Хатгалгааны эсрэг вакцин хийлгэвэл 10-15 жилийн дархлаа тогтоно

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Хатгалгааны эсрэг вакцин хийлгэвэл 10-15 жилийн дархлаа тогтоно

Хатгалгааны эсрэг вакцин хийлгэвэл 10-15 жилийн дархлаа тогтоно

 

Нийслэлийн бүх дүүргүүдэд энэ сарын нэгнээс эхлэн хатгалгааны эсрэг вакцин хийж эхэлсэн билээ. Энэ хүрээнд өнөөдөр /2018.03. 09/ Эрүүл мэндийн яамнаас вакцины талаар мэдээлэл хийлээ.

Энэ сарын эхээр нийслэлийн бүх дүүргүүдэд хоёр сартай хүүхдүүдийг товлолын дагуу пневмококийн эсрэг 13 цэнт вакцинаар дархлаажуулж байна. Ингэхдээ эхний тунг хоёр сартай, хоёр дах тунг дөрвөн сартай, гурав дах тунг есөн сартай хүүхдэд хийж байгаа юм.

Энэ онд 38 мянга гаруй хүүхдийн гурван удаагийн тунгаар дархлаажуулахад шаардлагатай 110 мянган тун вакциныг НҮБ-ийн Хүүхдийн санд захиалжээ.  Үүний эхний 35 мянган тунг хүлээн авсан бөгөөд үлдэгдэл 75 мянган тун вакциныг хоёрдугаар улиралд багтаан авах аж.

Уг вакцины зах зээлийн үнэ нь нэг хүний тун нь 13-15 ам доллар байдаг. Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн хөнгөлөлттэй үнэ болох 3.5 ам доллараар худалдан авч байна гэж мэдээллээ.

Уг вакцины гурван тунг бүрэн авсан хүүхэд пневмоккоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчний эсрэг 10-15 жилийн дархлаа тогтох гэнэ. Тэгвэл өнөөдрийн байдлаар хоёр сартай 520 хүүхэд уг вакцинд хамрагдаад байна. 2019 онд улсын хэмжээнд 74,300 хүүхдийг гурван удаа дархлаажуулахад хоёр тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг онцоллоо.


Эрүүл мэндийн яамны тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлтэй уг вакцины талаар цөөн хором ярилцлаа. 

-Хатгалгааны эсрэг вакцины хамрагдалт нийслэлийн хэмжээнд ямар байна вэ?

-Монгол улсад уушгины хатгалаа өвчний эсрэг вакциныг үе шаттай нэвтрүүлж байгаа. Аль ч вакциныг нэвтрүүлэхэд тодорхой үе шаттай, судалгаа нотолгоонд тулгуурлан явуулдаг. Энэ судалгааг бид 2016-2017 онд хийсэн. Тэр ондоо Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт уг вакциныг  нэвтрүүлсэн билээ. Мөн тухайн дүүргүүдийн нийт 87 мянга гаруй хоёр настай хүүхдүүдийг дархлаажуулсан юм. Вакцинд хамрагдсан хүүхдүүдэд судалгаа явуулахад хүнд хэлбэрийн хатгалгааг 28-30 хувь бууруулсан байсан. 2019 оноос уг вакциныг улсын хэмжээнд нэвтрүүлнэ гэсэн зорилттой байна. Бидний судалснаар уушгины пневмоккоор үүсгэгдсэн хатгалгаанд хамгийн үр дүнтэй гэж үзэж байна.

-Уг вакцинд яагаад заавал хоёр сартай хүүхдүүдийг хамруулж байна вэ?

-Вакцин болгон өөрийн гэсэн заавартай. Тэр заавар дээр хоёр сартай хүүхдэд эхний тунг хийнэ гээд заасан байгаа. Тэгэхээр зааврын дагуу хоёр сартай хүүхдэд хийгдээд явж байна.  

-Тунгаа бүрэн авбал уушгины хатгалгаанаас хэдэн хувь сэргийлэх вэ?

-Хэрэв тухайн хүүхэд вакцины тунгаа бүрэн авбал хатгалгаанаас 10-15 жил сэргийлнэ. Ямар ч вакцины дархлаа тогтох түвшин нь 90 хувьтай байдаг. Тэгэхээр түүнтэй л адил байх болов уу. 

 Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж