Японы ерөнхий сайд Шинзо Абэ танил дотно хүмүүстээ шударга бусаар илүү боломж олгосон гэх дуулианд нэр холбогдоод байна. Шинзо Абэгийн эхнэр Акиэтэй холбоотой сургуулийн удирдлага төрийн өмчийн газар худалдан авахдаа их хэмжээний хөнгөлөлт эдэлсэн нь маргаан дагуулсан аж. Акиэтэй холбоотой гэгдэх Моритомо Гакуэн нь хэрэгт буруутай нь тогтоогдвол албан тушаалаасаа огцрохоо зарласан аж. Энэ хэрэг өнгөрсөн оны сүүлээр олонд ил болсон ч өдгөө Японы засгийн газраас шуугианыг дарах арга хэмжээ авч эхэлжээ. Энэ талаар “Reuters” агентлаг нийтлэл бэлтгэсний дараа хэрэгт холбогдсон хүмүүсийн нэр баримт бичгээс арилсан аж. Тухайлбал, ерөнхий сайд Шинзо Абэ, түүний эхнэр болон сангийн сайд Таро Асо нарын нэрийг баллуурдсан нь хэргийг нуун дарагдуулах оролдлого гэж үзэж байна. Сангийн яамны худалдаа хариуцсан хэлтсийн хэд хэдэн албан тушаалтан бичиг баримтыг өөрчилснөө парламентын сонсголын үеэр хүлээсэн гэж сайд Таро Асо даваа гаригт хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Харин сөрөг хүчний зүгээс Таро Асог албан тушаалаасаа огцрохыг шаардаж байна. Таро Асо нь Шинзо Абэг улиран сонгогдоход чухал нөлөө үзүүлэх хүн гэж тооцогдож буй. Өдгөө 77 настай Таро Асо яамны ажилчдынхаа өмнөөс уучлал гуйсан боловч огцрох бодолгүй байгаагаа мэдэгджээ. Харин сөрөг хүчний Үндсэн хуулийн ардчилал намын дарга Юко Эдано “Хэн, яах гэж бичиг баримтыг өөрчилсөн бэ” гэх асуултад хариулт нэхэж байна.
Улмаар танилдаа боломж олгосон гэдгээс илүү хэргийг нуун дарагдуулахыг оролдсон нь Шинзо Абэ болон Таро Асо нарт муугаар эргэж болзошгүй байна. Худалдааны баримт бичигт 14 зүйлд өөрчлөлт орсныг шалгалтын явцад тогтоосон аж. Зургаа дахь жилдээ Японы засгийн газрыг тэргүүлэн ажиллаж буй Шинзо Абэгийн рейтинг дуулианаас болж унасан боловч тэрбээр Либерал Ардчилсан намын даргаар үлдэх сонирхол их байгаа аж.
Тэрбээр Японы түүхэнд хамгийн удаан ажилласан ерөнхий сайдаар үлдэх эсэх нь намын даргын санал хураалтаас шийдэгдэх юм. Таро Асо нь засгийн газрын гишүүд дотроос Шинзо Абэг бүрэн дэмжиж буй цөөн хүмүүсийн нэг аж. Хэрэв Таро Асо дуулианаас болж огцорвол Шинзо Абэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх нь. Үүний зэрэгцээ дуулианаас үүдэн Үндэсний татварын агентлагийн дарга Нобухиса Сагава албан тушаалаасаа бууж, парламентад асуугджээ.
Тэрбээр газрын худалдаанд хөнгөлөлт эдлэх нөхцөлийг бүрдүүлсэнд буруутгагдаж байна.
Өдгөө 63 настай Шинзо Абэ 2012 онд Японы эдийн засгийн өсөлтийг сэргээж, батлан хамгаалах чадавхаа нэмэгдүүлэх амлалт өгч, ерөнхий сайдаар сонгогдож байв. Гэвч өнгөрсөн амралтын өдрөөр Yomiuri сонины явуулсан рейтинг судалгаагаар Шинзо Абэгийн нэр хүнд 48 хувьд хүрч өмнөх сарынхаас зургаан хувиар буурчээ.