"Шүлхий өвчин нь худалдааны хориг бүхий өвчлөлийн нэгт жагсдаг"

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

"Шүлхий өвчин нь худалдааны хориг бүхий өвчлөлийн нэгт жагсдаг"

"Шүлхий өвчин нь худалдааны хориг бүхий өвчлөлийн нэгт жагсдаг"

Улсын хэмжээнд хэд хэдэн аймгийн сумдад шүлхий өвчин гарч, онц байдлын дэглэм тогтоогоод байгаа билээ. Энэ талаар Мал эмнэлэг, үржлийн газрын Хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий эпидмиологич Б.Цолмонгоос зарим зүйлийг тодрууллаа.


-Шүлхий өвчин маш олон сумдад гарч, зарим газар хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Мал эмнэлэг, үржлийн газар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Он гарснаас хойш 12 аймгийн 30 суманд шүлхий гарсан нь бүртгэгдсэн. Найман  аймагт хорио цээрийн дэглэмтэй, бусад аймгийн хорио цээрийн дэглэм буураад байна. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Орхон, Төв аймаг харьцангуй гайгүй болж, хяналтад орсон гэж ойлгож болно. Өмнөговь, Булган, Дундговь, Архангай аймгуудын хувьд хяналтад оруулахаар ажиллаж байна. Хяналтад орсон аймгуудад зурвас тогтоож вакцинжуулалт хийж байна. Гуравдугаар сарын 5-аас өмнө нөхцөл байдал хүнд байсан учраас Улсын онцгой комиссоос ажлын хэсэг гарч, хоёр бүсчлэлийн дагуу ажиллаж байна. Одоогоор ОХУ-аас 500 мянган тун вакциныг авч, халдварын хүрээг хааж, хязгаарлалт тавин ажиллаж байна. Шүлхий өвчин нь тархалт хурдан учраас хамрах хүрээ нь богино хугацаанд томрох аюултай. Тиймээс бид эхний ээлжинд хязгаарлалт хийж, зурвас татаж вакцинаа тарих арга хэмжээ авч ажиллалаа. Хорио  цээрийн дэглэм, хязгаарлалт зурвас тогтоож вакцинаа хийгээд явах юм бол ирэх дөрөвдүгээр сарын 15-нд гэхэд шүлхий тархалтыг зогсоох боломжтой гэж төлөвлөөд байна.

-Олон нийтийн дунд шүлхий өвсөөр дамжин гарсан гэж яриад байгаа. Шүлхий тархалт нэмэгдээд байгаа шалтгаан нь юу юм бол?

Тархалтыг дан ганц өвс гэж ойлгож болохгүй. Өвчний нян өөрөө хөдөлж байгаа бүх зүйлээр дамжиж болно. Бохирдсон эд зүйлсээр дамжин халдварлана. Тухайлбал, Би өвчний голомтод ажиллах үеэр миний хувцсанд халдвар тээгч наалдаад дараагийн газар тараадаг. Өвс, машины дугуй, хүн, амьтан гэх мэт хөдөлж байгаа бүх зүйлээр дамжина. Зарим аймгуудын хувьд өвчлөл нь буурч тогтворжих төлөвтэй байгаа бол зарим аймагт яг өвчлөлийн ид үе нь явагдаж байгаа учраас хорио цээрийн дэглэм, зурвасын журмаа иргэд, малчид чанд сахих нь чухал байна.

-Шүлхий халдвараас болж хэдэн мал устгалт оруулсан бэ?

-Хамгийн сүүлийн байдлаар 3100 орчим малыг устгалд оруулсан. Өвчлөлийн хүрээ буурч байгаатай холбоотойгоор устгалын тоо буурч байгаа боловч шинэ газар шинэ халдвар үүсэх тохиолдол гарч байна. Өвчний дамжих, далд халдвар, өвчлөлийн ид үе  гэсэн үечлэлтэй байдаг. Малчин Б-нд шүлхий гарлаа гэхэд 14 хоногийн дотор тухай айлаар олон тооны хүн орж, гарсан. Мал нь бэлчээрт бэлчсэнийг тооцвол хэр хэмжээнд, хаагуур өвчин тархсан нь мэдэгдэх боломжгүй болж байгаа юм. Нөгөө талаар малчид санаатай болон санамсаргүйгээр малаа өвчилснөө нуух, холбогдох газарт нь мэдэгдэхгүй 14 хоноход л өвчлөл маш том хүрээнд тархаж, зарим аймагт нь хорио цээрийн дэглэм тогтоох хэмжээний хүндрэл бий болгож байна. Дээрээс нь сая монголчуудын уламжлалт баяр, нүүдэлчний соёлтой холбоотойгоор нэг аймгаас нөгөө аймагт, сумдад шилжих нь өвчний тархалтыг эрчимжүүлсэн. Түүнээс гадна хурдан морины уралдааныг хараа хяналтгүй зохион байгуулж байгаа нь эрсдэл үүсгэж байна. Хэдийгээр шүлхий өвчнөөр адуу өвдөхгүй ч халдвар тээгч, дамжуулагч болж байгаа гэдгийг бас анхаармаар байгаа юм. Мөн малын бэлчээрийн даац хэтэрсэн, зэрлэг амьтдын тоо толгой өссөн нь өвчнийг дамжуулах, тараах эрсдэл болж байна. Говийн аймгуудаар зэрлэг амьтдаас халдварласан гэдэг нь тогтоогдсон. Зүүн, говийн аймгууд зуншлага сайтай байснаас тус аймагт отор, нүүдэл их хийгдсэн. Малын бэлчээргүй байдал нь малаас зэрлэг амьтан, зэрлэг амьтнаас малдаа халдварлах тохиолдлууд ч бүртгэгдэж байна.

-Бусад орны хувьд шүлхий өвчинтэй яаж тэмцдэг юм бэ?

Дан ганц Монгол Улс шүлхийтэй тэмцэж байгаа биш. БНХАУ, ОХУ гэхэд сүүлийн хоёр жил шүлхий өвчинтэй тэмцэж байна. Дэлхий нийтэд шүлхийн дэгдэлд байгаа. БНХАУ-ын шүлхийн вакцины хоёр ч үйлдвэртэй. Гэсэн ч өнөөдрийг хүртэл тархалтаа бууруулж чадахгүй, тэмцсээр байна. Шүлхий бол хэнээс ч үл шалтгаалах замаар дамжин халдварладаг хил дамнан,  асар хурдацтай тархдаг. Дэлхийн мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх дөрвөн заавар, аргачлал байдаг. Нэгт, энэ өвчин гарсан бүс нутгийн малыг устгадаг. Япон гэхэд нэг мужид шүлхий гарвал мужийн бүх малыг устгадаг. Хоёрт, өвчин гарсан малыг сууриар нь устгадаг. Малчин Б-нд шүлхий гарвал тэдний бүх малыг нь устгадаг. Гуравт, өвчилсөн малыг тавилан  муутайг нь устгана. Өөрөөр хэлбэл, үхэх нь тодорхой болсон малыг устгаж, үлдсэн малаа нядлах, сэргийлэх арга хэмжээ авдаг. Үүнийг Монголоос өөр хэрэглэж байгаа улс байхгүй. Дөрөвт, өвчтэй малаа устгаж, үлдсэнийг нь вакцинцуулж авч үлддэг. Хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдээр ОХУ гэхэд таван мал өвчлөхөд гурвыг нь устгаж, хоёрыг нь устгахгүй байгаа юм. Тус улсын иргэд мал аж ахуй эрхэлдэг хүмүүс нь суурьшмал байдаг. Монголчууд шиг нүүдэллэж, Сар шинээр гэхэд нэг аймгаас нөгөө аймагт зорчиж байгаа нь өвчний тархалтыг нэмэгдүүлдэг. БНХАУ гэхэд суурь, сууриар нь устгаж байна. Яагаад гэвэл БНХАУ үйлдвэрлэг орон учраас таван сууриар нь устгал хийж тэмцэж байна. Шүлхий өвчинтэй тэмцэхдээ улс орон яагаад ингэж хүч хаяж тэмцэж байна вэ гэдгийг хүмүүс их ярьдаг.

Малд тохиолддог олон өвчнөөс гоц халдварт шүлхий өвчин нь худалдааны хориг бүхий өвчлөлийн нэгт жагсдаг. Худалдааны хориг бүхий өвчин гэхээр малын гаралтай бүтээгдэхүүнээ гаргахгүй гэж ойлгодог. Гэтэл шүлхий гарсан бүс нутгийн бүх бараа бүтээгдэхүүнийг экспортлохыг хориглодог. Өөрөөр хэлбэл, дан ганц  мах гэлтгүй арьс, шир, нүүрс, өөр бусад бүх экспортод гаргадаг бүтээгдэхүүнийг худалдааны хоригт оруулдаг. Худалдааны хориг нь 5-10 жил ч үргэлжилж болдог эрсдэлтэй. Тиймээс л шүлхий өвчинтэй хүн хүч, эдийн засгийн зардал гаргаж тэмцэж байгаа гэдгийг бас иргэд ойлгох хэрэгтэй.

-Шүлхийгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авдаг юм бэ. Магадгүй өмнө нь вакцинд хамруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан бол тархалт нь ингэж газар авахгүй байсан гэж шүүмжлэх хүмүүс бас байна?

Вакцинжуулалтын арга хэмжээг дөрөв, аравдугаар сард тогтмол хийдэг. Халуун ч биш, хүйтэн ч биш улиралд вакцин хийхэд тохиромжтой байдаг. Нөхцөл байдлаас хамаарч өвөл, зун хийдэг болсон. Бүх малаа мэдрэмтгий вакцинд тогтмол хамруулах нь эдийн засгийн хувьд, хүн хүчний хувьд ч боломжгүй. Вакцинд найдаж өвчний тархалт яригддаггүй. Хамгийн чухал нь хөдөлгөөн. Хорио цээрийн дэглэмийг маш сайн сахиж, вакцинаа хийвэл тархалт буурна. Монголчуудын ёс заншил, амьдралын нөхцөлөөс маш их шалтгаалдаг гэдгийг малчид, иргэд бодох хэрэгтэй. Төв суурин газар шүлхий өвчин гарах нь маш хүндрэлтэй. Өөрөөр хэлбэл, 2000 малтай суурин газарт шүлхий гарахад 20 мянган хүн хэлмэгдэж, хорио цээрийн дэглэмд орох жишээний. Хүн ам суурьшсан,  төвлөрсөн газар мал байлгах нь оновчгүй арга. Аргагүй эрхэнд хаахаас өөр аргагүй. Хорио цээрийн дэглэм тогтоохгүй л бол хэдэн аймгаараа хорионд орох эрсдэл үүсэх учраас аль болох тархалтыг бага бүст нь дарж авах арга хэмжээ авч ажиллаж байгаа гэдгийг ард иргэд ойлгоосой гэж хүсч байна. Улсын онцгой комисс, холбогдох байгууллага, иргэд, малчид нэг сарын хугацаанд сонор сэрэмжтэй ажиллаж чадвал ирэх сарын 15-нд бид шүлхийний асуудлаас салах боломжтой.

-Халдвартай бүсийн ойролцоох автомашиныг халдваргүйжүүлэлт хийж байна гэж дугуй руу шүршсэн болоод орхидог. Энэ халдваргүйжүүлэлтээ сайн хийвэл тархалт буурах юм биш үү?

-Ямар ч тохиолдолд 100 хувь бүгдийг нь устгаж, вирусгүй болгоно гэж байхгүй. Гэхдээ эрсдэлийг  бууруулах гэж л ажиллаж байна. Дутагдалтай зүйл байгаа. Тиймээс хаа хаанаа хариуцлагатай байх нь чухал. Улсын хэмжээнд гэхэд 1500 малын эмч байна. Малын эмч нар 66,2 сая малд хүрч вакцин, үзлэг, тандалт хийхэд хүрэлцэхгүй байгаа юм. Халдваргүйжүүлэлт дээр мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулж байна. Хүйтний улиралд халдваргүйжүүлэлт хийхэд хүндрэлтэй байгаа ч бид өөрсдийн бүх боломжоо дайчлан нойр, хоолгүй ажиллаж байна. Шүлхий өвчинд хамгийн сайн зүйл нь лимон. Малчид, иргэд лимон болон лимоны хүчлийг хүнсэндээ хэрэглэх, гэр орноо халдваргүйжүүлэх  нь хамгийн зөв арга.

-ОХУ-аас дараагийн вакцин хэзээ ирэх бэ?

-Дөрөвдүгээр сарын 1-ээс өмнө дөрвөн сая тун вакцин орж ирнэ. Ороод ирэхээр нь шаардлагатай газрууддаа хүргүүлнэ. Дөрөвдүгээр сарын 15-ны дотор бүх тун вакциныг голомтот бүст хүргүүлж, тарилгаа хийнэ.

-Зарим аймагт галзуу өвчин гарсан гэж байсан?

-Галзуу өвчин нь махчин, зэрлэг амьтад, малын сэг зэмээр хооллодог амьтдаар дамжин халдварладаг. Заавал малыг хазаж, гэмтээх буюу шүлс нь орж байж галзуу өвчин халддаг. Шаардлагатай вакциныг хийж, тархалтыг намдаадаг. Галзуу өвчний вакциныг Монгол Улс дотооддоо үйлдвэрлэдэг учраас саад байхгүй. Галзуу өвчнийг ажиглаж байхад их хүйтрэх, хэт их хуурайшилтай байх үед тарах боломжууд нь бүрддэг.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж