
Мөн уг арга хэмжээнд уригдсан ОХУ-ын онцгой байдлын сайд Сергей Шойгу, олимпийн гурван удаагийн аварга Александр Карелин нар ирж амжаагүй ч нийт наадамд оролцогчдод баярын илгээлт ирүүлжээ.
Монгол туургатны үндэсний бөхийн наадамд дүрмийн дагуу +85 дээш, -85 доош гэсэн хоёр ангилалд /нийт 64 бөх/ хүч үзэн барилдсанаас +85кг жинд Монгол Улсын харцага Арслангийн Бямбажав түрүүлж, анх удаагаа Монгол туургатны аваргаар тодорсон бол улсын начин Ч.Баянмөнх мөн анх удаагаа монгол туургатны наамдын үзүүрт үлдлээ. Шөвгийн дөрөвт аймгийн начин н.Хайдав, Тува улсын бөх н.Сайнбилэг нар шалгарчээ. Харин монгол бөхийн барилдааны 85 кг хүртэлх жинд Тува улсын бөх Андрей Монгуш түрүүлж, тувачууд энэ жинд 2 дахь жилдээ дараалан аваргалсан байна. Энэ жилийн түрүү бөхийг 6000 ам.доллар, үзүүрлэсэн бөх 4000 ам.доллар, шөвгөрсөн бөхчүүдийг 1500 ам.доллараар тус тус байлсан байна. Наадмын үеэр Тува улсын хуреш бөхийг сурталчилж, хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын заан Д.Бумбаярыг Тува улсын Гавьяат тамирчин цолоор шагнажээ.
Дэлхийн Монголчуудын үндэсний бөхийн холбооноос Монгол туургатны үндэсний бөхийн наадмыг 2009 оноос зохион байгуулж байгаа бөгөөд Монгол, Өвөр Монголын Шилийн гол, Буриадын Улаан-Үд хотуудад эхний гурван наадам болсон юм.