Б.Өлзийсайхан, Н.Золбоо нар хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Б.Өлзийсайхан, Н.Золбоо нар хүрэл медаль хүртлээ

Б.Өлзийсайхан, Н.Золбоо нар хүрэл медаль хүртлээ

Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээн энэ амралтын өдрүүдэд (III.10-11) ОХУ-ын Улаан-Үд хотод боллоо. XXIII удаагийн тэмцээнд ОХУ, Монгол, Армен, Беларусь, Болгар, Унгар, Казахстан, БНХАУ, Кыргызстан, Литва, Узбекистан, Эстони, БНСУ, Турк, Тажикистан гэсэн 15 орны 180 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Манай улсаас Э.Бэхбаяр алт, Г.Мандахнаран, П.Өнөрбат, Ө.Батзул мөнгө, Б.Батмагнай, О.Үйтүмэн хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл сүүлийн өдөр 61, 70, 79, 92, 125 кг-ын жингийн барилдаан болоход “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баасанцогтын Өлзийсайхан 92 кг-д, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо 125 кг-д хүрэл медаль хүртэв.

92 кг-д Б.Өлзийсайхан шөвгийн наймд Б.Бадралыг оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд Тимур Баторовт оноогоор цэвэр ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Красноярскийн Юрий Белоновскийг ялжээ. Ингэснээр тэрбээр өнгөрсөн жилийн амжилтаа бататгасан.

125 кг-д Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт ОУХМ Н.Золбоо 1/8 шигшээд нутаг нэгт М.Лхагвагэрэлийг 7:4-өөр, шөвгийн наймд Тувагийн Айдин Монгушийг оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Хойд Осетийн Алан Хугаевт барилдааны төгсгөлд хоёр оноо алдаж 4:5-аар ялагдав. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Буриадын Григорий Жербаевыг оноогоор цэвэр (10:0) ялсан юм. Энэ нь түүний Улаан-Үдийн тэмцээний тав дахь хүрэл медаль юм. Түүнчлэн Н.Золбоо 2018 он гарснаас хойш Красноярскийн “Алтан Гранпри”, Азийн АШТ, Буриадын ОУТ гээд гурав дахь тэмцээнээсээ хүрэл медаль хүртээд байна.

61 кг-д 2014 оны оюутны дэлхийн аварга ОУХМ Т.Түвшинтулга эхний даваанд “Лондон-2012” олимпийн наадмын аварга Жамал Отарсултановыг 6:5-аар ялж гараагаа амжилттай эхлүүлсэн ч хагас шигшээд Зелимхан Абакаровт, хүрэл медалийн төлөөх барилдаанд Ефим Кормильцевт дийлдсэн. Түүнчлэн 92 кг-д Ч.Алтангэрэл хүрлийн төлөөх барилдаанд Дагестаны Алихан Жабраиловт оноогоор цэвэр ялагджээ.

Манай бөхчүүд Буриадын дэвжээнээс нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилттай өндөрлүүллээ.

СҮҮЛИЙН ӨДРИЙН ДҮН:

61 кг (25 бөх): 1. Александр Богомоев (ОХУ, Буриад) 2. Зелимхан Абакаров (ОХУ, Москва) 3. Ефим Кормильцев (ОХУ, Красноярск), Ньургун Скрябин (Беларусь)
70 кг (32): 1. Евгений Жербаев (ОХУ, Буриад) 2. Албибек Акбаев (ОХУ, Кабардино-Балкар) 3. Роланд Ондар (ОХУ, Тува), Алексей Боровицкий (ОХУ, Буриад)
79 кг (16): 1. Радик Валиев (ОХУ, Алания) 2. Хусейн Суюнчев (ОХУ, Черкесия) 3. Кахабер Хубежты (ОХУ, Алания), Алексей Сабидаев (ОХУ, Буриад)
92 кг (12): 1. Анзор Уришев (ОХУ, Красноярск) 2. Тимур Баторов (ОХУ, Буриад) 3. Баасанцогтын Өлзийсайхан (Монгол), Алихан Жабраилов (ОХУ, Дагестан)
125 кг (18): 1. Цыбик Максаров (ОХУ, Буриад) 2. Алан Хугаев (ОХУ, Алания) 3. Нацагсүрэнгийн Золбоо (Монгол), Балдан Цыжипов (ОХУ, Буриад)

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж