Долоо хоног бүрийн Ням гаригт гардаг “The Voice of Mongolia” шоу найман долоо хоногийн турш үргэлжилсний эцэст “blind audition” өчигдөр /2018.03.11/ өндөрлөлөө.
Өчигдрийн дугаарт оролцогч Б.Хулан тэнгэрт байгаа ээждээ зориулан МУГЖ Сарантуяа, Чойжоо нарын дуулсан ‘Хаврын ганц улиас’ дууг дуулсан нь үзэгчид болон шүүгчдийг уяраалаа. Түүний хувьд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн программ хангамжийн ангийн хоёрдугаар курст суралцдаг.
Тэрбээр “Бурхан өөрөө хаа сайгүй байж чадахгүй учраас л ээж гэх хүнийг бүтээсэн байх. Манай ээж бас л нэг бурхан. Надад хугацаатай илгээгдсэн тэнгэрийн элч. Намайг хүн болгож өгөөд амьдралд ороход бэлэн болгож өгчихөөд өөрөө буцаад тэнгэр лүү яваад өгсөн юм шиг санагддаг. Манай ээж намайг дуулахад их дуртай байсан” хэмээн нэвтрүүлгийн үеэр ярьж байлаа.
Б.Хуланг дуулж байхад шүүгч Д.Болд, С.Ононбат нар эргэж харсан ч тэрбээр шүүгч С.Ононбатыг сонгож дараагийн шатанд хүч үзэхээр болов. Шүүгчид түүний хоолойг “дотроосоо уйлж дуулсан болохоор бүх хүний зүрхэнд хүрлээ. Гайхалтай дууллаа” гэцгээж байв. Харин Б.Хулан “Сэтгэлд минь ижий минь хамт байсан болохоор хоолой минь нандин гарсан юм болов уу даа” хэмээжээ.
Э.Бурам