Ким ба Трамп: Үйл явдлын өрнөл

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Ким ба Трамп: Үйл явдлын өрнөл

Ким ба Трамп: Үйл явдлын өрнөл

Дэлхий нийтийн халуун цэг болсон Солонгосын хойгийн хямрал эерэх нааштай дохиог шинжээчид сайшаан тэмдэглэж байна. Цөмийн дайны аюул нүүрлэж мэдэх хурцадмал байдлыг намжааж, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар ирэх тавдугаар сард уулзах урьдчилсан тов гарчээ.

Энэ хүртэл үйл явдал хэрхэн өрнөв?


2017.VII.04:

Хойд Солонгосын дэглэм анх удаа тив хоорондын тусгалтай баллистик пуужин туршив.

2017.VII.28:

Хойд Солонгос хоёр дахь удаагаа тив хоорондын тусгалтай баллистик пуужин туршив.

2017.IX.03:

Хойд Солонгос зургаа дахь удаагийн цөмийн туршилт хийв.

2017.IX.15:

Хойд Солонгос Номхон далайн зүг Японы дээгүүр тив хоорондын тусгалтай баллистик пуужин туршив. Пуужин 3700 км ниссэн нь дээд амжилт болсон бөгөөд АНУ-ын Гуам аралд хүрэх хүчин чадалтай болох нь харагдав.

2017.IX.19:

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын индрээс Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг амиа хорлох даалгавар авсан “Пуужинтай жаал” хэмээн цоллосон юм. Түүнчлэн АНУ нь Хойд Солонгосыг бүрэн устгах чадалтайг анхааруулав.

2017.XI.20:

Доналд Трамп Хойд Солонгосын дэглэмийг терроризмыг санхүүжүүлэгч гэж дахин зарлав.

2017.XI.29:

Хойд Солонгос гурав дахь удаагаа тив хоорондын тусгалтай баллистик пуужин туршив. Пуужин 4000 км өндөрт хөөрч, 1000 км зам туулсан нь өмнөх туршилтуудаас илүү хол зам туулж, өндөр хүчин чадалтай болохыг илтгэв.

2018.I.01:

Ким Жон Ун шинэ жилийн илгээлтдээ Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадамд тамирчдаа илгээх бодолтой байгаагаа ил тод илэрхийлэв.

2018.I.04:

АНУ болон БНСУ өвлийн олимп, паралимп дуустал цэргийн хамтарсан сургуулилтаа хойшлуулав.

2018.I.09:

Хойд Солонгосын тамирчдыг Пёнчаны өвлийн олимпод оролцуулах асуудлаар хоёр Солонгос сайд нарын түвшний яриа хэлэлцээ зохион байгуулахаар тохиролцов.

2018.II.09:

БНСУ ба БНАСАУ-ын тамирчид “Пёнчан-2018” өвлийн олимпийн нээлтийн ёслолд нэгдсэн тугийн дор жагслаа.

2018.II.10:

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охин дүү Ким Ё Жон нар Сөүлд уулзав. Хойд Солонгосын тал Мүн Жэ Инийг айлчлахыг урив.

2018.II.23:

АНУ-ын зүгээс Хойд Солонгосын эсрэг авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээг чангатгав. Трамп үүнийг урьд хожид байгаагүй “чанга хориг” гэж тодорхойлсон юм.

2018.II.25:

Олимпийн хаалтын ёслолд оролцохоор Хойд Солонгосын дээд түвшний албан тушаалтнууд Өмнөд Солонгост зочилж, Пёнчан хотноо БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзав.

2018.III.05:

Өмнөд Солонгосын тусгай төлөөлөгч Хойд Солонгост айлчилж, Ким Жон Унтай хэлэлцээ хийв.

2018.III.06:

Тусгай төлөөлөгч нар Ким Жон Унтай уулзсан уулзалтын үр дүнгийн талаар Хөх ордноос мэдэгдэв. Уулзалтаар ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар зөвшилцсөнийг тэмдэглэв.

2018.III.08:

Доналд Трамп, Ким Жон Ун нар ирэх тавдугаар сард Хойд Солонгос цөмийн зэвсгээс татгалзах асуудлаар уулзалдах болсон тухай БНСУ-ын өндөр албан тушаалтан мэдэгдэв.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж