Японы Кюшю арал дээр орших Шинмоедаке галт уул идэвхжиж, үнс нурам, чулуу шидлэх болжээ. Орон нутгийн албаныхан галт уулын бүсийн эргэн тойрны дөрвөн километрт хүмүүсийг зорчихгүй байхыг анхааруулж, хөл хорио тогтоосон байна. Галт уулын идэвхжил хэдэн өдрийн өмнөөс эхэлсэн боловч өчигдрөөс эхлэн хүчтэй дэлбэрэлтүүд болж эхэлжээ. Галт уулаас олгойдон гарч буй өтгөн саарал утаа агаарт 4500 метрийн өндөр багана үүсгэжээ. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр галт уулын идэвхжил хэдэн сарын турш үргэлжилж болзошгүй аж.
Өмнө нь 2011 онд тус галт уулын идэвхжилийн улмаас олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрч байжээ. Японд 110 идэвхтэй галт уул байдаг аж.
Шинмоедаке галт уул нь 1967 онд Жеймс Бондын “Чи зөвхөн хоёр удаа л амьдарна” кинонд гэмт бүлгийн байгууллагын нууц газраар ашиглагдаж байжээ.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА