“Мирал” сангийн хүүхдүүд уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

“Мирал” сангийн хүүхдүүд уулзлаа

Ээж, аав, ах, эгчдээ хөтлүүлсэн хүүхдүүд BBQ chicken-ийг зорих. Тэдний аав, ээж, ах, дүүс цөм өөр боловч нэг л зүйл тэднийг холбожээ. Энэ хүүхдүүд бүгд зүрхний өвчтэй аж. Тэдний зарим нь энэ өвчнөөсөө салаад удаагүй байгаа бол заримд нь хүнд өвчнөө эмчлүүлэх аз тохиожээ. Зүрхний өвчнөөр шаналж байгаа эдгээр монгол хүүхдүүдийг Солонгосын “Мирал” зүрхний сан ивээн тэтгэн өвчнийг нь илааршуулах буянт ажлыг хийж байгаа гэх. “Би анх 1987 онд Мирал зүрхний санг байгуулсан юм. Миний эргэн тойронд зүрхний өвчтэй хүмүүс байсан учраас би энэ өвчинтэй тэмцэж нэг ч гэсэн хүнийг эдгээхийн тулд энэ санг байгуулсан. Өнөөдөр эмчлүүлж байгаа болон эмчлүүлэх гэж буй, эмчлүүлсэн монгол хүүхдүүд эрүүл саруул болоод ирээдүйд Монгол Улсыг улам хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж “Мирал” зүрхний сангийн захирал И Жон Жэ хэлж байна. “Мирал” зүрхний сангийн зохион байгуулсан үйл ажиллагаа өчигдөр BBQ chicken-нд болж өнгөрлөө. Өчигдрийн үйл ажиллагааны гол зорилго нь эмчлүүлсэн болон эмчлүүлэх гэж буй хүүхдүүдийг ар гэрийнхэнтэй нь урьж нэг өдрийг хамтдаа өнгөрүүлэхэд оршиж байсан юм.

Хүлээн авалтын үйл ажиллагаа хэдийнэ эхэлж хүүхдүүд гэрийнхэнтэйгээ тусгайлан зассан ширээнд тухалцгаажээ. Тэд энэ хүлээн авалтыг огт тоосон шинжгүй нэг, нэгнийгээ шоглон гүйж, бүр зарим нь чанга, чанга орилж, зарим нь ээж, ааваасаа ийм, тийм нэхэн уйлж байлаа. Чухамдаа энэ дуу, шуу л өчигдрийн хүлээн авалтыг амь оруулж байсан гэхэд болно. “Өнөөдрийн энэ арга хэмжээ үнэхээр гэгээлэг юм. Сүүлийн үед энд тэнд аль нэг намын санаачилгаар хэрэгтэй хэрэггүй цуглаан болж байхад өнөөдрийн энэ хүлээн авалт хүүхдүүдийн ирээдүйн төлөө хийж байгаа бага ч гэсэн үйл хэрэг. Би хувьдаа Солонгосын энэ сайн дурын байгууллагад баярлаж байна. Цаашид олон мянган хүнийг аюулт өвчнөөс нь авраасай гэж хүсэн ерөөе” гэж УИХ-ын гишүүн асан н.Авдай хэлж байсан юм. Өчигдрийн хүлээн авалтад Солонгосын “Мирал” сайн дурын байгууллагын гишүүд болон ардын авьяастнууд хүрч ирсэн байлаа. Мөн хотын захиргааны зарим төлөөлөгчид ирсэн байсан. “Намайг Хонгорзул гэдэг 2000-аад оны эхээр би зүрхний өвчинд шаналж байлаа. Харин Солонгост ийм сан байдгыг сонсоод хэл хүргүүлсэн. Тэндээ очоод “Мирал” сангийн буянаар эмчлүүлсэн. Одоо би нэг хүүгийн эх, хүний хань болоод сайхан амьдарч байна. “Мирал” сангийнхандаа баярлалаа” гэж Монголоос Солонгос руу уригдсан анхны өвчтөн н.Хонгорзул хэлж байсан юм.

Чухамдаа энэ цагаас хойш Мон­голд олон арван хүүхэд энэ өвчинд шаналдгийг мэдээд анхны өвчтөнөөрөө холбуулан арав гаруй хүүхдийг эмчлүүлжээ.

Өчигдөр болсон арга хэмжээний дараа ч Монголоос дахин зургаан хүүхдийг эмчилгээнд явуулах гэж байгаа аж: Тэд ч мөн өчигдрийн хүлээн авалтын хүндтэй зочдын нэг байсан юм. Энэхүү уулзалт, хүлээн авалтыг анх 2010 онд Монголд зохион байгуулж байсан ажээ. Зүрхний өвчнөөр шаналж байсан хүүхдүүд өнөөдөр зоогийн газрыг нураах шахан баясан шуугилдаж байна. Монгол багачуудад амьдрал бэлэглэсэн буянтнуудын буян арвижиг ээ.  

Б.Болорсүх

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж