Улаан асрын зүүд (76-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.03.11-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (76-р бүлэг)

Улаан асрын зүүд (76-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч ЦаоШюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. ЦаоШюэчиний өвөө нь Манж Чин улсын КанСи Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цаоовогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа ЦаоШюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа ЦаоШюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. ЦаоШюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн ЦаоШюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАОШЮЭЧИНЬ ГАО Э

Далан зургадугаар бүлэг

УЯХАН ЛИМБЭ ТҮ БИ ТАНХИМД ГУНИГТ СЭТГЭЛИЙГ ЭВХРҮҮЛЖ, УЯНГА ХОЛБОН АО ЖИН ХАРШИД УЯРАЛТ САНААГ ИЛРҮҮЛЭВ

Тэндээс ЖяЖөн, ЖяШө хоёр ЖяЖэнь нарыг дагуулан явсны дараа Жя Мүхалхавч хөшгийг авч хоёр ширээг нийлүүл гэж хэлэв. Ширээ тойрч цай ууж байснаа Жя Мү, БаоЧай хаана буйг асуугаад, гэртээ дүүтэйгээ харьж, тэргэл сарны баяр тэмдэглэснийг мэдэв. Энэ үед Ли ВаньФөнЖе хоёр өвчтэй байгаа учир энэ дөрвөн хүн эзгүй болохоор баахан цулгуйдсан мэт санагдсан ажээ. Жя Мү инээж:

-Бид нэг үе Лаоегийн чинь эзгүйд И Тайтайг залж цөмөөрөө сар харж ихэд наргин цэнгэлддэг байлаа. Харин Лаоег чинь эзгүйд, гэргий хүүхэд, хөвгүүд охид нэг дор цугларч чадахгүй болохоор урам харьдаг байсансан. Энэ жил Лаое чинь ирээд, бүгдээр нийлж цэнгэлдэхэд сайхан байлаа. Харин Фөн охин өвджээ. Тэр инээж хөөргөвөл арван хүний дайтай шүү. Ингээд бодохоор ертөнцийн хэрэг төгс бүрдэнэ гэгч бэрх бололтой гээд уртаар шүүрс алдан: “Том аяганд халуун архи аягал” гэв. Ван Фүрэнь инээж:

-Энэ жил эх, хөвгүүд цугласан болохоор урьд үеэс хөгжөөнтэй боллоо. Анхны үед эх, бэрүүд олон байсан ч энэ жилийнх шиг мах яс бүрдсэн мэт сайхан байгаагүй юмаа гэв. Жя Мү инээж:

-Яг тийм болоод л би баярлан, том аяга авчирч архи ууя гэж байгаа юм. Та нар ч гэсэн хундагаа соль гэв.

Шин Фүрэнь нар арга буюу хундагаа аягаар солив. Ингэж наргин байтал шөнө орой болж бие алжаахын хамт бас сархад савнаасаа бусдыг дийлэх тул бүгдээр баахан нозоорох байдалтай болсон ч Жя Мүгийн урам улам хөгжих тул хань болж ууцгаан сууцгаав. Энэ үед Жя Мү тайзан дээр хивс дэвсүүлж, жимс, ногоо, боов авчруулан шивэгчин охид бусад хүмүүсийг тойрон суугаад сарыг үзэцгээ гэв.

Сар огторгуйн цээлд хүрээд, улам ч үзэмжтэй сайхан болсныг хараад Жя Мү:

-Ийм сайхан сарны гэрэлд лимбийн эгшиг сонсохгүй байж болохгүй гээд хөгжмийн эхнэрүүдийг дуудан авчирч, “Хөгжим олны хэрэггүй. Ганцхан лимбэ үлээх хүн алсаас үлээвэл сайхан” гэсэнд тэд нар явах гэтэл Шин Фүрэний дагагч эхнэр ирж хэдэн үг шивнэв. Жя Мү: “Яасан бэ” гэсэнд Шин Фүрэнь:

-Лаое сая эндээс явж байгаад чулуунд бүдэрч хөлөө тулгачихаж гэнээ гэв. Жя Мү хоёр эмгэн дуудаж: “Шалавхан явж үз” гээд Шин Фүрэнийг түргэн харь. Жэнь агийн бэр бас цуг яв гэв. Цаадуул нь яаран босож, ёслоод явав. Тэгтэл Жя Мү чи ч… гэсэн гэтэл Ёу хатан: “Би харихгүй, буурай эмээтэй өнөө шөнөжингөө ууна” гэв. Жя Мү: “Хөөе болохгүй. Залуу улс та нарын энэ шөнө төгс бүрдэхийг яахин саатуулж болох вэ” гэсэнд Ёу хатны царай улайж инээмсэглэн:

-Буурай эмээ биднийг хэтрүүлж хэлж байна. Бид хоёр залуу гэвч хориод жилийн нөхөр гэргий, дөчөөд настнууд юм. Тэр ч байтугай бэлэвсрэлийн хугацаа дуусаагүй үед Лао тайтайдаа хань болж, нэг шөнө наргих нь зүй болно гэв. Жя Мү инээн:

-Энэ үнэн юм хэлж байна. Би харин бэлэвсрэл дуусаагүйг мартжээ. Хөөрхий тэр хадам эцэг чинь үгүй болоод хоёр жил илүү боллоо. Би бас л мартжээ. Намайг торговол таарна. Тийм бол чи харьсны хэрэггүй, наддаа хань бол. Рун Эр эхнэр цуг яваад хариг гэв. Ёу хатан дуртай зөвшөөрөв.

Тэднийг ийнхүү гавир цэцэг үзээд сууцгаан халуун архи амсан энэ тэрхнийг ярилцаж суутал тэртээх хэрмийн хажуугийн гавирын модны доороос лимбийн эгшиг сонсогдож эхлэв. Энэ дуун сэрүүн салхи, гэгээн саран, сэлүүн огторгуй, амгалан дэлхийн хүний сэтгэлийн уйтгарыг агшин зуур тайлж түмэн гунилыг үлдэн хөөсөнд бүгдээр суудалдаа хөдлөлгүй сууж, дув дуугүй бахархан сонссоор бараг хоёр аяга цай уухын хэр чагнав. Жя Мү:

-Үнэхээр сайхан байгаа биз… гэсэнд цаадуул нь:

-Ямар сайхан юм бэ. Бид ийм гэж санадаггүй байж. Лао тайтай л дагуулж урмыг минь хөгжөөлөө гэсэнд Жя Мү:

-Энэнээс илүү урт аялгуутай дуу сонсох уу гэсэнд цөм зөвшөөрч, лимбэ үлээсэн хүнд архи бариад, өөр нэг сайхан аялгуу үлээхийг хүсэв.

Энэ үед ЖяШө рүү явсан хоёр эхнэр буцаж ирэв. Тэд: “Бид очиж үзлээ. Баруун хөл нь их хавдаж. Сая эм уугаад өвдөх нь намдаж байна. Тамирдаад ядруу байна” гэцгээв. Жя Мү шүүрс алдан:

-Би юманд хэтэрхий санаа зовох юмаа… гэтэл Юань Ян алчуур, нөмрөг аваад орж ирэв. Тэрбээр: “Шөнө орой болжээ. Шүүдэр бууж, салхи хөдлөх янзтай. Жаахан байзнаад явж унтъя” гэсэнд, Жя Мү: “Яг сайхан сэтгэл хөгжиж байхад чи бас шаардана. Би ер нь согттолоо ууя гэж бодож байна. Үүр цайтал суунаа” гээд дахин архи хийлгэж аваад, алчуураар ороож, нөмрөгөө нөмөртөл гавирын модны тэндээс лимбийн эгшиг жингэнэж, түрүүчийнхээсээ улам их уяралтай санагдсан тул нам гүм болцгоон сонсов. Сэлүүн шөнийн тунгалаг саранд бүгдээр сэтгэл уярсанд Жя Мү тайлан хэлээд архи авчруулан хөгжмийг зогсоов. Ёу хатан инээгээд:

-Би нэг шог үлгэр сонслоо. Лао тайтайд хэлэх үү гэсэнд Жя Мү эргэлзсэн байдалтай инээсэн атлаа:

-За хэл, хэл. Сонсоё… гэсэнд Ёу хатан:

-Урьд нэг айл дөрвөн хөвгүүнтэй байжээ. Том хөвгүүн нь ганц нүдтэй, дараагийн нь хүү ганц чихтэй, гуравдах хүүгийн хамрын нүх ганц. Отгон хүү нь эрхтэн бүтэн боловч дүлий юм байжээ… гээд харвал Жя Мүгийн нүд анилдаж байв. Ёу хатан үлгэр ярихаа зогсоод Ван Фүрэнийг сэмхэн дуудав. Тэгтэл Жя Мү хараад инээн:

-Би үүрэглээгүй шүү. Зүгээр л нүдээ аньж амрааж байсан юм. Чи түүнээ хэлээч дээ, би сонсож л байна шүү дээ… гэсэнд Ван Фүрэнь:

-Шөнө нэгэнт орой боллоо. Салхи, шүүдэр ч их болжээ. Лао тайтай одоо харьж нойрсоод маргааш дахиад үзнэ үү. Арван зургааны сар ч бас сайхан шүү дээ гэсэнд Жя Мү цаг сураглав. Цаадах нь: “Нэгэнт дөрвөн жин болжээ. Энэ эгч дүүс ч шөнөжин сууж чадахгүй тул явж унтлаа” гэв. Жя Мү “Аан” гээд харвал ганцхан Тань Чүнь сууж байв. Түүнийг хараад Жя Мү инээж:

-Та нар ч шөнөжин сууж сураагүй улс даа. Зарим нь өвчтэй, дорой ч байгаа байх. Явж амар, амар. Хөөрхий тэр гутгаар охин л хүлээж байна. Чи бас харьдаа. Ингээд тарцгаая гэсээр босож, цайнаас нэг ооччихоод, исэрт сууж, хоёр эмгэнээр дамнуулсаар явж одов.

Түүнийг явмагц эхнэр хүүхнүүд аяга таваг хураасанд нэг нарийхан цөгц дутаж, эрээд эрээд олсонгүй тул хүмүүст хандан “Нэг нь алдаж хагалаад хаяваадаа, хаа хаясан юм бол. Надад хэлбэл хагархайгаар нь гэрч болгон тушаая. Хүн хулгайлах гэж баймааргүй юмаа” гэсэнд, тэнд байгсад “Харсан ч үгүй, хулгайлсан ч үгүй. Харин авхай нарыг дагагсад яасныг бүү мэд. За чи сайн бодож үз. Эсвэл очиж тэднээс асуу” гэцгээв. Энэ үгийг сонсоод нэг эхнэр гэнэт санав бололтой.

-Тийм байхаа тэр. Түрүүхэнд ЦүйЛюй авч байсан. Би очоод асууя гэсээр явав. Түүнийг гараад замд хүртэл ЗыЖюаньЦүйЛюй хоёр ирж яваа харагдав. ЦүйЛюй “Тайтай нар тарчих вуу. Манай авхай хаачив” гэсэнд мөнөөх эхнэр,

-Би чамаас цайны цөгц асуух гэж явахад чи авхай сурагланаа гэсэнд цаадах нь:

-Цай хийгээд би авхайд уулгах гэсэн юм. Тэгсэн чинь, авхай алга болчихож гэв. Эхнэр,

-Тайтай нар цөм унтахаар явсан. Чи хаагуур тоглож яваад мэдэхгүй байна гэв. ЗыЖюань, ЦүйЛюй хоёр зэрэг шахуу

-Сэмхэн явж унтах ёсгүй. Лавтаа нэг газраар тойрч яваа байхаа. Лао тайтай буцсан, тийш хүргэлцсэн ч байж магадгүй. Би тийш явлаа. Авхай байвал чиний цөгц байна гэсэн үг. Чи маргааш ирээрэй, яарах юу байхав гэсэнд мөнөөх эхнэр инээж:

-Сургийг нь гаргаснаас хойш сандрах юү байхав. Маргааш чамаас авъя гээд буцан явав.

Энэ охидын эрж яваа Дай Юй, ШянЮнь хоёр гадуур зугаалж яваа ажээ. Дай Юй ордны олон хүн сарыг үзэхэд, Жя Мү хүн цөөн гэж шүүрс алдсан, бас БаоЧай дүүтэйгээ харьж цаадуултайгаа сар үзсэн зэргийг мэдээд гунихран ганцаараа явж хашлага түшин нулимс унагажээ. Ойрноос Чин Вэний өвчин хүндэрсэн тул Бао Юй алив юманд оролцох сонирхолгүй байхад, Ван Фүрэнь түүнийг явж унт гэж дахин давтан шаардсан тул тэр явжээ. Тань Чүнь мөн нэгжсэнээс хойш ууртай байгаа тул зугаацан наадах хүсэлгүй байгаа. Харин Ин Чүнь, ШиЧүнь хоёр байвч ирж очихгүй байгаа тул Дай Юйг ганцхан ШянЮнь л тайтгаруулж байв. Тэрбээр хэлэхдээ:

-Чи ийм ухаантай хүн байтлаа бас юуны учир биеэ хайрлахгүй байна вэ. Энд нэг дургүй хүргэх нь, Бао эгч, Чинь охин дүү хоёр сайхан үг хэлж, аль хэдийнээс л найман сарын арван таванд бүгдээрээ сар үзэж шүлэгчдийн цуглаан хийж, шүлэг бичнэ гэж байсан мөртөө одоо биднийг орхиод харьж сар үзэж байна. Цуглаан ч үгүй, шүлэг ч үгүй боллоо. Тэгэхэд тэд ам бүлээрээ санааны тааваар цэнгэж байгаа биз. Чи Сун тайзү хааны хэлсэн үгийг санана уу. Хаан “Хавчиг орон дээр хэвтэх цагт хажуугийн хүнийг яаж амар унтуулах вэ” гэсэн гэдэг. Тэд яахав, тэгээд хувиа борлуулж л байг. Хоёул тэднээс хоцрох юу байхав. Шүлэг зохиогоод, маргааш тэднийг ичээе гэв.

Дай Юй түүний энэ мэт ятган тайтгаруулахыг сонсоод, урмыг нь хугалж болохгүй гэж бодов.

Энд ийм үймээн түйвээнтэй байхад шүлэг зохиох урам яаж хөгжих вэ гэж Дай Юйг хэлсэнд ШянЮнь:

-Энэ уулнаас сарыг үзэх нь хэдий сайхан гэвч, усны хөвөөнөөс сарыг харахаас гайхалтай биш. Энэ уулын чинь бэлд нуур байгаа. Уулын хавцал, усны хөвөөнд хүрвэл даруй хотгор болрын ордон Ао Жин гуань болно. Энэ хүрээлэнг байгуулах үед үнэхээр нарийн бодсоныг энүүхнээс харж болно. Энэ уулын өндөр газрыг гүдгэр номин гэж уулын доорх усны хөвөөг хотгор болор гэжээ. Энэ хотгор ба гүдгэр гэдэг хоёр үгийг эртнээс хэрэглэсэн хүн маш цөөн. Одоошууд барилгын нэр болгон хэрэглэснээр их сонирхолтой болгожээ. Энэ хоёр газрын нэг нь дээр, нөгөө нь доор. Нэг нь гэгээн, нөгөө нь харанхуй нэг нь өндөр, нөгөө нь нам. Нэг нь уул, нөгөө нь ус. Энэ газрыг тусгайлан сарыг үзэхийн тул зохицуулсан байна. Өндөр уул, өчүүхэн сарыг бахархагчид бол тэнд очно. Гэгээн сар, гийгүүлэх долгионыг баясагчид бол энд ирнэ. Гагцхүү энэ хотгор, гүдгэр хэмээх угаас эгэл үг тул төдий л хэрэглэдэггүй юм. ЛүФанвөн ганцаар “Хотгор” гэдэг үгийг хэрэглэж “Хуучин зууруулын бяцхан хотгорт бэхсийн цугларал их” гэж бичжээ. Бас зарим хүн түүнийг бүдүүлэг бичсэн гэж шүүмжилсэн нь инээдтэй юм шүү гэж хэлэв.

-Ганцхан ЛүФанвөн хэрэглэсэн юм бишээ. Эртний хүмүүс зөндөө хэрэглэсэн. Жишээ нь, “Ногоон хөвдийн магтуу”, Дун Фаншуогийн “Жигд оюуны номлол” бас “Зурагт тэмдэглэлийн” Жан Хуушаан И Чөнсы хийдэд зургийн учрал заяасан үлгэрт хүртэл энэ үгийг хэрэглэсэн бий. Харин одоогийн хүмүүс мэдэхгүй тул бүдүүлэг үг гэдэг болжээ. Чамд үнэнээ хэлье. Энэ хоёр нэрийг би зохиосон юм. Тэр жил Бао Юйг туршихад түүний зохиосон нь эвгүй болсон тул бид зохиож бичээд их эгчид үзүүлсэнд тэр аваачиж, нагацад үзүүлтүгэй гээд цөмийг хэрэглэсэн юмаа гээд Дай Юй: “Одоо бид Ао Жин Гуаньд очъё” гэв. Хоёул ийн ярилцсаар уулан дээрээс буугаад нуур руу очив. Нуурын хөвөөнд нэг зурвас хулсан хашлага байх агаад тэртээх Оу ШянХед хүрэх замд шууд нэвтэрнэ. Хоёрхон эмгэн шөнийн манаанд суух бөгөөд гүдгэр номин ууланд гарч сар харж байгааг мэдээд, дэнгээ унтраан унтжээ. Дай Юй, ШянЮнь хоёр дэн унтарсныг үзээд инээлдэн: “Тэд унтсан нь сайн. Хоёулаа энэ дугуй саравчны доор суугаад сарыг харъя” гэв.

Тэр хоёр хулсан суудалд суугаад харвал, огторгуйд тэргэл саран донхойж, нуурын усанд сарны сүүдэр тусаж, дээр дор гэрэл гялбан, үнэхээр өөрийн бие болор харш, лусын ордонд орсон мэт санагдана. Зөөлөн салхи нүүглэн өнгөрөхүйеэ нуурын ус үе үе ханаран зэрэглээтэж сэтгэлийг сэргээн билгийг нээгдүүлнэ. ШянЮнь инээж:

-Энэ хэр онгоцонд суугаад архи уувал аятайхан болно. Гэртээ байсан бол даруй онгоцонд суужээ… гэсэнд, Дай Юй:

-Эртний хүмүүс үргэлж хэлдэг байсан гэцгээдэг “Хамаг хэрэг санасанчлан бүтэх нь ховор” гэгч энэ мөн. Чи онгоцонд сууж яах нь вэ гэсэнд цаадах нь:

-Хүний сэтгэл ханашгүй нь ердийн хэрэг юм даа гэв. Тэр хоёр ийн ярилцаж суутал шингэн лимбийн яруу эгшиг уянгалсанд Дай Юй инээн:

-Өнөөдөр Лао тайтай бусад Тайтай их баярлуулах гэж энэ лимбийг ч сайхан үлээж байна. Энэ чинь бас бидний урмыг хөгжөөлөө. Чи бид хоёр таван үгээр бичих дуртай юм чинь таван үгийн хэмжээт шүлэг бичье гэсэнд цаадах нь: “Ямар холболт авах вэ” гэсэнд Дай Юй:

-Бид энэ хашлагын босоо баганыг эндээс эхлэн тоолоод хэд байвал даруй төддүгээр толгойгоор холболт болгосугай гэсэнд ШянЮнь инээж:

-Энэ чинь уран арга байна… гээд босож, эндээсээ эхлэн тэнд хүрч дуустал тоолоод найм байсан тул ШянЮнь:

-Яг бас наймдугаар үсгийн толгой “На” болжээ. Энэ толгойгоор холболт хийх нь харин цөөн болой. Хэмжээт шүлэг зохиоход хэтэрхий хөшүүн болж толгой холбож чадахгүйд хүрч мэднэ. Чи эхлээд нэг мөр бичээд үз л дээ… гэсэнд Дай Юй инээн:

-Хоёулаа чадлаа туршиж үзье л дээ. Харин цаас, бийргүй яах вэ?гэсэнд ШянЮнь:

-Маргааш цаасан дээр буулгая. Өнөөдөр зохиосноо, цээжлэх ухаан арай мөхөсдөхгүй байлгүй дээ гэсэнд цаадах нь:

-Би нэг мөр хэлье… гээд ийн уншив.

Найман сарын арван тавны шөнө… гэсэнд ШянЮнь

Найрлан наадахад цагаан сар мэт

Одон мичид огторгуй дүүрэн гялалзаж… гэтэл Дай Юй инээн

Уран хөгжим орчлон даяар уянгална

Хичнээн газарт сархад эс сөгнөнө вэ… гэтэл цаадах нь инээн: “Хичнээн газарт сархад эс сөгнөнө вэ” гэх нэг мөрд нилээд санаа багтаж байгаа тул харин сайхан нийлүүлбэл таарах юм” гээд бодолхийлсэнээ, инээж

-Хэний гэрт сарыг үл сонирхоно вэ

Сэрүүн салхи үе үе илбэхүйеэ… гэтэл Дай Юй: “Сайхан нийлүүллээ. Минийхээс илүү сайн болов. Хойнох мөр нь бас бүдүүлэг үг болсон тул эвтэйхэн эелдэг үгээр нийлүүлбэл зохих юмаа гэсэнд цаадах нь инээж: “Шүлэг урт болбол холболт муудна. Тэгэхээр дүрслэх үгийг оруулбал болох юм. Ард үлдээсэн сайхан нь бас байна гэв. Дай Юй инээн: “Ард хүрээд сайхан нь гарахгүй бол би чиний мууг үзсүгэй” гээд холбон өгүүлэв.

Өнгөлөг шөнө хавийн үзэмж тодорно

Өтгөс, жаалууд еэвэн булаалдах инээдтэй… гэсэнд ШянЮнь: “Энэ муухай мөр байна. Худал зохиож байна. Ерийн юмаар намайг мушгих нь” гэв. Цаадах нь инээж: “Би чамайг ном уншсангүй гэж байгаа юм. “Еэвэн идэх” гэгч эртний заншил. Чи “Тан улсын үлгэр”, “Тан улсын цадиг” зэргийг уншаад хэлээрэй” гэв. ШянЮнь инээн: “Чи намайг үүгээр гацааж чадахгүй. Би бодоод олчихсон гээд:

Засалт охид тарвас хуваах нь инээдтэй

Шинэхэн гавираас хамар цоргим үнэр… гэж уншсанд Дай Юй: “Чи ёстой худлаа зохиож байна”… гэтэл цаадах нь: “Маргааш шалгаж үзээд мэдье. Одоо битгий саад хий” гэв. Цаадах нь инээж: “Хэдий тийм боловч, энэ мөр угаасаа муу болсон юм. Дараа би “Хас гавир”, “Алтан цахирмаа” мэт үгээр эвлүүлнэ” гээд:

Шаргал хэрсийн нүдэн гялбам өнгө

Өв тэгш найрт лавын гэрэл цацран… гэж холбов. ШянЮнь инээж: “Шаргал хэрс” гэх үг чамд хүч нэмжээ. Ийм бэлэн холболтоо чамд булаалгачихлаа. Арга буюу тэднийг магтах болж дээ. Дараагийн мөрийг чи хий… гэсэнд цаадах нь: “Чи “Хас гавир” гэхгүй бол би “Шаргал хэрсээр” хүчээр холбоно. Бас сайхан үзэмжийг баахан дэлгэвэл өнгө үзэмждээ нийлээд үнэнд ойртоно” гэв. ШянЮнь:

Үзэмжит хүрээлэнд архины хундага яарна

Эерэглэн сууж архин цааз явуулна… гэсэнд Дай Юй хөхөрч “Сүүлийн мөр нь аятайхан болжээ. Харин нийлүүлэн холбоход хэцүү юм” гээд бодлогоширсноо,

Эргэцүүлэн таамаглаж битүү үгээр хариулна

Шоо хаяхуйяа өнгө ялгаран цоохорлож… гэхэд цаадах нь инээн: “Битүү үгээр хариулна” гэх сонин боллоо. Ялимгүй муухайг ч яруу сайхан болгожээ. Харин дараах мөрд бас шооч хэлжээ” гээд,

Дүнгэнэх хэнгэргийн дуунд цэцэг бүжиглэнэ

Шилжих саран хүрээний сүүдрийг нүүлгэж… хэмээн холбов. Салхин, саран мэтсээр аргацаан өнгөрүүлж болно уу” гэсэнд цаадах нь: “Чухамдаа сарыг хэлсэн нь биш болохоор чимэглэж засахад сэдвээс гажихгүй” гэв. Дай Юй: “Үүнийг маргааш засъя” гээд:

– Шингэн гэрэл нь тэнгэр газрыг холбов

Хөхиүлж, торгоход эзэн, зочин ялгаагүй… гэв. ШянЮнь: “Бас тэднийг хэлж яах юм бэ. Бид өөрсдийгөө л хэлье” гээд холбож уншив.

Хөг, шүлэгт хүчирхэг, буурайгаар дараална

Уянга шүлгийг хашлага түшин сэтгэрүүн… гэсэнд Дай Юй: “Энүүнд харин чи бид хоёр орох болжээ” гээд,

Уран холбоог үүд тулан найруулна

Архи барьсан ч урам нь үлдсээр… гэтэл цаадах нь: “Ийм орой болсон ажээ” гээд холбож эхлэв.

Амтат найр шөнөжин суусныг мартуулав

Цэнгэлдэн инээлдэх чимээ алгуур намдахуй яа… гэсэнд Дай Юй: “Энэ үед, алхам бүрд хэцүү болж байна” гээд

Цээл огторгуйд хүйтэн саран бүдгэрнэ

Шөнийн шүүдэрт яндрын хөвд балран… гэхэд нь ШянЮнь: “Энэ мөрийг адил үсгээр холбомоор байна. Би бас бодъё” гээд хэсэг зуур бодлогошрон, нуруугаа үүрч жаахан холхисноо, “Арай гэж үг бодож оллоо” гээд,

Сүүмэлзэх утаанд “Нохой далан хальс” хамхив

Намрын горхи цагаан хаднаас цутгаруун… гэсэнд Дай Юй бас босоод “Гайхалтай” гэж магтаад, энэ харамч чөтгөр сайхныгаа цаанаа үлдээгээд байгаа юм байна шүү дээ. Би “Нохой далан хальс” гэдэг үгийг хэрэглэх гэж байтал чи урьтчихлаа гэсэнд цаадах нь: “Өчигдөр би Ли Чаогийн түүвэр зохиолыг уншиж байгаад ийм үг олсон юм. Нохой далан хальс гэж ямар мод байдаг юм бол гээд эрж байсан чинь, Бао эгч “Эрж хэрэггүй. Энэ чинь одыг хэлж байгаа юм. Өглөө дэлгэн, үдэш хамхигч” гэсэн үг гэв. Би итгэсэнгүй. Тэгээд цааш нь үзээд байсан чинь үнэн байна лээ. Бао эгч их мэдлэгтэй юм билээ” гэв. Дай Юй инээмсэглэн Энэ үгийг энд хэрэглэсэн чинь тохиромжтой байна. “Намрын горхи” гэх мөрийг ч сайн бодсон. Тэгэхдээ, саяын энэ мөр чинь бусдаасаа илүү. Би цог сүлдээ бадруулж байгаад энэ мөрд нийлүүлэх хэрэгтэй болжээ. Харин энэ мөрөөс давуулж чадахгүй байж мэднэ” гээд жаахан бодсоноо,

Навчис хийсч үүлний хормойд хурна

Цэвэр дагинын чанар угаас ариун… гэсэнд цаадах нь: “Энэ сайхан нийлүүлжээ. Харин хоёрдох мөрт чи саллаа. Энэ чинь үзэмжийн доторх уянга тул ганц “Цэвэр дагинатай” албаар зэрэгцүүлж болохгүй” гээд

Цэлмэг сарны гэрэл угаас сүрлэг

Сахиулсан эмийг цагаан туулай хүсэх мэт… гэхэд Дай Юй толгой дохиж, бодолхийлснээ,

Саран ордныг хүн ямагт эрэмцэнэ

Одон ертөнцийн хэнгэрэг, хэдрэгийг урьж… гэтэл цаадах нь сарыг харж толгой дохисноо,

Онгоцонд суун тэнгэрийн дагинастай золгосугай

Бүтэн, хагас дүрс нь эгнэгт хувилавч… гэж холбосонд Дай Юй: “Нийлүүлсэн мөр нь сайн биш, хураах төгсгөл нь харин болчихож. Дараах мөрд нэг алхам үргэлжлүүлсэн нь, тасарсан амийг залгах арга болжээ” гээд,

Битүүний шөнө гэрэл бас ч бүрэлзэнэ

Цагийн хэмжүүрдэх гоожих усан хатаж… гэж холбов. ШянЮнь дараа мөрийг холбон завдтал, Дай Юй нуурын дундах бараан сүүдрийг зааж, “Чи хараач” гэнгүүт, энэ усыг сайн хар. Яагаад бараан сүүдэр дотор нэг хүн орсон мэт харагдана вэ. Чөтгөр юм уу” гэсэнд цаадах нь инээж: “Харин тиймээ чөтгөр шиг байна. Би чөтгөрөөс айдаггүй. Түүнийг цохичих уу” гээд бөхийж, чулуу аваад нуур руу шидсэнд палхийх чимээ гараад их дугаргийцагираг үүсгэж сарны сүүдрийг долгилуулан хөдөлгөж, хэдэнтээ тарааж, хэдэнтээ цуглуулав. Тэр бараан сүүдрийн дундаас “Гарр” гэх дуун сонсогдоход, нэг цагаан тогоруу босон нисэж шууд Оу Шянше рүү явсанд Дай Юй хөхөрч “Санаандгүй байж мөн их цочивоо” гэв.

ШянЮнь инээж: “Яг энэ тогоруу над тусаллаа” гээд холбож эхлэв.

Цаасан цонхонд дэнгийн гэрэл бүдгэрэв

Зэгст нуураас өнхрөх тогоруу босож… гэтэл Дай Юй: “Их аятайхан болжээ” гээд хөлөө дэвслэн “Энэ тогоруу чамд үнэхээр тус боллоо. Энэ мөр “Намрын горхи” гэсэнтэй адил биш. Би яаж нийлүүлбэл сайн болдог бол. Зэгст хэмээх үгэнд ганцхан “Зэ” толгой тааруулна. “Зэгст нуур”, “Өнхрөх тогоруу” гэсэн нь энд ямар элбэг, ямар бэлхэн, ямар үзэмжтэй бөгөөд шинэ сонин болов. Би бол бийрээ хураахад хүрч байна” гэсэнд ШянЮнь инээн: “Нарийвчлан бодвол олж болно. Маргааш дахин холбож ч болно” гэв. Дай Юй, түүний яриаг тоолгүй дээш харан байснаа гэнэт хөхөрч “Чи янших хэрэггүй. Би бодоод олчихсон. Алив чи сонс” гээд л

Жихүүн саран шүлгийн урмыг хугалжээ… гэтэл цаадах нь алга ташин “Сайхан мөр. Үүнээс өөр үгээр үүнтэй нийлүүлж чадахгүй. “Шүлгийн урмыг хугалжээ” гэж сайхан сонсогдож байна” гээд шүүрс алдан, чиний шүлэг шинэ сайхан боловч хэтэрхий уяралтай болоод байна. Чи одоо өвчтэй болоод тэгдэг байх. Хэтэрхий гунигтай, хачин үгээр зохиохгүй бол зүгээр юмсан гэсэнд цаадах нь инээмсэглэж, “Би ингэж нийлүүлэхгүй бол чамайг яаж дийлэх вэ. ганцхан энэ мөрд л ой ухаанаа шавхсан юмаа” гэв. Тэднийг ийн ярилцаж, шүлэг уншиж байтал хашлагын цаадах хадны араас хүн гэнэт гарч ирээд инээж: “Сайхан шүлэг, сайхан шүлэг. Үнэхээр уяралтай болжээ. Дахин бичих хэрэггүй. Цааш энэ мэтээр бичвэл, энэ хоёр мөрөө гутааж, нуршуу, хөшүүн цулгуй болно” гэсэнд тэд цочив. Сайтар ажвал, харин Мяо Юй байв. Дай Юй нар гайхаж “Чи яаж яваад энд хүрээд ирэв” гэсэнд цаадах нь инээн

-Та нарыг бүгдээр сар үзэж, лимбэ эгшиглүүлэхэд, би бас тунгалаг нуур, тэргэл сарыг үзье гэж бодсон юм. Явсаар яваад энд ирвэл, та хоёрын шүлэг унших нь яруу сайхан сонсогдсон тул даруй чагнан зогслоо. Саяын нэг анги шүлэгт хэдий сайхан мөрүүд байвч их эмгэнэлтэй санагдлаа. Тэгээд би гарч ирж зогсоосон юм. Түрүүнд Лао тайтай нар тараад хүрээлэнгийн хүмүүс цөм унтжээ. Өдийд та хоёрын шивэгчин хаагуур эрж яваа болдоо. Та нар жиндэхгүй байна уу. Надтай цуг яваад аяга цай ууж суутал бараг үүр цайна гэсэнд Дай Юй: “Энэ хэр цаг явчихсаныг хэн мэднэ вэ” гэв. Тэгээд гурвуул ЛунЦүй Ань сүмийн тэнд хүрч очвол, тахилын суварганд утаа цэнхэрлэж, хүлийсийн хүж шатаж дуусаагүй, хэдэн хөгшин унтаад ганцхан шивэгчин олбог дээр толгойгоо тонголзуулан үүрэглэнэ. Мяо Юй, түүнийг дуудан сэрээж цай бэлтгүүлэв. Гэнэт үүд тогших чимээ гарсанд шивэгчин яаран очиж үүд нээж өгвөл ЗыЖюань, ЦүйЛюй болон эмгэд, тэр хоёрыг эрсээр яваад энд орж ирэв. Тэгсэн чинь эрсэн хүмүүс нь энд цай уугаадс ууж байсанд харуут хөхрөөд “Та хоёрыг ямар ихэрэвээ. Хүрээлэнг бүтэн тойроод И Тайтайгийнд хүртэл очиж үзэв. Та нарыг шөнийн манаачхарсан байна. Нуурын тэнд хоёр хүн саравчинд суугаад баахан ярилцаж байтал нэг хүн очоод… төдхөн гурвуулаа сүм рүү явсан гэж сураг хэлж өгөв. Тэгээд л энд ирлээ гэцгээв. Мяо Юй тэр хоёрт цай өгүүлээд, тэр хооронд нь бэх цаас авчирч түрүүнд уншиж байсан шүлгийг нь хуулж авч байв. Дай Юй түүний их баяртай байгааг хараад: “Чиний ийм баяртай байхыг ойрд үзээгүй болоод асууж чадахгүй байна. Одоо харин сурган зааж өгөх болов уу. Муу байвал шатаагаарай. Засаж болмоор бол даруй засаж өгөхийг хүснэ” гэсэнд цаадах нь:

-Би шүүмжилж чадахгүй. Энэ чинь нийтдээ, хорин хоёр холбоо болжээ. Та хоёрын хамаг яруу үгс нэгэнт гараад,ц ааш үргэлжлүүлбэл сулруузай гэж сануулна. Би халиу булганд нохойн сүүл залгаж бузарлахаас айна гэв. Дай Юй түүний шүлэг зохиохыг ер үзээгүй боловч одоо түүний урам баяртай байгааг хараад:

-Үнэхээр тийм бол маний бичсэн муухай шүлгийг гэрэлтүүлэн чимэглэж болно… гэсэнд Мяо Юй:

-Энэ мэтээр төгсгөвөл, эцэстээ бас анхны байдалдаа буцна. Үнэн хэргийг үтээрэн орхиж сонин сэвүүнийг хураан цуглуулбал нэгд, манай их айлын дүрс байдлыг алдаж, хоёрт, сэдэвтэйгээ холбогдолгүй болоход хүрнэ гэсэнд цаад хоёр нь “Маш зөв” гэж хүлээн авав. Мяо Юй бийр авч, хэсэг бодсоноо, татлан бичээд, тэдэнд өгч:

-Битгий шоолоорой. Би бол эрхбиш, энэ мэтээр эргүүлэн авчирвал зохино. Өмнөх хэсэгт, хэдий уяралт үгсийг хэрэглэсэн боловч төдий л харш болохгүй гэв. Шүлгийг аваад үзвэл, тэрбээр ийн залгаж бичжээ.

Ханхлам хүжис алтан хүлийст дуусахуйяа

Хасын саран мөсөн энгэсэг түрхжээ

Хорсолт бишгүүрт бэлбэсэн бүсгүй гунина

Хучлага дэвсгэрийг хээнцэр шивэгчин бүлээсгэгтүн

Өнчин галбингаа сул ташаалавчид гасалж

Өрөөсөн хажин, сэлүүн орхиулд уярна

Мөхлөгт шүүдэрт хөвд нандаахальтирнам

Мөнгөн хяруунд хулсны илбэхүйеэ бэрх

Намгийн цуваагаар бид аялан сэлгүүцэж

Нам сэлүүн товцогт басхүү авирав

Хөсрий чулуу чөтгөр сахиулсныг хүлсэн мэт

Хөгшин модод барс чоно оцойх адил

Өглөөний наран хөшөөний сийлмэлд тусаж

Үүрийн шүүдэр саравчны торонд тогтжээ

Түмэн мөрчийг боссон шувууд хөдөлгөж

Түнэр жалгыг орилох сармагчин сэргээв

Булгийг мэдвэл эхийг нь битгий асуугтун

Боловсрон дассан салбар зөргийг умартана уу

Эртийн хонх ЛунЦүй хийдэд жингэнэв

Эрэгчин тахиа ДаоШян тусахад дуугарав

Урам хөгжихүйеэ дэмий л юунд гасална вэ.

Уяралгүй бөгөөс санаа юунд хөдөлнө вэ

Ялгуум найрыг ганцаар илрүүлэх төдий бизээ

Яруу урамсыг хэнд дэлгэн тоочно вэ

Үдшийг элээвч алжаалыг битгий хэлэгтүн

Үнэрт цайгаар дахин нарийвчлан шүүмжилсүгэй… гээд сүүлд нь, “Тэргэл сарны шөнө ДаГуань Юань хүрээлэнд үзэмж лүгээ нийлүүлсэн шүлэг гучин таван хоблоо” хэмээн бичжээ. Дай Юй, ШянЮнь хоёр ам мэдэн магтаж “Бид өдөр бүр “Авдраа орхиод айлаас эржээ”. Одоо энд энэ мэтийн шүлэгч байсаар байтал харин өдөр бүр “Зурсан боорцгоор сэтгэлээ хуурч яана вэ?” гэсэнд Мяо Юй:

-Маргааш дахиад урлан засъя. Одоо нэгэнт үүр цайсан тул амарцгаавал зохино гэсэнд цаад хоёр нь босож салах ёс хийгээд явцгаав. Мяо Юй тэднийг үүднээс гарган үдэж, хойноос нь харж баахан зогсоод дотогш оров.

Тэд цааш явж байтал ЦүйЛюй, ШянЮнь рүү хараад: “Биднийг унтуулах гээд их найнаагийн тэнд хүн хүлээж байна. Одоо бид тийш явлаа” гэсэнд цаадах нь: “Чи замдаа “явж унт” гэж тэдэнд хэлчих. Би очвол өвчтэй хүнийг сэрээхэд хүрнэ. Линь авхайн тэнд очиж үймүүлье” гэсээр бүгдээр ШяоШянГуаньд очвол бүх хүн унтжээ. Хоёул ороод засал чимгээ авч, гадуур хувцсаа тайлж нүүр гараа угаагаад орондоо орцгоов. ЗыЖюань бүрхүүл хөшиг буулган, дэнг аваад үүдийг хааж гарав. Шян Юань бишүүрхүү зантай болохоор хэвтсэн дороо нойр нь хүрсэнгүй. Дай Юй зүрхний цусны дутагдалтай тул үргэлж нойр нь хулждаг бөгөөд өнөөдөр нэгэнт унтах цагаас хэтэрсэн тул унтаж чадсангүй. Хоёул дэмий л эргэн хөрвөн хэвтэнэ. Дай Юй: “Чи яагаад унтахгүй байна” гэсэнд цаадах нь: “Миний айлыг бишүүрхдэг зан хөдөлжээ. Зүгээр баахан хэвтэнэ. Харин чи гэртээ байгаа мөртөө яачих ваа” гэсэнд Дай Юй: “Би жилдээ бараг арван шөнө л бүтэн нойртой хонодог юм. Энэ өвчнөөс л болдог юм” гэсэнд ШянЮнь: – хэцүү ч юмаа даа. Яаж унтах юм бол доо гэж өрөвдөв.

Ингээд юу болохыг мэдсүгэй хэмээвээс дараах бүлэгт үзэгтүн!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж