паспорттай ч байсан дипломат халдашгүй эрх эдлэхгүй болж таарч байгаа юм. Энэ ойлголт зөвхөн их Британийн хувьд уу эсвэл Европын холбоо энэ тэр гээд бусад орнуудад ч мөн адил байдаг уу гэдгийг эрхбиш гадаад харилцаа, холбоо эрхэлдэг төрийн байгууллагууд маань судалж мэдсэн л байлгүй дээ гэмээр. Тэгвэл ийм төрлийн паспорт эзэмшиж байгаа төрийн албан хаагчид нэг бол эрхийнхээ талаар тодруулж асуудаггүй байх, эсвэл маньтайгаа адилхан л ойлголттой явдаг болж таарав. Тийм биш юм бол Б.Хурц яагаад өөрийнхөө халдашгүй эрхэнд тийм их итгэлтэй байсан байж таарах вэ. Нэг үгээр хэлбэл бид өөрсдийнхөө ойлголтуудыг нягталж үзэх хэрэгтэй болж байгаа юм биш үү. Аягүй бол Шенгенийн виз авчихсан шигээ Европоор тэнэж явтал барьж аваад хорьчихож мэдэх нь бололтой.

Дээр нь гадаад улс орнуудын төрийн болон тусгай үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг бахдахгүй байхын арга алга. Гэтэл манайд байдал тэс өөр бололтой. Жишээ нь Б.Хурцыг Их Британид суугаа Монголын ЭСЯ-ны дипломат эрхтэй ажилтан мөн эсэхийг тус улсын гаалийн ажилтан нь тодруулж лавлагаа гарган тусгай үүрэг бүхий албаныхандаа хэлсэн болж таарч байна. Хэрэв энэ лавлагааг манай ЭСЯ-ны ажилтнуудаас асууж тодруулах байдлаар гүйцэтгэсэн бол “Яагаад Б.Хурцыг ингэж асуух болов”  гэсэн бодол хэн нэгэнд нь төрсөн л баймаар юм. Гол нь Монгол Улсын ҮАБЗ-ийн дээд тушаалын албан хаагчийн тухай лавлаж байгаа юм шүү дээ. Хэрэв англичууд болон монголчуудын хооронд ажил хэрэгч байдлын ялгаа байдаггүй л юм бол ийм лавлагаа явагдаж байна гэдгийг тэр доор нь ЭСЯ-аас зохих газарт нь “хэл хүргэх” ёстой биш үү. Мэдэх газар нь мэдэж тодруулна биз гээд цааш юу болсныг харъя.

Ингээд албан үүргээ гүйцэтгэхэд нь Б.Хурцын “статус” саад болохгүй талаар мэдэж авсан SOCA -ийн ажилтан Кюф өөрийн байгууллага нь Германы талаас тавьсан хүсэлтийн дагуу Европын баривчлах захирамжийг хэрэгжүүлэх болсноо Их Британийн гаалийн ажилтнуудад дуулгаад, улмаар Бээжин дэх нэвтрэх виз хариуцсан ажилтнаас Б.Хурцад виз олгох асуудал хэзээ шийдэгдэхийг асуужээ. Мөн Их Британийн гаалийн нөгөө агуу хэрэгтэй зөвлөгөө өгдөг ажилтан ч бас гаалийн нэвтрэх виз хариуцсан ажилтандаа хандаж Б.Хурц нь дипломат халдашгүй эрх эдлэхгүй бөгөөд Европын баривчлах захирамжийн дагуу баривчлагдах болно гэж мэдэгдсэн аж. Маргааш нь Бээжин дэх нэвтрэх виз хариуцсан ажилтан тэдэнд хариу мэдээлэл өгсөн байна. Тэгэхдээ Б.Хурцтай уулзаж цаг хугацаа хожимдуулж байгаадаа түүнээс уучлал гуйн, явах товоо хэрхэн шинээр тогтоож байгааг нь болон төлөвлөсөн нислэгийн дугаарыг нь асуухаар шийдсэнээ дуулгасан байна. Мөн баривчлагаа явуулах SOCA байгууллага Б.Хурцыг баривчлах захирамж авах хүртлээ хугацаа хойшлох эсэхийг асуусан ажээ.

Дээрхи мэдээллээс харвал Их Британийн хил гаалийн ажилтнууд бүхэлдээ Монгол Улсын ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурцыг өөрийн улсад зорчихоор ирэхэд нь баривчилна гэдгийг мэдэж байсан төдийгүй энэ ажиллагааг гүйцэтгэх бололцоо, нөхцөлийг тохируулах, цаг хугацааг нь тааруулах зэргээр хамтарч ажилласан болж таарч байна. Сонирхолтой нь энэ бүх ажиллагааг зохион байгуулж байх үед баривчалгааг зохион байгуулсан SOCA  хэмээх байгууллага нь Их Британийн хил гааль болон визийн асуудал хариуцсан байгууллагууд болон тэдгээрийн ажилтнуудаас мэдээлэл авч, харилцан ажиллагаагаа уялдуулж байсныг харахад энэ байгууллагын нөлөөлөх чанар асар хүчтэй байсан болж таарч байгаа юм. Харин Монгол дахь Их Британийн Элчин сайд болон тус яам энэ талаар мэдээлэл авч хэрхэн хандаж байсан нь бас сонин.

Шүүх хурлын протоколд дурдсанаар бол Монголд сууж байсан Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайдад Б.Хурцыг баривчлагдахаас бараг таван сарын өмнө буюу 2010 оны дөрөвдүгээр сарын 15-д мэдэгджээ. Түүнээс хоёр хоногийн өмнө SOCA байгууллага Германы талаас Б.Хурцыг баривчлах тухай бүрэн эрхэт захирамжийг гаргуулж авсан гэдгээ Бээжин дэх Их Британийн нэвтрэх визийн асуудал хариуцсан ажилтанд мэдэгдсэн бөгөөд тэндээс Монгол дахь Их Британийн Элчин сайдад мэдэгдэл хүргүүлсэн байна. Тэгэхдээ Монголд суугаа Их Британийн элчин сайдын баталгаажуулалтгүйгээр визийг хүсэлт гаргагчид ( Б.Хурц ) олгох боломжгүй гэдгийг тайлбарласан ажээ.

Их Британийн Элчин сайд тэр даруйд нь Лондон дахь гадаад хэргийн асуудал эрхэлсэн төвтэйгээ холбоо барьж зарим нэг зүйлийг асууж зөвлөлдөхийг хүсчээ. Тухайлбал, ийнхүү баривчилгаа болсон тохиолдолд урьдчилан бэлтгэх зүйлс байж болохыг сануулсан аж. Тухайлбал, тэрээр Б.Хурцыг баривчилсан тохиолдолд эсэргүүцэл гарах болно гээд Монголын Элчин сайдын зүгээс ийм асуудал гарах болсон талаар Монголын холбогдох байгууллагуудад яагаад мэдэгдээгүй талаар асуулга тавих болно гэдгийг хэлсэн байна. Иймд “бид энэ талаар байр сууриа илэрхийлэхэд шаардлагатай зарим нэг олон улсын болон хоёр талын эрх зүйн зохицуулалт,арга хэрэгсэл” хэрэгтэй гээд юу байж болох талаар асууж лавлажээ. Мөн тэрээр хэвлэл мэдээлэлд “шидэж” өгөх шаардлагатай тайлбар хэрэгтэй болно гэдгийг урьдчилан харж байгаагаа төвдөө илгээсэн захидалдаа илэрхийлсэн байж.

Төвөөс нь хариу хэлэхдээ Лондонд болох ажиллагаа болон энэ асуудлаар харилцагч байгууллагуудын саналд өндөр ач холбогдол өгсөн ч Б.Хурц нь дипломат ажилтан байсан гэдэг утгаараа асуудал маш хүнд байх болно гэдгийг урьдчилан тааварлаагүй гэж тухайн үед Монголд алба хашиж байсан Их Британийн элчин сайд шүүхэд мэдүүлсэн бололтой. Мөн шүүхийн протоколд онцлон дурдахдаа дээрхи баримтууд нь Их Британийн Гадаад яамны удирдлагаас элчин сайддаа ямар нэг зөвлөгөө өгөөгүй гэдгийг харуулсан анхаарууштай нотолгоо болж байна гэсэн байдаг.

Ийнхүү Монгол дахь элчин сайд нь Их Британийн Гадаад яамны удирдлагатайгаа харилцаж байх зуур Бээжин дэх  визийн ажилтан бас нэгэн мэдээлэл илгээсэн нь Б.Хурц Лондонд өөрийн орны Элчин сайдтай уулзахаар зорьж байгаа гэж зорилгоо тодорхойлсон бөгөөд түүнд Шенгенийн хүчинтэй виз байгаа юм байна гэж дурджээ. (Их Британи улс Шенгенийн гэрээнд ордоггүй.ред) Мөн Б.Хурцын Их Британид зорчих тов одоогоор  тодроогүй байна гэж мэдэгдсэн байж.

Дахиад л сонирхолтой баримтууд. Ямар ч байсан Монгол дахь тухайн үеийн Их Британийн Элчин сайд Монголын дээд албан тушаалын төлөөлөгчийг баривчлах болно гэдгийг олон сарын өмнө мэдэж байсан ба энэ талаар өөрийн төв удирдлагатай санал солилцож байсан нь шүүх хурлын протоколд тов тодорхой бичигдсэн байна. Баримтуудыг харвал Их Британийн элчин сайд болоод тус улсын гадаад асуудал хариуцагч удирдлагын зүгээс Б.Хурцын ашиг сонирхлын зүгээс асуудалд огтхон ч хандаагүй, харин ч Германы талын хүсэлтэд илүү анхаарч ажилласан бололтой.  

Чухамдаа энэ хандлагыг Б.Хурц гэдэг хувь хүний тухайд хамааруулж ойлгох уу, эсвэл  ер нь л Монголын дээд албаны төлөөлөлд хандаж байгаа байдал уу гэдгийг ялгаж салгахад төвөгтэй байгаа юм. Юутай ч Монголын төрийн том албаны төлөөлөгчийн аюулгүй байдлыг гэхээсээ илүү дараа нь гарч болох хэл ам, хэрүүл шуугианыг угтуулж хийх сөрөг ажиллагаанд л санаа тавьж байсан Их Британийн элчин сайдын авирыг үзэхэд гадаад орнуудаас Монголд сууж байгаа дипломат албаны гүйцэтгэдэг үүргийн талаар урьд өмнөхөөсөө тэс өөр таагүй бодол төрж байсныг нуух юун.

М.Наст


Үргэлжлэл бий


"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж