Ши Жиньпин Хятадыг насаараа удирдана

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин Хятадыг насаараа удирдана

Ши Жиньпин Хятадыг насаараа удирдана

Бидний мөнхийн хөрш БНХАУ-д өнгөрөгч ням гаригт (2018.03.11) түүхэн шийдвэр гарлаа. Дэн СьяоПин удирдагчийн 1982 онд баталсан, Мао Зедуньтэй адилаар Хятад орныг нэг хүний удирдлагад оруулахаас сэргийлэн Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хугацаанд хоёр удаагийн 5 жил байх хязгаарлалтыг оруулсан 35 жилийн настай заалт Бүх Хятадын Их хурлын 2,963 төлөөлөгчдөөс гурав нь татгалзсан, эсэргүүцсэн хоёр төлөөлөгчийн саналтайгаар ийнхүү цуцлагдлаа. Уг хязгаарлалтыг цуцалснаар дэлхийн хамгийн олон хүн амтай Хятад орныг Ши Жиньпин дарга бие барах хүртэл удирдах нөхцөл бүрдэж байгаа юм. 

Санал хураалтын явцад Хятадын олон нийтийн сүлжээгээр Умард Солонгос болон Мао-гийн дэглэмтэй адил нөхцөл байдал үүсэх нь гэсэн шүүмж тарж Засгийн газрын зүгээс шуурхай арга хэмжээ авч, суртал ухуулгын шинжтэй сэтгэгдэлүүдийг хоригложээ хэмээн Рейтерс агентлаг мэдээллэжээ. ХКН-ын гишүүдийн хувьд “Ши дарга шиг чадварлаг удирдагчтай байх нь маш том аз завшаан” хэмээж, Хятадын Сычуань мужийн иргэн Чэн Бинцян “Улс орон маань урт хугацаанд тогтвортой байдлаа хадгална гэдэг нь их чухал” хэмээсэн байр суурьтай байлаа. 

2023 он хүртэл засаг барих эрхтэй тэрбээр дахин 20 жил орчим Хятад Улсыг удирдах боломжтой болж байна хэмээн судлаачид үзэж байна. ХКН-ы People’s Daily сонинд даргалах хугацааг цуцлах нь насан туршдаа засаг барих  гэсэн утгыг шууд илэрхийлэхгүй, Ши дарга дараагийн Мао болохыг хүсэхгүй байгаа хэмээн нийтэлжээ. 

Түүнчлэн Хятад онцлогтой шинэ коммунизм байгуулах тухай үзэл мөн Хятадын Үндсэн хуульд тусгагдах юм. Дэн СьяоПинээс хойших Хятадын хамгийн хүчирхэг удирдагч гэж судлаачид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг Ши Жиньпин Засгийн газраа нээлттэй болгох, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, шинэчлэх талаар олон ажил өрнүүлж буйг “Хятад мөрөөдөл” хэмээн нэрлэдэг. Энэ нь товчхондоо Хятадыг нэгдсэн хүчирхэг баян улс болгон хөгжүүлж, ард түмнийг элбэг хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх гэж тодорхойлж болно. 

М.ЧУЛУУНТОГОО

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж