Улаан асрын зүүд (77-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (77-р бүлэг)

Улаан асрын зүүд (77-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Далан долдугаар бүлэг

ХЭЭНЦЭР ШИВЭГЧИН ХИЛС ӨВӨРЛӨЖ ОРЧЛОНГИЙН ХЭРЭГТ ГОМДОН, ГУА ДУУЧИН НАЙРЫГ ТЭВЧИЖ УСАН САРАНАА БУЦАВ

Найман сарын арван таван өнгөрөөд Фөн Жегийн бие ч бузгай засрав. Бүрэн сайжраагүй ч гарч орж энүүгээр тэрүүгээр явдаг болсон тул Ван Фүрэнь эмч залж судсыг нь бариулан эм авч уулгахын хамт тамир тэнхээ сайжруулах үрэл авч өгөв. Бас дээд зэргийн сайн орхоодой олж өгөх гээд Ван Фүрэнь хагас өдөр сав уудалж эрүүлээд гэзэгний хатгуурын чинээ хэдхэн нарийныг олжээ. Түүнийгээ голоод дахин эрсээр нэг боодол орхоодойн сахал олов. Ван Фүрэнь ундууцаж:

-Хэрэглэхгүй үед байж л байдаг. Хэрэглэе гэхээр олдохгүй хаашаа юм бэ. Би өдөөр бүр юмаа эмхтэй, эвтэйхэн хурааж тавьж бай гэхэд үг авахгүй юм. Гарынхаа аяар ийш тийш хаялчих юм гэсэнд Цай Юнь:

-Энэнээс өөр орхоодой байхгүй байхаа. Нэг удаа лав тэртээ гэрийн Тайтай ирж авсандаа… гэсэнд Ван Фүрэнь:

-Чи битгий худлаа хэлээд бай. Дахиад эр… гэсэнд цаадах нь эрж, эрж хэдэн боодол эмийн зүйл авчраад:

-Би танихгүй. Тайтай та үзээч. Энэнээс өөр юм алга гэв. Ван Фүрэнь үзээд, цөмийг мартсан тул юу болохыг таньсангүй. Тэр дунд нь орхоодой байхгүй шиг болохоор хүн явуулж Фөн Жег дуудуулав. Тэрбээр ирж үзээд “Орхоодойн шүүс бага зэрэг байна. Хэсэг орхоодой байна. Гэхдээ сайн нь биш. Өдөр бүр чанадаг эмд хачир болгодог юм” гэв. Тэгээд Ван Фүрэнь, хүн явуулж Шин Фүрэнийгээс асуулгасанд “Уг нь байснаа бараад, шинийг нэмж олоогүй” гэж хэлүүлэв. Дараа нь Ван Фүрэнь, Жя Мүтай уулзан асуув. Тэнд хуруун чинээн бүдүүн, нэг боодол сайн орхоодой байв. Түүнээс хоёр ланг авч данслаад Ван Фүрэньд өгөв. Түүнийгээ Жоу Жүйн эхнэрт өгч: “Үүнийг хөвгүүдээр эмчийн гэрт хүргүүл. Бас манайд байгаа эмийн ургамлуудыг аваачиж үзүүлээд нэр усыг нь сайн бичүүлээд ир” гэж хэлэв. Төдий л удалгүй мөнөөх эхнэр хүрч ирээд, нэг бүрчлэн зааж:

-Энэ хэдэн боодлын нэрийг нь бичүүллээ. Энэ нэг боолттой орхоодой хамгийн сайн нь боловч их удсан байна гэнэ. Энэ бас бусад зүйлтэй адилгүй гэнэ. Хэдий сайн боловч он удвал өөрөө үнс болно гэнэ. Энэ нэг хэсэг их удаж үнс болоогүй ч эвдэрсэн тул хүчингүй гэнэ. Тайтай үүнийг хурааж аваад, бүдүүн нарийн хамаагүй, шинийг сольж авчирвал сайн гэнээ гэв. Ван Фүрэнь дуугүй сууж байснаа:

-Одоо хоёр лан авахуулахаас өөр аргагүй боллоо… гээд тэр эмүүдийг цааш нь хураа гэснээ Жөү Рүйн эхнэрт, чи хүн явуулаад сайнаас нь хоёр ланг авчруул. Хожим Лао тайтай асуувал, өөрийн нь өгснийг хэрэглэсэн гээрэй. Илүү юм битгий ярь гэв. Энд байсан Бао Чай авхайг гарах гэтэл “Та жаахан хүлээ” гээд:

-Одоо гадуур сайн орхоодойгүй болжээ. Хэдий бүтэн орхоодой гэвч тэд хэрчиж хэдэн хэсэг болгоод, сайн орхоодойн дэвтээсэн сахал шигтгээд бүдүүн нарийн нь мэдэгдэхгүй юм болгоод худалдана. Манай пүүсээр, орхоодойн наймаачин дандаа л явж байх тул би ижийд хэлж байгаад нэг хоршигчид нь ахаар хэлүүлэн, орхоодойн пүүснээс хоёр лан жинхэнэ мөчир авчруулбал хэдий мөнгө илүү заравч жинхэнэ сайныг олж болно гэсэнд Ван Фүрэнь инээж:

-Чамд арга байгаа юм байна. Чи өөрөө нэг явдал бүтээх юм бишүү гэв. Цаадах нь зөвшөөрөөд явав. Нилээд удаад Бао Чай ирэв. Тэрбээр:

-Би хүн явуулчихав. Орой гэхэд мэдэгдэнэ. Тэгээд ирвэл маргааш эртхэн найруулахад болох биз гэсэнд Ван Фүрэнь баярлаад:

-Далай давсаар дутна гэгчээр, байснаа хүнд өгсөөр байгаад оргүй болоод одоо хүнээс гуйж байна шүү гээд санаа алдав. Цаадах нь:

-Энэ юм хэдий үнэтэй боловч эм юм болохоор хэрэгтэй хүнд өгч туслах нь буруу бишээ. Бид бол юмны бараа хараагүй амьтан мэтээр нэг юм олоод нууж дарж байх нь буруу юм билээ гэв. Ван Фүрэнь толгой дохиж: “Чи зөв ярьж байна” гэв. Түүнийг явмагц Жөү Рүйн эхнэрийг дуудаж: “Уржигдар хүрээлэнг нэгжсэн гэсэн. Тэр юу болов” гэж асуув. Эхнэр урьд нь юү ярихаа Фөн Жетэй зөвлөн тогтсон учир түүнийгээ нэгийг ч үлдээлгүй Ван Фүрэньд хэлэв. Тэгтэл Ван Фүрэнь цочиж:

-Сэ Чи бол Ин Чүний шивэгчин бөгөөд бас нөгөө айлын хүн болох тул хүн явуулж Шин Фүрэньд мэдүүл гэв. Жөү Рүйн эхнэр:

-Уржигдар тэр гэрийн Тайтай, Ван Шаньбаогийн эхнэрийг хэрэгт дуртай гэж уурлан хэд алгадсан юм. Тэгтэл тэр өвчтэй хүн болж шалтаглаад ирэхгүй, гэртээ шигдээд байна. Төдий бас түүний зээ охин болох тул өөрөө хацраа алгадаад одоо мартсан мэт ов гаргаж, хамаг юм өнгөрсөн хойно мэдсэн гэж байна. Одоо бид очиж хэлбэл, биднийг хэрэгт дуртай гэж сэжиглэж мэднэ. Харин Сы Чиг эд юмны гэрчтэй нь хамт аваачиж тэр гэрийн Тайтайд үзүүлээд, нэг зэрэг занчин, нөхөрт гаргаж, өөр шивэгчин авбал дээр юм бишүү. Ингээд очоод хэлэхээр тэр гэрийн Тайтай энэ тэр гэж биеэсээ зайлуулан:

-Тийм л юм бол танай Тайтай шийтгэхгүй яагаав… гэвэл явдал сунжрах бишүү. Тэгтэл тэр охин чинь үхнэ хатна гэж давхивал бүр муухай. Хоёр гурван өдөр хараад, бүгдээр баахан айхаа болжээ. Нэг цагт осолдвол хэрэг гарахад хүрэх бишүү гэсэнд Ван Фүрэнь бодолхийлээд:

-Энэ ч боддог л бодол. Ийм хэргийг түргэн дуусгаад манай гэрийн шулмыг шийтгэсүгэй гэв. Жөү Рүйн эхнэр, хэдэн эхнэр цуглуулж аваад Ин Чүний гэрт очоод хэлсэнд цаадах нулимс гүйлгэнүүлэн, салж төвдөхгүй янзтай байлаа. Тэр шөнийн явдлыг шивэгчин охидоос сонссон ч хэдэн жилийн найрсаг харилцааг бодохгүй байх аргагүй боловч өөрийн нь нэр төртэй холбогдох учир мухарджээ. Сы Чи ч түүнийг авран хамгаалахыг найдаж, зөндөө гуйгаад бүтсэнгүй. Ам хэлээр ядуу, арга эвээр мохоо цаадах нь толгой мэдэж чадсангүй. Сы Чи энэ байдлыг нь үзээд уйлан сөгдөж:

-Авхай яасан хатуу сэтгэлтэй юм бэ. Миний төлөө ганц үг хэлж болохгүй байна уу… гэсэнд Жөү Рүйн эхнэр хөндлөнгөөс:

-Чи бас авхайгаар гуйлгаад үлдэх санаатай юү. Чи энд үлдвэл энэ авхай чинь хүний нүүр харахад хэцүү болно шүү дээ. Бидний сайн санааг мэдэж, хурдан шиг горьдлогоо татаад хүн хард мэдэгдэлгүй шиг явж одвол хэн алиндаа зүгээр юмсан гэв.

Энэ үед нэг дэвтэр барин харж суусан Ин Чүнь бичгээ ч харж чадахгүй, үг ч дуугарахгүй зөрүү хараад гөлрөн сууна. Жөү Рүйн эхнэр дахин шаардаж:

-Өдий том болсон охин, өөрийн хийснээ мэддэггүй юмуу. Чи авхайн нүүрийг бас хиртээсэн байтлаа аймшиггүйгээр үүнтэй зууралдах гэж үү… гэсэнд Ин Чүнь:

-Рү Хуа хэдэн жил болсныг чи мэднэ. Тэр яаж явна вэ гэвэл шууд л яваад өгсөн. Зөвхөн та хоёр ч биш, насанд хүрсэн нь цөм л явна. Миний бодоход, дараа нь эрхбиш чиг чигээ хөөх тул эртхэн замаа олох хэрэгтэй… гэсэнд Жөү эхнэр:

-Авхай үнэн үг хэлж байна. Маргааш бас явуулах хүн байгаа шүү. Тайван бай гэв. Сы Чи арга буюу нулимс мэлтэлзүүлсээр Ин Чүньд мөргөөд, бусадтайгаа салах ёс гүйцэтгээд, эзнийхээ чихэнд:

-Юу болсон ч намайг сураглаж, хал зовлон амсах цагт ганц хоёр үг дуугарч өгвөл боолын чинь санаа амарна гэсэнд цаадах нь бас нулимс унагаж, “Санаа зоволтгүй” гэв. Төдөлгүй Жоу эхнэр Сы Чиг дагуулан гарав. Бас хоёр эмгэн Сы Чигийн юмыг авч явав. Төдий л холдоогүй байтал нэг шивэгчин нэг боодолтой юм барьсаар нэхэн ирж уйлсаар Сы Чид өгөхдөө “Авхай өглөө. Эзэн боолын нэгэн үеийн учрал одоо нэгэнт салахад хүрсэн тул үүнийг чамд өгч, мөрөөдөн дурсах тэмдэг болгосугай гэж байна” гэсэнд цаадах нь тосож аваад, тэсэлгүй чанга уйлав. Шивэгчин ч бас дагаад уйлав. Жөү эхнэр тэсэж ядан уцаарлаж, дахин давтан шаардаж байж салгав. Тэгтэл уйлан гуйж:

-Ач ихэт авгай бэргэн минь тунгаан айлдах болов уу. Энэ хэдэн жил ээнэгшин дассан эгч дүүстэйгээ уулзаад явъя. Хэдэн жил сайхан ханилсны нэг хувийн сэтгэл юмаа энэ бол… гэсэнд түүний ихэрхэн аашилж байсанд ихээхэн хорсож байсан Жөү Рүйн эхнэр

-Надад хийх юм зөндөө байгаа учир ингэж уулзалдахыг хүлээж чадахгүй гэснээ, чамайг хурдан яв гэж гуйя. Битгий зууралдаж таталдаад бай. Бидэнд чухал ажил байна шүү. Тэднийхэн нь чамтай зулай дээрээ гишгэн төрсөн юм бэ. Тэдэнтэй уулзаж яах юм бэ. Чи түр ч гэсэн хойшлох гэсэн санаагаа болиоч. Хурдан яв гэсээр шууд алхлан ар талын хажуугийн үүдээр дагуулан оров. Сы Чи юм хэлж чадсангүй.

Энэ үед Бао Юй гаднаас ирэх тааран, Сы Чиг дагуулан баахан юм үүрч тэвэрч явааг хараад, бүр явж байгааг мэдэв. Урьд шөнийн хэргийг сонссоны дээр, бас Чин Вэний өвчин тэр өдрөөс эхлэн хүндэрсэн тул, нарийвчлан асуухад хэлээгүй, одоо Сы Чиг явуулж байгааг үзээд гэнэт сүнс нь зайлсан мэт болж даруй хашин зогсоож, “Хаана хүрэх нь вэ” гэж асуув. Жөү Рүйн эхнэр, Бао Юйгийн занг мэдэх учир иймээ тиймээ гэж саатуулах магадгүй гэж бодоод инээж:

-Чамд хамаагүй, шалавхан явж номоо үз… гэсэнд Бао Юй:

-Эгч нар түр хүлээж бай. Юм хэлье… гэсэнд эхнэр:

-Тайтай битгий саатуул гэсэн юм. Юу хэлэх гэсэн юм бэ. Бид нар ганцхан Тайтайгийн үгийг л сонсоно. Бусдыг мэдэхгүй гэв. Сы Чи, Бао Юйг татан зогсоож уйлан:

-Эндээс мэдэж чадахгүй, Тайтайгаас л гуй гэв. Бао Юйн элэг эмтэрч:

-Чамайг ямар хэрэг тарьсныг би мэдээгүй. Чин Вэнь бас их уурлаад өвдсөн. Одоо чи явах болж байгаа юм байна. Энүүнийг чинь яах юм бэ гэсэнд Жоу эхнэр Сы Чи рүү хялалзан,

-Чи бол авхай биш. Үг авахгүй бол би занчина шүү. Урьдын адил авхай нарын омог дор санааны тааваар байж чадахгүйгээ мэдээрэй. Хэлэх тусам явах санаагүй болжээ. Нэг агьтай таараад салахгүй зууралдах нь ямар ёс вэ… гэтэл хэдэн эхнэр Сы Чиг чирэн авч явав. Бао Юй тэднийг ховлон заргалдахаас айгаад, дэмий л хорсон харж зогсоно. Холдсон хойно нь хуруугаар чичин:

-Ямар сонин юм бэ. Эд нар эрд гарвал даруй эр хүний үнэр шингэж, энэ мэт эргүү аашилна уу. эр хүнийг үзэхгүй болох нээ… гэсэнд хүрээлэнгийн үүд сахигч эмгэд, сонсоод хөхрөлдөж: “Тийм бол охин хүн бүгд сайн. Хөгшин эмгэд муу гэх нүү” гэцгээв.

Тэднийг ийн ярилцаж байтал хэдэн эмгэн хүрч ирээд:

-Та нар сайтар хичээгтүн. Одоо Тайтай биеэр хүрээлэнд ирээд хүн байцааж байна… гээд “ Хун Юаний Чинь Вэнь охины ах, бэргэн хоёрыг хурдан дуудан авчирч энд хүлээлгэж бай. Охин дүүгээ дагуулан аваачтугай гэж хэл гэв. Тэгснээ, “Бурхан минь” гэж уулга алдаад

-Өнөөдөр тэнгэр харж, энэ түйтгэрт шуламсыг явуулбал бүгд амарна гэв.

Бао Юй, “Ван Фүрэнь биеэр ирж байцаана” гэхийг сонсоод Чин Вэнийг бас явуулах гэж байгааг мэдүүт нисэх мэт гүйн явахдаа, араасаа бах тав нь ханасан үгс хэлснийг сонссонгүй. Бао Юй яаран И Хун Юаньд хүрч очвол олон хүн тэнд байв. Ван Фүрэнь их л ууртай, Бао Юйг хараад дуугарахгүй сууна. Хэдэн хоног хэл дээр юм тавиагүй Чин Вэнийг ханзнаас чирэн буулгасанд үс нь сэгсийж, харахын аргагүй болжээ. Хоёр эхнэр татаж босгоод авч явав. Ван Фүрэнь: “Түүний биедээ өмсөхийг нь өгөөд бусад бузгай сайныг нь шивэгчдэд өмсөг” гээд, эндэхийн шивэгчдийг цөмийг дуудаад ир. Би нэгд нэгэнгүй харъя гэв.

Тэдгээр шивэгчид Бао Юйг уруу татахаас болгоомжлох тул Ван Фүрэнь, Ши Рэнийгээс эхлэн бяцхан охидыг хүртэл цөмийг үзээд: “Хэн Бао Юйтэй нэг өдөр төрсөн бэ” гэж асуусанд нэг нь ч дуугарсангүй. Ли мөөмөө зааж: “Энэ Хуй Шян гэгч, бас тэр Сы Эр нар Бао Юйтэй нэг өдөр төржээ” гэв. Ван Фүрэнийг нарийвчлан ажиглахад, тэд хэдий Чин Вэний талд ч хүрэхгүй боловч бузгай өнгө зүстэй, цэцэн сэргэлэн төрсөн нь ааш зан байдлаас мэдэгдэх боловч өмсөж зүүсэн нь харин адилгүй байв. Ван Фүрэнь хүйтнээр инээж:

-Энэ бас нэг ичих нүүргүй амьтан болой. Төрсөн өдөр нь адил болбоос нөхөр гэргий болно хэмээн далдуур хэлжээ. Энэ үгийг чи хэлсэн үү. Чи намайг хол суудаг учир мэдэхгүй гэж бодож байна уу. Би энд олонтаа ирдэггүй боловч миний сэтгэл санаа, чих нүд хэзээд энд байдаг юм шүү. Миний биед заяасан энэ Бао Юйг та нараар үгүй хийлгэнэ гэж бодож байна уу гэж асуув. Тэрбээр түүний Бао Юйтэй далдуур ярилцсан үгийг ил гаргасныг сонсоод Сы Эр толгой бөхийн нулимс унагана. Ван ФүРэнь: “Үүний гэрийнхнийг хурдан дуудаж ирүүлээд, дагуулан явуулж нөхөрт гарга гэж хэлтүгэй” гээд “Тэр Фан Гуань гэгч хаана байна вэ” гэсэнд тэрбээр арга буюу гарч ирэв. Ван Фүрэнь: “Шийд дуулдаг охин, үнэгэн шулам болох нь мадаггүй. Анх удаа та нарыг гэрт чинь явуулах гэхэд та нар харих дургүй гэсэн. Тийм байтлаа хувиа сахиж хичээн суухгүй харин ад оршсон мэт авирлан аашлаад Бао Юйг өдөөж хийхгүй явдалгүй болжээ” гэсэнд Фан Гуань инээн: “Түүнийг аймшиггүй өдөөсөн учир ер байхгүй” гэв. Ван Фүрэнь инээж: “Чи бас маргаж үг булаалдах уу. Чи хуурай эхээ хүртэл дийлж чадсан тул өөр хүнийг юун өгүүлнэ” гээд, үүнийг хуурай эхийг нь дуудаад өгч явуул. Үүнийг бас л нөхөрт гаргавал болно. Түүний юмыг цөмийг өөрт нь өг гэж зандраад, ноднин авхай нарт өгсөн шийнд дуулдаг охидоос хүрээлэнд нэгийг ч битгий үлдээ. Тэдний хуурай эхийг дуудаж авчраад өөрсдөө мэдээд, хүнд өг гэж хэл… гэсэнд, хуурай эхчүүд цөм хүрэлцэн ирж хишигт мөргөөд, дагуулан явав.

Ингээд Ван Фүрэнь, Бао Юйгийн гэрийн юмыг уудлан нэгжиж, нүдэндээ эвгүй харагдсан бүхнийг хураан авч гэртээ хүргүүлэв. Тэгээд “Одоо хөндлөнгийн хүнд хэлэгдэхгүй болж санаа амарлаа” гээд Ши Рэнь, Шө Юэ нарт: “Та нар хичээгтүн. Дараа жоохон л осол гаргахад би хэлтрүүлэхгүй. Одоо цөм нэгжүүлсэн тул энэ жил нүүж гаргасны хэрэггүй. Хойтон бүгдийг гаргавал сая сэтгэл амарна” гээд цай ч уулгүй, нөгөөдүүлээ дагуулаад өөр газар очиж хүн байцаахаар явав.

Энэ зуур Бао Юй, Ван Фүрэнийг нэгжин үзэх төдий биз. Нэг их юм болохгүй биз гэж бодож байжээ. Ингэж аянга цахилгаан мэт уурлана гэж санасангүй. Зэмлэсэн үг нь ерийн цагт далдуур дэмий л ярьсан үгс бөгөөд нэг ч үг зөрсөнгүй тул лав буцааж авчирч чадахгүй боллоо гэж бодов. Дотроо хэдий үхэж чадахгүйдээ гомдож байвч Ван Фүрэнь ихэд хилэгнэснийг хараад ганц ч үг дуугарч чадсангүй. Эхийгээ дагаад явсанд: “Гэртээ хариад цаад ном бичгээ сайн унш. Маргааш асууж шалгахад бэлтгэ” гэв.

Бао Юй буцаж явахдаа, энэ бүхнийг эргэцүүлэн, бодож: “Хэн нь үг зөөдөг юм болдоо. Эндэхийн явдлыг мэдэх хүнгүй байтал, яаж бүгдийг хэлж тааруулсан байх вэ гэхчилэн бодсоор гэртээ орвол Ши Рэнь уйлж сууна. Сайн хүмүүсээ явуулсан Бао Юй яаж тайван байх вэ. Шууд орон дээрээ түрүүлгээ харан унаад уйлав. Ши Рэнь түүний сэтгэлийг ганцхан Чин Вэнь эзэлж байгааг мэдэх тул: “Уйлаад тус болохгүй. Чи бос, би чамд юм яръя. Энэ явдал Чин Вэньд сайн болно. Гэртээ хариад сэтгэл амар хэд хоног биеэ сувилах хэрэгтэй. Чи үнэхээр салж чадахгүй байгаа бол Тайтайгийн уур гарч тайтгарсны дараа Лао тайтайд зулгуухан ойлгуулбал авчрахад хэцүү биш. Тайтай ер нь хүний худлаа хов сонсоод л уурласан байх” гэсэнд Бао Юй:

-Чин Вэнь ямар тэнгэр тулам ялт хэрэг хийснийг би мэдэхгүй байна… гэсэнд Ши Рэнь:

-Тайтай, Чин Вэнийг хэтэрхий сайхан төрсөн тул их хөнгөн хөвсгөр амьтан гэж сэжиглэж байгаа байх. Тайтай энэ мэт хурц сэргэлэн, гоо сайхан дагина мэт хүний сэтгэл амар байхгүй гэгчийг сайн мэдэх тул, ингэж сэжиглэж байгаа. Мань мэтийн болхи бүдүүлэг амьтсыг дээр хэмээн бодож байж ч магадгүй гэв. Бао Юй:

-Хээнцэр сайхан дагина бол сэтгэл амар байхгүй гэж үү. Аль эртний сэтгэл амар суусан сайхан хүн алийг тэр гэхэв. Ерөөсөө бидний далдуур ярьсан тоглоом наадмын үгийг яаж мэдсэн юм бэ? Гаднын хүнгүйд ярьсан яриа гадагш гардаг нь сонин юмаа… гэсэнд Ши Рэнь:

 

-Чамд цээрлэх, нууж хаах зүйл байна уу. Чи нэг баярласан үедээ хүн байх, байхгүй хамаагүй болдог. Намайг нүд ирмэж, нууц дохио өгөхөд, хажуугийн хүн мэдчихээд байхад чи анзаардаггүй шүү гэв. Бао Юй:

-Тайтай яагаад бүх хүний бурууг мэдээд, Шө Юэ Чю Вэнь та гурвын бурууг мэдэхгүй байгаа юм бэ гэж асуув. Энэ үг, Ши Рэний дотрыг хирдхийлгэсэн учир хэлэх үгээ олохгүй, баахан чимээгүй болоод:

-Харин тийм л боллоо. Бид бас тоглоом наадмын үед санаандгүй үг алдах нь зөндөө л байдаг даа. Тайтай яагаад мартсан юм бол. Өөр бас учир байгаа тул, энэ явдлыг нэг тийш болгоод дараа нь бидний тухай ярих юм болов уу. Тийм ч байж мэднэ… гэсэнд Бао Юй инээж:

-Чи бол тэргүүн зэргийн нэр гарсан, мэргэн ухаантай шударга сайн хүн. Харин энэ хоёр бол чиний дагуулж сургасан хүн учраас чамайг юү гэж шийтгэхэд хүрэх вэ. Ганцхан тэр Фан Гуань бол бага хүүхэд боловч гойд цовоо сэргэлэн тул бусдыг хүч түрж, дийлж сурсандаа бусдын нүдэнд орчихож. Шы Эрд бол би гай болжээ.

Тэр жил би чамтай ам булаалдсан өдрөөс эхлэн дуудан авчирч зарсан юм. Бүгдээрээ намайг түүнд сайн байгааг хараад, орыг нь булаахаас айх нь мөн бий тул өнөөдөрт хүрчээ. Харин Чин Вэнь бол мөн та нартай адилхан хар багаасаа Лао тайтайгийн гэрт байж байгаад наашаа ирсэн хүн. Төрсөн нь хүнээс баахан илүү гэдэг нь хэнд ч харшлах газаргүй билээ. Хэдий түүний ааш зан цолгин, ам хэл нь хурц боловч хэн нэгэнд халдаж хадрахыг нь харсангүй. Бодвол чиний хэлдгээр сайхан төрснийхөө хорыг амсаж байгаа юм байлгүй гээд уйлав.

Энэ зуур Ши Рэнь үгийг нь нарийвчилж өөрийг нь сэжиглэж байгааг мэдээд ятган хориглох аргагүй болсон тул шүүрс алдан: “Тэнгэр мэдтүгэй. Тэднийг нэгэнт гаргаж авч чадахгүй тул хэдэн зэрэг уйлаад ч тусгүй” гэв. Бао Юй хүйтнээр инээж:

-Бодвол, тэр багаасаа эрх танхи өсөөд, нэг өдөр ч зовж зүдрээгүй биз. Одоо тэр цоморлиг юүгээ дэлгэн мишээж амжаагүй цахирмаа цэцэг цас мөсөнд хаягджээ. Тэр бас хүнд өвчинд нэрвэгдсэнээр барахгүй, цээж дүүрэн гомдолтой явлаа. Бас эцэг эх ч үгүй, архинд дэвтсэн бүл нэг ахаас өөр хүнгүй тэр яаж сар, хорин хоног явж чадах вэ. Түүнтэй хэзээ ч уулзахгүй болжээ гээд зүрх нь улам ч шимшрэв. Ши Рэнь: “Чи чинь “Албаны ноён түймэр тавьж болоод ард олон дэн асааж болохгүй” гэгч болох нээ. Бид хааяа эвгүй үг хэлэхэд, чи муу ёр гэдэг. Одоо зүв зүгээр байтал чи түүнийг зүхэж юу хийнэ… гэсэнд Бао Юй:

-Би амны зоргоор хүн зүхэж байгаа юм биш. Энэ хавраас хэдийнээ ёр мэдэгдсэн юм гэв. Цаадах нь: “Ямар ёр вэ” гэж асуув. Бао Юй:

-Энэ индрийн өмнөх нэг бут хайтан цэцэг зүв зүгээр байж байгаад хатчихсан юм. Би түүнийг муу юм болох нь гэж тэр даруй мэдсэн. Тэр нь түүнд л таарчихлаа… гэхэд нь Ши Рэнь инээж:

-Би тэвчээд болохгүй байна. Чи даанч яншаа эхнэрийн зантай болжээ. Бичиг ном уншсан хүн яаж ингэж хэлж чадаж байна… гэсэнд цаадах нь шүүрс алдаад:

-Та нар яаж мэднэ. Өвс модод байтугай энэ ертөнцийн алив зүйл хүнтэй адилхан зөгнөн мэдэх ой билигтэй байдаг. Ихээс нь хэлбэл, Күнзийн сүмийн өмнөх гацуур мод, онгоны өмнөх мөнх ногоон өвс, Жу Гө Лянгийн сүмийн өмнөх майлс, Юэ Үмүн онгоны өмнөх нарс мод бол цөм нэр цуутай, Билиг мэдрэлийн авьяастай, мянган жилд баларшгүй зүйл болой. Дэлхий дахин самуурвал тэр даруй хатаж, дэлхий дахин түвширвэл тэр дороо навчлан, энэ өчнөөн олон жилд хичнээн удаа навчилж, хичнээн ч удаа хувхайрсныг бүү мэд дээ. Энэ нь бэлгэ дэмбэрэл бишүү. Одоо багаас нь хэлбэл, Янтай Жэний Шэнь Шян Тин дэх мандарваа цэцэг, Дуань Жөн Лөү асар дахь мөрөөдөлт мод, Ван Жао Жюний онгон дээрх мөнх ногоон өвс нь цөм билиг мэдрэлтэй бишүү. Тийнхүү энэ хайтан цэцэг мөн хүний хорвоогийн хэрэг явдлыг бэлгэддэг юмаа гэв.

Ши Рэнь энэ их балай үгийг сонсоод, инээдтэй бөгөөд харамсалтай санагдсан тул инээж:

-Энэ үг чинь миний уурыг улам ч хүргэж байна. Чин Вэнийг ямар юм гэж сэтгэлээ зовоож нэр алдартай хүмүүстэй адилтгаж байгаа юм бэ. Энүүхэндээ гэхэд тэр хичнээн сайн болсон ч миний өмнө орж чадахгүй. Ингээд байвал би үхнэ шүү гэсэнд Бао Юй амыг нь дарж:

-Ингэж ярьж болохгүй. Нэг нь дуусаагүй байхад нөгөө нь юм ярьж болохгүй. Ер нь үүнийг дахин ярихыг больё. Гурвыг алдаад нэгийг олоход хүргэж болохгүй… гэсэнд Ши Рэнь дотроо баярлаж: “Ингэхгүй бол яваандаа болохгүй юм байхаа” гэв. Бао Юй:

-Нэг юм зөвлөе. Чи юу гэхийг мэдэхгүй байна. Одоо түүний юмыг “Амбанаас нуувч, албатаас нуухгүй” гэгчээр сэмхэн аваачиж өгье. Бас миний цуглуулсан зоосноос хэдэн хэлхээ өгье. Өвчнөө засуулаг. Бас эгч дүү нарын сайхан ханилсан сэтгэл болог… гэсэнд цаадах нь инээж:

-Чи намайг журамгүй харамчаар үзэж байна уу. Ийм юмыг чамаар хэлүүлэх гэж үү. Би сая түүний хувцас хунар, алив эдлэлийг цуглуулаад тэнд тавьчихлаа. Одоо гэгээн цагаан өдөр ажиглан харах нүд олон тул… хүлээж байгаад орой болсон хойно Сун мөөмөөд хэлээд илгээнээ гэв.

Бао Юй толгой дохив. Ши Рэнь, би угаасаа “Нэр алдаршсан журамт хүн” байтлаа энэүү нэрийг олох тохиолыг талаар өнгөрүүлэх гэж үү гэв. Бао Юй түүний сэтгэлийг хөргүүзэй гэж инээмсэглэн тайтгаруулав. Үдэш харанхуйгаар Чин Вэний юмыг Сун мөөмөөгөөр хүргүүлэв. Хамаг амьтны хөл татарсан хойно Бао Юй далим гаргаад, хүрээлэнгийн арын үүдэнд хүрч нэг эмгэнд, Чин Вэний байгаа газар дагуулан очооч гэж гуйсанд тэр татгалзаж: “Хүн мэдээд, Тайтайд хэлбэл би будаа идэх үү, үгүй юү гэж байснаа зоос өгнө” гэсэнд зөвшөөрч дагуулан явсныг үл өгүүлэн өгүүлэх нь:

-Энэ Чин Вэнийг тэр үед Лай Да худалдан авчирсан ажээ. Тэрбээр нэг бүл ахтай бөгөөд түүнийг хүмүүс Гүй Эр гэнэ. Тэр үед Чинь Вэнь арван настай байв. Лай мөөмөөг дагуулаад орж ирэхэд нь Жя Мү хараад л тоосон тул тэр дор нь түүнд бэлэг болгон барьжээ. Хэдэн жилийн дараа Лай Да бүл ахад нь эхнэр авч өгчээ. Гүй Эр гэгч угийн номхон, аймтгай хүн боловч эхнэр нь хурц сэргэлэн, царайлаг хүүхэн ажээ. Тэрбээр удалгүй нөхрийнхөө толгой дээр гарч гадуур гүйдэг болсон гэнэ. Харин Чин Вэнь Бао Юйн гэрт ирсэн байсан болохоор түүгээр Фөн Жегээс гуйлгаад хүрээлэнгийн хойт хаалганы цаахна суурьшин, хүрээлэн дотор арилжаа наймааны аар саар ажилд зарагддаг болжээ. Гэвч өнөөдөр Чин Вэнь хөөгдөн гарч ирээд тэдний гэрт суухаас өөр аргагүй болсон тул тэр эхнэр юү гэж харж хандах санаа байхав. Аягаа хураамагц даруй гарч айл хэсээд явчихаар Чин Вэнь ганцаар үүдний өрөөнд хэвтэнэ. Бао Юй дагуулж очсон эмгэнд: “Гадаа хүн харж бай” гэж хэлээд, ганцаар яваад оров. Чин Вэнь зэгсэн дэвсгэр дээр хэвтэж байв. Харин хуучин хэрэглэж байсан хөнжил дэвсгэрээ хэрэглэсэн харагдана. Бао Юй оруут нулимас мэлтэгнүүлэн яах аргаа олохгүй ойртон очоод аяархан дуудав.

Энэ үед Чин Вэнь, түрүүнд салхинд цохиулж бие хямарсны дээр хажуугаар нь ах, бэргэн хоёрынхоо гашуун нясуун үгийг сонсоод өвчин дээр өвчин нэмэгдэж, өдөржин ханиагаад сая жаахан зүүрмэглэсэн ажээ. Гэнэт хүн дуудахыг сонсоод нүдээ нээвэл Бао Юй байсанд цочих баярлах, багтрах гуних давхцан, түүний гараас зуурч эхэр татсанаа удтал уйлаад: “Би чамтай уулзаж чадахгүй болжээ” гэж санасан юм гээд түгшин ханиав. Бао Юй ч гуниглан эхэр татна. Чин Вэнь бурхан минь гээд:

-За чи ирсэн нь сайн болжээ. Надад дундуур аяга цай хийгээд аль. Дуудаад, дуудаад ирэх хүн алга. Хагас өдөр унтлаа… гэсэнд цаадах нь нулимсаа арчаад “Цай хаана байна вэ” гэж асуувал “Зуухан дээр бий” гэв. Харвал, утаанд харласан нэг сав байх боловч цай хийдэг савны янзгүй байв. Ширээн дээр байгаа аягыг авбал эхүүн хөгц үнэртэнэ. Бао Юй түүнийг аваад угааж, арчиж арчиж үнэртэхэд үнэр нь гарахгүй байв. Савнаас аяганд хийж үзвэл, улаан өнгөтэй, цайн маяггүй шингэн юм байв. Чин Вэнь өндийгөөд: “Хурдан наашаа өг. Цай мөөн. Манай цайтай яаж адил байхав” гэв. Бао Юй өгөхийн өмнө амсаж үзвэл, цайн үнэргүй эхүүн гашуун юм байсанд арга буюу өгөв. Цаадах нь авуут амтат рашаан олсон мэт нэг амьсгаагаар залгилчихав. Бао Юй хараад тэсэлгүй нулимс унагаж, яах аргаа олохгүй мэлрэн байснаа: “Чамд ярих юм байна уу. Хүнгүйд хэлчих” гэсэнд цаадах нь эхэр татаад:

-Одоо би юугаа хэлэх вэ. Өдөр цагийг хүлээн хэвтэх төдий л байна. Би тав гурван өдрөөс хэтрэхгүй болсноо мэдэж байна. Би хэдийгээр царайлаг төрсөн боловч хайр сэтгэлээр чамайг өдөөгөөгүй байхад яагаад намайг үнэгэн шулам гэж араа шүдэндээ тас зууж, нүд чичин харааж байгаа юм бэ. Би одоо хилс нэрийг үүрснээр барахгүй, удаан явж чадахгүй болсон тул чамд би гэмших үгээ хэлье. Ийм өдөртэй тулгарахаа мэдсэн бол эртхэн юунд би… гээд амьсгал нь тагларан юм хэлж чадахаа болиод хоёр гар нь хөхөрч төдөлгүй хүв хүйтэн болов. Бао Юйн зүрх шимшрэн сандарч улмаар айж, бөхийж суугаад, түүний гарыг нь атган, зөөлхөн дуудсанд үл дуугарсанд түмэн зүүгээр зүрхийг нь шивэх мэт болжээ.

Нилээд хэдэн үг хэлэхийн хэр болсноо Чин Вэний хоёр нүдний нулимс аяндаа асгарав. Бао Юй түүнийг алган дээрээ тавиад харвал яс арьс болсон байв. Хуруунуудад нь дөрвөн мөнгөн бөгж байхаар нь зөөлхөн мулталж аваад: “Биеэ сайн болохоор зүүгээрэй” гээд хажууд нь тавив. Тэгээд аль болохоор тайтгаруулах гэж оролдон “Өвчин чинь эдгэчихвэл сэтгэлийн зовлон аяндаа гайгүй болно” гэсэнд цаадах нь нулимсаа арчаад, хуруугаа амандаа хийгээд хумсаа тас хазуут Бао Юйн гар дээр тавингуут хуучивтар улаан цамцаа тайлан түүнд өгөөд сулдайн унав. Бао Юй санааг нь мэдээд гадуур хувцсаа тайлж нөмөргөн хучив. Тэгтэл Чин Вэнь нүдээ нээж: “Чи намайг босгоод суулгаатах” гэж гуйсанд цаадах нь түшээд авав. Тэгснээ арай гэж өндийлгөв. Чин Вэнь, Бао Юйн цамцнаас зуурав. Тэгэхээр нь тайлаад нөмөргөв. Жаахан байж байгаад цамцаа өмсгөөд хэвтүүлэв. Тэгээд түүний хумсыг хавтгандаа хийчихэв. Чин Вэнь уйлаад:

-За чи явдаа. Ийм бузар булай газар чи байж болохгүй. Чиний бие чинь эрхэм шүү. Өнөөдөр чи энд ирснээр би үхлээ ч гэсэн хилс нэр үүрэхгүй боллоо гэв. Яг энэ агшинд, түүний бэргэн эгч инээсээр орж ирээд: “Би та нарын яриаг цөмийг сонссон” гээд Бао Юйд, чи эзэн хүн байтлаа юү гэж доорд ардын гэрт гүйж ирэв. Миний нас залуу, өнгө үзэмжтэйг хараад аймшиггүй надад халдахаар ирэв үү гэсэнд Бао Юй айн сандарч, царайчлан хараад:

-Эгч гуай минь, битгий чанга яриач. Энэ намайг хэдэн жил асарсан учир, би эргэж ирсэн юмаа гэв. Тэр эхнэр толгой дохин инээж:

-Улс намайг сэтгэлтэй, журамтай хүн гэдэг нь зөв юмаа… гээд Бао Юйг хөтлөн дотор өрөөндөө ороод инэмсэглэн:

-Чи миний нэг зүйлийг таавал би бархирахгүй байж болно гэсээр өөрөө ханзны ирмэгт сууж, Бао Юйг татаж элгэндээ тэврээд хоёр хөлийг нь тас хавчив. Бао Юй ингэнэ чинээ санасангүй. Сандрахдаа нүүр нь улайж, зүрх нь цохиод, хамаг бие нь дагжиж: – Сайн эгч минь, битгий зуураач гэж гуйв. Мөнөөх хүүхэн нүдээ сүүмийлгэн инээж пээ гэж уулга алдаад,

-Чамайг чинь өдөр болгон охидод санаархдаг гэж сонссон. Өнөөдөр яагаад түүнийгээ цайруулах гээд байна вэ… гэсэнд Бао Юй улайн инээх аядаж:

-Эгч минь, намайг тавьчих. Бид сүүлд яръя. Гадаа байгаа мөөмөө сонсвол бүр муухай… гэсэн ч хөлийг нь тавьсангүй. Тэгээд:

-Би тэр эмгэнийг чинь явуулаад, хүрээлэнгийн үүдэнд хүлээж бай гэж хэлсэн. Өнөөдөр чиний энд ирсэн нь миний хүсэн хүлээсэн санаанд нийлж байна. Чи эс зөвшөөрвөл би бархирна. Дотор Тайтай сонсвол, би чамайг яахыг үзнэ. Чи чинь иймхэн зүрхтэй юм уу. Түрүүнд би ирээд, цонхны дороос чагнасан. Та хоёрыг хоёулхнаа байхдаа сэтгэлийн үгээ ярьж байгаа болов уу гэж санасан юм. Үүнээс үзвэл та хоёр бие биедээ халдаагүй юм байна. Би бол түүнтэй адил тэнэг хүн биш… гэсээр даруй гар хөдөлгөхийг завдав. Бао Юй улам сандарч цааш цахална.

Яг ийн зууралдаж байтал цонхны цаана хүний дуу гарч “Чин Вэнь эгч энд байна уу” гэсэнд мөнөөх эхнэр цочиж Бао Юйг тавив. Айн сандарсан Бао Юй хэний дуу болохыг таньсангүй. Үүдний өрөөнд байгаа Чин Вэнь тэнд бэргэн эгч нь Бао Юйг явуулахгүй байхыг сонсоод уурлах, бачимдах, ичих давхцаж зүрх нь хөөрөөд хэдийн мууран унажээ. Эхнэр яаран хүрч овчол Лю Ү Эр эхтэйгээ хоёул боодолтой юм дамнаж орж ирэв. Лю эхнэр хэдэн хэлхээ зоос барьчихсан: “Үүнийг дотор хүрээний Ши охин танай дүү охинд илгээжээ. Тэр хаана байна вэ” гэж асуувал эхнэр:

-Тэр энд л байна. Өөр хаана байхав даа гэв. Тэд яваад заасан өрөөнд нь орвол, дотор өрөөнд нэг хүний сүүдэр үзэгдэх шиг болсонд, энэ эхнэрийн томоогүйг хэдийнээс мэдэх тул түүнтэй хөл нийлсэн хүн нь байгаа юм байхдаа гэж бодоод харвал, Чин Вэнь унтсан тул боодолтой юмаа тавиад гарав. Лю Эрийн нүд гярхай тул аль хэдийн Бао Юйг таниад, эхээсээ: “Тэнд Ши Рэнь эгч Бао Юйг сэмхэн эрж байсан биз дээ” гэж асуусанд эх нь:

-Эвий дээ зайлуул. Үнэхээр би мартжээ. Сая Сун мөөмөө “Бао Эр хажуугийн хаалгаар гарахыг харсан. Хүрээлэнгийн үүдийг дарна гээд үүдэнд хүн хүлээж байна” гэж хэлж байсан шүү гээд эргэж эхнэрээс асуув. Мөнөөх эхнэр гэмтэй хүн болохоор “Бао Эр яаж манайд ирэх юм бэ” гэв. Лю эхнэр сонсоод явахыг завдтал Бао Юй нэгд хаалга хаахаас айж, хоёрт эхнэр орж ирээд зууралдахаас айж орхиулыг сөхөн гарч ирээд: “Лю бэргэн хүлээгтүн. Хамт явцгаая” гэсэнд тогооч эхнэр цочиж, бурхан минь ээ гэснээ “Чи яагаад энд хүрээд ирэв” гэсэнд Бао Юй хариу хэлэх завгүй нисэх мэт гүйв. Ү Эр, “Мөөмөө, түүнийг дуудан зогсоо. Ингэж сандран яваад хүнд үзэгдвэл эвгүй. Сая биднийг нааш гарахад Ши Рэнь эгч, хүн явуулж үүд хаахыг хүлээлгэсэн юм” гээд хойноос нь яаран явав. Чин Вэний бэргэн эгч, тэдний хойноос харж, нэгэн гайхамшигт хүнийг алдаж явуулсандаа дэмий л гансран зогсоно.

Яаран түгшин гүйсээр Бао Юй бага хаалгаар гүйн ороод сэтгэл нь амарсан боловч зүрх нь түгшсээр л байв. Тэгэхдээ бас Ү Эрийг оруулахгүй байх вэ гэж бодож байтал эх охин хоёр хүрч ирэв. Доторх эмгэд хүн байцааж байх сонсогдсон тул жаахан л хожидсон бол хүрээлэн үүдээ барих байж гэж бодов. Бао Юй хүн мэдсэнгүйд баярлан гэр рүүгээ явахдаа, Ши Рэньд хүн намайг асуувал Имагийнд очсон гэж хэлээрэй гэж захина хэмээн бодов. Гэртээ орвол нь Ши Рэнь: “Хаачив” гэсэнд, урьд бэлдсэн үгээ хэлээд амыг нь таглав. Ши Рэнь ор засахдаа: “Өнөөдөр яаж унтах вэ” гэж асуусанд цаадах нь: “Яаж ч унтсан болно” гэв.

Ван Фүрэньд тоогдсоноос хойш сүүлийн хоёр жилд Ши Рэнь биеэ их хичээх болжээ. Хүнгүй үе буюу шөнө орой болбол Бао Юйгээс хөндий байх болсноос багын үеийнхээсээ холджээ. Алив үйл утасны явдал, Бао Юй болон бяцхан охидын орж гарах зардал мөнгө хувцас хунар, шаахай гутлын явдал ч их байхын дээр, цусаар ханиах өвчинтэй болсон тул ойрноос шөнөдөө Бао Юйтэй нэг өрөөнд унтахгүй болжээ. Бао Юй шөнө айх тул сэрвэл хүн дуудна. Сэргэг унтдаг Чин Вэнь шөнөдөө ус цай ойртуулж үйлчилнэ. Тиймээс үүдний өрөөнд нь тэрбээр ганцаараа унтдаг байлаа. Нэгэнт тэр явсан тул Ши Рэнь арга буюу өөрийн хөнжил дэвсгэрийг авчиран хажууд нь дэлгэв. Бао Юйг баахан мэлрэн суухаар нь Ши Рэнь шаардан хэвтүүлээд өөрөө ч хэвтэв. Бао Юй хэвтүүт байн байн санаа алдаж, урван хөрвөсөөр шөнө дунд өнгөрсөн хойно унтав. Ши Рэнь санаа амраад зүүрмэглэж байтал цаадах нь: “Чин Вэнь” гэж дуудсанд Ши Рэнь сандарч “Яав” гэсэнд “Цай ууя” гэв. Бао Юй цай ууж байхдаа “Би дандаа түүнийг дууддаг болоод чамайг мартчихжээ” гээд шүүрс алдав. Ши Рэнь: “Чи түүнийг анх энд ирсэн үед намайг дууддаг байснаа, тэгсгээд л мартсан шүү дээ” гэв. Тэгсгээд тэд унтав. Бао Юй бас л урван хөрвөж байгаад үүрийн өмнөхөн унттал Чин Вэнь угийн янзаар орж ирээд, “Та нар амар тавтай амьдран суугтун. Би одоо салан одлоо” гээд буцаад явчихав. Бао Юй яаран түүнийг дуудаад Ши Рэнийг сэрээчихэв. Ши Рэнь түүнийг дэмий л дуудаж байна даа гэж бодтол Бао Юй уйлан: “Чин Вэнь үхжээ” гэв. Цаадах нь инээж: “Юу ярьж байгаа юм. Хүн сонсвол юү гэх вэ” гэсэнд Бао Юй: “Өдийд хэн сонсох юм бэ. За яахав, өглөө болохоор хүнээр асуулгая” гэв.

Тэнгэр гэгээрэх үед, Ван Фүрэний гэрийн зарц охин ирж, эхийн нь үгийг Бао Юйд дамжуулав. Тэрбээр “Бао Юйг хурдан дуудан босгож, нүүрийг нь угаан, хувцас хунарыг нь солиод энд ирүүл. Өнөөдөр, Лаоег намрын удвал цэцэг үз гэж хүн залсан тул, түүний тэр өдөр бичсэн шүлэг сайн болж үнэлэгдсэн тул дагуулж очно гэнээ” гэж Тайтай хэллээ. Одоо Лаое дээд гэрт амтат зутан уух гэж хүлээхийн хамт эднийг хүлээж байна. Шалавхан явуул. Хуань агь хэдийн ирсэн. Одоо би Лань агийг дуудахаар явлаа. Та нар хурдал” гэв. Ши Рэнь үүд тогшихыг сонсоод яаран босов. Бао Юйг босгож, угааж, үс гэзгийг нь самнаад, Жя Жөнг дагаж гадагш явах учир хуучин хувцас өмсгөв. Тэгээд Бао Юй яаран овчол тэд баяр хөөртэй цайгаа ууж сууна. Өглөөний амрыг эрсний дараа Бао Юйг сууж: “Зутан уу” гэснээ, Хуань, Лань хоёрт: “Энэ Бао Юй ном уншихдаа та хоёрт хүрэхгүй. Харин шүлэг зохиох авъяасанд нь та хоёр хүрэхгүй. Өнөөдөр тэнд очиход та нараар шүлэг зохиолгох нь зайлшгүй. Бао Юй энэ хоёртоо тусал гэв. Ийнхүү магтах үгийг Ван Фүрэнь ер сонсоогүй тул ихэд баярлан эцэг хөвгүүдийг явмагц Жя Мүгийнд очъё гээд зэхэж байтал Фан Гуань нарын гурван хуурай эх хүрч ирээд: “Уржигдар Тайтай өршөөл үзүүлж Бан Гуанийг шагнаснаас хойш тэр хоол унднаас гарч солиорсон мэт болоод Жөү Гуань, Рүй Гуань нартай нийлээд гурвуул үхнэ гэж авирлан гэзгээ хайчлаад явж чавганц болно гэнээ. Би бага хүүхэд болоод, тэндээс гараад дасахгүй байна. Хэд хоноод зүгээр болно гэж бодсон юм. Тэгтэл улам хэцүүдэж, аашилж, зодохыг ч тоохоо байлаа. Одоо яах ч аргагүй тул Тайтайгаас гуйхаар ирлээ. Эсвэл тэдний санаагаар чавганц болго. Үгүй бол тэднийг сайн сургаад өөр хүнд охин болгон шагна. Бидэнд бол ийм буян дутжээ” гэцгээв. Ван Фүрэнь сонсоод:

-Дэмий чалчиж байна. Яалаа гэж тэдний дураар болгох вэ. Шашны үүдээр мөн хөнгөнөөр орж болох уу. Хүн бүрийг нэгэн зэрэг занчаад, дахиад яаж авирлахыг нь хар гэв.

Тэр үед, найман сарын арван таванд энэ сүмд тахилга өргөсөн өглөгийн эздэд, сүм бүрээс чавганц нарын хишиг түгээсэн бөгөөд Шүй Юэ Ань хийдийн Жы Тун болон бодисадвагийн хийдийн Юань Шинь буцаагүй байсан тул ийм охидыг сонсоод даруй хэдэн бяцхан охиныг хууран аваачиж, сүмийн ажилд зарна гэж бодоод Ван Фүрэньд:

-Эрхэм ордон гэгч чухамхүү өглөг буяны орон болой. Тайтай сүсэг бишрэлтэй тул, эдгээр охид цөм сүжиглэснийг бодож үзээч. Хэдий “Шашны үүд ойр боловч ороход хэцүү” гэдэг ч гэлээ “Бурханы сургаалд алаггүй” гэхийг мэдвэл зохино. Бурхан шашин гэгч зургаан зүйлийн хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэхийг зорино. Одоо эцэг эхгүй гэр нутгаасаа хол хоёр гурван охин таны тэнд байна гэнэ. Тэд баян эрхмийг эдлэх буян нимгэнийг бодож, орчлонгийн тоосон дотор хожим нэг насны хэрэг ямар болохыг үзэж гаргаад “Зовлонгийн далайгаас жолоог нь татаж” гэрээс гарч бясалгал хийгээд дараа төрлийн хутгийг олсугай гэх нь мөн тэдний эрхэм бодлого болой. Тайтай харин сүжиг бишрэлийг битгий хориглогтүн” гэв.

Ван Фүрэнь угаас нигүүлсэхүй сэтгэлт хүн бөгөөд сая ийм үг сонсоод, эдгээр охид ёсыг дагахгүй бол хожим ариун цэвэр туулан гарч чадахгүй эргээд нүгэл үйлдэхэд хүрнэ хэмээн бодож байжээ. Одоо энэ хоёр мэхчиний ярихыг сонсвол бас ч зүйтэй мэт. Түүгээр үл барам ойрын өдрийн ажил их, Шин Фүрэнь хүн ирүүлж Ин Чүнийг гэртээ аваачин хэд хонуулж, хүнд үзүүлнэ гэж хэлүүлсэн бөгөөд бас албаны зууч ирж Тань Чүнийг гуйлгасан зэргийн олон учир явдал давхцаж байгаа тул эдгээр охидын хэргийг бодох завгүй. Тэгээд чавганц нарын үгийг сонсоод инээн:

-Тийм бол та хоёр аваачин шавь болгож болох уу гэсэнд нөгөө хоёр нь, бурхан минь гэж залбираад:

-Буян боллоо. Буян боллоо. Та их буян хураана гээд толгой бөхийн ёсолж талархав. Ван Фүрэнь:

-За тэгвэл та нар очиж, тэднээс асуу. Үнэнхүү бишрэлтэй байгаа юм бол хүрч ирж намайг харж байхад багшдаа мөргөөд явтугай гэв.

Төдөлгүй гурван эхнэр яваад охидыг дагуулаад ирсэнд, Ван Фүрэнь үнэн эсэхийг дахин давтан асуусанд тэд нэгэнт санаа шулуудсан гэж хоёр чавганцад мөргөв. Тэгээд Ван Фүрэньтэй салах ёс гүйцэтгэв. Тэдний зориг шуударсныг хараад Ван Фүрэнь, дахин хориглож болохгүйг ойлгоод өрөвдөж, хүн явуулан юм явчируулаад тэднийг шагнасны дараа хоёр чавганцад ч гарын бэлэг өгөв. Фан Гуань, Шүй Юэ хоёр Ань хийдийн Жы Тунг дагаж, Рүй Гуань, Жөү Гуань хоёр бодисадваагийн хийдийн Юань Шинийг даган гарцгаав. Хожмын хэрэг явдлыг мэдсүгэй хэмээвээс хойнох бүлгийг үзтүгэй!

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж