Ё.Отгонбаяр Элчин сайдын итгэмжлэх жуухаа гардсан уу?

Хуучирсан мэдээ: 2018.03.11-нд нийтлэгдсэн

Ё.Отгонбаяр Элчин сайдын итгэмжлэх жуухаа гардсан уу?

Ё.Отгонбаяр Элчин сайдын итгэмжлэх жуухаа гардсан уу?

Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар томилогдсон Ё.Отгонбаярт Ерөнхийлөгч Х.Баттулга Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулсан тухай мэдээлэл цахим ертөнцөд тархаад буй. Энэ мэдээллийг бид Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяраас тодруулахад “Итгэмжлэх жуух бичиг аваагүй байгаа” гэсэн хариулт өглөө.

Ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнө буюу 2017 оны тавдугаар сарын сүүлээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар Ё.Отгонбаярыг томилуулах санал гаргаж, УИХ хэлэлцэн, баталж байв. Мөн түүнтэй хамт таван ч хүнийг Элчин сайдаар томилох саналыг нь баталгаажуулж УИХ баталсан.

Гэвч одоог хүртэл гурван Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгчөөс гардаж авч чадаагүй байгаа юм. Үүнд Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайд Ё.Отгонбаяр, Монгол Улсаас Канад улсад суух Элчин сайд Н.Чимгүүндарь, Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайд Г.Тэнгэр нар болно.

Тэдэнд өнгөрсөн оны долдугаар сард Элчин сайдаар ирж ажиллахыг нь хүлээн зөвшөөрсөн агремен ирсэн байдаг. Хуулиараа энэ тохиолдолд Элчин сайд нарыг илгээх ёстой юм.

Монгол Улстай хамгийн чухал харилцаатай гэгддэг гуравдагч хөршүүд болох Япон, АНУ, Канад оронд улсаа төлөөлөх Элчин сайдгүй бараг жилийн нүүр үзэх гэж буй энэ үйл явдал эргээд гадаад бодлогод сөрөг нөлөө үзүүлэх вий гэдэг болгоомжлолыг араасаа дагуулж буй. Тиймээс ч Засгийн газрыг энэ чиглэлээр Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, яаралтай шийдэх ёстой гэсэн асуудлыг улс төрийн хүрээнийхэн хөндөж ирсэн. Харин зарим хэвлэлүүдийн бичсэнээр өнгөрч буй долоо хоногт Засгийн газрын нэр бүхий сайд нар Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үеэр Элчин сайд нарын асуудлыг ярилцсан бөгөөд ойрын хугацаанд дэд сайд Ё.Отгонбаярт Итгэмжлэх жуух бичигт нь гарын үсэг зурах болно гэдгээ мэдэгдсэн тухай мэдээлэл цацагдсан.

Гэвч одоогоор энэ яриа албажаагүй байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж