"Миний хүүг өөрөө уначихсан гэж хэлсэн"

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

"Миний хүүг өөрөө уначихсан гэж хэлсэн"

"Миний хүүг өөрөө уначихсан гэж хэлсэн"

Цэцэрлэгийн багшдаа зодуулж буй гуравхан настай хүүгийн бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиалд шуугиан тарьсан. Ээж нь энэ сарын 7-ны өдөр хүүгээ цэцэрлэгээс нь авахаар очиход “багш намайг зодсон миний хөл хугарчихсан” гэж хэлжээ. Энэ үгийг сонсоод ээж нь учир явдлыг багшаас асуухад ‘Танай хүүхэд тоглож байгаад өөрөө унасан’ гэж хариулсан гэнэ. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах тус … цэцэрлэгт нэг ангид ойролцоогоор 20 гаруй хүүхэд суралцдаг гэх. Тухайн өдөр хүүг цэцэрлэгээс авахаар очиход хөл дээрээ ч алхаж чадахгүй зогсоо зайгүй уйлж байжээ. Үүнийг сонссон даруйд аав нь цэцэрлэгийн камер шүүлгэх гэхэд цэцэрлэг аль хэдийнээ хаасан байж. Хүү тэр шөнөдөө унтаж чадалгүй уйлагнан хоносон аж. Харин маргааш өглөө нь аав нь камерт шүүлгэтэл туслах багш н.Шижирмаа хүүгийнх нь ар нуруу руу гараараа алгадаж, саваагаар хөл рүү нь цохиж байх үеийн дүрс камерт үлджээ. Энэ асуудлаар хүүгийн аав Э.Төгөлдөртэй хэсэг хором ярилцлаа.


-Таны хүүд тохиолдсон явдлыг цахим хуудсаар дамжуулж мэдлээ. Тухайн өдөр чухам юу болсон бэ? Таны хүүг үнэхээр зодсон хэрэг үү?

-2018 оны гуравдугаар сарын 7-ны өдөр манай эхнэр хүүг цэцэрлэгээс авахад алхаж чадахгүй, хөдөлж чадахгүй уйлаад сууж байсан гэсэн. Тэгээд багшаас нь хүү минь яагаа вэ, юу болсон бэ гэхэд тоглоом дээрээсээ өөрөө унасан гэсэн хариуг өгсөн. Би ажлаасаа ирээд хүүгийнхээ бичлэгийг камерт шүүлгэх гэтэл цэцэрлэг хаачихсан байсан. Дараа нь сумынхаа жижүүр эмч дээр очсон юм. Жижүүр эмчийн хэлэхдээ хүүг үзээд сайн мэдэхгүй байна, гэхдээ хүнд бэртэл алга гэхэд нь бага ч болов сэтгэл онгойгоод гэр рүү харьсан. Тэгтэл хүү маань тэр шөнөдөө унтаж чадалгүй уйлагнаад их л хэцүү хоносон. Нөгөөдөр нь буюу гуравдугаар сарын 9-ны өдөр камерт шүүлгэхэд миний хүүг багш нь саваагаар зодсон байгаа юм.

Тэр үед би цэцэрлэгийн эрхлэгчээс нь юугаар зодсон юм бэ гэж асуухад хар өнгөтэй цаасаар зодсон л гэж хэлсэн. Бичлэгээс харахад миний хүүг унтах гэж байхад нь зодсон юм болов уу. Багш нар нь тухайн үед анхаарч байгаа ч зүйлгүй өөрөө унасан гэж хариулсан. Дараа нь хүүгээ сумынхаа гэмтлийн эмчид үзүүлтэл хот руу очиж томографийн зураг авхуулах хэрэгтэй гэсэн. Тэгээд багш нараас нь камерын бичлэгийг бүрэн авъя гэхээр өгөхгүй байгаа нь их сонин санагдсан.

-Хүүгийн биеийн байдал одоогоор ямархуу байна вэ?Хотод ирээд ямар оноштойгоор эмчлүүлж байгаа вэ?

-Энд ирээд үзүүлэхэд зөөлөн эдийн гэмтэлтэй, яс нь хугарсан юм байхгүй 7-8 хоног эмчилгээ, шарлага хийлгээд антибиотик уу гэж зөвлөсөн. Бага насны хүүхэд томографийн зураг авхуулахад бүтэн наркозод ордог юм билээ. Өчигдөрхөн шинжилгээнд ороод рентген зургаа авхуулчихсан. Хүүгийн минь бие харьцангуй гайгүй байдалтай байгаад их баярлаж байна. Гэхдээ  сэтгэл зүйд нь асар том шарх үлдээсэн юм болов уу гэж бодож байгаа. Шөнө болохоор айж цочиж уйлаад байсан болохоор их санаа зовсон. Өчигдөр оройноос л гайгүй боллоо.

-Багш нарын зүгээс та бүхнээс уучлал гуйсан уу? Тэд яагаад камерын бүтэн бичлэгийн үзүүлэхгүй гэсэн юм болоо?

-Тэд хэлэхдээ хар өнгөтэй цаасаар зодсон гэж хэлсэн. Гэтэл бичлэгт саваагаар цохиж байгаа нь харагдаж байгаа юм. Хэрэв цаасаар цохилоо гэхэд гуя, хаа нь хөхөрсөн байх уу. Энэ байж боломгүй биз дээ. Цэцэрлэгийн эрхлэгч нь зориудаар өнөөх багшийг хаацайлаад бичлэгийг өгөхгүй гэж зүтгээд байна. Зөвхөн манай хүүг гэлтгүй тухайн үед хэд хэдэн хүүхдийг цохиж байгаа харагдсан.

Миний ойлгосноор хүүхдүүдтэй байнга л муухай харилцдаг, удаа дараа хүүхдүүдийг дарамталдаг багш байна гэж дүгнэсэн. Тэгээд ч мэргэжлийн бус хүн байсан гэдгийг сүүлд нь мэдсэн. Бидний зүгээс сумынхаа цагдаад гомдол гаргасан. Маргааш өглөө Боловсролын яаманд өргөдөл өгөх санаатай байна.  Урьд нь ажиглаж байхад манай хүү цэцэрлэгтээ явах дуртай сэргэлэн цовоо л байдаг байсан. Энэ жилээс л туслах багш нь солигдож цэцэрлэгтээ явах дургүй болчхож.  

-Багштай нь биечлэн уулзсан уу?

-Камерт шүүлгэж байхад уулзсан л даа. Хүүхдээ зодуулж байгааг харахад биеэ барих хэцүү байсан. Эрхлэгчтэй нь уулзахад надад уучлаарай ч гэж хэлээгүй. “Чи надаас мөнгө авах гээд байгаа юм уу” гэж хэлсэн. Би Өмнөговь аймагт уул уурхайн компанид ажилладаг болохоор хүнээс мөнгө гуйгаад байхаар амьдралтай хүн биш. Хүний хүүхдийг зодчихоод өөдөөс хэнэггүй байдлаар өөр юм ярихад нь харамсмаар л санагдсан даа. Эцэг эхчүүдийн зүгээс камерын бүтэн бичлэгийг харах хүсэлт гаргасан ч одоог хүртэл үзүүлээгүй. Тиймээс эцэг эхчүүдтэйгээ нийлж ээлжээр хүүхдүүдээ камерт нь хардаг юм уу гэсэн санал гаргасан.

-Зодсон гэх багшид нь ямар арга хэмжээ аваасай гэж хүсэж байна вэ?

Дахиад миний хүүхэд болон өөр хүүхдүүдэд хохирол учруулахгүй байх талаас нь арга хэмжээ аваасай л гэж хүсэж байна. Түүнээс биш хүн хохироох гээд байгаа зүйл  байхгүй. Олон хүүхдийн эрүүл мэнд чухал байна шүү дээ. Энэ асуудлыг шийдэгдтэл шат шатны байгууллагад нь хандах хүсэлтэй байгаа. Сошиалд бичлэгийг нь тавьснаас хойш хүмүүс шуугиад эхэлсэн. Уг нь би зөвхөн цэцэрлэгийн группэд тавьсан юм. Тэгтэл цэцэрлэгийн эрхлэгч нь устгуулаад байсан болохоор арга буюу эхнэр бид хоёр өөрсдийнхөө цахим хуудсанд тавьсан. Сайн багш нар ч зөндөө бий л дээ. Харин ёс зүйгүй, нялх хүүхдүүдтэй ажиллах чадамжгүй багшид хариуцлага хүлээлгэнэ гэдэгт итгэж байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж