УИХ-ын БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн А.Ундраа нар Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг сүүний үйлдвэрүүдтэй өнөөдөр (2018.03.12) танилцлаа.
УИХ-ын гишүүд эхлээд нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах “АПУ дейри” ХХК-ийн сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Үйлдвэрийн хүчин чадал, үйл ажиллагааны талаар тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Энхбилэг танилцуулахдаа, 2014 онд ашиглалтад орсон манай үйлдвэр жилд 45 сая литр бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай. Хэдийгээр жилээс жилд шингэн сүүний хэрэглээ нэмэгдэж байгаа ч Д аминдэмийн дутагдал орон даяар, ялангуяа нийслэлд их байна. Тиймээс олон улсын стандарт, технологийн дагуу бүтээгдэхүүнээ Д аминдэмээр баяжуулан үйлдвэрлэж байгааг онцоллоо.
УИХ-ын гишүүн А.Ундраа “Саяхан Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн газар, НҮБ-ын Хүүхдийн төлөө сан хамтран Хүнс тэжээлийн тавдугаар судалгааны дүнг гаргасан. Манай нийт хүн амын дунд А, Д аминдэм, төмөр, фолийн хүчил зэрэг заавал байх ёстой шим тэжээлийн дутагдал дунджаар 95 хувьтай байгаа нь дахин батлагдлаа. Энэ нь ялангуяа, өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, жирэмслэх насны эмэгтэйчүүдэд хүндээр тусаж, зарим өвчний суурь нөхцөл болж байна. Тийм учраас хамгийн өргөн хэрэглэгддэг хүнс тэжээлийг тухайлбал, гурил, сүү, талх зэрэг бүтээгдэхүүнийг баяжуулах зайлшгүй шаардлага байна” гэлээ.
Дараа нь УИХ-ын гишүүд хүүхдийн сүүний үйлдвэр нэртэйгээр 1991 онд байгуулагдсан “Монсүү” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Үйлдвэрийн захирал Ч.Хадбаатар манай үйлдвэр зөвхөн малын гаралтай шингэн сүүгээр үйлдвэрлэлээ явуулж, байгалийн болон химийн гаралтай тогтворжуулагч бодис хольдоггүй, хуурай сүү хэрэглэдэггүй гээд, түүхий эдийн татан авалт буюу тээвэрлэлт, нөөцийн асуудал манай салбарын үйлдвэрлэгчдийн нийтлэг бэрхшээл болоод байна. Хэдийгээр 60 гаруй сая малтай боловч энэ нөөцийнхөө маш бага хувийг хот тойрсон бүс нутгаасаа хангаад үлдсэн хэсгийг нь ашиглаж чадахгүй байгааг онцлов.
БОХХАБХ-ны дарга Л.Элдэв-Очир Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаад хоёр жил болж байгааг тэмдэглээд, баяжуулсан хүнсийг хуульчилж баталгаажуулснаар хүн амын эрүүл мэнд, өсөлт хөгжилтөд эергээр нөлөөлөх нь гарцаагүй. Монгол хүн эрүүл орчинд амьдарч, эрүүл хүнс хэрэглэх ёстой. Ард иргэдийн маань амьжиргаа сайнгүй, олдсон хүнс тэжээлээ л хэрэглээд явж байгаа ийм үед төр иргэддээ анхаарал хандуулж, энэ хуулийг нэн даруй батлах ёстой. Гэхдээ зөвхөн бүтээгдэхүүн баяжуулах үйлдвэрлэлийн асуудлыг биш тухайлбал сүү, сүүн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, тээвэр ложистик, үйлдвэрлэгчдэд тавигдах чанар, стандарт, хүндрэл бэрхшээл зэргийг урьдчилж харж байж, эрх зүйн орчныг нь оновчтой бүрдүүлэх ёстой гэлээ.
Анх шим тэжээлийн дутагдлаас үүдэн түүнийг нөхөх зорилгоор АНУ, Канадад хүнсийг баяжуулж эхэлсэн байдаг. Түүнээс хойш бамбай өвчнөөс сэргийлж давсыг иодоор, ракит, сульдаа өвчнөөс сэргийлж сүүг Д аминдэмээр, түүнчлэн гурил, талх, ургамлын тос зэргийг баяжуулж хэрэглэх замаар хүн амынхаа шим тэжээлийн дутагдлыг нөхөх, өвчлөлөөс сэргийлэх зохицуулалт олон оронд бий болжээ.
Холбоотой мэдээ