Эдуард Сүрэнгийн нэхэмжлэл ба “Төрийн банк”-ны хүлээлт

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Эдуард Сүрэнгийн нэхэмжлэл ба “Төрийн банк”-ны хүлээлт

Эдуард Сүрэнгийн нэхэмжлэл ба “Төрийн банк”-ны хүлээлт

“Төрийн банк” ХХК-ийн зүгээс 2017 оны долдугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан “…Банкны эрх хүлээн авагч болон Төрийн банкны хооронд 2013 оны долдугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан гэрээний үүрэгт тухайн гэрээгээр хүлээж аваагүй бусдын өмнө хүлээж болзошгүй үүрэг хамааралгүй болохыг тогтоолгох тухай…’ нэхэмжлэлийг “Хадгаламж” банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан. Уг маргааныг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хангаж шийдсэн байдаг.

Тус банкны ерөнхий захирал Д.Баярсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хүлээн авсан 2013 оны долдугаар сарын 21-ний өдрийн тайлан тэнцэлд тусгагдаагүй банкнаас гаргасан баталгаа, батлан даалт, аккредитив, бусад хүлээж болзошгүй үүргийг цуцалсан ‘Банкны эрх хүлээн авагчийн 2013 оны долдугаар сарын 23-ны өдрийн 11 тоот Үүрэг цуцлах тухай тушаал”-ыг энэ шүүх зөв үнэлсэн байгаа юм. Ингээд энэхүү шүүхийн шийдвэрийг үндэслэл болгож Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны аравдугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэрийг хянуулахаар хүсэлтийг дахин гаргаад байна. Төрийн банкны зүгээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс татгалзаж өөр шүүхээр хэлэлцүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Энэ хэргийг удахгүй хэлэлцэх байх. Шүүх Шинээр илрэх нөхцөл байдлын улмаас гаргасан Төрийн банкны хүсэлтийг шударгаар шийдвэрлэх байх гэж найдаж байна” хэмээсэн байдаг.

Сүхбаатар дүүргийн шүүх 2013 оны 1921 дугаар шийдвэрт дурдахдаа “Хадгаламж банкны бусдын өмнө хүлээх үүрэг бүхлээр нь Төрийн банкинд шилжсэн” гэж үзсэн. Гэтэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Актив пассив хөрөнгө шилжүүлэх гэрээний 2.3-т “Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноор хөрөнгө шилжүүлэгч /Хадгаламж банк ХХК/-ийн шаардах эрх болон бусдын өмнө хүлээх үүрэг …” нь уг гэрээгээр хязгаарлагдаж байгаа гэдгийг тогтоосон.

Банкны талаас хүсэлт гаргасан үндэслэлдээ “Төрийн банкинд их хэмжээний төлбөр ногдуулсан Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрт дурдсан үүргийг Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр өөрөөр үнэлж шийдвэрлэсэн нь “Шинээр илрэх нөхцөл байдал” гэж үзжээ. Ингээд “Шинээр илрэх нөхцөл байдлаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нөхцөлд маргаан дахин үргэлжлэх боломжтой. Талууд иргэн Э.Сүрэнгийн шүүхэд гаргаж өгсөн хуурамч материалын тухайд огт мэтгэлцээгүй байгаа тул маргах боломж өгөөч” гэж хүсч байгаа аж. 

Учир нь, “Төрийн банк” ХХК-аас Чингэлтэй дүүргийн шүүхэд 2017 оны дөрөвдүгээр сараас зургаадугаар cap хүртэл Э.Сүрэнгийн хэрэгтэй холбоотойгоор зургаан удаа тус бүр өөр өөр утга бүхий нэхэмжлэл гаргаж байхад Иргэний хэрэг үүсгэхгүйгээр буцаасны учир юу байв. Үүнээс болж аргаа барсан Төрийн банк Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороонд хоёр удаа гомдол гаргасан. Харин Ёс зүйн хорооноос Хуульчийн мэргэжлийн хороонд ханд гэж шийдвэр гаргаснаар мөн л мэргэжлийн хороонд нь хүртэл ханджээ. Мөн Шинээр илрэх нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг хэлэлцэх явцад хариуцагч “Жаст групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа этгээдийн итгэмжлэлийн хугацаа дууссан тул шүүх хуралдаанд оролцож болохгүй нөхцөл байдал хуралдааны явцад илэрмэгц нэхэмжлэгч Э.Сүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр тухайн хурал дээр шууд хүсэлт гаргаж шүүх хүлээж авсан “хачирхалтай алдаа”-гаа давтахгүй байхыг, өөрөөр хэлбэл, хариуцагчийнх нь өмгөөлөгч нэхэмжлэгчийн өмгөөлөгч болж хувирах зүй бус явдал давтагдахгүй байх эсэхийг одоо анхааралтай харах хэрэгтэй болж байна.

Товчхондоо “Жаст групп”-ийн Эдуард Сүрэнд төлөх байсан 32.8 сая ам.доллар буюу 51.5 тэрбум төгрөгийн өрийг Төрийн банкнаас нэхэхээ больчихооч ээ гэдэг ганц л хүсэлтэйгээр нэхэмжлэл гаргаад байгаа аж. Харин тэр мөнгийг төлүүлэхийн тулд “Жаст”, “Алтжин”-гийн захирлууд зарим шүүх байгууллага хийгээд нэр бүхий улстөрчийн дэмжлэгээр хууль бус шийдвэр гаргахаа зогсоох нь энэ удаагийн шүүх хурлын шийдвэрээс хүлээх гол хүлээлт болоод байна.

 Энэ асуудлаар эргэн сануулахад Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа “Алтжин группын захирал Г.Алтангийн хүү Эдуард овогтой Сүрэн 2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж огноо нь тодорхойгүй нэхэмжлэл гаргасан. Үүнд 2010 онд хийсэн зээлийн гэрээний дагуу гэх 32.8 сая ам.доллар буюу 51.5 тэрбум төгрөгийг Төрийн банкнаас нэхэмжилсэн. Төрийн банкийг хариуцагчаар татах шалтгаанаа “Хадгаламж банк нь зээлийн гэрээний дагуу олгож байгаа миний мөнгийг эрсдэлээс хамгаалсан баталгаа гаргаж өгснөөр “Жаст групп” ХХК-тэй зээлийн гэрээ байгуулсан” учраас зээлийн гэрээний үүргийг хангах шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн нь анхаарал татдаг. Тэр тусмаа Сүхбаатар дүүргийн шүүх уг нэхэмжлэлийг хэлэлцээд 2013 оны аравдугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэр гаргажээ. Уг шийдвэрт “Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж “Жаст групп” ХХК-иас 32.8 сая ам.доллар буюу 51.5 тэрбум төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Сүрэнд олгох “Жаст групп” ХХК төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны гэрээний дагуу хариуцагч Төрийн банкнаас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Сүрэнд олгосугай” гэсэн.

Ингээд

“Хадгаламж” банк ямар шат дамжлагаар Төрийн банкинд “нийлж” улмаар “Жаст групп”-ийн “өрийг” төлөхөөр болсон тэр үйл явц, шүүхийн шийдвэр гаргасан “хурд” зэрэг нь хуйвалдааны шинжийг агуулсан байдаг. Харин энэ удаа Төрийн банк шүүхэд нэхэмжлэл гаргаж Эдуард Сүрэн гэгчид ямар ч төлбөр төлөхгүй, түүнээс ч өр төлбөр нэхэмжлэхгүй байх тэр шийдвэрийг хүлээж байгаа аж. Төрийн банк нь “Жаст”-ын Г.Батхүүгийн “Хадгаламж” банктай байх үеийн бүх өрийг төлөх гэвэл дампуурах биз.

Энд орхиж болшгүй “ноцтой акцент” анзаарагддаг нь “Хариуцагч нь Төрийн банк биш тул “Хадгаламж” банк дахь Банкны эрх хүлээн авагчийг татан оролцуул, мөн иргэн Э.Сүрэнтэй холбоотой баталгаа, батлан даалтын талаар ямар ч үүрэг гэрээгээр болон санхүүгийн тайланд тусгагдсан байдлаар Төрийн банкинд шилжиж ирээгүй” гэж татгалзлын үндэслэлээ нотолсоор байтал яагаад шүүхийн шийдвэр Эдуард Сүрэнгийн талд илтэд ашигтайгаар гарсан бэ. Мөн яагаад “Хадгаламж” банкинд Монголбанкнаас эрх хүлээн авагч томилсон өдөр нь өнөөх бүрэн эрх хүлээн авагч нь тэр өдөртөө  “Хадгаламж” банкийг хуулийн этгээдийн нь хувьд татан буулгав. Юунд яарав гэдэг асуудал сонирхолтой.

Үүнийг баталж Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан ярилцлагадаа “Банкны тухай хуульд заасны дагуу 2013 оны долоодугаар сарын 22-ны өдөр гаргасан Монголбанкны ерөнхийлөгчийн А/153 тоот тушаалын дагуу ийм арга хэмжээ авсан. Мөн өдрийнхөө А/157 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгасан. Үүнтэй холбоотойгоор Хадгаламж банкны зарим актив пассив хөрөнгийг “Төрийн банк” ХХК-д гэрээгээр шилжүүлсэн. Хөрөнгө шилжүүлэх үйл явц нь “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон Төрийн банкны хооронд 2013 оны дапдугаар сарын 22-ны өдрийн “Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-гээр шилжсэн. Энэхүү гэрээг “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон Төрийн банкны Гүйцэтгэх захирал нар байгуулж хөрөнгө тус бүрийг нарийвчлан зохицуулсан гэрээгээр, нэг бүрчлэн жагсаалтаар “Хадгаламж банк” ХХК-ийн санхүүгийн тайлангаас хасалт хийж Төрийн банкинд шилжүүлсэн байдаг юм.

Энэхүү гэрээгээр хүлээн авсан пассивын үүрэгт иргэн Э.Сүрэн “Жаст групп” компанийн хооронд хийгдсэн гэх Зээлийн гэрээнд Хадгаламж банкнаас гаргасан баталгаа, батлан даалттай холбоотой ямар ч үүрэг байдаггүй. Шилжиж ирээгүй байдаг” гэдгийг тодорхой хэлсэн байна билээ.

Холбогдох баримт материал, тамга тэмдгээр баталгаажсан бичиг цааснаас гадна Төрийн банкны ерөнхий захирлын хэлсэн үгээс дахин эш татъя. Тэрбээр одоо ажил үүрэг гүйцэтгэж байгаагийн хувьд энэ хэргийн талаар мэдэх бүхнээ хэлсэн нь энэ байх. Тухайлбал “Сүхбаатар дүүргийн шүүх Хадгаламж банкны эрх хүлээн авагч болон Төрийн банкны хооронд хийсэн “Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-ны 2.3-т “Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноор хөрөнгө шилжүүлэгчийн шаардах эрх болон бусдын өмнө хүлээх үүрэг, эд хөрөнгийн эрх болон эд хөрөнгө нь Төрийн банк буюу хөрөнгө хүлээн авагчид шилжсэнд тооцно гэснээс үзвэл Төрийн банк хариуцах үндэслэлтэй байна” гэж гэрээний заалтыг буруу тайлбарлан хэрэглэж Төрийн банкинд дээрх төлбөрийн үүргийг хүлээлгэсэн байдаг.

Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг 2013 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр гардан авсан байдаг. Ингээд давж заалдах гомдлыг хуулийн хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 22-ны өдөр, гэхдээ зөвшөөрөөгүй үнийн дүнгийн хэмжээгээр төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгөх хүсэлтийн хамт албан бичгээр гаргасан. Ер нь энэ хэргийг судлаад үзвэл шүүх нэг талд илт үйлчилсэн байдлаар шийдвэрлэсэн гэж ойлгогдохоор байдаг. Анх Э.Сүрэн гэдэг хүн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох 258 сая орчим төгрөг тэмдэгтийн хураамжид төлөх ёстой атал дөнгөж 1.5 сая төгрөгийн хураамж төлөөд үлдэх 256.5 сая төгрөгийн хураамж дутуу төлсөн байхад хэргийг шийдсэн байдаг.

Төрийн банкны зүгээс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгөх хүсэлтийг гаргахдаа Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр хариуцагч “Жаст групп” ХХК-иас тэмдэгтийн хураамж 258 сая төгрөгийг гаргуулж Э.Сүрэнд олгосугай гэж заасан тул Төрийн банк тэмдэгтийн хураамжийг хариуцахгүй, мөн Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасны дагуу төрийн байгууллага тул чөлөөлж өгт үү гэсэн утгатай хүсэлт гаргасан.

Энэ хүсэлтийг тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүгч Т.Энхжаргал 2013 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр хэлэлцээд 8709 тоо захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдлыг буцаасан байдаг юм. Ингээд банкны зүгээс өөр ажиллагаа хийгээгүй юм билээ” гэжээ. Түүний ярьсан бүхэн албан бичиг учраас нотлогдоод байгаа юм. Тэр тусмаа шүүхийн зүгээс “тэмдэгтийн хураамж гэх 258 сая төгрөгийг гаргуулж өгөөгүйгээс үүдэн Төрийн банкны цаашид шүүхэд хандах эрхийг “хаасан”, энэ нь зориудын тактик гэж үзэх боломжтой байгааг өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлуудаас харж болохоор  байгаа юм.

Хамгийн ноцтой нь тухайн үеийн Төрийн банкны удирдлагын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Э.Сүрэнгээс шүүхэд гарган өгсөн дээрх нотлох баримтуудыг Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн архиваас шүүж үзэхэд нотлох баримт огт байхгүй байсныг тогтоосон байдаг. Зээлийн гэрээ, түүнд оруулсан гурван удаагийн нэмэлт гэрээ, мөн 2010 онд Хадгаламж банкнаас гаргасан гэх дөрвөн удаагийн төлбөрийн баталгаа болон банкны баталгааны гэрээ, мөн оны Хадгаламж банкны ТУЗ-ийн хуралдааны дөрвөн удаагийн тэмдэглэл “олдоогүй” гэж байгаа. Д.Баярсайхан захирлын хэлснээр томилогдож ирснийхээ дараа Э.Сүрэнд холбогдох шүүхийн шийдвэрийг судлах Ажлын хэсгийг байгуулж ажилласан. Ажлын хэсгийн шалгалтаар шүүхэд авагдсан нотлох баримт болгож Э.Сүрэнгийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтууд бүгд хуурамч болохыг тогтоожээ. Хуралдаагүй хурал, түүний тэмдэглэл, огт хэлэлцээгүй асуудал, тэр ч байтугай шүүхэд гаргаж өгсөн “хуралдааны тэмдэглэл” гэх баримтад зөвхөн ТУЗ-ийн гишүүд биш зөвхөн  ТУЗ-ийн дарга Ш.Батхүү болон нарийн бичгийн дарга И.Амараа нар гарын үсэг зурсан байгаа нь хэрээс хэтэрсэн үйлдэл гэмээр. Тэгээд ч хил дамнан банк залилж, түүндээ төрийн томоохон албан тушаалтны гарын үсгийг дуурайлган зурсан гэх Ш.Батхүүд “Хэрэг бишидлээ, ТУЗ-ийн хурлын шийдвэр хэрэгтэй байна гэхэд нь хоёулхнаа гарын үсэг зурж өгөх нь алга урвуулахтай адил амархан байсан биз ээ.

Түүнчлэн Хадгаламж банкнаас баталгаа, батлан даалт гаргасан гэх 2010.02.24, 2010.03.23, 2010.04.07,2010.07.07-ны өдрүүдийн байдлаар иргэн Э.Сүрэнгийн нэр дээр бүртгэл байгаагүй нь баталгаа, батлан даалт огт бүртгэгдээгүй, өөрөөр хэлбэл иргэн Э.Сүрэнд баталгаа, батлан даалт гаргах боломжгүйг тал талын албан баримт, Монголбанкны шинжээчийн дүгнэлт зэрэг нь нотолжээ.

Мөн банкны төлбөрийн баталгаа зэрэг архивт нь огт байхгүй баримтуудыг шүүхэд гаргаж өгөөд, шүүх Э.Сүрэнгийн талд шийдвэр гаргаад, давж заалдах гэхээр төрийн байгууллага гэлтгүй тэмдэгтийн хураамжаар хаалт хийгээд байгаа нь хардахгүй байхын аргагүй юм.

Анхаарал татсан бас нэг эх сурвалж гарч ирсэн нь Д.Баярсайхан захирлын дурдсан “Иргэн Э.Сүрэн, “Жаст групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх Зээлийн гэрээнээс өмнө Жастын Ш.Батхүүгийн хамаарал бүхий этгээд болох Ш.Батсайхан гэдэг хүний данс руу мөнгө шилжүүлж байсан баримт бол байдаг. Өөрөөр хэлбэл анх Зээлийн гэрээ байгуулагдсан гэх 2010 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс өмнөх асуудал шүү дээ” гэсэн нь сонирхолтой. Ш.Батсайхан гэж хэн бэ. Яагаад Э.Сүрэн Ш.Батсайханд мөнгө шилжүүлж байв. Тэр мөнгө Ш.Батхүүд очдог байсныг нотлоогүйн адил очдоггүй байсныг нь ч мөн нотлоогүй болов уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж