УИХ-аас баталсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Дубайд өөрчилж, Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх асуудлаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шалгаж байгаа тухайгаа Авлигатай тэмцэх газар албан ёсны сайтдаа мэдээлжээ. Парламентын 2016 оны сонгуулийн дараа Ардчилсан намынхан янз бүрийн шалтаг, шалтгаанаар АТГ-ын үүдийг сахих болсоор удаж байгаа билээ. Адгийн зарга 10 хоног гэгчээр АТГ-т шалгагдаж байгаа Ардчилсан намынхны хэрэг нэг нэгээр нэмэгдсээр байх бололтой.Энэ удаад экс Ерөнхий сайдыг шалгах болсон шалтгаан нь тэрбээр Шийдлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа Арабын нэгдсэн Эмират улсад айлчилж, Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслолд оролцсон нь ийнхүү АТГ-ын үүдэнд дуудагдах нэг шалтаг болжээ.Болсон хийгээд бодит явдлыг эргэн сөхвөл Ч.Сайханбилэг Дубайн гэрээ гэгчтэй холбогдох болсон үнэндээ Ц.Сэдваанчигийн ‘Рио Тинто’-д бичсэн захидлаас эхтэй бөгөөд үүний улмаас Монголын Засгийн газар болон Рио-Тинтогийн дунд үл ойлголцол үүсч, Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын ажил гацан, 2000 хүнийг Оюутолгой шалтгаангүйгээр ажлаас нь халж байв. Энэ мэт эдийн засаг, хөрөнгө оруулалтад таагүй нөхцөл үүсгэсэн олон хүлээлттэй асуудлыг шийдэхийн тулд Шийдлийн Засгийн газар хөрөнгө оруулагчидтай багагүй хугацаанд хэлцэл хийсний эцэст Дубайн гэрээг байгуулсан юм.
Энэ талаар ‘Эрдэнэс Оюутолгой’-н захирлаар ажиллаж байсан Да.Ганболд тухайн үед ‘Дубайн гэрээг хийснийх нь төлөө Ч.Сайханбилэгт Монголын төр хүрэл хөшөө босгоход ч буруудахгүй’ гэж байв. Гэвч Ч.Сайханбилэгт хүрэл хөшөө босгох нь бүү хэл У.Хүрэлсүхийн засаг түүнийг сүхдэхээр шийдсэн бололтой. Хоёрдугаар сарын 20-нд Төрийн ордонд мэдээлэл хийсэн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ нь хууль зөрчсөн тул Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар уг гэрээг цуцалсан тухайгаа хэвлэлийнхэнд дуулгаж, Ч.Сайханбилэгийг шалгуулахаа ч давхар мэдэгдэж байв.Эрчим хүчний сайдын мэдээллийн дараа хоёрдугаар сарын 23-нд Оюутолгой компани албан ёсны сайтаар дамжуулан мэдэгдэл гаргаж, “Рио Тинто, “Оюутолгой”-н хамтын хүчин чармайлтаар ТТЦС-ын ажил урагшилж байгаа боловч ТТЦС-ын төслийг сонирхох хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчийн тоо цөөхөн байгаагаас төслийн ахиц удаан байна. Одоогоор ТТЦС-ын төсөл дээр “Оюу толгой”-д шаардлага хангахуйц албан ёсны техникийн болон эдийн засгийн санал ирүүлэх стратегийн хөрөнгө оруулагч байхгүй байгаа бөгөөд ийм хөрөнгө оруулагчгүйгээр төслийн санхүүжилт татах боломжгүй юм. Эдгээр амин чухал асуудлуудыг шийдсэн ч дараа нь олон шатны хэлэлцээр, зээлийн судалгаа зэрэг багагүй ажил хийх шаардлагатай тул ТТЦС нь дөрвөн жилийн дотор ашиглалтанд орох боломж хомс байна.“Оюутолгой” компанийн зүгээс дөрвөн жилийн дотор хэрэгжүүлэх боломжтой эрчим хүчний эх үүсвэрийг шийдвэрлэх ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд үүнд уурхай дээрээ цахилгаан станц барих хувилбарыг эргэн судлаж байна” гэсэн хариу тайлбар өгсөн юм.Эндээс харахад У.Хүрэлсүхийн засгийн шийдвэр Эрчим хүчний сайдын мэдэгдэл, Рио-Тинтогийн тайлбар бүгд Монголын эрх ашгийн төлөө мэт боловч үнэндээ манай эх орончдын үг, үйлдэл Рио-Тинтогийн талд үйлчлэв үү гэсэн хардлага тээхэд хүргэж байна.Учир нь, энэ тухай улстөрчдийн биш, салбарын мэргэжилтний үгийг хүргэвэл, Эрдэс баялгийн шинжээч Д.Жавхланболдын хэвлэлд өгсөн ярилцлагад дурдагдсан “Миний хувьд тэр эх орончид гээд байгаа хүмүүсийг “Rio tinto”-гийн талынхан гэж хардаг.
Тэд нар “Rio tinto’’-д ашигтай пиар хийж, Монгол Улс ашиг хүртэхээргүй байх тал руу хөтлөөд байгаа юм. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, уг нь Оюутолгой заавал Монголоос эрчим хүчээ авахаар гэрээ байгуулсан байсан. Тэр гэрээг Ц.Даваасүрэн сайд саяхан хүчингүй болгочихлоо. Энэ нь “Оюутолгой”-д ашигтай хувилбар болоод хувирчхаж байгаа юм. Тавантолгойд Цахилгаан станц барих гол түлхүүр чинь тэр гэрээ байсан юм. “Оюутолгой”-той тэмцээд байдаг мундаг эх оронч хүн хаана байна. Харин ч “Оюутолгой”-н талд шийдвэр гаргаад явж байна. Иймэрхүү дүр эсгэсэн эх орончид хэрэггүй гэж боддог юм” гэх үг.Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээ батлагдсан цагаас хойш хөрөнгө оруулагчидтай “ноцолдох” болсон Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ба манай эх орончид камерын өмнө Монголын төлөө уйлж, камерын ард Рио-Тинтод эрх ашигт үйлчилж байна уу гэсэн асуултыг тавихад хүргэж буй юм. Ингэж хардах шалтгаан нь эх орончид Рио Тинтотой холбоотой мэдэгдэл, мэдээлэл хийх бүрт Монголын Засгийн газраас илүү Рио-Тинтод ашигтайгаар тусдаг. Иймээс л Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг У.Хүрэлсүхийн засаг цуцалсан нь үндсэндээ Риогийн захиалга байсан юм биш биз дээ гэсэн хардлага төрж буйг нуух юун.
Холбоотой мэдээ