Улаан асрын зүүд (75-р бүлэг) | News.MN

Улаан асрын зүүд (75-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.03.10-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (75-р бүлэг)

Улаан асрын зүүд (75-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.


 

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ

ГАО Э

Далан тавдугаар бүлэг

ТУНГАЛАГ ШӨНӨ ХУРИМЛАХАД МУУ ЁРЫН ГУНИГТ ДУУ ГАРЧ, ТЭРГЭЛ САРТАЙД ЦЭНГЭЛДЭЖ, ШИНЭ ШҮЛГЭЭР САЙХАН МАГТУУЛАВ

 

Өгүүлэх нь: хүрээлэнгээс Ёу хатан ууртай гарснаа, Ван Фүрэнийд очно гэтэл түүнийг дагаж яваа настай мөөмөө нар болгоомжлонгуйгаар “Дээд гэрт битгий оч. Сая Жэнь овогт гэрээс хэдэн хүн ирээд, баахан яриатай байгаа шиг байна. Ямар нэг нууц яриа ч байж болно. Тэгэхээр найнай одоо тийш очвол эвгүй” гэж шивнэх шахуу хэлцгээв. Ёу хатан:

-Өчигдөр Лаоегаас чинь сонсвол, битүүмжлэн хураах айлтгал өргөснийг үзвэл, Жэнь овогтон ялд унаад одоо гэр хөрөнгийг нь нэгжин хурааж нийслэлд авчирч яллан шийтгэнэ гэжээ. Бас яагаад хүн ирсэн юм бол гэсэнд настай мөөмөө:

-Үнэхээр тийм гэнэ лээ. Сая ирсэн хэдэн бүсгүйн царай нь царай биш, хулмалзан сандрах байдлыг нь харвал нууж далдлах юм бий мэт гэв.

Тэгээд Ёу хатан тийш явахыг болиод дахиад Ли Ваний тэнд очив. Сая эмч ирээд судсыг нь бариад явжээ. Ойрноос Ли Ваний дотор овоо уужирч хэн нэгнийг ирүүлж элдэв юм ярихсан гэж бодоод хөнжлөөр биеэ ороогоод дэр тавьж хажуулдан сууж байтал Ёу хатан орж ирэв. Байдлыг харвал урьдын адил элэгсэг дулаан байдалгүй, дуу шуугүй ажээ.

-За чи нэгэнт ирсэн тул жаахан юм идтүгэй. Өлссөн байлгүй гэж Ли Вань хэлээд зарцаа дуудан “Шинэ боов авчир” гэв. Ёу хатан:

-Би өлсөөгүй явна. Чи ойрд өвдөөд байгаа тул чамд шинэ идээ байгаа юм уу гэж асуусанд Ли Вань:

-Тэгсэн ч гэсэн. Өчигдөр хүн авчирч өгсөн хуурсан гурил байгаа. Чи түүнээс зуурч идээч гээд: “Зутан хийж авчир” гэж цаашаа хэлэв. Ёу хатан, юу ч ярихгүй мэлрэн суусанд дагаж ирсэн охид нь: “Найнай үдийн өмнө нүүрээ угаагаагүй шүү дээ. Одоо угааж цэвэрлэвэл зүгээр бишүү” гэв. Ёу хатныг толгой дохимогц Ли Вань заслын хайрцгаа авчируулав. Шивэгчин Сү Юнь бас өөрийн оо, энгэсгээ авчраад:

-Манай найнайд ганцхан энэ юм л дутна. Найнай голохгүй бол хэрэглэтүгэй гэсэнд Ли Вань:

-Минийхэд байхгүй юмыг охидын тэндээс авчирч болно. Золоор энэ хүн байгаа болохоор хамаагүй дээ. Өөр хүн бол уурлана шүү гэв. Ёу хатан:

-Үүнд ямар хамаа байна гэсээр нүүр гараа угаахад бяцхан охин бөхийж том пэнс өргөж зогсоно. Ли Вань:

-Яасан эвгүй байх юм гэсэнд охин яаран сөгдөв. Ёу хатан:

-Манай гэрийн их бага хүмүүс цөмөөрөө иймэрхүү хуурмаг ёсыг мэдэхээс биш чухам хүү үйлдэх хэрэг нь цөв аминдаа зөв болой… гэсэнд Ли Вань урьд шөнийн хэргийг дуулсан нь санаанд ороод инээн:

-Чиний энэ үгэнд учир байна уу, үгүй юү. Хэний үйлдсэн хэрэг аминдаа зөв гэнэ вэ гэсэнд Ёу хатан:

-Чи чинь өвчтэй байж байгаад юу ч мэдээгүй өнгөрсөн юм бишүү… гэтэл хүн ирж “Бао авхай ирлээ” гэв. Төдөлгүй Бао Чай ч ороод ирэв. Ёу хатан нүүрээ засаж босоод суудал өгч “Өнөөдөр өөр хүн харагдахгүй хаачив. Чи ганцаар ирэв үү” гэсэнд Бао Чай:

-Тийм л байна. Би ч бас юм үзсэнгүй. Өнөөдөр манай найнайгийн бие тааруухан. Гэрийн хоёр бүсгүй нь бас ханиадтай. Би өнөөдөр очиж бараа болъё гэж явна. Лао тайтай их Тайтай нарт хэлье гэхнээ, тийм ч их хэрэг биш юм. Сайн болохоор нь би буцаад л ирэх юм чинь. Энд ирж их бэргэнд хэлэх гэсэн юм гэсэнд Ли Вань, Ёу хатныг харж инээхэд цаадах нь хариу инээв. Энэ үед зутан авчрав. Ли Вань, Бао Чайг хараад:

-Тийм бол хүн явуулж Ө Нянгийн амрыг эрж биеийг нь асуулгая. Би бас хэвтэж байгаа болохоор очиж чадахгүй нь. Дүү минь чи ингэсгээд оч, оч. Би хүн явуулж гэрийг чинь харуулъя. Нэг хоёр хоног болоод ямар ч гэсэн буцаад ир. Битгий намайг буруудахад хүргээрэй дээ гэв. Бао Чай инээж

-Буруудах юу байхав. Энэ чинь ердийн л явдал биз дээ. Та ямар хулгайч тавиад явуулчихаж байгаа биш. Хүн нэмж очуулах хэрэггүй. Харин Юнь охиныг авчирч түүнтэй нэг хоёр хоновол зүгээр юм даа… гэсэнд ЁУ хатан,

-Нээрэн тийм шүү. Ши охин дүү хаачаав гэж асуувал Бао Чай

-Би сая хүн явуулж, танай Тань Чүнь охиныг эрүүллээ. Тэднийг хамт энд ирсэн хойно би тодорхой хэлье гэв. Ийн ярилцаж байтал: “Юнь охин гуравдугаар авхай хоёр ирлээ” гэх дуулдав. Тэднийг суусны дараа Бао Чай гадуур гарахаа хэлсэнд Тань Чүнь:

-Сайн байна. И маг сайн болсон буцаж ирэхгүй ч байж болно гэсэнд Ёу хатан инээж:

-Сонин үг байна. Яагаад садан төрлөө хөөгөөд эхлэв ээ… гэсэнд Тань Чүнь, жихүүнээр инээж:

-Үнэхээр тийм болно. Хүнээр хөөлгөснөөс надаар хөөлгүүлсэн дээр байхгүй юү. Садан төрөл зуур үргэлж хамт байвал юун янаг дотно болох вэ. Бид нэг айлын яс махны тасархай байтлаа одоо цөм хэрүүлч тахиа мэт нэг нэгийгээ барьж идэхэд хүрч байна… гэсэнд Ёу хатан инээж:

-Өнөөдөр яасан муу ёрын өдөр вэ. Танай эгч дүүсийн ууртай үед таараад ирчихэж гэв. Тань Чүнь:

-Хэн таныг энэ халуун гал дээр хүрч ир гэсэн юм бэ. Ер нь хэн таныг уурлуулаад байна гэснээ, бодолхийлээд, Фэн охин уурлуулаагүй дээ… Чухам хэн юм бэ гэсэнд Ёу хатан хариу хэлэлгүй тэгсгээд өнгөрөөв. Тань Чүнь аймтгайг нь мэдэх болохоор юм асуухыг бодолгүй инээж: – чи битгий номхон зан гаргаж бай. Эзэн хааны ордноос өөр газар толгой авах ёс байхгүй. Тэгэхээр айх хэрэггүй. Чамд би юм хэлье. Өчигдөр би Ван Шаньбаогийн эмийг алгадсан. Одоо ялаа хүлээж байна. Далдуур шивэр авир ярих төдий байгаа байх. Арай намайг нэг удаадаа занчихад хүрэхгүй болов уу, яах бол гэсэнд Бао Чай, “Түүнийг яагаад цохисон юм бэ” гэсэнд Тань Чүнь шөнийн явдлыг тов тодорхой ярьж өгөв. Дараа нь Ёу хатан, Ши Чүний тухай ярив. Түүнийг сонсоод Тань Чүнь:

-Энэ бол түүний төрөлхийн зан нь юм даа. Этгээд зөрүүд нь хэтэрхий болохоор бид түүнийг хэрхэвч мушгиж чадахгүй гэснээ тэднийг ажаад, өглөө аваад одоо болтол чимээгүй л байна. Фөн охиныг өвчтэй гэж байна. Ван Шаньбаогийн эхнэр яаж байгаа юм бол гэж сураг ажиг тавилаа. Зарим нь “Ван Шаньбаогийн эхнэр саваагүй аашлав гэж нэг удаа занчуулсан” гэж байна гэв. Ли Вань, Ёу хатан хоёр: “Энэ бол харин ёсонд нийцнэ” гэж хэлэв. Тань Чүнь хүйтнээр инээмсэглэж:

-Энэ мэтээр хүний нүд чихийг халхлах хэргийг хэн үйлдэж үл чадна вэ. Хойшид харж байвал боллоо гэсэнд хэн ч хариу үг хэлсэнгүй.

Энэ зуур охид ирж “Хоол идэцгээ” гэж залсанд Шян Юнь, Бао Чай нар явж Жя Мүгийнд очив. Их ахайтан орон дээр хажуулж, Ван Фүрэнь, Жэнь овогтон хэрхэн ялд унасан ба одоо гэр хөрөнгийг нь нэгжин хурааж нийслэлд авчран шийтгэхээр байгааг хэлсэнд Жя Мү ихэд тавгүй болов. Тэдний эгч дүү нар, хүрч ирсэнд даруй “Хаанаас ирэв. Фөн Же, ахын чинь эхнэр хоёр өвчтэй гэнэ. Өнөөдөр ямар байгаа юм бол” гэсэнд Ёу хатан нар “Өнөөдөр хоёул бузгай гэнээ” гэцгээв. Жя Мү толгой дохисноо санаа алдаад:

-Хүний явдал маньд хамаагүй. Найман сарын арван таванд сар үзэх явдлыг зөвлөх нь чухал гэсэнд Ван Фүрэнь:

-Бэлтгэж байгаа. Лао тайтай аль газрыг сонгохыг мэдэхгүй байна. хүрээлэнд үдэш хүйтэн жихүүн л болдог юм даа гэсэнд Жя Мү инээж:

-Хувцсаа давхарлачихна. Тэнд л яг сар үзэх газар мөн дөө гэв.

Энэ үед эхнэрүүд хоолны ширээ дамнан авчрав. Ван Фүрэнь, Ёу хатан нарт савх тавьж хоол аягалав. Жя Мүг харвал өөрийн нь иддэг ногоо зуушийг авчирсан байв. Бас хоёр том хөвхөнд хэдэн зүйлийн ногоо зууш хийжээ. Энэ бол эдний хуучин заншил юм. Жя Мү:

-Би түүнийг боль гэж хэдэн удаа хэлсэн. Та нар сонсохгүй юмаа гэсэнд Ван Фүрэнь инээж:

-Цөм гэр зуурын зуушаа. Өнөөдөр би бацаг барьсан учир хүндэтгэж барих юмгүй. Тэдгээр гурилын шандас, дүпү зэргийг Лао тайтай идэх дургүй тул лазугийн тосонд хуурсан жияан сонгож авчирсан гэв. Жя Мү инээж: “Би харин түүнд чинь дуртай” гэсэнд Юань Ян таваг шилжүүлэн өмнө нь тавив. Бао Чинь бүгдэд найр тавин суулгасан хойно сая суудалдаа суув. Жя Мү, Тань Чүнийг дэргэдээ суулгав. Юань Ян нөгөө хэдэн зүйлийн зуушийг зааж: “Заримыг нь мэдэхгүй юмаа. Да Лаоегийн хүндэтгэн өргөсөн зүйлүүд юмаа” гэв. Жя Мү тэднээс амсаж үзээд: “Буцааж явуул. Намайг идсэн гэж хэл. Хойшид өдөр бүр ирүүлэх хэрэггүй. Би юу идэхээ хүнээр хэлүүлье” гээд шингэн будаа идье гэсэнд Ёу хатан улаан тутарганы шингэн будаа авчирч өгөв. Түүнийг жаахан идэж байгаад: “Үүнийг Фэн охинд аваачиж өг. Тэр таваг жимсийг Пин Эрд өг” гэснээ Ёу хатныг хараад: “Одоо та нар идэцгээ” гэж хэлэв. Ёу хатан “За” гээд Жя Мүгийн амаа зайлж гараа угаахыг хүлээнэ. Жя Мү ч доош бууж Ван Фүрэньтэй энэ тэрийг ярьж хоолоо шингээж сууна. Ёу хатан ч хоолоо идэв. Жя Мү, Юань Ян нарыг түүнтэй цуг сууж хоолоо ид гэснээ, цагаан тутарга идэж байхыг нь хараад: “Миний будаанаас өгөхгүй яав” гэсэнд нэг охин:

-Лао тайтайгийн будаа дуусжээ. Өнөөдөр нэг охин нэмэгдсэн учир хоол дутсан гэсэнд Юань Ян:

-Одоо хоолыг хүндээ яг л тааруулж хийдэг болсон. Илүү хийхгүй байгаа гэтэл Ван Фүрэнь:

-Энэ хоёр жил нар бороо тэгшгүй. Тариаланчид амуу будааг тоо ёсоор тушааж чадахгүй байна. Энэ хэдэн зүйлийн нарийн ногоо нэн ч ховор тул идэхийн хэмжээгээр л хийх боллоо гэв. Жя Мү инээж:

-Энэ үнэхээр “Хамгийн уран бэр боловч хар усаар будаа бэлтгэж үл чадна” гэх юмаа гэсэнд цөм хөхрөлдөв. Юань Ян хойш эргэж, үүдний гаднах зарц бэрүүдийн зүг “Тийм бол та нар даруй гутгаар авхайн хоолыг авчран сэлбэвэл мөн адил болой” гэсэнд Ёу хатан инээж:

-Энэ над болно. Очиж авчрах хэрэггүй… гэсэнд Юань Ян: “Чамд болбол би идэхгүй байх ёстой юү” гэв. Эхнэрүүд санд мэнд хоол авчрахаар яаран явав.

Ингэж байгаад Ван Фүрэнь харихаар явав. Ёу хатан, Жя Мүг саатуулан энэ тэрийг ярьж суутал “Чи бас явж амар” гэж хэлэв.

Гэр рүүгээ дөхөж очоод Ёу хатан, байрны нь үүдний хоёр талын чулуун арслангийн дэргэд дөрөв таван их тэрэг зогсож байхыг сүйхэн дотроос хараад даруй мөрийтэй тоглоомынхон ирж гэж мэдээд, шивэгчиндээ “Чи харав уу, тэргэнд суудаг нь өдий байгаа юм. Морь унасан нь хичнээн байхав” гэж үглэсээр ордондоо оров. Жя Руний эхнэр, шивэгчдийг дагуулан дэнлүү барьсаар угтан гарч ирэв. Ёу хатан инээж:

-Би тэдний мөрийтэй тоглохыг сэмхэн харчихъя гэж өдөр болгон боддог боловч ер эв нь таардаггүй юм. Өнөөдөр нэг таарсан учир тэдний цонхны тэрүүгээр гаръя гэсэнд эмгэд дэнлүү барьсаар замчлан явав. Бас нэг нь урьдаар сэмхэн очоод, тэдэнд хэлж цочоож болохгүй гэж зарц хүүхдүүдэд нь хэлэв. Ёу хатан нар чимээ шуугиангүй явсаар цонхны тушаа хүрч очвол дотроос хөгжөөн магтах, ярилцан шуугилдах бас бачимдан тачаадах эх захгүй дуун сонсогдоно. Тэдний дотор Жя Жөний дуу ч тодхон дуулдана. Тэрбээр энэ үед бэлбэрлийн байдалд байгаа болохоор тоглох наадах хориотой тул уйдаж байхыг Ёу хатан мэдэж байгаа ч уйтгараа сэргээх нэг арга олжээ гэж бодов. Жя Жөнь өдрийн цагаар, харваж намнах сургууль хийхээр шалтаглан удамт айлын хүүхдүүд, ойр төрлийн баян эрхэм хэдэн хүнийг залж нэг газар цугладгийг нь Ёу хатан багцаалдана. Тэрхүү харваж намнах сургуулийнхаа үед “Хов хоосон дэмий харвах тусгүй юм. Эрдэм чадлаа дээшлүүлэхгүй мөртөө эв байдлыг ч эвдэхэд хүрч мэднэ. Эрхэтгүй нэг торгуулийн дүрэм гаргаж эд ашгаар мөрийцвөл сая идэвх зоригийг хөгжөөж чадна” гэж Жя Жэнийг санал гаргасанд бүгдээр дэмжин Тянь Шян Лөүгийн тэндэх харвуулын талбайг сонгож, өглөөний хоолны дараа улаан сүүлт шувууг үргээн намнаж байхаар тохирсон ажээ. Энэ ажлыг Жя Жэнь биеэр удирдах эвгүй тул Жя Рунд хариуцуулав. Тэр хүмүүс бол цөм ан гөрөө хийж, айл хот тойрон тахиа шувууг гэрэлтүүлэн үймүүлж, дураар зугаалан явдаг, торго дурдан эдэлсэн тарган цатгалан залуучууд тул өдөр болгон оройн хоолыг ээлжээр хариуцан бэлтгэхээр зөвлөлдөн тогтжээ. Ийнхүү өдөр бүр гахай, хонь алж, галуу нугас нядлан хоол хийж амт шимтийг нь гайхуулцгаана. Төдөлгүй Жя Жөн нар үүнийг сонсоод цаад учрыг нь мэдэлгүй “Энэ бол төв ёсон болой. Бичиг эрдэмд хожимдсон хүн, цэрэг зэвсэг судалж эзэмших нь зүйн хэрэг. Зэр зэвсэг сонирхох нь зүйтэй” гээд тэр даруй Бао Юй, Жя Хуань, Жя Цун, Жя Лань дөрвийг хоолны дараа очиж Жя Жэнийг дагаж харваж намнахыг сураад харьж бай гэжээ. Гэтэл Жя Жэний санаа өөр болохоор хэдэн өдрийн дараа “Гар амрааж, хүчээ сэлбэнэ” гэж шалтаглан үдэш оройн цагаар ясан даалуу тоглож, хожигдсон нь архи авчирч өгдөг байснаа сүүлдээ мөнгө зоосоор мөрийтэй тоглоход хүрэв. Хэдэн сар болоход өдрөөс өдөрт мөрийтэй тоглох нь харваж намнахаас хэтрээд бүр цаасан даалуугаар тоглож шоо хаяж, хөлөг тогтоон ихээр мөрийцэх болов. Гэрийн зарц нарт ч хаядастай тул аялдан дагаад заншил болов. Гэхдээ гаднын хүн анзаарахааргүй хийнэ.

Сүүлийн үед Шин Фүрэний дүү Шин Дөчюань тоглоомд маш дуртай тул тэдэнтэй нийлэв. Тоглоомчдын дунд Шюэ Пань гэгч баярлавал сархинагаа савж гүзээгээ гүвэх тэргүүн зэргийн өглөгч бий тул шинээр орогчийг үзээд баярлахгүй яахав. Энэ Шин Дөчюань хэдийгээр Шин Фүрэний дүү боловч учир явдлыг үйлдэхдээ эгчтэйгээ огт адилгүй юм. Тэрбээр архи ууж, мөрийтэй тоглож өнгө зүсэнд цэнгэхээс өөр юм мэдэхгүй. Зоос мөнгийг гарын үзүүрээр дур зоргоор сүйтгэж, найзалж нөхөрлөхдөө бодлогогүй тул түүнийг хамаатнууд нь “Тэнэг нагац” гэнэ. Шюэ Пань бол хэдийнээс “Тэнэг эрлэг” гэж нэршсэн хүн. Энэ өдөр ийм хоёр хүн таарч хоёулаа мөрийтэй тоглоомд дуртай бас хоёр хүн олж аваад гаднах өрөөний ханзан дээр шоо хаяж эхэллээ. Бас хэдэн хүн, газар доорх давхрын ширээнд сууж нүх уралдуулна. Дотор гэрт боловсролтой гэгдсэн хэдэн хүн ясан даалуу тоглоно. Энэ гэрт зарагддаг хөвгүүд бол цөм арван таван насанд хүрээгүй хүүхдүүд гэсэн үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь:

Энэ үед Ёу хатан цонхны гаднаас сэмхэн харвал, дотор нь тэдэнд хань болж архи зөөх хоёр зарц хөвгүүн байх бөгөөд цөм ихэд гоёцгоосон харагдана. Шюэ Пань баяртай янзтай байна. Өнөөдөр тэрбээр эхлээд баахан хожигдсон боловч сүүлдэж ирээд бага багаар эргүүлж авснаар алдсанаа нөхөөд яваандаа овоо олсон тул баяртай байгаа ажээ. Жя Жэнь: “Жаахан завсарлаж юм идэж уугаад үргэлжлүүлье” гэснээ Шюэ Паниас: “Тэр хоёр газрын тоглоом ямар байна” гэж асуув. Тэгтэл нүх уралдуулж байсан хүмүүс орж ирсэн тул Жя Жэнь тэдэнтэй сууж хоол иднэ. Шюэ Пань их баяртай нэг зарц хөвгүүнийг тэврэн: “Архи уу” гэснээ, тэнэг нагацад архи барь гэнэ. Тэр “Тэнэг нагац” хожигдсон бололтой тун царай муутай харагдана. Хоёр хундага уугаад согтох янзтай болоод хань болж архи уух зарц хөвгүүнд, хожсоныг нь тоогоод хожигдсоныг тоохгүй байна гээд,

-Та нар муусайн бэлтрэгнүүд хар санаатай, өдөржин цуг байгаад та нар хэний сайныг хүртсэнгүй вэ. Өнөөдөр хэдэн лан алдсан хүнийг алаг үзэж байна. Үүнээс хойш та нар надаас гуйхгүй биз гэв. Бүгдээр түүний их халсныг хараад, адилхан хожигдогсод түрүүлж ам нээн: “Нагац даяагийн уурлах зөв. Энэ муусайн гөлөгнүүд цөмөөрөө ийм зантай” гээд хөхөрч, нагац даяад архи бариач гэнэ.

Энэ хоёр зарц хүүхэд бол хүнийг аргадахад сайн тул яаран сөгдөж архи бариад тэнэг нагацын өвдгийг тэврэн: “Эрхэм та бидний хоёр бяцхан хөвгүүнийг өрөвдөж, битгий уурла. Манай багш бидэнд, хол ойр, хүнд хөнгөнийг ялгалгүй, тэр үед хэн зоостой бол түүнийг хүндэтгэн зочил гэж сургасан юмаа. Эрхэм та итгэхгүй байгаа бол мөд ихээхэн мөнгө тавиад хөгжих юм бол бид хоёрын яаж байхыг харна” гэсэнд бүгдээр хөхрөлдөв. Тэнэг нагац ч хөхөрч хундагатай архийг тосон аваад: “Би та хоёрын хөөрхөн сайхан аашилдгийг харахгүй бол энэ хөлөөрөө тархийг чинь хага өшиглөнө” гээд хөлөө өргөсөнд хоёр хүүхэд босож ирээд улам эрхлэн наалдаж, цацмал хуартай алчуураар түүний гарыг дараад хундагатай архийг аманд нь барив. Цаадах нь ха, ха гээд архийг хөнтөрч хоёр хүүгийн хацрыг зөөлхөн чимхээд, ширээ алгадан: “Тэр өдөр би, авга бэргэнтэй чинь муудсаныг чи мэдсэн үү” гэж Жя Жэнийгээс асуусанд: “сонсоогүй ээ” гэв. Тэнэг нагац санаа алдаад:

-Мөн энэ зоосны учирт шүү. Мэргэн зээ минь, чи манай Шин овогтны гэрийн хэргийг мэдэхгүй. Манай Лао Тайтайг нас нөгчих үед би нас бага, ертөнцийн явдлыг мэдэхгүй байжээ. Тэдний эгч дүү гурвын дотроос авга бэргэн чинь эзэн мэдэж байсан гэнэ. Тэрбээр айлд очихдоо хамаг хөрөнгөө авчирсан бөгөөд одоо хоёрдугаар бага эхнэр чинь мөн айлд очиход, гэр нь маш ядуу байлаа. Гутгаар эхнэр чинь бас гэртээ байсаар… Алив зардлыг цөм эндэхийн дагуул инж Ван Шаньбао эхнэр эзэн мэдэж байна. Би ирж хэдэн зоос авч заравч энэ хоёр ордны хөрөнгөнөөс авдаггүй. Манай Шин овогтны гэрийн хөрөнгө наддаа хүрэлцээтэй. Гэвч арга буюу гартаа оруулж чадахгүй үед та нар намайг мөнгөгүй гэж муугаар үзнэ… гэсэнд Жя Жэнь түүний согтсоныг мэдээд: “Гаднын хүн сонсвол эвгүй” гээд хориглон зогсоов.

Энэ бүхнийг Ёу хатан нар тов тодорхой олж сонсоод, Ин Де нарын зүг сэмхэн инээж:

-Чи сонссон биз. Энэ бол хойт хүрээний их Тайтайгийн дүү нь түүнд гомдлоо тоочиж байгаа нь энэ. Төрсөн дүү нь хүртэл ийм тул эд ч мөн аргагүй болой гээд цааш нь сонсож байтал шоо хаяж байсан хүмүүс тоглоомоо зогсоогоод архи авна гэцгээв. Нэг хүн: “Сая нагац даяаг хэн уурлуулав? Бид тодорхой сонссонгүй. Бидэнд хэлж өгвөл ялган хэлэлцье” гэсэнд Шин Дө чюань, даруй архи барих хоёр хүүхдийн үл ойшоосныг хэлээд: “Үнэхээр жигшилтэй. Нагац даяа уурлалгүй яахав” гээд, би чамаас асууя. Нагац даеэ хэдэн зоос алдсан төдий л юм. Ямар бөлдгөө алдчихсан биш. Та нар яагаад ойшоогоогүй юм бэ гэсэнд бүгдээр хөхрөлдөв. Шин Дөчюань, амандах будаагаа тургиад “Чам муугийн амнаас хэзээ ямагт бузар ажир үг тасрахгүй юмаа” гэв.

Түүний энэ үгийг сонсуут Ёу хатан хий нулимаад:

-Та нар сонсоо биз? Энэ ичгүүр сонжуургүй малуудыг… Одоо тэр хар шээсээ залгилахаараа яаж унгас алдах болдоо… гэсээр гэртээ орж хувцас хунараа тайлж, засал зүүсгэлээ аваад унтахаар хэвтэв.

Шөнийн дөрвөн жингийн үеэр сая тоглоомчид тарцгааж Жя Жэнь, Пэй Фөнгийн гэр рүү явав. Өглөө боссон хойно нь хүн ирж: “Тарвас, еэвэн цөм бэлэн болжээ. Хувааж түгээх болов уу” гэсэнд Жя Жэнь, Пэй Фөнд: “Чи найнайтайгаа зөвлөөд хүргүүлчих. Надад өөр ажил байна” гэв. Түүний хэлснээр Пэй Фөн, нөгөө юмсыг хүлээн аваад Ёу хатанд очиж, хувааж хүргүүлжээ. Удалгүй Пэй Фөн буцаж ирээд:

-Найнайг өнөөдөр гадагш гарах уу гэж Жя Жэнь асууж байна. Гэрт бэлэвсрэлтэй байгаа болохоор арван тавны баярыг хийж болохгүй. Өнөөдөр тэнгэр сайхан тул бүгдээрээ сар харъя гэж байна гэсэнд Ёу хатан:

-Би гадагш гарах дургүй л байна. Тэртээ хүрээний Жу да найнаа өвчтэй, Лянь Эр найнай бас хэвтэж буй. Би очихгүй бол тэднийг эргэх хүнгүй байна гэсэнд цаадах нь:

-Таныг хэрэв гадагш гарвал эртхэн ирээрэй. Намайг цуг явбал яв гэсээн гэв. Ёу хатан: “Тэгвэл хоолоо хурдан идье” гэсэнд Пэй Фөн:

-Жэнь өглөөний хоолоо гадна иднэ гэсээн. Найнай та ганцаараа хоолло гэсэнд Ёу хатан:

-Өнөөдөр түүнтэй гадна хоол идэх хэн байна вэ гэж асуусанд цаадах нь:

-Нанжингаас хоёр хүн ирсэн гэж сонссон. Хэн болохыг мэдэхгүй… гээд тэд гадагш гарахаа бодов.

Өнөөдөр Жя Жэнь нэг гахай чанаж, нэг хонь шараад нэг ширээ жимс зууш тэргүүтнийг бэлтгэж Хуй Фан Юань хүрээлэнгийн Цун Люй тан танхимд эхнэр, татвар нартайгаа оройн хоол идээд, архи зууш өрж сарыг бахархан санааны тааваар цэнгэв. Үдэш жавар сэнгэнэн тэргэл саран мэлтийж, тэнгэрийн оёдол бүрэлзэнэ. Жя Жэнь даруй Пэй Фөн зэргийн дөрвөн хүнийг доор захын суудалд зэрэгцүүлэн суулгаж, архины дүрэм явуулж, хуруу таалцан наадав. Нилээд уусны дараа Жя Жөний архины хэмжээ болж сэтгэл нь хөгжин, даруй бор хулсан шоо авчруулаад Пэй Фөнгээр үлээлгэж, Вэнь Хуагаар дуулуулсанд цээлхэн хоолой яруу үг нь үнэхээр хүний сэтгэлийг хөдөлгөн сүнсийг завхруулах мэт болов. Түүнийг дуулсны дараа бас дүрэм явуулав. Шөнийн гурван жингийн үеэр Жя Жэнь нилээд согтоод, хүмүүс хувцсаа зузаалан цай ууж байтал гэнэт тэртээх хэрмийн ёроолд нэгэн хүн уртаар шүүрс алдах чимээ гарав. Бүгд сонссон болохоор цочиж оройны нь үс босов. Жя Жэнь чанга дуугаар: “Тэнд хэн байна вэ” гэж зандран асуусан боловч хариу хэлсэнгүй. Ёу хатан: “Хэрмийн гаднах айлын хүн байлгүй” гэсэнд Жя Жэнь: “Бишээ, энэ хэрмийн дөрвөн талд хүнтэй айл байхгүй. Тэртээ талд сүм залгаж байгаа болохоор хүн яаж байхав” гэв.

Энэ үед хэсэг салхи сүнгэнэн гарсанд сүмийн доторх халхавч үүд нээгдэх мэт сонсогдож сэрүүн салхи үес үес үлээж жихүүн болов. Сарыг харвал, өнгө нь будангуйрч анхных шигээ тунгалаг биш болоод хуйхны үс босох мэт болжээ. Жя Жэнь айсандаа архи нь бараг гарч сэргээд тогтуун байх мэт харагдавч дотор айдас хургаж урам хугарав. Тэгсгээд гэр рүүгээ явав.

Маргааш нь арван тавны өдөр болсонд Жя Жэнь өглөө босоод хүүхэд ач зээ нараа дагуулан сүмд очиж, даатгуулах мөргөл хийв. Сүмийн дотор байдлыг ажиглавал урьдын хэвээр байсанд Жя Жэнь өчигдөр согтсон үед сонин юм бодогдсон байх гэж бодоод тэр бүхнийг мартаж, сүмийн хаалгыг дарж чагтлав. Жя Жэнь оройн хоолны дараа Рун Гуофүд очвол, Жя Жөн, Жя Шө цөмөөрөө л Жя Мүгийнд элдвийг ярьж инээж хөхрөлдөж байв. Жя Лянь, Бао Юй, Жя Хуань, Жя Лань нар зогсож байна. Жя Жэнь хүрч бүгдтэй мэндлэн, амар асуугаад үүдний хажуугийн буланд суув. Жя Мү инээн:

-Энэ өдрийн Бао дүүгийн харвалт ямар зэрэг болж байна даа гэж асуусанд Жя Жэнь босож:

-Их ахиж байна. Янз байдал засарч, чадал нь ч нэмэгдэж байна гэв. Жя Мү:

-Болж байна. Гэхдээ хэтэрхий хүчийг шавхвал гэмтэнэ шүү гэсэнд Жя Жэнь: “Анхааръя, анхааръя” гэв. Жя Мү:

-Чиний өчигдрийн явуулсан еэвэн сайхан. Тарвас нь харахад сайхан боловч идэхэд барагтай гэсэнд Жя Жэнь:

-Еэвэнг шинэ ирсэн тогооч хийсэн юм. Амсаад их сайхан байсан учраас аймшиггүйгээр элбэрлийг гүйцэтгэн танд барьсан юмаа. Тарвасын хувьд бол ноднин гайгүй л байсан юм. Энэ жил муудсаныг нь мэдээгүй гэв. Тэндээс Жя Жөн: “Энэ жилийн хур бороо ихээс болсон байхаа” гэсэнд Жя Мү инээж:

-Одоо сар гарсан тул очиж хүж баръя гээд Бао Юйгийн мөрийг түшин босоод хүмүүсийг дагуулан хүрээлэнд очив. Энэ үед хүрээлэнгийн гол үүдийг цэлийтэл нээж дэнлүү өлгөөд Жя Ин Тан Танхимын тайзан дээр багц хүж, гэрэлт лав асааж, гуа, жимс, еэвэн тэргүүтнийг дэлгэн өрөөд Шин Фүрэнь нар хэдийн ирээд хүлээж байв. Өнгөт дэн, тунгалаг саран, хүмүүсийн цуглаан, хүжсийн үнэр, өнгө ялгаран үнэр ханхлах нь үнэхээр хэлэх аргагүй. Газарт улаан эсгий магнаг дэвсгэр дэвсчээ. Жя Мүг гараа угаан хүж шатааж мөргөж барьсны дараа бүгдээр мөргөв. Жя Мү:

-Сарыг уулан дээрээс үзвэл, нэн сайхан болой гээд даруй хиймэл уулын дээрх Да Хуань Тинд очъё гэв. Бүгдээр яаран тийш очиж цай ууж энэ тэрийг ярьж сууцгаав. Энэ үед хүн ирж: “Цөмийг бэлтгэж дуусав” гэсэнд Жя Мү хүнээр түшүүлэн уулан дээр гарав. Ван Фүрэнь нар:

-Хадны хөвдөнд хальтарч мэднэ. Хулсан исэрт сууж харах уу гэсэнд Жя Мү:

-Өдөр бүр цэвэрлэн шүүрдэхээс гадна бас өргөн тэгш замтай юм чинь хөлөөрөө яваад яс шөрмөснийхээ чилээг гаргая л даа гэв. Тэгтэл Жя Жөн, Жя Шө нар өмнө нь гарч түрүүлэн явсанд хоёр эмгэн дэнлүү өргөн, Юань Ян, ХуПо Ёу хатан нар Жя Мүг түшээд Шин Фүрэнь нар араас нь дагаж, доороос муруй саруй замаар зуугаад алхам явсангүй уулын орой дээр гараад ирвэл, уудам танхим угтав. Түүнийг “Номин оргилын уулан тусах” гэж нэрэлдэг аж. Танхимын өмнөх тэгшхэн тайзан дээр ширээ сандал зэрэгцүүлж тавиад их халхавчаар хоёр тасалгаа болгон хуваажээ. Цөм дүгрэг хэлбэртэй ширээ сандлыг сонгож, гэр хотлоороо бүрэлдэн цугласан санааг илэрхийлсэн ажээ. Дээд талд, голд Жя Мү сууж, зүүн талд нь Жя Шө, Жя Жэнь, Жя Лянь, Жя Рун, баруун талд Жя Жөн, Бао Юй, Жя Хуань, Жя Лань нар тойрон сууж хагас ширээг эзэлсэнд цаана нь бас ширээ харагдана. Жя Мү инээж:

-Анхандаа, хүн цөөн гэж санагдахгүй байсан юм. Өнөөдөр харж байвал манай хүн цөөрчихэж. Урьдын үеийн амьдралыг бодвол энэ үдэш хөвгүүд охид гуч дөчин хүн цуглаж их л наргиантай баймаарсан. Тэгтэл өнөөдөр яагаад өдий чинээхэн хүн байна. Одоо охидыг дуудаад тэр талд суулгатугай гэсэнд, хүн явж тэднийг дуудсанд Ин Чүнь, Тань Чүнь, Си Чүнь гурав хүрч ирээд Шин Фүрэнь нарын ширээнд суув. Жя Лянь, Бао Юй хоёр суудлаас босож, тэдгээр эгч дүүсийг суулгасны дараа доод талд нь очиж суув. Жя Мү нэг мөчир гавир цэцэг авчруулж, нэг эхнэрээр халхавчийн араас хэнгэрэг дэлдүүлж, цэцгийг уламжлан, цэцэг хэний гарт ортол хэнгэрэг зогсвол тэр даруй нэг хундага архи ууж нэг инээдэмтэй шог хэлэхээр торгоно гэв.

Тэр даруй Жя Мүгаас эхлэн Жя Шөгээр дамжаад нэг нэгээр уламжилсаар хэнгэргийн дуу хоёр дуугарч яг Жя Жөнгийн гарт цэцэг ортол зогссон тул архийг уув. Эгч дүү охид сэмхэн бие биенээ татаж инээд алдан ямар шог үг хэлэхийг нь хүлээсэн янзтай сууна. Жя Жөн, Жя Мүгийн баярлаж байхыг хараад баясна. Ярих гэтэл нь Жя Мү инээж: “Инээд хүргэхгүй юм хэлбэл дахиж торгоно шүү” гэсэнд цаадах нь инээж:

-Арга буюу нэг юм хэлье. Инээлгэхгүй бол торгуулахаас яахав гэв. Жя Мү: “Түргэн хэл” гэсэнд Жя Жөн:

-Урьд нэг айлд, эмээсээ их айдаг нэг хүн байжээ… гэтэл цаадуул нь инээд алдав. Жя Жөнг инээдтэй юм ярьж байхыг угаасаа үзээгүй учраас ийн инээд алдсан ажээ. Жя Мү: “Энэ их сонин юм байгаа байхаа” гэсэнд Жя Жөн: “Сайхан болбол Лао тайтай урьдаар илүү нэг хундага уучихаа” гэв. Жя Мү инээн: “Болно” гэсэнд Жя Шө яаран нэг хундага барьтал, Жя Жөн хувин өргөөд хундага дүүргэчихэв. Жя Шө уг ёсоор Жя Жөнд гардуулж өгөөд гараа унжуулан зогсов. Жя Жөн дээш өргөөд Жя Мүгийн өмнө аяархан тавьтал аваад уучихав. Жя Жөн сая залгаад ярив.

-Энэ эмээсээ айдаг хүн, эхнэрийнхээ зааснаас илүү ганц алхам ч илүү гишгэдэггүй гэнэ. Яг найман сарын арван тавны өдөр, юм худалдаж авахаар зах дээр очоод хэдэн танилтайгаа уулзжээ. Тэд нар гэртээ аваачих гээд байхаар нь яаж ч бололгүй дагаад очсон гэнэ. Тэд түүнийг гэртээ оруулаад архи уулгасанд өнөөх чинь согтоод унтаад өгчээ. Маргааш сэрээд гэмшивч оройтсон тул арга буюу гэртээ хариад буруугаа хүлээж гэнэ. Энэ үед эм нь хөлөө угааж байсан тул: “Миний энэ хөлийг долоовол чамайг ялаас хэлтрүүлье” гэсэнд нөхөр нь арга буюу хөлийг нь долоосон гэнэ. Тэгтэл ой нь гутан огижээ. Эм нь хилэгнэн занчъя гэж бодоод: “Чи яагаад ингэж дуулгаваргүй аашилж байна вэ” гэж асуусанд эрийн нь сүнс зайлах шахан сөгдөж: “Энэ бол найнайгийн хөлийн бохироос болсон юм бишээ. Урьд шөнө дарс их ууж, еэвэнгийн доторхийг идсэнээс өнөөдөр шар хөөрчээ гэж гэнэ” гэв.

Жя Мүгаас эхлээд бүгдээр хөхрөлдөв. Жя Жөн, нэг хундага дүүргээд Жя Мүд барив. Жя Мү инээж: “За тийм бол хурдхан архи авчруулж, гэргийтэй улс шараа тайлцгаа” гэсэнд бас л хөхрөлдөв. Харин Жя Лянь, Бао Юй хоёр л чанга хөхөрч чадсангүй. Дахиад хэнгэрэг дэлдсэнд, Жя Жөнг өнгөрөөд Бао Юйг хүрмэгц зогсчихов. Эцгийгээ хараад хэдийнээс сэтгэл түгшин байтал, гарын дор цэцэг иртэл хэнгэрэг зогссон тул дотроо: “Шог юм хэлэхгүй бол хэл амаар ядуу гэнэ. Сайхан хэлэхээр ном бичгээ эрхэмлэхгүй, дэмий юмаар оролдож байна гээд бүр буруутгана. Хэлэхгүй байвал бас буруу болно” гэсэн шиг бодоод суудлаасаа босон “Би шог юм хэлж чадахгүй учир өөр юмаар орлуулъя” гэв. Тэгтэл Жя Жөн: – тийм бол “Намар” гэдэг үгээр холболт хийж үзэмжид нийцүүлэн шүлэг зохио. Сайхан зохиовол шагнана. Муухай бол маргааш мэдсүгэй гэв. Жя Мү:

-Зүв зүгээр архины дүрэм явуулж байснаа бас яагаад шүлэг зохиолгох болов гэсэнд Жя Жөн инээмсэглэж: “Энэ чадна” гэв. Жя Мү:

-За тийм юм бол яахав, цаас бэх авчруул. Тэгээд зохио гэв. Жя Жөн: “Ус, мөс, болор, хаш, өнгө, гэрэл, туяа, өнгө мэтийн сайхан үг цуглуулж болохгүй. Утга санааг нь тодорхой бич. Энэ хэдэн жилийн сэтгэл санааг чинь мэдье” гэв.

Энэ үг санаанд нь тохирсон тул Бао Юй даруй дөрвөн мөр бодож олоод цаасан дээр бичээд Жя Жөнд барив. Цаадах нь жаахан хараад толгой дохив. Жя Мү байдлыг нь хараад муухай болоогүй бололтой гэж бодоод: “Ямар зэрэг байна” гэж асуусанд Жя Жөн, эхийгээ баярлуулъя гэж бодоод:

-Чадлынхаа хэрээр чармайсан байна. Ном бичиг унших дургүй болохоор үг бадагт нь ур дутаж байна гэсэнд Жя Мү:

-Тийм бол сайн. Хөхиүлэн шагнавал урам хөгжөөд цаашдаа улам л сайн болно шүү дээ гэснийг Жя Жөн зөвшөөрч “Тийм болно” гээд гэдрэг эргэж нэг эмгэнд “Бяцхан зарц нараас явуулаад миний Хайнаниас авчирсан шансангаас хоёрыг авчруулаад Бао Юйд өг” гэв. Бао Юй мөргөөд суудалдаа сууж, архины дүрэм явуулав. Энэ хэр Жя Лань, Бао Юйд шагнасан юмыг үзээд суудлаас босож, шүлэг зохиосноо Жя Жөнд өргөн барьсанд, түүнийг баярлан сайшааж, ээждээ үзүүлэн сонсгосонд машид баярлан “Хөхиүлэн шагнатугай” гэж Жя Мүд хэлэв.

Хүмүүс суудалдаа түр амсхийгээд суусны дараа дүрмээ явуулж эхлэв. Энэ удаад цэцэг Жя Шөгийн гар дээр очиход хэнгэрэг зогсов. Архиа уугаад инээд шогоо хэльеэ гээд

-Урьд нэг айлд хамгийн элбэрэлтэй нэг хөвгүүн байжээ. Эх нь өвдсөн учир эмч залах гэсэн, олдсонгүй. Тэгээд зүү тавьж, төөнөдөг нэг эмгэн залж ирэв. Эмгэн судас барьдаггүй тул зүрхний халуун байна. Зүү тавихаар зүгээр болно гэжээ. Хүү сандарч: “Зүрхэнд төмөр хүрвэл үхэлгүй яахав. Хатгаж болохгүй” гэж гэнэ. Эмгэн: “Зүрхийг хатгахгүй. Хавиргыг нь хатгана” гэсэнд хүү “Хавирга зүрхнээсээ хол байдаг юм чинь, яаж тус болох вэ” гэв. Эмгэн: “Хамаагүй. Энэ ертөнцөд зүрх нь хэлбийх эцэг эх аль олон байхыг чи мэдэхгүй” гэж гэнээ гэв. Хүмүүс хөхрөлдөв. Жя Мү бас хагас хундага архи ууснаа, намайг бас энэ эмгэнээр нэг хатгуулбал сайн болно гэсэнд Жя Шө сонсоод, өөрийн яриа эвгүй болсон тул Жя Мү сэжиглэснийг мэдэж, яаран босож түүнд архи өгөөд өөр үгээр тайлж хэлэв. Дараачийн цэцэг Жя Хуаний гарт очив. Ойроос энэ хүүгийн бичиг овоо сайжирснаас гадна бас гадна хэрэгт дуртай болжээ. Сая Бао Юй шүлэг зохиож магтуулсныг хараад атаархан загатнах боловч Жя Жөн байгаа болохоор аймшиггүйгээр би зохионо гэсэнгүй. Нэгэнт цэцэг ирээд зогссон болохоор, цаас бийр авчруулан зогсож байгаад шүлэг бичээд Жя Жөнд барив. Эцэг нь үзээд сонирхон гайхна. Гагцхүү, үг бадгийн дунд нэгэнт бичиг ном үзэх дургүй санааг агуулсан тул даруй гонсойж “Ах дүү нь үүгээр мэдэгдэнэ. Үг санаанд нь эгнэгт гажуу бас мэдэгдэнэ. Эртний хүмүүс “Хоёр бэрх” байна гэдэг байжээ. Та хоёрыг мөн “Хоёр бэрх” гэж болно. Ганц аль нэгэн “бэрх нь биш, харин “сургахад бэрх” гэхийн “бэрхийг” үсгээр тайлбал зохино. Ах нь биеэ Вэнь Фэйчин болготол, одоо дүү нь бас биеэ Цао Тан дахин мэндэлсэн болгоно” гэсэнд хөхрөлдөв. Жя Шө “Алив би шүлгийг чинь үзье” гээд авснаа,

-Энэ шүлэг маш их чадал хүчтэй болжээ гэж бодогдлоо. Бодвол манай мэтийн айлд цасны гэгээ хорхойн гэрэлд хичээх хэрэггүй. Бичиг баахан уншиж, өөрөө хүнээс илүү гарч түшмэл болж чадахад хүрвэл зэрэг жинсээ алдахгүй болно. Юунд илүү хүчийг сүйтгэж бичгийн тэнэг болгоно вэ. Тийм учраас би энэ шүлгийг манай сурвалжит айлын цог сүлдийг алдсангүй гэж бахархана гээд хойш эргэж, хүн явуулан гэртээ байгаа тоглоомын зүйлээс авчруулан Жя Хуанийг шагнаад толгойг нь илэв. Тэгээд “Цаашид чи ийнхүү зохиогтүн. Энэ үе улирах зэргийг лавтайяа чи ийнхүү зохиогтүн. Энэ үе улирах зэргийг лавтайяа чи залгамжилна” гэв. Жя Жөн сонсоод яаран хориглож,

-Наадах чинь санааны зоргоор чалчсан төдий юмаа. Юуны бас хожмын хэрэгт хобогдоход хүрнэ вэ гээд даруй хундага дүүргээд дүрмээ явуулав. Жя Мү:

-Та нар явтугай. Гадаа лав Шян гун хүлээж байна. Тэднийг мартаж болохгүй. Орой ч боллоо. Та нарыг явахаар охидууд жаахан цэнгэлдээд унтаг… гэсэнд Жя Жөн босож дүрмийг зогсоогоод бүгд нэг нэг хундага хундага тогтоосноо, хөвгүүд ач нарыг дагуулан гарав. Цаашид юу болсныг мэдсүгэй гэвэл дараах бүлгийг үзэгтүн!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж