Гахайн ханиадны үнэлгээг гаргаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Гахайн ханиадны үнэлгээг гаргаж эхлэв

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага H1N1 томууны цар тахалын хүрээ ба дэлхийн хэмжээнд түүний эсрэг авсан арга хэмжээний талаар шинжээчдийн үнэлгээг хийлгэж эхэлжээ. Тусгай хороонд 29 орны шинжээчид орсон ба тэд энэ сарын 12-14-ний хооронд хуралдаад одоо хийгдсэн ажлын үр дүнг гаргахаар шамдаж байна. Хамгийн анх H1N1 вирус жилийн өмнө илэрсэн ба энэ хугацаанд олон арван асуудал үүссэн юм. Уг томууны цар тахалын асуудал хариуцсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  тусгай зөвлөх Кейдзи Фукуда “Шинжээчдын хорооноос гарах дүгнэлт нь ирээдүйд гарч болох цар тахалд хэрхэн бэлтгэх вэ, мөн өмнөхөөс ямар сургамж авах вэ гэдэгт хэрэгтэй” гэж хэлсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эмийн үйлдвэрлэгчдийн шахалтаар  H1N1 вирусийн аюулыг  хэт  дөвийлгөсөн гэх шүүмжлэлтэй учирч байсан юм. Зарим орнуудын Засгийн газар эмийн үйлдвэрлэгчдийн шахалтад ДЭМБ орсон учраас урьдчилан сэргийлэх вакцин бүтээх мөнгийг үр дүн муутай зарцуулсан гэж хэлж байлаа. Доктор Фукуда энэ бүх шүүмжлэлийг  үндэслэлгүй гээд шинжээчдийн үнэлгээ цагаа олж байна гэв.
ДЭМБ-ын 213 орноос авсан албан ёсны мэдээгээр  эдгээр орнуудад гахайн томуугаар 17700 хүн нас баржээ. Одоо өвчин Зүүн өмнөд Ази, Баруун Африк ба Өмнөд Америкийн халуун бүсэд бусад газраас илүүтэйгээр гарч байна. Шинжээчдийн үнэлгээ олон сар үргэлжлэх бөгөөд одоо гаргасан төлөвлөгөөний дагуу ажиллах гэнэ. ДЭМБ-ын дарга хатагтай Чан Дэлхийн эрүүлийг хамгаалахын ассамблей дээр урьдчилсан дүгнэлтийн тайлангаа тавина. Шинжээчдийн эцсийн дүгнэлт ирэх жил гарах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж