Томчуудын буруутай үйлдлээс болж хүүхдүүд галд их өртдөг

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Томчуудын буруутай үйлдлээс болж хүүхдүүд галд их өртдөг

Томчуудын буруутай үйлдлээс болж хүүхдүүд галд их өртдөг

Нийслэлийн онцгой байдлын газраас гал унтраах тактикийн сургуулилтыг өнөөдөр /2018.03.09/ зохион байгууллаа. Гал унтраах, түймэртэй тэмцэх хэлтэст тоног төхөөрөмжийн хангамж хүрэлцээтэй эсэх талаар Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа Б.Мөнхсайханаас тодрууллаа.


-Сүүлийн жилүүдэд нийслэл хотод 20 ба түүнээс дээш давхар барилга баригдах болсон. Өндөр барилгад гал түймэр гарсан тохиолдолд онцгой байдлын алба галыг унтраах тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангалттай байж чаддаг уу?

-Онцгой байдлын албаны техник хэрэгсэл хэдий сайжирч байгаа ч өндөр барилгад гарсан галыг унтраах механик шат хүрэлцээ муутай. Дотор байнгын шат болон дотуур шугам хоолой, усан хангамж ашиглан унтраах багаж хэрэгсэл бол хангалттай. Нийслэлд өдөр ирэх тусам өндөр барилгууд сүндэрлэж байна. 12-20 давхар хүртэл яригдах болсон. Нийслэлийн Онцгой байдлын газрын хэмжээнд нийт дөрвөн шат байдаг. Тус шат нь 9-12 давхарт хүрэх боломжтой. 

-Тэгвэл 12 давхраас дээш гал гарсан тохиолдолд яаж унтраах вэ?

-Энэ асуудал дээр байнга дадлага сургуулилт явуулж байгаа. Мөн Авто механик шат, лапитны өндөр хүчин чадалтай хошуугаар дээш нь бууддаг. Тухайн объектын усан хангамжаар, байнгын шатаар нь дээш хоолой гулсуулах зэргээр ажилладаг. Сүүлийн үед баригдаж буй барилгууд дээр пасад шатах дуудлага сүүлийн хоёр гурван жил их гарсан. Пасад шатсаны гол шалтгаан нь өөрсдийн санамсаргүй байдал, аюулгүйн байдлаа хянаагүйгээс болж гардаг. Тодруулбал, тамхиа дутуу унтраах, ил гал гаргаснаас болж гадна хөөс нь шатдаг.

-Он гарснаас хойш гал түймрийн улсаас амь насаа алдсан тохиолдол хэд байна вэ?

-Он гарсаар өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж том хүн болон хүүхэд нийлсэн 10 гаруй хүн амь эрстсэн. Энэ нь эцэг эх нь байхгүй үед гэр хороололд, байшиндаа, шөнийн цагаар их гардаг. Ихэвчлэн томчуудын буруутай үйлдлээс болж хүүхдүүд их өртдөг.

Дашрамд, Нийслэлийн онцгой байдлын газар нь сүүлийн үед өндөр барилга баригдаж буйтай холбогдуулан энэ хэмжээнд хүрч ажиллаж чадах техник, хэрэгслийг жилээс жилд сайжруулаад явахыг хүсэж байна. Мөн нисэх онгоцтой болох хүсэл биеллээ олох гээд байна. Зайлшгүй хэрэгтэй зүйл бол нисэх онгоц юм. Ингэснээр хөдөө, ой хээрийн түймрийг түргэн шуурхай унтраах боломжтой болох гэнэ.

С.Баасандулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж