Жагсаалтай долоо хоног

Хуучирсан мэдээ: 2018.03.11-нд нийтлэгдсэн

Жагсаалтай долоо хоног

Жагсаалтай долоо хоног

Өнгөрч буй долоо хоногийн пүрэв гаригт Мартын 8-н буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож,  Сүхбаатарын талбайд нэгэн зэрэг гурван ч жагсаал зохион байгуулагдлаа.

Ээжүүд нүцгэлсэн жагсаалыг хэвлэлүүд “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтын сумласан арга хэмжээ гэж онцолсон. Жагсагчид эрх баригчдыг Үндсэн хуулиа мөрдөж ажиллахыг сануулж, төр засагт гомдож байгаагаа илэрхийлсэн юм. Нийгэмд өнөөдөр хүчирхийлэл газар авсан нь Үндсэн хуулиа мөрдөж ажиллаагүйгээс болсон гэж үзэж байна.

“Бидэнд баярлах шалтгаан байхгүй” уриан дор болсон энэхүү жагсаалыг “Ээжүүдийн холбоо”, Худалдаачдын холбоо дэмжиж оролцов. Тэд мөн ажлын байр нэхэж, жагслаа.

Харин Монголын залуучуудын холбооноос санаачлан зохион байгуулсан жагсаал нь төр засагт гомдол тавих бус эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах утга агуулгыг илүүтэй дэмжихэд чиглэлээ. Дөрөв дэх жилдээ болсон жагсаалыг “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” уриан дор тэмдэглэв.

Зорилго нь эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулах, эв санааны нэгдлийг илэрхийлэхэд оршлоо. Учир нь Мартын 8-ний өдрийг Монголд илүү баяр ёслолын шинжтэй тэмдэглэн өнгөрүүлдэг нь зорилгыг нь бүдэгрүүлж байна гэж үзжээ.  

“Хөөрхөн зүрхнүүдийн аян” төрийн бус байгууллагаас зургаа дахь жилдээ зохион байгуулсан тус жагсаалыг хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд мөн дэмжин оролцов. Ингэхдээ монгол хүн аюулгүй, эрүүл орчинд аж төрөх эрхийг санууллаа.

Газраа байраар солихыг шаардсан жагсаал

Мартын 8-н болж өнгөрсний дараах өдөр буюу баасан гаригт “Гэр хороолол” хөдөлгөөнөөс Сүхбаатарын талбайд “Эсэргүүцэж байна” жагсаалыг зохион байгууллаа.

МАН Засгийн эрхийг барих болсноор Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын захирамжаар хашааны газрыг 1 ам метрийг нь 60 мянган төгрөгөөр үнэлдэг болсон нь газрыг үнэгүйдүүлсэн буруу шийдвэр болсон гэж тус хөдөлгөөнөөс үзэж буй.

Иргэд ч мөн дээрх шийдвэрийг эсэргүүцэж жагсаалд олноор оролцов.

Ардчилсан намыг Засгийн эрх барьж байхад хотоос иргэний хашааны газрыг байраар солих шийдвэр гаргаж, үр дүнд нь иргэд газраа 1-4 өрөө байраар шууд сольж байсан аж. Харин одоо боломжгүй болсон. Иргэдийн хашааны газар байрны урьдчилгаа 30 хувь болж , үнэлэмжээ алдсан нь гэр хорооллыг барилгажуулах, агаарын бохирдолтой тэмцэх төр засгийн шийдвэрийн эсрэг сөрсөн базаа болсон гэж үзэх хэсэг ч байна.

Хотын экс дарга Э.Бат-Үүлийн автортой хашааны газраа байраар солихыг шаардсан энэхүү тэмцэл гэр хорооллын хэдэн зуун мянган иргэнээр бүл нэмж мэдэхээр нөхцөл байдал үүсгэлээ.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж