Хаврын башё маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.10-нд нийтлэгдсэн

Хаврын башё маргааш эхэлнэ

Хаврын башё маргааш эхэлнэ

Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн маргааш (2018.03.11) Осака хотод эхэлнэ.

Бөхчүүд эдгээр өдрүүдэд Осака хотод бэлтгэлээ базааж байна. Энэ башёг ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Кисэносато нар өнжихөөр болсон. Их аварга Хакүхо нэгдүгээр сарын тэмцээнийг бэртлийн улмаас өнжсөн бөгөөд анх удаагаа хоёр башё дараалан өнжиж байна. Ёкозүна Кисэносато мөн энэ сарын тэмцээнд бэртлийн улмаас барилдахгүй болсон гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Мэргэжлийн сүмогийн 72 дахь ёкозүна Кисэносато аварга болсноосоо хойш зургаан башё дараалан тэмцээнээс гарлаа. Тэрбээр 2017 оны нэгдүгээр сарын башёд түрүүлж, ёкозүна цолд хүрснээс хойш өнөөг хүртэл нэг л башёд бүтэн барилдсан юм.

Ийнхүү хоёр аварга башёд барилдахгүй болсон ч ёкозүна Какүрюү М.Ананд, озэки Гоэйдо, Такаясү нарын өндөр цолтой бөхчүүд барилдана.

Манай бөхчүүдээс дээд зиндаанд Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн, Чиёошома Г.Мөнхсайхан нар барилдах юм.

Өнгөрөгч нэгдүгээр сарын башёд 10 даваа авсан Ичиножёо А.Ичинноров комүсүби цолтой барилдаж байгаа бол тавин хувийн амжилтаа үзүүлж чадаагүй Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашира 1-с барилдана.

Жюүрёод Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Таканоива А.Баасандорж, Кёкүшихо Т.Эрдэнэбаатар, Азүмарюү С.Тодбилэг, Сэро А.Өнөболд, Даишохо Ч.Шижирбаяр, Миторюү Б.Төрболд, Таканова А.Баасандорж нарын бөхчүүд бий. 

Японы мэргэжлийн сүмод барилдаж буй монгол сүмоч Таканоива А.Баасандорж  мөн хаврын башёд зодоглохоор бэлтгэлдээ оржээ. Тэрбээр өнгөрсөн пүрэв гаригт /2018.03.01/ Киотод болсон нэгдсэн бэлтгэлд оролцжээ.

Таканоива өнгөрсөн намар ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржид зодуулж, хүнд бэртэл авсан гэх шалтгаанаар арваннэгдүгээр сарын кюүшю башё, нэгдүгээр сарын хацү башёг өнжсөн юм. Сүмогийн 70 дахь ёкозүнаг зодог тайлахад хүргэсэн дуулианаас хойш анх удаа тэрбээр олон нийтийн өмнө харагджээ. Гэвч, түүнийг  ирэх башёд барилдуулах  эсэх нь эцэслэн шийдэгдээгүй ч гэмтэл нь бүрэн илааршиж, биеийн байдал сайжирсан, сүмогийн дохёд эргэн гарах өөдрөг хүсэл тэмүүлэлтэй байгаагаа сэтгүүлчдэд хэлсэн байна.

Осака хотод болох хаврын башё гуравдугаар сарын 11-25-ны өдрүүдэд болно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж