Хаврын чуулганаар Тавантолгойг шийдэж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Хаврын чуулганаар Тавантолгойг шийдэж чадах уу?

Хаврын чуулганаар Тавантолгойг шийдэж чадах уу?

Хаврын чуулган эхлэхэд 20 гаруйхан хоног үлдэж, улс төрийн зодоон эхлэх цаг мөч ойртож байна.

Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болоод удаж буй 65-ын бүлэгт шилээ дарсан олон асуудал хүлээгдэх болсны нэг нь УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрх тойрсон дуулиан юм. Сургаар нь зарим улстөрчид тойргийг  нь услан бэлтгэлээ хангаж эхэлсэн ч эрх баригчдад ашиггүй тусах прогноз гарсан тул хүнээ явуулахад яарахгүй байна. Гэвч өдрөөс өдөрт намынх нь нэр хүндийг унагаж байгаа улстөрчиддөө хариуцлага тооцох зүрх зориг гаргаж чадахгүй суугаа нь М.Энхболдыг У.Хүрэлсүхээр сольсны хэрэг гарсан уу гэдэг амыг асуухад ч хүргэж буй.

Уг нь УИХ-д 65 суудал авна гэдэг нь уул ухаж, ус эргүүлэх хүч ч томоохон төслүүдийг хөдөлгөж чадалгүй хоёр дахь бүрэн эрхтэйгээ золгосон нь МАН ажил хийж чадах улс төрийн хүчин үү гэдэг эргэлзээг төрүүлэх болсон. Өөрөөр хэлбэл, эрх баригчид энэ хаврын чуулганаар багтааж, олон жилийн хүлээлт үүсгэсэн төслүүдээ хөдөлгөх шийдлийг гаргахгүй бол ажил хийх цаг хугацаагүй болж байгаа нь маргашгүй үнэн.  

Гэвч 2018 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад том төслүүдийг хөдөлгөх хуулийн төслүүд багтаагүй байгаа нь Засгийн газар төслөө бэлэн болгоогүйг харуулж буй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчлах үеэрээ Тавантолгойн ордыг хөдөлгөнө гэдэг амлалт өгсөн ч одоо хэр нь төсөл бэлэн болоогүй байна.

Хаалттай хуралдааны цаана үе, үехэн энэ асуудал хөндөгддөг ч одоогоор “Эрдэнэс тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг яаж амилуулах вэ гэдэгт хамаг анхаарлаа тавьж буй юм. Гэтэл нүүрсээ авто машинаар зөөвөрлөж байгаа цагт 1072 ширхэг хувьцааны үр шимийг хүртэх боломжгүйг сануулах хүн олон байгаа.

Уг нь Засгийн газар энэ хавартаа багтаан Тавантолгойг төмөр замтай нь цуг хөдөлгөх төслийг бэлэн болгож, УИХ-аар батлуулан ажлыг эхлүүлбэл олон жилийн маргаанд цэг тавьж, нүүрсний дайныг зогсоох бололцоо бий.

Харамсалтай нь, одоог болтол бэлэн болоогүй төслийг УИХ дараалал харгалзахгүй ногоон гэрлээр хүлээн авч хэлэлцэнэ гэж хэлэхэд эрт байна.

Том төслүүд хөдлөөгүй цагт Засгийн газар хийгээд улс зээлээр амьдрахаас аргагүй. Зээл эргэж төлөгдөх ёстой. Хэрэв төслүүдээ хөдөлгөж чадахгүй бол бусдаас зээл авч, өмнө авсан зээлээ төлөх чөтгөргийн тойргоосоо гарч чадахгүй гэсэн үг.

Хэдийгээр УИХ-аас ирэх хаврын чуулганаар эдийн засагт түлхэц өгөхүйц шийдвэр бага гарах төлөвтэй байгаа ч Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн нэгдсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, Улс төрийн намуудын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр жагсаалтад багтаагаад байна.

Одоогоор Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл бэлэн болсон бол Сонгуулийн нэгдсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, Улс төрийн намуудын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл дөнгөж санал авах шатанд явж буй.

Иймээс үлдэж байгаа богино хугацаанд ажлын хэсгүүд хурдтай ажиллаж, төслүүдээ бэлэн болгох шаардлага тулгараад байна.

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт:

  1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,

  2. Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан,

  3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт,

  4. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай’ Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

  5. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

  6. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,

  7. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,

  8. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

  9. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

  10. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

  11. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

  12. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

  13. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

  14. Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

  15. Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай’ Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

  16. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл,

  17. Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

  18. Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

  19. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

  20. Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл,

  21. Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,

  22. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл,

  23. Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

  24. Бусад.

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж