Боловсролын тогтолцоо ажилгүйчүүдийг бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Боловсролын тогтолцоо ажилгүйчүүдийг бэлтгэж байна

Боловсролын тогтолцоо ажилгүйчүүдийг бэлтгэж байна

Монгол Улсад хамгийн том цонх үе нээгдсэн ч бид ашиглаж чадсангүй

Зөвхөн цахим орчноос мэргэжил шаардах эс шаардах ажлын байр хайж үзэхэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт 248, ажлын байрны төв сүлжээ biznetwork цахим сайтад 4000 гаруй компанийн 2382 нээлттэй ажлын байр зарлагдсан байв. Гэтэл Үндэсний статистикийн хорооны 2018 оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй 24,224 иргэн байгааг мэдээлжээ. Ийнхүү Монгол Улсын үзээгүй хэрэг. Уг нь тухайн үед дарга нар зуух тарааж буй ажилтай газар дээр нь танилцаад явах үед иргэд үүнийг сануулан хэлж байв. Гэтэл төслийн менежер гэх гадаад эмэгтэй “Манай зуух ийм давуу талтай, утааг ингэж бууруулна” гэх ганц үгээ тоть мэт давтсаар байгаад өнгөрснийг сайн санаж байна. Үнэндээ тэр харь хүнд ил гал буюу зуухан дээрээ хоол хийж идэх монгол ахуйг ойлгуулна гэдэг амаргүй даалгавар байв. Өөрөө ч ойлгохыг хүсээгүй байх. хөдөлмөрийн зах зээлд ажлын байрны эрэлт, нийлүүлэлт ийм их байсаар атал яагаад монголчууд, ялангуяа залуучууд ажил хийхгүй байна вэ. Өнөөгийн залуус гоочлуулаад байгаа шигээ үнэхээр залхаг, залхуу болцгоосон гэдэг нь үнэн гэж үү. Тэгвэл ажилгүй, залхуу энэ их армийг яах ёстой вэ. Хэрхэн зохицуулвал зохилтойг эрэлхийлэх гээд үзэг, цаасаа зэхээд гарлаа. Хөдөлмөрийн зах зээлд жил ирэх тусам ажлын байрны эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байдаг нь үнэн аж.

Энэ онд гэхэд л 75 мянга орчим ажлын байр бий болох тооцоо, судалгаа гарсан нь өмнөх оноос 5.5 дахин өссөн үзүүлэлт. Тэр ч бүү хэл, хөдөлмөрийн зах зээлд өнгөрсөн жил мэргэжилтэй ажилтан олдоогүйгээс 10.9 мянган ажиллах хүчний хомсдол үүсчээ. Ажилгүй хүний тоо цэргийн хэллэгээр бүхэл бүтэн армийн хэмжээнд хүрээд байхад ажиллах хүчнээр манай улс хомсддог гэхээр утгагүй сонсогдож байгаа биз. Тэгсэн атлаа бүр гаднаас ажиллах хүч “импортлосон” байх юм. Бас нэг заавал дурдах ёстой тоог хэлье. 2018 оны нэгдүгээр сарын байдлаар 896 хүн шинээр ажилд орсон бол мөн сарын байдлаар 36,311 хүн ажил хайж байна. Өнөөдөр бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо нийт хүн амын долоо гаруй хувийг эзэлж байгаа бол цаашид энэ тоо найм, бүр есөн хувьд хүрэх судалгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтаас гаргаад байна. Ажил олгогч, ажил горилогч хоёр яагаад хоорондоо уулзаж эсвэл зохицож чадахгүй байгаа нь маш олон учир шалтгаантай болохыг бид тэр бүрий мэддэггүй юм байна. Эхлээд ажил олгогчийн байр сууринаас асуудалд хандаад үзье. Албаны хүмүүсийн тайлбарлаж буйгаар шинээр ажилтан авч ажиллуулахад хамгийн их тохиолддог бэрхшээл нь ажил хайгчийн ажлын туршлагагүй байдал, дараа нь боловсрол, мэргэжлийн түвшин нь тухайн ажлын байрны шаардлагад нийцдэггүй гэсэн хоёр үндсэн шалтгаантай аж.

Тиймээс өнгөрсөн жилээс ажил олгогчид ажлын байранд тавигдах шаардлагаа илүү уян хатан болгожээ. Эхлээд хувь хүний хандлагыг нэгдүгээрт тавьж, дараа нь ур чадварыг нь үнэлдэг болжээ. Ингээд тухайн ажилтныг тогтвор суурьшилтай ажиллах, цаашид сурах хүсэл эрмэлзэлтэй эсэхээс нь хамаарч сургалтын зардал гаргаж, мэргэшүүлэхийг илүүд үздэг болж. Хамгийн сонирхолтой нь, хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй эхний 20 ажил, мэргэжлийг жагсаахад барилга, үйлдвэрийн туслах ажилтан, цэвэрлэгч, угаагч, үйлчлэгч зэрэг тусгай мэргэжил шаарддаггүй ажил их байгаа юм. Дараа нь засалчин, шаварчин, худалдагч, оёдолчин, тогооч, мужаан, цахилгаанчин зэрэг мэргэжлийн болон техникийн боловсрол шаарддаг ажлын байр эрэлттэй байгаа бол дээд боловсрол шаардсан нягтлан бодогч, барилгын инженер, хийн хоолойн инженер зэрэг мэргэжил удаалжээ.

Харин одоо ажил хайгчдын өнцгөөс асуудалд хандъя. Судалгаагаар ажилгүй иргэдийн олонх нь хөдөө орон нутагт амьдардаг гэж гарчээ. Учир нь 15-34 насны ажилгүй иргэдийн тэн хагас нь хөдөө орон нутагт, МСҮТ-д боловсрол эзэмшсэн байдаг.Гэтэл тухайн орон нутагт нь эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу ажлын байр хангалттай байдаггүй аж. Тиймээс л амьжиргаагаа залгуулахын тулд хот бараадахаас аргагүйд хүрдэг. Гэтэл хотод ч тэднийг ажлын байраар хангах боломж үнэндээ байдаггүй юм байна. Учир нь, ажил олгогчийн тавьдаг шаардлага хэт өндөр, эсвэл олон сар, илүү цагаар ажиллуулчихаад цалингаа тавьдаггүй, өгөхгүй удаадаг гэх мэтээр Хөдөлмөрийн хууль, гэрээгээ зөрчдөг асуудал түгээмэл болохоор тухайн хүнийг ажил хийх хүсэлгүй болгодог аж. Ерөөс ажилгүйдлийн шалтгааныг эрнэ гэвэл өнөөгийн нийгмийн хүрээнд тулгарч буй бүх асуудалтай гинжин урвал мэт хэлхэгдсэн байх юм. Энэ бүхнээс манай улсын

ажилтан бэлтгэх, сургах тогтолцоо бүхэлдээ гажуудсныг харж болохоор. Нэгхэн л жишээ дурдахад, хувийн их, дээд сургуулийн нийт төгсөгчдийн 40 хувь буюу 10 төгсөгч тутмын дөрөв нь бизнесийн удирдлага гэсэн мэргэжлээр төгсөж байна. Хөдөлмөр эрхлэлтийн барометрийн судалгаагаар энэ мэргэжил нь зах зээлд хамгийн илүүдэлтэй, хэрэгцээгүй, эрэлт нь ханачихсан байх жишээтэй.

Ажил олгогч, ажил горилогч хоёр яагаад хоорондоо уулзаж чадахгүй байна вэ

Тэгвэл хөдөлмөрийн зах зээл дээр сувилагчийн мэргэжил хамгийн эрэлттэй байна. Ялангуяа, улсын эмнэлэгүүдэд сувилагч авах ажлын зар байнга зарлагддаг гэнэ. Энэ нь хувийн эмнэлгүүд нь мэргэжилдээ сайн сувилагч нарыг цалингаар “зодож” авдаг. Нөгөөтэйгүүр, улсын эмнэлэгийн цалин бага, ажлын ачаалал их, ажиллах нөхцөл хүнд байдагтай холбоотой байдаг юм байна. Тиймээс хөдөлмөрийн зах зээл дээрх ажил олгогч, горилогч гэсэн маш том хоёр субьектийг хэрхэн нийлүүлэх вэ гэдэгт шат шатандаа анхаарах цаг нь болжээ. Дэлхийн улс орны хөгжлийг харахад хүн амын цонх нээгдэх (хүн амын бүтцэд хөдөлмөрийн насныхан хамгийн их байх үе)- ийг ашиглан хөл дээрээ босож, оршин тогтнож чадсан байдаг. Монгол Улсын хувьд хамгийн том цонх нээгдээд эргэж хаагдах шатандаа оржээ. Аливаа улс орны хамгийн том капитал нь хөдөлмөрлөх хүч юм. Гэтэл асар их хөдөлмөрийн хүчийг бид ашиглаж чадахгүй өнгөрч байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар манай улсад тохиогоод байгаа хөгжлийн хөшүүрэг, боломж болсон хүн амын энэ цонх 2030 онд нээгдэх ч богино хугацаатай гэсэн судалгааг гаргасан юм байна. Ажиллах хүчээ хэрхэн тогтоож барих вэ. Энэ “цонх” үеийг хэрхэн үр ашигтайгаар ашиглах вэ гэдгээ бодож, цэгнэж, бодлого боловсруулах цаг болж. Үүний тулд хөдөлмөрийн зохистой хуваарилалт, цалин эсвэл урамшуулал буюу ямар нэгэн байдлаар тухайн ажлаас олж авах орлогын хэмжээг хөшүүрэг болгох, нөгөө талаас залуучуудын ажил хийх сэдлийг шинэ бодлогоор өдөөх хэрэгтэй байна.

Сүүлийн үед зарим залуучууд нэгэнт орон нутагт нь ажлын байр байхгүй, ирээдүйд ч бий болох найдваргүйгээс хувиараа хөдөлмөр эрхлэхээр жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнест хөл тавьж байгаа. Харамсалтай нь, тэд санхүүгийн бэрхшээлээс болоод гацчихдаг. Ялангуяа, орон нутагт гарааны бизнесийн дэмжлэг, хүү багатай зээл, төсөл гэх мэт гарсан боломжийг хэрэгтэй, очих ёстой эздэд нь биш тухайн сумын эрх мэдэлтнүүдээр дамжаад, аль хэдийнэ бизнестэй болчихсон нөхдүүд авчихдаг болсон жишиг улс даяар тогтчихож.

Тиймээс хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээ харж, ямар мэргэжил энэ зах зээлд илүүдэж, ямар нь эрэлттэй байна вэ гэдгийг судалж мэргэжлээ сонгох, ялангуяа дөнгөж сургуулиа төгсөөд оюутан болох шилжилтийн мөчид залууст маш зөв мэдээлэл өгч, чиглүүлдэг байх шаардлагатай. Улмаар сургууль төгссөн даруйд буюу оюутны ширээнээс ажилчин анги руу шилжих үйл явцыг цаг хугацаа алдалгүй хурдасгах хэрэгтэй байна. Үүний тулд, дараагийн 2030 онд тохиох хүн амын цонх үеийг ашиглахын төлөө өнөөдрөөс л энэ тогтолцооны гажуудлаа эргэн харж, үндэс сууриар нь цэгцлэх шаардлагатай болжээ. Шуудхан хэлэхэд Монголын боловсролын өнөөгийн тогтолцоо ажилгүйчүүдийг үржүүлэхэд чиглэчихжээ.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

15-34 насны ажилгүй иргэд олон байна

Хөдөлмөрийн зах зээлийн талаар ХНХЯ-ны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтын Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судалгааны секторын эрхлэгч И.Энхбаатараас тодрууллаа.


-Зараар дүүрэн ажил байхад хөдөлмөрийн насныхан ажил хийхгүй байгаа гол шалтгаан юу вэ. Ажил олгогчдын шаардлага хэт өндөр байна уу, эсвэл ажил хайгч өөрөө тэнцэхгүй байна уу?

-Ажил олгогчдын тавьж буй шаардлага мэргэжлийн онцлогоос шалтгаалан янз бүр байдаг. Сүүлийн үед ажил олгогчид тухайн хүний хандлагыг хамгийн түрүүнд хардаг болсон. Зүй нь хандлагаас илүү эхлээд ур чадвар харах ёстой шүү дээ. Ажил горилогчид, ялангуяа дөнгөж төгсөгчид ажлын байранд тэнцэхэд мэргэжлийн ур чадвар нь гологддог. Тиймээс ажил олгогч зөв хандлагатай хүнийг өөрсдөө сургаж, ажлын байрандаа бэлтгэдэг систем рүү шилжсэн. Зөв хандлагын хувьд цаашид сурах, мэдэх эрмэлзэл, тогтвор суурьшилтай ажиллах, ачаалал даадаг байх шаардлага тавьдаг. Нөгөөтэйгүүр, ажил олгогчид өөрсдөө ажлаар шахаж, ажлын бус цагаар буюу илүү цаг ажиллуулчихаад илүү цагийн мөнгө олгох нь бүү хэл сард олгох цалингаа өгдөггүй гэх мэт асуудал үүсгэдэг.

-Ажил хайж буй залуучуудын дийлэнх нь сонгосон мэргэжилд нь таарах ажлын байр олдохгүй байна гэдэг. Эндээс харахад зах зээлд эрэлттэй мэргэжлээр залуус суралцахгүй байна уу. Эргээд боловсролын тогтолцоо нь өөрөө асуудалтай байгаа юм биш үү?

-Судалгаагаар 15-34 насны ажилгүй иргэдийн дийлэнх нь өөрт тохирсон ажил байр хайгаад олохгүй байна эсвэл мэргэжилд нь таарах ажил алга гэсэн шалтгаан хэлдэг. Энд боловсролын тогтолцооны асуудал хөндөгдөх нь гарцаагүй. 2015-2016 онд төгссөн 5000 орчим төгсөгчдийн 60.9 хувь нь ямар нэг байдлаар хөдөлмөр эрхэлсэн гэсэн судалгаа гарсан. Үүнээс их, дээд сургууль төгсөгчдийн 31.6 хувь, МСҮТ-ийг төгсөгчдийн 51 хувь нь огт хөдөлмөр эрхлээгүй нь харагдсан. Нийт ажилгүй иргэдийн талаас илүү хувь нь 15-34 насныхан буюу залуучууд байна.

-Ажилгүй иргэдийн тоон судалгааг хэрхэн гаргадаг вэ?

-Судалгааг түүврийн аргаар хийдэг. ҮСХ-ны бизнес регистрын санд бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нийт 2500 гаруй аж ахуй нэгжийг хамруулж, ажлын байрны эрэлт, хомсдлын судалгааг санал асуулгын аргачлалаар авч тооцдог.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж