А.Бямбажав Монгол туургатны наадамд түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

А.Бямбажав Монгол туургатны наадамд түрүүлжээ

Дэлхийн Монголчуудын үндэсний бөхийн холбоо, ОХУ-ын Тува Улсын Засгийн газар хамтран энэ сарын 12-14-ний  өдрүүдэд Монгол туургатны үндэсний бөхийн наадмыг Тува улсын нийслэл Кызыл хотноо зохион байгуулжээ. Тува улсын Засгийн газар 90 жилийн ойн түүхэн баяраараа бөхөд дуртай ард түмэндээ бэлэг барьж, энэхүү томоохон арга хэмжээг анх удаа нутагтаа хийсэн нь энэ юм. Монгол, Өвөрмонгол, Буриад, Халимаг зэрэг монгол туургатнаас гадна Хакасс, Алтай зэрэг сибирийн нүүдэлчин ард түмний  төлөөлөл болсон бөхчүүд оролцсон энэ удаагийн наадмын хүндэт зочдын суудалд ОХУ-ын 20 зууны шилдэг дасгалжуулагч, олимпийн гурван удаагийн аварга Бувайсар Сайтиев, олимпийн хошой аварга Иван Ярыгин нарын багш Дмитрий Георгиевич Миндиашвили, ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн бүрэн эрхт төлөөлөгч Виктор Толоконский нарын зэрэг тус улсын нийгэм, улс төр, спорт, урлагийн олон хүмүүс тухалсан нь Монгол туургатны үндэсний бөхийн наадмын нэр хүндийг улам өргөж байв.

Мөн уг арга хэмжээнд уригдсан ОХУ-ын онцгой байдлын сайд Сергей Шойгу, олимпийн гурван удаагийн аварга Александр Карелин нар ирж амжаагүй ч нийт наадамд оролцогчдод баярын илгээлт ирүүлжээ.

Монгол туургатны үндэсний бөхийн наадамд дүрмийн дагуу +85 дээш, -85 доош гэсэн хоёр ангилалд /нийт 64 бөх/ хүч үзэн барилдсанаас +85кг жинд Монгол Улсын харцага Арслангийн Бямбажав түрүүлж, анх удаагаа Монгол туургатны аваргаар тодорсон бол улсын начин Ч.Баянмөнх мөн анх удаагаа монгол туургатны наамдын үзүүрт үлдлээ. Шөвгийн дөрөвт аймгийн начин н.Хайдав, Тува улсын бөх н.Сайнбилэг нар шалгарчээ. Харин монгол бөхийн барилдааны 85 кг хүртэлх жинд Тува улсын бөх Андрей Монгуш түрүүлж, тувачууд энэ жинд 2 дахь жилдээ дараалан аваргалсан байна. Энэ жилийн түрүү бөхийг 6000 ам.доллар, үзүүрлэсэн бөх 4000 ам.доллар, шөвгөрсөн бөхчүүдийг 1500 ам.доллараар тус тус байлсан байна. Наадмын үеэр Тува улсын хуреш бөхийг сурталчилж, хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын заан Д.Бумбаярыг Тува улсын Гавьяат тамирчин цолоор шагнажээ.

Дэлхийн Монголчуудын үндэсний бөхийн холбооноос Монгол туургатны үндэсний бөхийн наадмыг 2009 оноос зохион байгуулж байгаа бөгөөд Монгол, Өвөр Монголын Шилийн гол, Буриадын Улаан-Үд хотуудад эхний гурван наадам болсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж