Пёнчаны олимпийн дараа өвлийн спортын дэлхийн цомын тэмцээнүүд үргэлжилж байна. Өчигдөр /2018.03.08/ Финландын Контиолахтид дэлхийн цомын 2017-2018 оны улирлын 7 дахь эрэгтэй спринт уралдаанаар эхэллээ. Эрэгтэй 10 км-н спринт нийт 104 тамирчин гараанаас гарч уралдсан бөгөөд Оросын А.Шипулин ганц ч сум алдалгүй буудаж нийт замаа 23 мин 51.6 сек-д туулсан амжилтаар түрүүлж энэ улирлын анхны түрүүгээ хүртлээ. А.Шипулингийн хувьд Пёнчаны олимпийн наадамд оролцож чадаагүй. Хэдийгээр олимпийн наадамд оролцож чадаагүй ч дэлхийн цомын амжилттай үргэлжлүүлж байна.
А.Шипулинтай хамтдаа Латвийн А.Расторгуев болон Францын К.Фийон Майе нар шагналын тавцан дээр гарлаа. Латви залуу А.Расторгуев Европын АШТ-нээс хошой алт, 1 хүрэл медаль хүртэж байсан. Мөн дэлхийн цомд өмнө нь 1 удаа шагналын тавцан дээр гарч байсан тамирчин юм. Тэрээр тэмцээний дараа миний энэхүү медаль бол манай багийнханд маш чухал медаль байлаа. Ээждээ болон бүх бүсгүйчүүддээ ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдрийн мэндийг хүргье” хэмээн ярьжээ.
Контиолахтид болсон спринт гараанд Норвегийн Й.Бьо уралдаагүй бол М.Фуркад, Т.Бьо, С.Шемп, Я.Фак …гээд энэ цаг үеийн бүх шилдэг биатлончид уралдсан. Энэ оны дэлхийн цомыг тэргүүлж буй М.Фуркадын хувьд уралдааны замаа дуусгаж чадаагүй байна. Өнөө шөнө эмэгтэй спринт уралдаан болно.
Б.БЯМБАБАЯР