20 настай өөртөө өгөх зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

20 настай өөртөө өгөх зөвлөгөө

20 настай өөртөө өгөх зөвлөгөө

Одоогоор 17 ном бичээд буй Тина Сийлиг хатагтайн  “What I wish I knew when I was 20” номыг О.Амартүвшин, Б.Сайханчимэг, Д.Болормаа нар орчуулан “Хорин настай өөртөө өгөх зөвлөгөө” хэмээх нэртэйгээр хэвлүүлэн гаргасан. Тина Сийлиг өөрийн сургуулийн оюутнуудад даалгадаг сонирхолтой даалгаврууд болон оюутнуудын шинэ соргог шийдлүүд хийгээд дан ганц хорин нас гэлтгүй шинийг эрэлхийлэгч хэн бүрт энэ номоо зориулжээ.

Номын эхний бүлгүүдэд өгүүлэгдэх аливаа хэвшмэл ойлголтыг эвдсэн бодит жишээ, үйл явдлууд нь эргэн тойронд ямар олон боломж байгааг илтгэн харуулах шиг. Хоёр цагийн дотор таван долларыг 40 дахин өсгөж, 600 гаруй ам.долларын ашиг олсон энтрепренер сэтгэлгээг маш энгийнээр тайлбарлан, зааж чадсан үнэ цэнэтэй түүхүүдийг агуулжээ.

Номд өгүүлэх энгийн, хялбар ойлгогдох санаанууд дасал болсон олон ойлголтыг өөрчилж, уншигч та бүхэнд өөрсдийгөө болон хорвоо ертөнцийг шинэ нүдээр харах дасгал болно гэж найдъя хэмээн зохиолч өгүүлжээ. Инноваци, энтрепренершипээр дагнасан багшийн хувиар би ийм санаанууд нь боломжийг олж харах, эрхэм зорилго хадгалах, алдаанаасаа сургамж авахыг шаарддагаас гадна нөхцөл байдал амархан өөрчлөгддөг орчинд ажилладаг хүмүүст хамааралтайг олж харсан. Нэмж хэлэхэд, номын санаа амьдралаас сайн сайхан бүхнийг өөрийн болгохыг хүссэн хүн бүрд үнэ цэнэ авчрах болно. Уншигч та тэдний туршлагаас өөрийн амьдралд хийх сонголтыг тунгаан, урам зориг авах биз ээ. Та бүхэнд ирээдүй рүү тэмүүлэхийн зэрэгцээ өдөр бүр тулгардаг саад бэрхшээлийг шинээр харж, түүнд туслахад энэхүү номын зорилго оршино хэмээн зохиолч өгүүлжээ. 

Номын 9-р бүлэгт

…Би энтрепренерийн орчинд өрсөлдөөнөөс илүү зорилгодоо анхаарах нь илүү бүтээмж авчирдаг гэж үздэг. Үүнийгээ ч бататгахын тулд нэгэн дасгалыг санаачилсан юм. Энэ дасгалыг ажиллахын тулд оролцогчид зургаан хэсэг болж хуваагдана. Дараа нь тус бүр нь зуун хэсэгтэй таваг эвлүүлдэг тоглоом гаргаж ирнэ. Оролцогчдод тоглоомын эвлүүлсэн зургийг нэг минут орчим харуулаад таван тоглоомыг дэрний уутанд хийж, хооронд нь холино. Эцэст нь би цөөн хэдэн хэсгийг өөртөө үлдээж, үлдсэнийг нь багуудад хуваан өгнө. Мөн баг бүр покерын 20 ширхэг хасааг авч мөнгөний нэгж болгон ашиглана. Багууд тоглоомын хэсгүүдийг нэг цагийн хугацаанд эвлүүлнэ. Цаг дуусахад багуудын оноог гаргана. Тухайн багийн эвлүүлсэн тоглоомоос хамгийн том хэсгийн ширэхийг тоолж, эвлүүлсэн ширхэг бүрээр нэг цагт багтааж, бүрэн эвлүүлсэн баг нэмэлт 25 оноо авна. Эвлүүлдэг тоглоомын тоо багийн тооноос цөөн үед тоглогчдод хэрэгтэй хэсгүүдийг олж харахын тулд хоорондоо өрсөлдөх, хамтран ажиллах эсвэл хамтын ажиллагаа, өрсөлдөөнийг хослуулах гэсэн гурван сонголт бий болно. Энэ нөхцөлийг бодит амьдралын жижиг хувилбар гэж болно. Амжилтад хүрэхийн тулд багууд хамтрах ёстой. Багийн тоо эвлүүлдэг тоглоомын тооноос давсан үед ядаж нэг баг эвлүүлдэг тоглоомоос татгалзаж, тоглоомд өөр үүрэгтэйгээр оролцох болно. Энэ үед нэг баг хуваагдаж, гишүүд нь бусад багуудад орно. 

Тоглоом тоглож буй бүх баг бусадтайгаа өрсөлдөхөөр шийдвэл хамгийн тааруу үр дүн гарна. Багууд зөвхөн ялахад анхаарснаар бүгд хамтдаа ялагдал хүлээхэд хүргэдэг. Тоглоомд оролцогчид хоорондоо хамтарвал илүү амжилтад хүрэхийг ойлгодог ч шууд өрсөлдөх аргаар тоглох нь бий. Өрсөлдөөн нь бидний соёлын салшгүй нэг хэсэг болсон байх тул энэ нь ч энгийн үзэгдэлд тооцогдоно. Гэвч бусдын амжилтыг хойш татахад хүчээ дайчилсан баг тоглоомын эцэст ялагдаж дуусдаг. Энэ дасгалыг анх удаа туршиж үзэхэд нэг баг өөрт хэрэггүй хэсгүүдийг бусадтай солилцохоос татгалзсан юм. Тэд тоглоомын төгсгөлд солилцоо хийхээр төлөвлөсөн боловч амжилт олоогүй. 

Энэ даалгавар хязгаарлагдмал нөөц боломжтой орчинд цэвэр өрсөлдөөнд суурилсан стратеги бус өөртөө болон бусдад амжилт авчрах зорилготой ажилласнаар илүү бүтээмж бий болгодог нь харагдаж байна. Ийм зарчим баримталдаг хүмүүс бусдын ур чадвар, нөөц боломжийг илүү дэмжиж, өөрийн амжилтыг бусдынхтайгаа хамтатган тэмдэглэж чаддаг…хэмээн өгүүлжээ.

Алхам бүрийн цаана тодорхойгүй байдал хүлээж байгаа ч бусад нь ижил нөхцөл байдлыг хэрхэн даван туулсныг харж, өөртөө итгэлтэй байж чадвал дарамт шахалт баяр баясгалангаар солигдож, сорилт бэрхшээл боломж болон хувирдгийг та мэдэх болно. 

М.Чулуунтогоо

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж