Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр намаасаа өрх тусгаарлаж, МАХН хэмээх шинэ намыг 2011 онд Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр тус нам улс төрийн тавцанд идэвхтэй намуудын тоонд орсон. 2012 оны УИХ-ын сонгуульд бүлэг байгуулах хэмжээний төлөөлөл сонгогдож байсан ч өнөөдөр тэд УИХ-д суудалтай нам болох эсэхээ шийдүүлэх гэж байна. Учир нь МАХН-аас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон О.Баасанхүү болон намын дарга Н.Энхбаяр нар намын даргын төлөөх төлөө өөр өөрсдийн дүрмээр тоглосон ч тэдний хэнийг ч Улсын дээд шүүх бүртгэсэнгүй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд МАХН-ын их, бага чуулганаа зохион байгуулж, өөрөө намын даргаар сонгогдож, бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан. Гэвч МАХН-ын зүгээс О.Баасанхүү хууль бус үйлдвэл хийсэн гэж гомдол гаргаснаар Улсын дээд шүүх намын дотоод асуудал хэмээн хэлэлцэхээс түдгэлзсэн. Тэгвэл хоёрдугаар сарын 9,10-ны өдрүүдэд МАХН-ын II чуулганыг Н.Энхбаярын “тал” зохион байгуулж, намын дүрэм, мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулсан. Түүнээс гадна намын намын дарга Н.Энхбаярыг ч улираан томилсон. Ингэхдээ 2011 оноос хойш зохион байгуулагдаагүй намынхаа II их хурлыг зохион байгуулж, 1200 төлөөлөгч оролцуулж шийдвэрээ гаргасан. Тиймээс ч намын дүрэм, мөрийн хөтөлбөрөө Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлт өгсөн боловч Улсын дээд шүүх Улс төрийн намын тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзсан юм. Өмнө нь мөн намын дүрэмд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намаас хөөх дүрмийн өөрчлөлтөө Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлж байсан ч мөн л Улсын дээд шүүх хүлээж авахаас татгалзсан юм.
Улсын дээд шүүхийн 2011 оны зургадугаар сарын 24-ны өдрийн 07-р тогтоолоор МАХН-ын Онц Их хурлын тогтоол 2011.01.28-ны өдрийн дугаар 28 тогтоолыг үндэслэн баталсан байна. Мөн тус нам Улсын дээд шүүхэд 35 мянган гишүүнтэй гэж бүртгэгджээ.
Долоон жилийн дараа зохион байгуулсан их хурлаас гарсан дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрийг яагаад Улсын дээд шүүх бүртгэсэнгүй вэ. Тэгвэл Улсын дээд шүүхээс Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу намын Бага хурал, их хурлын протокол буюу тэмдэглэлээ ирүүлээгүй гэж үзсэн байна. Энэ талаар МАХН-ын генсек Б.Тулгаас тодруулахад “Улсын дээд шүүхээс Бага чуулганы хурлын тэмдэглэлийг бүрдүүлээгүй, улиран сонгогдсон намын дарга Н.Энхбаярын материалыг ирүүлээгүй гэсэн шалтгаанаар бүртгэхээс татгалзсан. Улс төрийн намын тухай хуульд намын даргыг бүртгэх, хурлын тэмдэглэлийг хавсаргах талаар тодорхой заалт байдаггүй. Гэхдээ бид Улсын дээд шүүхээс шаардсан бүх материалыг нь бүрдүүлээд, дахин хандана” гэсэн юм.
Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэхэд намаа намын дарга нь төлөөлөх байсан ч Н.Энхбаяр энэ удаагийн хуралд оролцоогүй бөгөөд намын даргын материалаа ирүүлээгүй гэнэ. Түүнээс гадна МАХН-ын мөрийн хөтөлбөрт БНМАУ-ын шинэ дээд үндсэн хуулийг батлах саналыг мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Тиймээс мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль зөрчсөн агуулгатай байсан гэж үзэж, бүртгэхээс татгалзжээ. МАХН-ын дүрэм нь Үндсэн хууль зөрчсөн бол намын их хурлаа дахин зохион байгуулах эсвэл шүүхэд хандах гэсэн хоёр сонголт байгаа юм байна. Харин МАХН-ын зүгээс аль сонголтыг хийхийг ирэх өдрүүдэд харж болох юм.
Сонирхуулахад,
МАХН-аас БНМАУ-ын шинэ дээд Үндсэн хуулийн төслийг боловсруулж, орон даяар санал асуулга өрнүүлээд байгаа юм. Санал асуулга гуравдугаар сарын 1-ээс эхэлсэн бөгөөд нэг сая хүний гарын үсэг цуглуулбал МАХН-ын дарга Н.Энхбаярын боловсруулсан шинэ дээд Үндсэн хуулийг УИХ ёсчлон батлах боломжтой гэж МАХН-ынхан үзэж байгаа юм байна.
Ш.ЧИМЭГ