Финландын Контиолахтид дэлхийн цомын 7 дахь гараа боллоо

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Финландын Контиолахтид дэлхийн цомын 7 дахь гараа боллоо

Финландын Контиолахтид дэлхийн цомын 7 дахь гараа боллоо

Пёнчан-2018 өвлийн олимпийн дараа биатлоны дэлхийн цомын 2017-2018 оны улирлын ээлжит гараа Скандинавын хойгийн Финланд улсын Контиолахтид болж өндөрлөлөө. Эхний хоёр өдөр спринт гараа явагдаж эрэгтэй 10 км-н спринт зайд Оросын А.Шипулин түрүүлсэн бол 7.5 км-н эмэгтэй спринт зайд Беларусын Д.Домрачева түрүүлсэн. Үүнээс гадна масс старт болон холимог буухиа уралдаанд болж медалийн эздээ тодруулсан байна.


Ж.Эберханд улирлын анхны түрүүгээ хүртлээ

15 км-н эрэгтэй бөөн гараа буюу масс старт уралдаанд Австрийн Ж.Эберхард түрүүлж улирлын анхны түрүүгээ хүртлээ. ДАШТ-ний буухиа уралдааны хүрэл медальт 32 настай Австри залуу нийт замаа 30 мин 04.8 сек-дэд туулахдаа 2 сум алдсан тэргүүн байр эзэлжээ. Түүнтэй хамт медалийн тавцанд Францын алдарт биатлонч М.Фуркад болон Оросын А.Шипулин нар орсон байна. Ж.Эберхардын хүртэж буй энэхүү алтан медаль нь түүний дэлхийн цомын карьер дахь 4 дэх алтан медаль болж байна.

В.Хинц карьерын анхны түрүүгээ хүртлээ

Эмэгтэй 12.5 км-н бөөн гараанд Германы 25 настай В.Хинц ганц ч сум алдалгүй бүх байгаа унагаж нийт замаа 35 мин 47.9 сек-н амжилтаар туулж аваргын алтан медалиа хүртжээ. Энэ нь Герман биатлонч В.Хинцийн хүртэж буй карьерын анхны алтан медаль болж байна. Тэр өмнө нь ДАШТ-нээс буухиа уралдаандаас 3 алтан медаль хүртэж байсан бол хувийн төрөлд алтан медаль хүртэж байгаагүй ажээ. Мөнгөн медалийг Италийн Л.Виттоцци хүртсэн бол мөнгөн медалийг А.Шевалье хүртжээ.

Францын ганцаарчилсан буухиа алтан медаль хүртжээ

Дэлхийн цомын энэ улирлын хөтөлбөрт ганцаарчилсан буухиа уралдаан 2 гараа зохиогдохоор тусгагдсан. Эхнийх нь улирлын эхэнд буюу 11 сарын 26-нд Шведийн Эстерсундэд зохиогдсон гараанд ганцаарчилсан буухиа уралдаан зохион байгуулагдсан бол Контиолахтид 2 дахь гараа нь боллоо. Тус 26 улсын шигшээ баг өрсөлдөж Францын хосууд болох А.Шевалье болон А.Гигонна нарын баг нийт 6 сум алдаж нийт замаа 33 мин 29.1 сек-дэд туулсан амжилтаар тэргүүлжээ. Харин дэд байранд Австрийн Л.Хаусер болон Ж.Эберхард нар орсон бол хүрэл медалийг Норвегийн М.Олсбю болон Й.Бьо нар хүртжээ.

Италийн баг холимог буухиа уралдааны түрүүг хүртлээ

Италийн Л.Виттоцци, Д.Вирер, Д.Виндиш болон Л.Хофер нар багийн холимог буухиа уралдаанд түрүүллээ. Италийн шигшээ баг нийт 14 сум алдсан бол мөнгөн медалийг хүртсэн Украйны баг хамгийн бага буюу 3 сум алдсан. Гэвч Украйны баг дэндүү удаан тэшиж байсан нь тэдний амжилтыг хойш нь татсан. Италийн баг олон сум алдаж байсан ч тэшилтийн хурд маш сайн байж алтан медалийн тавцан дээр гарсан. Харин хүрэл медалийг Норвегийн буухиа баг хүртсэн байна.

Ийнхүү Финландын Контиолахтид биатлоны дэлхийн цомын 7 дахь гараа болж өндөрлөлөө. Дараагийн гараа 2 хоногийн дараа буюу Лхагва гаригт Норвегийн нийслэл Осло хотын Хольменколленд болно.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж