Бидэнтэй хамт байдаг бахархам эмэгтэйчүүддээ баярлалаа

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Бидэнтэй хамт байдаг бахархам эмэгтэйчүүддээ баярлалаа

Бидэнтэй хамт байдаг бахархам эмэгтэйчүүддээ баярлалаа

Анх Нью-Йорк хотноо 1857 оны 3-р сарын 8-ны өдөр нэхмэлийн үйлдвэрийн ажилтан эмэгтэйчүүд цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцөлөө сайжруулахыг шаардаж жагсаал цуглаан зохион байгуулж эхэлснээр Мартын 8-ны түүх эхлэлтэй юм.     

Харин 1911 оноос эхлэн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тунхаглаж, Европын хэд хэдэн оронд тэмдэглэж эхэлсэн бөгөөд өнөөдөр Польш, Болгар, Итали, БНХАУ, Югослав, Румын, Молдав, Литва, Тажикистан, Киргиз, Казахстан, Абхази, Гүрж, Монгол зэрэг орнуудад тэмдэглэдэг болжээ.

Дэлхийн болоод Монголын түүхнээ эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийн маань байгуулсан гавьяа, баатарлаг үйлс, бахархалт түүхүүд арвин их билээ. Эх орон, эв нэгдэл, тусгаар тогтнол, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулж, бүсгүй хүний хатан ухаанаар амьдралын хатууг зөөллөж, алдаа оноог тэнцүүлж үүрдэг бүсгүйчүүдээрээ бид бахархам эмэгтэй харилцагчдаасаа дөрвөн бүсгүйг төлөөлөл болгон сонгож, чин сэтгэлийн талархал хүргэж, хүндэтгэн мэндчиллээ.

А.Мөнххишиг /Heels and Ties Ballroom, Салбар хариуцсан менежер/

Нийгэмдээ үлгэр дууриалал болж буй залуу үеийн төлөөлөл А. Мөнххишигийг бид онцоллоо. Дуган хад жуулчны баазын шинэ салбар болох Heels and Ties Ballroom-ын салбар хариуцсан менежерээр ажилладаг тэрбээр Heels and Ties Ballroom-ийн үйл ажиллагаагаа 2014 оноос эхлүүлж, амжилттай удирдаж байна. 

Хүсэл тэмүүлэл, алс хэтийн зорилгоо тодорхойлон түүнийхээ төлөө тууштай ажиллаж буй таны бизнес улам бүр өргөжин тэлж, амжилт дагуулна гэдэгт итгэлтэй байна.  

Д.Мөнхцэцэг /ХСҮТ, Их эмч/

Хавдар Судлалын Үндэсний Төвийн Толгой хүзүүний мэс заслын тасгийн их эмч, Анагаах ухааны магистр, эрүүл мэндийн салбарын эмэгтэйчүүдийн төлөөлөл. Салбартаа 25 жилийн турш тасралтгүй ажиллаж, мянга мянга иргэдэд эрүүл энх амьдрал бэлэглэсэн эрхэм танаар  бид бахархаж байна.   

ХААН Банк Сан, МҮОНРТ-тэй хамтран 7 жилийн турш тасралтгүй хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-д зургаан жилийн турш оролцож, хавдар хэмээх аюулт өвчний эсрэг хамтдаа тэмцсэн танд баярлалаа. 

Т. Энхцэцэг /Одонтой ээж/

Монголын минь эрхэмсэг хүндтэй ээж нарын төлөөлөл, одонтой ээж. Нөхөр, дөрвөн охины хамт амьдардаг тэрбээр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх, хань нөхрөө халамжлахын дээр албан ажлаа ч амжуулж яваа мундаг бүсгүй.

Дөрвөн охиныхоо сурч боловсроход анхаарахын зэрэгцээ авьяас чадварыг нь давхар хөгжүүлж, ирээдүйд эх орондоо нэртэй, мундаг хүмүүс болгохын төлөө зүтгэж буй танд болон таны гэр бүлд хамгийн сайхан бүхнийг хүсье.

М.Уранцэцэг/ Жүдо бөхийн анхны эмэгтэй дэлхийн аварга, ОУХМ, МУГТ/

Эх орныхоо нэрийг дэлхийн дайдад өргөж, биднийг бахархуулж, омогшуулж чадсан арвин түүхийн эзэн МУГТ М.Уранцэцэгийг бид онцлон баяр хүргэж, гэнэтийн бэлэг барьлаа. Тив дэлхийн дэвжээнд таны гаргасан амжилт, түүний төлөө эцэж цуцашгүй хийх бэлтгэл, хөлс хөдөлмөр бүхэн тань бидний бахархал байдаг.

Дэлхийд цуутай тамирчин, эх орны бахархалт хүмүүн, уярал зөөлөн бүсгүй танд аз жаргал хүсье.

Бидний хүргэсэн мэндчилгээг халуун сэтгэлээр хүлээн авч, талархлын үгсээ харамгүй хуваалцсан бүсгүйчүүддээ баярлалаа.  ХААН Банктай хамтдаа байдаг бахархалт бүсгүйчүүд, эрхэмсэг эмэгтэйчүүд та бүхэндээ хамгийн сайхан бүгдийг хүсье. 

ХААН Банкнаас бахархам эмэгтэйчүүддээ хүргэсэн чин сэтгэлийн мэндчилгээг толилуулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж