Н.Учрал гишүүн залуу багш нартай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Н.Учрал гишүүн залуу багш нартай уулзлаа

Н.Учрал гишүүн залуу багш нартай уулзлаа

УИХ-ын гишүүн Н.Учралын тэргүүлдэг Монголын Залуу Багш нарын холбоо болон Нийслэлийн Боловсролын газар хамтран зохион байгуулсан “Багш Хөгжлийн Академи 2018”  үйл ажиллагаа Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд амжилттай болж өнгөрлөө. Бүтэн өдөр үргэлжилсэн тус арга хэмжээнд Нийслэлийн 9 дүүргийн нийт 220 орчим залуу багш нар оролцсон юм. “Багш Хөгжлийн Академи 2018” үйл ажиллагаанд Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын сайдын зөвлөх Д.Ганбат, БШУСЯ-ны газрын дарга Т.Амаржаргалан, Д.Одгэрэл тэргүүтэй яамны төлөөллүүд мөн Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар оролцлоо.

УИХ-ын гишүүн Н.Учрал арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Багшийн хөгжил гэдэг бол Монгол Улсын ирээдүйн хөгжлийн асуудал гэсэн үг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд багшийн хөгжлийг дэмжих замаар ирээдүйн оюун санааны манлайлагчдыг бэлдэж байна. Финлянд, Сингапур зэрэг орнууд өдгөө боловсролын системдээ олон олон шинэчлэлийг хийж байгаа бид бүхэн мэднэ. Тэдгээрээс хамгийн чухал нь багшийн хөгжлийн асуудал юм. Багш хүн гэдэг тасралтгүй хөгжиж байх шаардлагатай бөгөөд тэгж байж ирээдүйн оюун санааны манлайлагчдыг бэлтгэнэ. Тэр ч утгаараа бид Багш Хөгжлийн Академи үйл ажиллагааг зохион байгуулж байна. Залуу багш нарын мэдлэг оюуныг дээшлүүлэх, орчин үетэй хөл нийлүүлэн алхах боломжоор хангах цаг үеийн шаардлага бидний өмнө байна. БСШУСЯ-аас энэ жилийг Багшийг хөгжүүлэх жил болгон зарласан. Мөн ирэх хаврын чуулганаар Багшийн хөгжлийн тухай хууль хэлэлцэгдэхээр болсон гээд багшийн хөгжлийн асуудалд Монголын төр засаг ихээхэн анхаарал хандуулж эхэлсэн нь сайшаалтай” гэв. Тэрбээр мөн цаашид багшийн тэр дундаа залуу багш нарын хөгжилд ихээхэн анхаарал хандуулж ажиллахаа хэлсэн. Учир нь, боловсролын шинэчлэл бол багшийн сэтгэлгээний шинэчлэл юм.

Мөн БСШУС-ын сайдын зөвлөх Д.Ганбат чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэхийн ялдамд яамны зүгээс багш нарыг дэмжих талаар ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. БСШУСЯ-ны зүгээс багш нарын хөгжилд ихээхэн анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд үүний нэг жишээ нь дээр дурдсанчлан энэ жилийг Багшийн хөгжлийн жил болгон зарласан юм. Мөн багш нар тэр дундаа Залуу багш нарт олон боломж байдаг аж. Тухайлбал, яамны зүгээс Боловсрол судлалын асуудалд ихээхэн анхаардаг бөгөөд энэ талын судалгаа хийхэд тодорхой хэмжээний санхүүжилт олгох боломжтой байдаг гэнэ. Мөн залуу судлаачдад грант олгох ч боломж байгаа гэдгийг тэрбээр дуулгалаа.

Оюун санааны наран мандана гэх уриан дор нэгдсэн залуу багш нар Монголын Оюун Ухааны академийн захирал Х.Хатанбаатар, “Өөрчлөлтийг чиглүүлэгч” төвийн багш доктор Д.Сүрэнчимэг, УИХ-ын гишүүн Н.Учрал зэрэг багш нарын сургалтад сууж, олон улсын боловсролын чиг хандлага, хүүхдийг танин мэдэх арга зам, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зэрэг олон  талын мэдлэг мэдээллээр хангагдсан юм. Залуу багш нарын хувьд ийм үр дүнтэй арга хэмжээнд тэр бүр хамрагдаж чаддаггүй бөгөөд багшийн хөгжилд чиглэсэн арга хэмжээ тийм ч олон болоод байдаггүй гэдгийг хэлж байлаа. Тухайлбал, Сонгино Хайрхан дүүргийн Ирээдүй цогцолборын 2 дугаар ахлах сургуулийн математикийн багш З.Пүрэвсүрэн “Миний хувьд Сонгино Хайрхан дүүргийн Залуу багш нарын холбоонд элссэндээ тун баяртай байдаг. Учир нь, багшийг хөгжүүлэх тал бүрийн сургалтуудад суухын зэрэгцээ өөрт хэрэгтэй зөвлөгөө мэдээллээр хангагдаж чаддаг нь их таалагддаг. Манай холбоо бусад холбоодыг бодвол илүү үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Үүний нэг илрэл нь тус Багш Хөгжлийн Академи үйл ажиллагаа болж байна. Сургалт, форум гэхээр л асуудал яриад тардаг биш энэ мэт асуудлыг шийдэх гарц олж, илүү бодит үр дүнтэй сургалтууд явуулж байгаа нь их шинэлэг юм. Н.Учрал гишүүн 2015 оноос хойш Монголын Залуу Багш нарын холбоог тэргүүлснээр бид олон улсын хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлснээс гадна 21 аймаг  9 дүүрэгт салбар нэгжтэй том айл болсон байна. Тиймээс гишүүндээ баярлаж буйгаа нийт багш нарын өмнөөс уламжилъя” гэлээ.

Н.Зоригт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж