2011.08.16. Өглөөний 06.00 цаг. Нийслэлийн төв гудамжууд нэг л эл хульхан. Харин ганцхан газарт уртаас урт дараалал үүсчээ. Улсын клиникийн төв эмнэлгийн ойролцоох замд автомашинуудын урт дараалал байх. Хэн, юунд оочерлоод ийнхүү уртаас урт дараалал үүсээд байгаагийн учир шалтгаан нь тов тодорхой. Учир нь, бурхан болоочдоо шарил хадгалах газраас авах гэсэн ар гэрийнхэн ийнхүү хүлээж байгаа нь энэ аж. Өглөө бүр шарил хадгалах газрын үүдэнд дугаарлан зогсох иргэдийн урт цуваа үргэлжилж, зөрөх боломжгүй нарийн замын хавчигт бачимдах хүмүүс ч байх. Зарим нь өөр хоорондоо муудалцах нь сонсогдоно. Бурхан болоочоо сүүлчийн замд үдэх тэдэнд ингэх шалтгаан байхгүй. Гэхдээ чанх хойно нь сүндэрлэх шинэ барилга тус газрын хаалгыг хаах шахам хашаа хатгаснаас тэр аж. Цаахна талд нь Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн барилга өдрөөс өдөрт хаяа тэлэн сүндэрлэж байна. Эндээс харахад шарил хадгалах газрын барилга бусдын сүрд дарагдан, нэг л мэдэхэд бурхан болоочдоо оруулж, гаргаж чадахгүйд хүрч магадгүй шинжтэй.
Улсын клиникийн төв эмнэлгийн зүүн хойд талд хоёр давхар саарал байшин бий. Энд Шүүхийн шинжилгээний алба буюу эмч нарын хэллэгээр Под анатомийн товчоо үйл ажилллагаагаа эрхэлдэг. Өчигдрийн 11.00 цагийн орчимд тус албаны үүдэнд задлан шижлилгээ хийж байгаа талийгаачдын ар гэрийнхнээс гадна хааяа нэг шүүх эмнэлгийн магадлагаа гаргуулах гэсэн иргэд орж, гарч харагдана. Тэдгээрийн нэг болох дунд хэрийн насны нэгэн эр эхнэрийн хамт харуултай уулзан, уг байрны арын шарил гаргах хаалга тийш зүглэв. Байдлыг ажиглаваас, ар гэрийнхний зүгээс төлөөлөл болон 12.00 цагт болох задлан шинжилгээний үйл явцыг хөндлөнгөөс хянахаар оролцох гэж байгаа гэнэ. Тэрээр нэрээ хэлэхийг хүсээгүй боловч шүүх эмнэлгийнхний талаар хэлэх зүйл багагүй байгаа гэдгээ ч нуусангүй. Түүний хэлснээр энэ сарын 12-ноос өчигдрийг хүртэлх хугацаанд хоногийн таван мянгаар төгрөгөөр тооцон хөргөгчид хонуулахад нийт 25 мянган төгрөг, задлан шинжилгээний төлбөр 40 мянган төгрөг гээд нийтдээ 65 мянган төгрөг болж. Үйлчилгээний хөлс нь яахав гэхэд үйлчилж буй хүмүүст өгөх шан харамжид хамаг мөнгөө зарцуулж байгааг мөнөөх эр нуусангүй. Садангийнхаа хүнээр таньдаг шинжээч эмчийг нь “найрсны” дараа задлан шинжилгээний товыг арайхийн урагшлуулсан тухайгаа ярьсан. Задлангийн дараа лав л хоёр хонуулах нь гарцаагүй гэдгийг өгүүлсэн. Тэгэхээр хүний үхлээр мөнгө олж, хөөрхий бурхан болоочдыг хэтэвчээ түнтийлгэх хэрэгсэл болгох нь хэн нэгэнд ашигтай бизнес болжээ. Үүнтэй зэрэгцээд хоёр сар гаруй хугацаанд гэрээсээ гараад сураггүй байсан дүүгээ шарил хадгалах газраас хайж яваа нэгэнтэй ч таарав.
Нийслэлийн хэмжээнд жилд 5800-6500, сард 450-600, долоо хоногт 110-150 хүн нас бардаг гэсэн тооцоо, судалгаа байдаг хэдий боловч хэн болох нь тогтоогдохгүйгээр олон сарыг тус газарт өнгөрөөх дээрхийн адил шалтгаан бүхий цогцос цөөнгүй байдаг гэнэ. Тус шарил хадгалах газар өдөрт 120 цогцос хадгалах хүчин чадалтай хэдий боловч сүүлийн жилүүдэд тогтмол өдөрт 160-180, зарим тохиолдолд 200 хол давсан тооны цогцос хүлээн авч байгаа аж. Төлбөр төлсөн тохиолдолд тусгай хөргөгчид шарилыг хадгалдаг бол хэн нь танигдахгүй сураггүй бологсод, бас төлбөрийн чадваргүй иргэдийн эгнээний цогцсууд гулууз аятай давхарлан өрөөстэй байдаг гэх. Сүүлчийнх нь замд үдэх өглөөнөө бурхан болоочийн шарилыг нэг бол шарил хадгалах хөлдөөгчний шалан дээрээс, эсвэл давхарлан хураасан цогцсон дундаас гаргаж авах нь хэнд ч таатай байхгүй нь мэдээж. Ачаалал, хүчин чадлаас хамаараад дээрх байдал үүсээд байгааг холбогдох албаныхан ч үгүйсгэхгүй, харин ч энэ хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нь их юм гэсэн байр сууриа хээвнэг илэрхийлж байв.
За яахав газрын наймаа, ачаалал нь учир тоймоо алдаж гэхэд хүний үхэл бас тухайн байгууллагын санхүүжилтийг бүрдүүлж байна гээд бод доо. Тус төвд насанд хүрсэн хүний цогцосыг задлан шинжилгээнд оруулахад 40 мянган төгрөг, давтан шинжилгээ хийлгэхэд 50 мянган төгрөг, хүүхдийн цогцсыг 20 мянган төгрөгийн өртөгөөр задлан шинжилгээнд хамруулдаг гэсэн тарифыг үүдэндээ дурайтал томоор бичиж тавьсан байх юм. Мөн хөргөгчид хадгалуулахад хоногийн таван мянга. За тэгээд нарийвчилсан шинжилгээний үнэлгээг нэг бүрчлэн үнэлгээ тогтоожээ. Ядруухан нэгэнд бол үхэхдээ эцсийн замд одохдоо энэ хорвоогийн хүний ёсны хүндлэлийг эдэлж чадахгүй нь бололтой. Алхам тутамд үнэлгээ тогтоосон тус төв цаанаа л нэг хүйт даасан урт хонгилоос өөр орчин үеийн лаборатори, техник тоноглолоор дульхан. Тэгсэн мөртлөө бурхан болоочдоор “бизнес” хийж буяндаа буртаг суулгаж байгаагаа тэд нэг их тоодоггүй дэг ээ.
"Ардын эрх" сонин