Ши Жиньпинд “хугацаагүй” бүрэн эрх олголоо

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Ши Жиньпинд “хугацаагүй” бүрэн эрх олголоо

Ши Жиньпинд “хугацаагүй” бүрэн эрх олголоо

Хятадын Коммунист намын дүрэмд намын даргыг таван жилд нэг удаа сонгож, бүрэн эрх олгох тухай заасан байдаг ба бүрэн эрхийн хугацааг дахин таван жилээр сунгах боломжтой. Харин Хятадын улс төрийн цорын ганц, хүчирхэг нам дүрэмдээ өөрчлөлт оруулж, Ши Жиньпинд улсыг бүс насаар удирдахыг зөвшөөрлөө. Намын дүрэмд оруулсан өөрчлөлтийг Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлаар өчигдөр /2018.03.11/ баталсан байна.

ХКН-ын дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудал бүр өмнө шийдэгдсэн бөгөөд Бүх Хятадын ардын төлөөлөгдийн их хурлаар баталсан нь бэлгэдлийн шинжтэй үйл явц хэмээн олон улсын шинжээчид хэлж байгаа юм. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлаар нийт 2964 гишүүн санал өгснөөс хоёр гишүүн л түдгэлзжээ.

ХКН-ын дарга нар 1990 оноос хойш арван жилд нэг удаа сонгогдож, хоёр удаа таван жилийн хугацаатай бүрэн эрх хэрэгжүүлэх болсон юм.

Гэвч 2023 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусч, огцрох ёстой Хятадын дарга Ши Жиньпин 2017 оны аравдугаар сард болсон ХКН-ын их хурлын үер өөрийн залгалжлагчийг нэрлэх ёстой байв. Гэвч Ши Жиньпин хэнийг ч залгамжлагчаар нэрлээгүй билээ.

Түүгээр ч зогсохгүй Ши Жиньпин улс төрийн эрх мэдлээ улам бэхжүүлэн, өөрийн нэр болон улс төрийн үзэл онолоо намын дүрэмд тусгаж, өөрийгөө Мао Зэдунтай эн зэрэгцэхүйц удирдагч хэмээн хүлээн зөвшөөрүүлсэн.

Бүх Хятадын ардын их хурал буюу парламент бол тус улсын хууль тогтоогч хамгийн том байгууллага юм. Гэхдээ ХКН-ын хэлсэн болгоныг үг дуугүй гүйцэтгэдэг энэ байгууллагыг олон улсын шинжээчид бэлгэдлийн парламент гэх нь бий.

Ши Жиньпин

Ши Жиньпиний замд саад болохыг хүсэх хүн Хятадад яг одоо лав байхгүй. Хятадын удирдагч агсан Мао Зэдунаас хойш өөр хэн ч Ши Жиньпин шиг ийм эрх мэдэл эдэлж байгаагүй юм. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлаар намын дүрэмд өөрчлөлт оруулж, өөрт нь бүх насаараа удирдагч байх боломж олгохыг зөвшөөрсний дараа Ши Жиньпин алга ташсан байна.

Таван жилийн өмнө Бээжинг нэг хүн биш, ХКН-ын Улс төрийн товчоо удирдаж байлаа. Ху Жинтаогийн үед УТТ-ны есөн гишүүн үзэл бодлоо илэрхийлэх нь харьцангуй чөлөөтэй байжээ.

Тухайн үед ХКН-ын доторх фракцуудын зөрчил, тэмцэл байсан ч Ху Жинтао үүнийг байх ёстой зүйл мэт үзэж байв.  Учир нь Хятадын удирдагч нар арван жилд нэг удаа сонгогдохдоо өөрсдийн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлдэг бичигдээгүй хууль бий. Харин энэ цаг мөчөөс эхлэн ХКН-д бүх уламжлал өөрчлөгдөх ажээ.

Ши Жиньпинд арван жилээс дээш хугацаагаар улсын удирдагч байхад намын дүрэм саад болж байсан юм.

Ши Жиньпин намын дүрэмд өөрчлөлт оруулан, бүх насаараа удирдагч хэвээр үлдэж, санасандаа хүрэхдээ ямар ч саад бэрхшээлтэй тулгарсангүй. Тэр бүү хэл Ши Жиньпинийг бүх насаараа улсын удирдагч хэвээр үлдэх нь зөв эсэх талаар үндэсний хэлэлцүүлэг ч болсонгүй.

Ши Жиньпин энэ том өөрчлөлтийг ямар ч дуулиан шуугиан, хэл ам, хэрүүл тэмцэлгүй хийж чадсан нь гайхалтай. 

Хятадын интернэт цагдаа нар маш завгүй  ажилласан гэхэд болно. Намын дүрэмд өөрчлөлт оруулахтай холбоотой сэдэв, үг хэллэгийг Хятадын цахим сүлжээнд хориглосон юм. Тэр бүү хэл цахим хэрэглэгчид Ши Жиньпинтэй адилтгадаг хүүхэлдэйн киноны баатар Винни Пухыг зургийг хүртэл хориглосон.

Хэдийгээр Ши Жиньпинийг бүх насаар нь удирдагч хэвээр үлдэх намын дүрмийн өөрчлөлтийг эсэргүүцсэн тэрс үзэлтнүүд байсан ч тэдний дуу хоолой олон нийтэд хүрч чадаагүй ажээ.

Харин Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүд энэ өөрчлөлтийг зайлшгүй шаардлагатай шинэчлэлт хэмээн бичиж байгаа билээ.

Хятадын дарга тодорхойгүй хугацаагаар бүрэн эрх хэрэгжүүлэх болсныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэмжиж ‘Тун сайн хэрэг. Бид үүнийг дараа тэмдэглэх хэрэгтэй байх” хэмээсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Ши Жиньпиний үзэл баримтлал

Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлаар Ши Жиньпинийг хугацаагүй эрх мэдэл хэрэгжүүлэхэд саад болж байсан намын дүрэмд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн төдийгүй ирэх таван жилийн хугацаанд улсыг тэргүүлэх Засгийн газрын бүтцийг баталж, авлигатай тэмцэх агентлагийг шинэчлэн байгуулахаар болсон юм. Мөн Ши Жиньпиний боловсруулсан “Хятад онцлогтой коммунизмын шинэ эрин байгуулах тухай үзэл баримтлал”-ыг намын дүрэмд тусгахаар их хурлаар баталсан байна. Энэхүү үзэл баримтлалыг 2017 оны аравдугаар сард ХКН-ын 19-р их хурлаар анх танилцуулж, намын дүрэмд тусгахаар болсон.

Харин одоо сургуулийн сурагчдаас авхуулаад их сургуулийн оюутнууд, улсын үйлдвэрийн ажилчид болон жирийн иргэд энэхүү үзэл баримтлалыг судлах болж байгаа юм.

Ши Жиньпин 2012 онд ХКН-ын даргаар сонгогдсон цагаасаа эхлэн улс төр дэх эрх мэдлээ бэхжүүлэхийн зэрэгцээ Хятадыг бүс нутгийн супер гүрэн болгох замыг засч эхэлсэн юм.

Авлига, хээль хахуультай тэмцэх нэрийдлээр нам дотор цэвэрлэгээ явуулж, өөрийн дайснуудаас салахын тулд Ши Жиньпин ХКН-ын нэг сая гаруй гишүүнийг намаас хөөж, шийтгэл оногдуулсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж