Өнгөрч буй долоо хоногт хоёр хүний жиргээ араасаа шуугиан дагууллаа. Эхнийх нь, нийтлэлч Баабарын Ардчилсан намаас 116 хүн хөөгдөх гэж байгаа жиргээ, хоёр дахь нь Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Ким Жон Ун, Трамп нарын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах санал.
Ардчилсан нам 2016 сонгуулийн ялагдлынхаа дараа намаа шинэчлэх ажлыг эхлүүлж, шинэ дүрмийн дагуу ажиллаж байгаа. Энэхүү шинэ дүрмийн хүрээнд Үндэсний зөвлөлдөх хороогоо Үндэсний бодлогын хороо болгон нэрийг нь өөрчилж, гишүүдийнх нь тоог 410 болгон өргөтгөсөн. Үндэсний бодлогын хорооны гишүүд жилдээ гурван сая төгрөгийн хандив өргөхөөс гадна тэдний ажлыг тусгай аргачлалаар тооцон оноо өгөх журамд шилжсэн. Шинэ журмын дагуу тооцон үзсэний үндсэн дээр 100 гаруй хүн намын тогтоосон журмыг зөрчсөн гэж үзсэн нь Баабарын жиргээ юм.
“Ардчилсан намаас 116 хүн хөөгдсөний дотор Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Баабар, Халзан Ганболд нар багтжээ. Тэднийг нөхөж Нийгмийн даатгалд ажиллаж байсан 116 хүн оржээ. Ардчилсан нам цэвэршлээ” гэсэн жиргээ нь үнэнд нийцэхгүй, баримтгүй, намын дарга С.Эрдэнэтэй хувийн таагүй харилцаагаа илэрхийлсэн зүйл хэмээн
Ардчилсан намын залуучуудын байгууллага болох Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд манай сайтад өгсөн ярилцлагадаа онцолсон.
2016 оны сонгуулийн дараах шинэчлэлийн эцэст тус намаас хууччуул бараг бүгд тойргийн гадна үлдсэн. Угаас олон бүлэг, фракцтайгаа нууж хааж байгаагүй, харин ч үүнийгээ ардчилсан, ил тод байгаагийн илрэл хэмээн бардамнаж ирсэн Ардчилсан намын шинэчлэгдсэн бүрэлдэхүүн намын шинэ дарга С.Эрдэнийн “Шонхор” фракцын өргөтгөсөн хувилбар болсон нь үнэн. Монголын нийгмийг тоталитар дэглэмээс ардчилсан тогтолцоо руу шилжүүлж чадсан түүхэн гавьяа Ардчилсан намд бий. Энэ шилжилтийн үед манлайлж явсан лидерүүдийг Ардчилсан нам гэж ойлгодог бүхэл бүтэн үе Монголын нийгэмд бий. Хүний амьдралын жамаар тус намын лидерүүд одоо хууччуул ангилалд ордог болсон нь ч үнэн. Ямар ч институц, байгууллага хөгжлийнхээ явцад хуучин шинийн зөрчилд ордог. Энэ л үйл явц энэ намд ид явагдаж байна. Гэхдээ зөрчил явагдлаа ч Ардчилсан намын мөн чанар, үзэл баримтлал, үнэт зүйлс үлдэх учиртай. Нам хэчнээн цэвэршлээ ч эдгээр зүйлсээ хамт цэвэрлэх аваас толгойгоо тайрч, шинэ толгой суулгасантай адил. Ардчилсан намын цэвэршилт насны доройтлын цэвэршилт биш байгаасай.
Нийтлэлч Баабарын жиргээ ийнхүү дотоодын улс төрд дуулиан болсон бол Ц.Элбэгдоржийн жиргээ гадаад талдаа дуулиан байлаа. Өнгөрсөн Баасан гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахад бэлэн гэдгээ зарласан нь яах аргагүй дэлхийн том үйл явдал болсон. Уулзалтын товыг урьдчилсан байдлаар тавдугаар сарын эхэн гэж үзэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр найман жил ажиллах хугацаандаа улсынхаа нэрийг гадаад ертөнцөд хангалттай хэмжээнд гаргаж чадсан Ц.Элбэгдоржийн энэ жиргээ цаг үеэ мэдэрсэн жиргээ байлаа.
Korean Peninsula: A long waited breakthrough! Here is an offer: US President Trump and NK leader Kim meet in UB. Mongolia is the most suitable, neutral territory. We facilitated important meetings, including between Japan and NK. Mongolia’s continuing legacy – UB dialogue on NEA
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) March 9, 2018
гэсэн түүний жиргээг дэлхийн мэдээллийн хэрэгслүүд тэр дундаа олон улсын харилцааны асуудлаар дагнан ажилладаг The Diplomat өлгөн авч нийтлэл гаргажээ.
Хойд Солонгосын цөмийн асуудлаарх зургаан талт уулзалт 2009 оноос хойш мухардалд ороод байгаа. Өнгөрсөн хугацаанд Хойд Солонгостой хамгийн боломжийн дипломат харилцааг хөгжүүлж ирсэн улсын нэг нь яах аргагүй Монгол. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсний дараа анхны гадаад айлчлалаа Хойд Солонгосоос эхлүүлж байсан. Мөн Ц.Элбэгдоржийн санаачилгаар “Улаанбаатарын яриа хэлцээ” санаачилгын хүрээнд болж байгаа уулзалтад Хойд Солонгосын төлөөлөгчид байнга ирж оролцож байгаа нь Хойд Солонгосын гадаадтай харилцаж байгаа цөөн шугамын нэг юм. Ердөө хэдхэн хоногийн өмнө Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Хойд Солонгост айлчлал хийсэн.
Ц.Элбэгдоржийн саналд гадаадын хэвлэлүүд анхаарал хандуулж байгаа бол одоогоор дотоодын холбогдох алба, албан тушаалтны зүгээс ямар нэг реакц үзүүлээгүй байна. Энэ саналыг Ц.Элбэгдоржийн гэхээсээ илүүтэй Монголын нэр хүндийн асуудал гэдэг утгаар хүлээн авч, дэмжээд, хөглөөд явах нь бүх талдаа хэрэгтэй. Дэмжээд явбал өрсөлдөгч нь оноо авчих гээд, дэмжихгүй гэхээр өөрийнх нь ажил уначих гээд ацан шалаанд орчихдог, эцэс сүүлд нь Монгол л хохирдог арчаагүй зан битгий гаргаасай.