Оросын тагнуулч мэдрэлд нөлөөлөх химийн бодисоос хордсоныг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Оросын тагнуулч мэдрэлд нөлөөлөх химийн бодисоос хордсоныг тогтоожээ

Оросын тагнуулч мэдрэлд нөлөөлөх химийн бодисоос хордсоныг тогтоожээ

Оросын тагнуулын ажилтан асан Сергей Скрипал болон түүний охин Юлия нар Английн Солсбери хотод мэдрэлд нөлөөлөх химийн хорт бодисын халдлагад өртсөн нь тогтоогджээ. Солсбери дэх Зиззи итали ресторан болон Милл нэртэй пабд гуравдугаар сарын 4-ний өдрийн орон нутгийн цагаар 13 цагаас 5-ний үдшийн хооронд үйлчлүүлсэн иргэдэд тухайн үед өмсч байсан хувцсаа ариутгахыг шинжээчид анхааруулжээ.

Шинжээчид Сергей Скрипал болон түүний охин Юлия нараас бусад хүмүүст мэдрэлд нөлөөлөх бодис аюул учруулаагүй гэж таамаглаж байгаа боловч сэргийлэх үүднээс ийм анхааруулга гаргасан байна.  Харин Оросын тагнуулын ажилтан асан Сергей Скрипал болон түүний охин Юлия нар одоогоор эмнэлэгт биеийн байдал нь тун хүнд  байдалтай байгаа гэнэ. Тэднийг өнгөрсөн ням гаригт Солсбери дэх худалдааны төвийн ойролцоох сандал дээр ухаангүй хэвтэж байхад нь олсон ажээ.

Ерөнхийдөө нам гүм, тайван байдаг Солсбери хотод химийн халдлага дахин гарч болзошгүй гэдэг үүднээс  харуул хамгаалалтыг нэмэгдүүлж, хэрэгт мөрдөн шалгалт явуулахын тулд 180 гаруй цэргийн албан хаагчийг дайчилсан байна.

Их Британид өмнө нь гарч байсан химийн бодисын халдлагатай арга, хэлбэр нь адилхан зэргээс барууны тагнуулын байгууллагууд энэ хэрэгтэй ОХУ-ыг холбоотой гэж сэжиглэж байгаа гэнэ.

Гэвч мөрдлөг дөнгөж эхний шатанд яваа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Гуравдугаар сарын 9-нд ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров мэдэгдэл гаргаж,  Англид болсон химийн халдлагад ОХУ-ыг сэжиглэж байгаа нь ор үндэслэлгүй зүйл хэмээгээд “Энэ бол ОХУ-ын эсрэг чиглэсэн зохион байгуулалттай суртал ухуулга” гэжээ.

Сергей Скрипал 2006 онд Их Британийн талд тагнуулын ажиллагаа явуулсан хэргээр ОХУ-ын шүүхээс 13 жилийн хорих ял сонссон ажээ. Хаалттай болсон шүүх хурлын үеэр шүүгч түүнийг Их Британийн тагнуулын МИ-6 албанд гүйцэтгэсэн ажлынхаа шагналд 100,000 ам.доллар авсан гэжээ.  2010 онд АНУ болон ОХУ-ын хоорондох тагнуулын солилцооны дараа Их Британи түүнд улс төрийн орогнол олгосон гэдэг. Эхнэр, хүү хоёр нь нас барсны дараа охин Юлия нь Их Британид түүн дээр хааяа  зочилж очдог ажээ.

Эх сурвалж: Agence France- Presse

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж