Хугацаа нь дууссан Цэцийн гишүүдийг хэзээ өөрчлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Хугацаа нь дууссан Цэцийн гишүүдийг хэзээ өөрчлөх вэ?

Хугацаа нь дууссан Цэцийн гишүүдийг хэзээ өөрчлөх вэ?

Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнтэй. Үүнээс  хоёр гишүүнийх нь буюу Д.Наранчимэг, Н.Жанцан нарын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн жил дуусгавар болжээ. Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох эрхтэй. 

Үүний дагуу Д.Наранчимэгийн оронд УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилох саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгож, Хууль зүйн байнгын хороо хэлэлцсэн ч дэмжээгүй юм. Ингээд Ерөнхийлөгч хүсэлтээ эргүүлэн татаж, Д.Наранчимэг одоо хүртэл цэцийн гишүүнээр ажиллаж байна. 

Хугацаа нь дууссан Цэцийн гишүүдийг солих асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор  хэлэлцэх үед УИХ-ын гишүүд яагаад ганцхан Д.Наранчимэгийг солих асуудал орж ирсэн талаар асууж, Н.Жанцангийн хугацааг тодруулахад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Н.Жанцан гуайг Ерөнхийлөгч одоохондоо байж байг гэсэн”  хариу тайлбар өгсөн билээ.

Үндсэн хуулийн цэцэд хамгийн удаан ажиллаж байгаа Н.Жанцан. Тэрбээр 1992 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Түүний бүрэн эрхийн хугацаа хуулийн дагуу 2017 оны тавдугаар сарын 5-нд дууссан юм. Өөрөөр хэлбэл, Н.Жанжан хуулийн дагуу Цэцэд алба хаших хугацаанаасаа нэг жилээр хэтэрсэн гэсэн үг. Цэцийн гишүүнээр томилох Ерөнхийлөгчид болон УИХ-д нийцэх өөр хүн олдохгүй байна уу эсвэл Н.Жанцан ийм мундаг хуульч уу гэдгийг мэдэхгүй. Ямар ч байсан насаараа Цэцийн гишүүн байна гээд заачихаагүй бол хугацаа нь дууссан Үндсэн хуулийн манаачдын асуудлыг нэг тийш нь шийдэх цаг болжээ.

Цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссан ч бүрэн эрхтэйгээ үлдээд шалтгаан нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.3-т “Цэцийн гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхэлж дараагийн гишүүн томилогдох хүртэл үргэлжилнэ” гэсэн заалттай холбоотой билээ. 

Д.Наранчимэг, Н.Жанцан нараас гадна Т.Лхагва, Д.Сугар нарын бүрэн эрх энэ оны тавдугаар сарын 9-нд дуусна.

“Эрдэнэт” үйлдвэрийг банкны барьцаанд тавих үед Д.Сугар Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан. Тиймээс Үндсэн хуулийн цэц хулгайчдын орогнодог газар болсон гэсэн шүүмжлэлд ч өртөөд байгаа юм.

Ингээд Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн зарим заалтыг хүргэе.

  • Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.
  • Цэцийн гишүүнээр томилох хүний тухай Улсын Их Хуралд санал болгохдоо Улсын Их Хурлын дарга зохих байнгын хороодын санал дүгнэлтийг үндэслэн захирамж, Ерөнхийлөгч захирамж, Улсын Дээд шүүх гишүүдийнхээ олонхийн саналыг үндэслэн зохих шийдвэр гаргана.
  • Санал болгосон хүнийг Улсын Их Хурал Цэцийн гишүүнээр томилохоос татгалзсан бол санал оруулсан байгууллага, албан тушаалтан долоо хоногийн дотор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар өөр хүний нэр дэвшүүлнэ.
  • Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа арван дөрвөн хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг Улсын Их Хурал гуч хоногийн дотор шийдвэрлэнэ.
  • Цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно. Цэцийн гишүүн Засаг захиргаа, нам-улс төрийн болон худалдааны үйл ажиллагаа эрхэлж, үйлдвэрчний эвлэлийн удирдах ажил хийж болохгүй.
  • Цэцийн гишүүн Улсын Их Хурлын гишүүнд буюу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлбэл тухайн сонгуулийн дүн гартал Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэж хуульд заажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж