Б.Ганболд 20 км-ын зайд уралдана | News.MN

Б.Ганболд 20 км-ын зайд уралдана

Хуучирсан мэдээ: 2018.03.11-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Б.Ганболд 20 км-ын зайд уралдана

Б.Ганболд 20 км-ын зайд уралдана

Б.Ганболд аав, ээжийн хамт

БНСУ-ын Пёнчан хотод өвлийн XII паралимпийн наадам хөшгөө нээгээд гурав хонож байна. Энэ удаагийн паралимпийн наадамд 48 орны 567 тамирчин спортын зургаан төрөлд 80 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Сэргээшийн асуудлаас болж, Оросын баг Олон улсын паралимпийн хорооны тугийн дор оролцож байгаа бөгөөд тэмцээн уралдаан эхлээд төрөл бүрд медалийн эзэд тодорч эхэллээ.  

Монгол Улсын пара гүйлтийн цанын тамирчин Батмөнхийн Ганболд эх орноо төлөөлөн оролцож байгаа. Тэрбээр 1 км, 10 км, 20 км-т тус тус уралдах бөгөөд өнөөдөр эхний тэмцээндээ оролцох гэж байна.

Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 20 км-ын уралдаанд 13 орны 18 тамирчин өрсөлдөнө. LW6 ангилалд Б.Ганболд гараанаас есд эрэмбэлэгдэн гарна. Уралдаан Улаанбаатарын цагаар 09.00-с эхэлнэ.

Б.Ганболдын дасгалжуулагчаар Ж.Дашдондог, цанын тос тосолгооны техникийн дасгалжуулагчаар Н.Сандагдорж болон эмчээр Ш.Болормаа ажиллаж байна.

Б.Ганболд “Сочи 2014” паралимпийн наадамд анх оролцохдоо 20 км-ын зайд 1:11:08.3 цагийн амжилтаар 20 тамирчнаас 14-р байр эзэлж байсан юм.
 


МОНГОЛЫН ПАРА ЦАНАЧИД ӨВЛИЙН ПАРАЛИМПИД

Монгол Улсад 1989 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын асуудлыг хариуцсан төрийн бус байгууллага байгуулагдаж, улмаар 1997 онд Монголын паралимпийн хороо байгуулагдсан түүхтэй. 2000 онд Монгол Улсын паралимпийн хороо Олон Улсын паралимпийн хорооны гишүүнээр элсэж, баг тамирчдаа паралимпод оролцуулж эхэлжээ.

2006 оны гуравдугаар сарын 10-19-д Италийн Турин хотод болсон есдүгээр өвлийн наадамд пара цаначид анх удаа оролцсон. Паралимпийн өвлийн наадмын анхны тугчаар спортын мастер Н.Сүхбаатар сонгогдож, түүхэнд бичигджээ. Мөн анхны пара цанын тамирчны дасгалжуулагчаар хөнгөн атлетикийн спортын мастер Б.Вандан-Очир ажиллаж байсан түүхтэй.

Энэхүү наадмаас эхлэн Монголын пара цаначид өвлийн паралимпийн наадамд оролцсоор байна.   

Канадын Ванкувер хотод 2010 оны гуравдугаар сарын 12-21-ний хооронд зохион байгуулагдсан өвлийн X паралимпийн наадамд 44 орны 502 тамирчин спортын таван төрөлд 64 багц медалийн төлөө өрсөлджээ. Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, спортын мастер Н.Сүхбаатар, залуу тамирчин Э.Зориг нар оролцсон байна. Дасгалжуулагчаар ОУХМ Н.Сандагдорж ажилласан бөгөөд тугчаар Э.Зориг сонгогджээ.

Н.Сүхбаатар ийнхүү хоёр паралимпийн наадамд дараалан оролцсон байна.

ОХУ-ын Сочи хотод өвлийн XI паралимпийн наадам 2014 оны гуравдугаар сарын 7-16-ны өдрүүдэд болсон бөгөөд нийт 45 орны 574 тамирчин спортын таван төрөлд 75 багц медалийн төлөө өрсөлджээ.

Монголын тамирчин Б.Ганболд, дасгалжуулагч Ж.Дашдондог, тос тосолгооны техникийн дасгалжуулагч Н.Сандагдорж нар оролцсон байна. Анх удаа паралимпийн наадамд өрсөлдсөн Б.Ганболд гүйлтийн цанын 20 км-т 49 тамирчнаас 14-р байр эзэлж, Олон Улсын хэмжээний мастер цолыг авчээ. Түүний хувьд энэ удаа хоёр дахь паралимпийн наадамд оролцох гэж байгаа юм.

Пара гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд дасгалжуулагч Ж.Дашдондогийн хамт

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Амжилт 2018-03-11 202.131.229.114

Амжилт чи чаднаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж