Г.Наранчулуун: 44 мянган төл хүлээж аваад байна

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Г.Наранчулуун: 44 мянган төл хүлээж аваад байна

Г.Наранчулуун: 44 мянган төл хүлээж аваад байна

Хүйтний эрч суларч, зарим нутгаар нэмэх хэмд шилжсэн ч өвөлжилт хүндэрсэн аймгууд олон байгаа юм байна. Мөн мал төллөлт эхэлж, эхний төлөө зарим аймгийн малчид хүлээж аваад байгаа юм байна. Мал төллөлт, хаваржилтын талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуунаас  тодрууллаа.


-Аймаг, орон нутгийн хувьд өвөлжилт ямар байна вэ?

-Нийт нутгийн 40 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Тодруулбал, Увс, Ховд, Дорнод аймгийн хойд нутгуудаар цастай, бусад хэсгээр цас багатай байна. Сүүлийн өдрүүдэд цаг агаар дулааны хэм өссөнтэй холбогдуулан шар усны үер буух төлөвтэй байна. Тиймээс иргэд, малчид шар усны үерээс хамгаалах урьдчилсан арга хэмжээ авах шаардлагатай байна. Ялангуяа үхсэн малын сэг, зэмийг устгах арга хэмжээг орон нутгийн удирдлага малчид хамтран хэрэгжүүлэхгүй бол халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй байна.

-Өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс, тэжээлийн хангалтыг яаж хүргүүлж байна вэ?

-Энэ жил гарч байгаа ганц хүндрэл бол тэжээлийн хомсдол байсан. ОХУ-аас 50 мянган тонн тэжээл татах, сонгон шалгаруулалтад 34 аж ахуй нэгж шалгарсан. Одоогоор 26 тэрбум төгрөгийг зарцуулж, 31 мянган тонныг ОХУ-аас оруулж ирээд байна. Аж ахуй нэгжүүдээр дамжуулан 17 мянган тонныг борлуулжээ. Үүний үр дүнд тэжээлийн хомсдол буурсан. Мөн ОХУ-аас 216 мянган тонн улаанбуудай импортолж байгаа бөгөөд тэжээлийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болох юм.

-Энэ жил хичнээн төл хүлээж авахаар тооцоолсон бэ?

-Оны эхэнд 28 сая хээлтэгч тоологдсон бөгөөд 22 сая орчим төл хүлээж авах байх гэсэн төлөв гарсан. Одоогийн байдлаар 44 мянган эх мал төллөж, 44 мянган төл бойжиж байна. Хаврын улиралд салхитай, хавсаргатай байснаас зүй бус малын хорогдол ихэсдэг. Гэхдээ энэ жилийн хувьд сүүлийн жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага байгаа юм. Улсын хэмжээнд нэг хувь буюу  751 мянган мал зүй бусаар хорогдсон байна. Баянхонгор, Ховд зэрэг аймгуудад хамгийн их тооны мал хорогдсон байна. Малчид шар будааны зутан, каш, хар цай зэрэг нэмэлтээр хооллох, эх малыг нь шинэ өвс, тэжээлээр тэжээх зэрэг малчид өөрсдөө хариуцлагатай байж чадвал төл алдах эрсдэлээс хамгаалагдана. Хамгийн чухал нь малчид цаг агаарын мэдээ, мэдээллийг цагт нь хүлээж авах шаардлагатай байна. Цаг агаарын урьдчилсан мэдээнд тулгуурлан өдөр тутмын мэдээг цаг алдалгүй авч, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь чухал.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж