Италийн зартай хар тамхины наймаачныг эх оронд нь шилжүүлэн өгнө

Хуучирсан мэдээ: 2018.03.10-нд нийтлэгдсэн

Италийн зартай хар тамхины наймаачныг эх оронд нь шилжүүлэн өгнө

Италийн зартай хар тамхины наймаачныг эх оронд нь шилжүүлэн өгнө

“Миланы кокаины хаан” нэрээр гэмт хэргийн ертөнцөд цуутай хар тамхины “том гарын” наймаачныг Уругвайн тал эх оронд нь шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн байна.

Рокко Морабито гэгч этгээдийг өнгөрсөн жил баривчилсан юм. Тэрбээр өнгөрсөн 10-аад жилийн турш Пунта дель Эсте нэртэй амралт, зугаа цэнгэл хөгжсөн хотод хуурамч бичиг баримтаар амьдарч байжээ.

Италид зартай “Ндрангета” гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч тэрбээр 1995 оноос хойш эрэн сурвалжлагдаж байгаа Италийн ноцтой гэмт хэрэгтнүүдийн нэг юм. Түүний өмгөөлөгч, хуульч нар гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх Уругвайн шийдвэрийн эсрэг давж заалдахаа мэдэгдээд байна.

Зохион байгуулалттай гэмт хэргийн асуудлаар мэргэжшсэн шүүгч энэ долоо хоногийн эхээр Рокко Морабитог Италийн талд шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасныг Уругвайн хэвлэлүүд өчигдөр /2018.03.09/ албаны эх сурвалжаар баталгаажуулан мэдээлжээ.

“Ндрангета” бүлэглэл нь Европын кокаины худалдааны 80 хувийг дангаар захирдаг байна. Цагдаа нар Морабитог Бразилаас Итали руу хэдэн зуун кг кокаин хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт буруутгаж байгаа юм.

Түүнийг өнгөрсөн оны есдүгээр сард Уругвайн нийслэл Монтевидео хотын зочид буудлаас баривчилжээ. Тухайн үед Морабито эхнэртэйгээ маргалдсаны улмаас гэрээсээ явж, зочид буудалд түр байрлаж байжээ.

Морабитогийн Пунта дель Эсте дэх гэрээс галт зэвсэг, 13 ширхэг гар утас, Морабитогийн өөр өөр дүр төрх бүхий 150 гаруй паспортын зураг олсон байна.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж