"Цаашид үүсч болох олон ''Эрдэнэтийн асуудлаас'' урьдчилан сэргийлэх боломжтой" | News.MN

"Цаашид үүсч болох олон "Эрдэнэтийн асуудлаас" урьдчилан сэргийлэх боломжтой"

Хуучирсан мэдээ: 2018.03.11-нд нийтлэгдсэн

"Цаашид үүсч болох олон "Эрдэнэтийн асуудлаас" урьдчилан сэргийлэх боломжтой"

"Цаашид үүсч болох олон "Эрдэнэтийн асуудлаас" урьдчилан сэргийлэх боломжтой"

Цаашид үүсч болох олон "Эрдэнэтийн асуудлаас" урьдчилан сэргийлэх боломжтой. Одооноос л хууль эрхзүйн орчинд шинэчлэл хийж, улстөрчдөд эдийн засгийн хариуцлага тооцдог больё гэсэн уриалгыг дэвшүүлж буй залуу өмгөөлөгч, Өмгөөллийн "MonLaw" ХХН-ийн гишүүн Ө.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.


-Улстөрчдөд эдийн засгийн хариуцлага тооцьё. Төсөвт хохирол учруулсан төрийн албан хаагчдад төр хариуцлага тооцож чадахгүй байна гэсэн асуудлыг сүүлийн үед залуу хуульч, өмгөөлөгчид их хөндөх боллоо. Энэ асуудлаар ярилцлага эхэлье?

-Өмгөөллийн үйл ажиллагааны явцад хувийн секторт ажиллагсад буруутай үйл ажиллагаагаараа тухайн компанидаа хохирол учруулсан тохиолдолд байгууллагын зүгээс буруутай үйл ажиллагаа явуулсан ажилтнаар өөрийн компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэн шийдвэрлүүлж байгаа олон тохиолдол байдаг.

Гэтэл ийм нэхэмжлэлийг төрийн байгууллагын зүгээс гаргаж шийдвэрлүүлж байгаа тохиолдол бараг байхгүй гэж хэлж болохоор байна. Та бүхэн shuukh.mn сайт руу нэвтрээд үзээрэй. Захиргааны албан хаагч алдаа гаргаж хохирол учруулдаггүй юм уу гэвэл тийм биш.

Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 2-д “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан.

Энэ нь нийтийн өмч, хувийн өмч нэгэн адил хуулиар хамгаалагдана, тэр тогтолцоог төр бүрдүүлнэ гэсэн үг.

Социалист системийн үед нийтийн өмчийг хадгалах, хамгаалах тогтолцоо хүчтэй байсан бол ардчилсан тогтолцоонд шилжихтэй зэрэгцээд эсрэгээрээ нийтийн өмчийн асуудал орхигдсон гэж хэлж болохоор юм.

Уг нь нийтийн өмчийн зүйл болох төсвийн мөнгө, төрийн байгууллагын эд хөрөнгө, төрийн өмчит компанийн эд хөрөнгө бүгд л татвараар дамжиж хувь бидний хөрөнгөөр л бүрдсэн баялаг шүү дээ.

Харин нийтийн өмчийг удирдах, хянах, хадгалж хамгаалах үүрэг бүхий хүмүүс төдийгүй төрийн өмчийн эд хөрөнгийг захиран зарцуулж байгаа болон шийдвэрийнх нь улмаас нийтийн өмчтэй холбоотой үр дагавар гарч болох төрийн албан хаагчид нийтийн өмчид хүнийрхсэн хандлага гаргадгаас нийтийн өмчид үүсч буй хохирол маш өндөр тоо хувь хэмжээтэй байсаар байна.

Бидний олж авсан мэдээллээр, 2014-2017 оны хооронд төрийн албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас бусдад учруулсан хохирлыг төрөөс /төсвөөс/ барагдуулсан хохирлын хэмжээ 25 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин тухайн буруутай албан тушаалтнаар төсөвт учирсан хохирлыг буцаан нөхөн төлүүлэх ажил хийгдээгүй байна.

Төрийн албан хаагч өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг төр хариуцан арилгаж улмаар төр өөрт учирсан хохирлыг тухайн буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх  зохицуулалт 1994 оны  Иргэний хуулийн 378.2 , 2002 оны Иргэний хуулийн 498.5-д тус тус байсаар ирсэн зохицуулалт.

Даанч хуулийн дээрх боломжийг ашиглаж төрд буюу нийтийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагааг төрийн аль ч төвшинд хэрэгжүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Энэ байдалтай холбогдуулан иргэний хуулийн дээрх заалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тухайлсан хуулийн зохицуулалт хэрэгтэй байгаа талаар суурь судалгааг бидний хэсэг хуульчид хийж “хохирол нөхөн төлүүлэх ажлыг хэн хариуцах, хэрхэн барагдуулах гэсэн асуудлуудыг зохицуулах шаардлагатай байна гэх үндэслэл бүхий” концевцийг холбогдох албан тушаалтануудад танилцуулж байсан боловч төдийлөн үр дүнд хүрсэн ажил бололгүй тэгэс гээд орхигдсон. 

Харин 2006 оноос хойш яригдаж хэлэлцэгдэж, төсөл нь хэд хэд буцаж олон УИХ-ын нүүрийг үзэж байж 2016 онд батлагдсан Захиргааны ерөнхий хуульд Иргэний хуулийн 498.5-д заасан үүргийг буюу “төрд учирсан хохирлыг буруутай этгээдээс хэн нэхэмжлэх бэ гэдгийг тодорхойлж өгсөн.  

Тус хууль мөрдөгдөж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байгаа боловч Захиргааны ерөнхий хуулийн 103.2-д зааснаар захиргааны байгууллагад /төсвийн хөрөнгөд/ учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх чиг үүрэг бүхий субьект болох тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж болон төрийн аудитын байгууллага ажлаа хийхгүй байсаар байна.

Энэ бол нийгмийн хэвийн үзэгдэл болж байна. Хэн дуртай төрийн албан хаагчийн бодлогогүй шийдвэр гаргасны улмаас төсөвт хохирол учруулж, өөрөө хариуцлага хүлээхгүй үлдчихээд байна. Төсвийн мөнгө гэдэг бол ард түмний халааснаас гарсан татварын мөнгө. Та бидний төлсөн татварын мөнгийг төр үр ашиггүй зарлагдаж байна гэсэн үг юм.

– Дээрх нөхцөл байдал байсаар байгаагийн шалтгаан, үр дагавар юу вэ?

Төрийн албан хаагчдад гаргаж буй шийдвэр, үйл ажиллагааных нь эдийн засгийн хариуцлагыг хүлээлгэхгүй байгаагаас шалтгаалан төрийн албан хаагчид санаатай болон болгоомжгүйгээр шийдвэр, үйл ажиллагаагаараа хууль зөрчих байдал түгээмэл байна. Захиргааны шүүхээр шийдвэрлэгдэж буй маргааны 65-аас дээш хувьд нь нэхэмжлэл бүхэлд нь болон хэсэгчлэн хангагдаж байна гэсэн статистик байгаа нь энийг харуулж байна.

Дээрх тоо шүүхэд маргасан захиргааны шийдвэртэй холбоотой бөгөөд шүүхэд маргаагүй хэчнээн хэмжээний хууль зөрчсөн шийдвэр үйл ажиллагаа байгааг тоолж тогтоох аргагүй шүү дээ.

Үүнээс үзэхэд хуулийн хэрэгжилт хангах чиг үүрэг бүхий гүйцэтгэх засаглалын байгууллага албан тушаалтнууд хууль зөрчсөн шийдвэр ихээр гаргаж байгаа нь Монгол улсын хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна гэсэн үг.

Тухайлсан хуулийн хэрэгжилтийн судалгааны ажил хийхэд нь ихэвчлэн хангалтгүй гэсэн дүгнэлтэд хүрээд байдаг.

Хэрэв хууль зөрчсөн шийдвэр гаргасан албан тушаалтанд хөдөлмөрийн сахилгын болон бусад олон төрлийн хариуцлагын арга хэмжээ байдаг ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгааг шүүхийн статистик, дээрх хохирлын хэмжээ харуулаад байгаа юм.

-Хууль зөрчсөн шийдвэртэй хэрхэн тэмцэх вэ?

-Захиргааны шийдвэр чанаргүй, хууль зүйн үндэслэлгүйн улмаас иргэн, хуулийн этгээд цаашлаад нийтийн эрх ашгийг хохироох байдал нийтлэг байна.

Эрх зүйн ухамсартай иргэн, хуулийн этгээдийн зүгээс дээрх шийдвэртэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэр хууль бус нь тогтоогдвол тухайн шийдвэрийг хүчингүй болгож болно.

Харин эрх нь хууль бусаар зөрчигдсөн боловч түүнийг мэдэхгүй шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байсаар эрхээ хамгаалж чадахгүй байгаа тохиолдол дийлэнх олонх нь байдаг. Мөн нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд бүр хэн ч тухайн шийдвэртэй маргадаггүй байлаа шүү дээ.

Харин Захиргааны ерөнхий хуультай цуг үйлчлэхээр батлагдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах” боломжийг тодорхой шалгуур хангасан Төрийн бус байгууллагад нээж өгсөн нь том дэвшил юм.

Иймд хуулийн дээрх боломжийг ашиглан “нийтийн өмчид” учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг “Онч шийдэл” ТББ-ын зүгээс Үндэсний аудитын газарт холбогдуулан гаргаад байгаа. Дээр дурдагдсан 25 тэрбум төгрөгийн төсөвт учирсан хохирлоос томоохон үнийн дүн нь болох 1,5 тэрбумын хохирлыг нэг удаагийн шийдвэрээрээ улсад учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нь нөхөн төлүүл” гэсэн шаардлагатай.  

“Онч шийдэл” ТББ нь мэргэжлийн хуульчид байгуулсан бөгөөд хуулийн хэрэгжилтийн судалгаа, нөлөөллийн үйл ажиллагаа болон хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг байгууллага юм.

Гэхдээ энэ нэг удаагийн тохиолдол бөгөөд цаашид төсвийн хөрөнгөд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нь нөхөн төлүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд тухайн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдол болгонд дээрх байдлаар даалгах нэхэмжлэл гаргаад яваад байх боломж байхгүй.

-Таны хувьд энэ асуудлын шийдлийг юу гэж харж байна бэ?

-Буруутай шийдвэр гаргаж бусдад /иргэн, хуулийн этгээд, төрд/ хохирол учруулбал өөрөө нөхөн төлнө гэдэг нь гарцаагүй байдаг тогтолцоо ажиллавал төрийн албан хаагчдийн шийдвэр, үйл ажиллагаагаа чанартай, хуульд нийцсэн бөгөөд алдаагүй явуулах “тухайн албан тушаалтны өөрийнх нь ашиг сонирхол” үүснэ.

Ийм байдлаар хууль нэг мөр хэрэгжиж, улмаар иргэн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг төрийн захиргааны байгууллага албан тушаалтны зүгээс хөндөх байдал багасах бодит боломж байна гэж хараад байна. 

Манайд төсвийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай материаллаг зохицуулалтууд нь хангалттай бүрдчихээд байна. Харин хуулийн тухайн заалтыг өдөр тутам амьдруулж хэрэгжүүлж алдаагүй, тасралтгүй үргэлжлэдэг тогтолцоо бий болгоход процессын зохицуулалт зүй ёсоор шаардлагатай байна гэж харж байгаа юм.

Өөрөөр хэлбэл “Төрийн албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай”  тусдаа бие даасан хууль санаачлах хэрэгтэй юм байна гэсэн гаргалгаа бид хийгээд байна.

-Бие даасан хууль хэрэгтэй гэж та хэллээ. Захиргааны хуулинд заалт бий. Түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага нь ч манай улсад бий. Гэтэл хэрэгжихгүй байна гээд та бүгд хэллээ.  Бие даасан хуультай болохоор дээрх нөхцөл байдал засрах магадлал хэр гэж харж байна вэ?

-Бие даасан хууль нь материаллаг шинжтэй бус харин Иргэний хууль, Захиргааны ерөнхий хуульд байгаа зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар журмалсан процессын хууль байх ёстой.  Ямар ч материаллаг хууль түүнийг хэрэгжүүлэх талаар процессын зохицуулалтгүй бол амьдрал дээр хэрэгждэггүй.

Жишээлбэл, төрийн байгууллага албан тушаалтан шийдвэр үйл ажиллагаагаараа иргэн хуулийн этгээдэд хохирол учруулбал төр хаанаас, хэзээ хэрхэн төлөх төлөх вэ. Төр эргээд тухайн буруутай үйл ажиллагаа явуулсан албан тушаалтнаасаа өөрт учирсан хохирлоо хэзээ, ямар арга замаар нөхөн төлүүлэх вэ? тус чиг үүргийг хэн хэрэгжүүлэх вэ? Хэн хаана бүртгэх? Түүнд нь хэн хяналт тавих вэ гэх асуудлуудыг журамлаж өгөх ёстой. Энэ мэтчилэн нарийвчилсан хууль зүйн орчинтой болсон цагт төсөвт учирсан хохирлыг барагдуулах, цаашид төсвийн үргүй зардлыг бууруулах боломжтой. Ийм нийгмийн захиалга байна. Харин хууль санаачлагчид болон хууль тогтоох байгууллага нь энэ асуудал дээр анхаарах хэрэгтэй. Яагаад хууль санаачлагчид нийтийн өмчийг хамгаалах хамгаалалтын хийхгүй байна бэ?. Бид аливаа хууль батлахдаа эхлэлийг нь хийгээд төгсгөлийг нь мартчихаад байдаг. Үүнээс болоод бодит амьдрал дээр хууль хэрэгжихгүй байна.

Өмнө нь “сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийг УИХ-аар хэлэлцэгдэж байсан. Энэ бол албан тушаалтанд улс төрийн хариуцлага тооцох тухай хуулийн төсөл байсан. Харин одоо албан тушаалтанд эдийн засгийн хариуцлага тооцдог тогтолцоо бүрдүүлэх хуультай болье. Ингэсэн цагт төсвийн үр ашиггүй байдал тодорхой хэмжээгээр багасна. Эдийн засгийн хариуцлага гэдэг бол захиргааны, эрүүгийн хариуцлага гэхээсээ илүү нийгэмдээ ач холбогдолтой юм.

-‘Эрдэнэт’, ‘Оюу толгой’-н асуудлууд олон нийтийн анхааралд байна. Энэ асуудлуудад шийдэл болж чадна гэж үзэж байна уу?

Эрдэнэт гэдэг төрийн өмчийн оролцоотой компани батлан даалт гаргасан гэдэг асуудал нь төрийн өмчийн эрхийг зохицуулсан холбогдох хууль, тогтоомж төрийн өмчит компанийн дотоод дүрэм, журмаа зөрчсөн гэдэг нь тогтоогдвол буруутай албан тушаалтан хариуцлага хүлээхээс гадна эдийн засгийн хохирлыг ч хамт хүлээх ёстой. Энэ асуудал эрх бүхий байгууллага болон шүүхээр нэг мөр шийдэгдэнэ биз.

Хууль бий болсон асуудлыг шийдвэрлэх зохицуулалттай байдаг ч нэг мөр хэрэгжиж байгаа үед урьдчилан сэргийлэх шинж чанартай болдог шүү дээ.

Тиймдээ ч нийтийн өмчид учруулсан хохирлыг нөхөн төлүүлдэг тодорхой тогтолцоог бүрдүүлсэн тохиолдолд цаашлаад дээрх байдлаар нийтийн өмчид хохирол учруулж болох олон арван тохиолдлоос урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзэж байна.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-11 202.179.31.76

Хөлсний гөлчгий бн

Avatar

Зочин 2018-03-11 64.119.24.13

Өмгөөлөгч гэмт хэрэгтнийг өмөөрдөггүй. Хууль мөрдөхийг шаарддаг.

Avatar

Зочин 2018-03-11 202.9.47.178

төрийн өндөр дээд албан тушаалтнууд албан тушаалаа ашиглан нийтийн эрх ашиг ,төрийн өмчийн эрх ашиг ,улсын эрх ашгийг дотоод гадаадын хувийн болон бусад хуулийн этгээдэд худалдаж хувьдаа ашиг олоод ямарч хариуцлага хүлээдэггүй байдлыг та нар шиг хуулийн этгээдүүд хөндлөнгөөс маш хүчтэй гаргаж тавих шаардлагатай байна. дэмжиж байна.

Avatar

Зочин 2018-03-11 103.229.123.124

Ice Top all stars khonhnii duu geed sonsood uzeerei ta buhen.

Avatar

Босоцгоо дарлагдсан ардууд аа 2018-03-11 202.72.245.205

МАНАЙ УЛС ТӨРЧИД ХЭМЭЭГЧИД ӨӨРСӨНДӨӨ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХУУЛЬ ГАРГАНА ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙХГҮЙ, ТИЙМД ХУВЬСГАЛ ХИЙХ Л ГАНЦ ЗАМ ҮЛДЛЭЭ

Avatar

Зочин 2018-03-11 150.129.140.25

Ganzorig medehgui baisan gejee haragdaach . Өчнөөн хуссан байжийж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж