Испанид ажил, хөдөлмөр эрхэлдэг сая сая эмэгтэй өчигдөр /2018.03.08/ тохиосон Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр жендэрийн тэгш бус байдал, хүйсээр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг нэгдэн, жагсчээ.
24 цаг үргэлжилсэн арга хэмжээнд Испани даяар 5.3 сая эмэгтэй оролцсон гэж зохион байгуулагчид нь мэдээлэв. Томоохон хотуудын гудамж, талбайгаар хэдэн зуун мянган эмэгтэй “Хэрэв бид зогсвол амьдрал зогсоно” гэх уриа лоозон барьж жагссан байна. Энэ өдөр дэлхийн олон улсад охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө жагссан. Гэхдээ хамгийн өргөн хүрээг хамарсан нь Испани дахь жагсаал юм.
Эмэгтэйчүүд ажлын байраа орхин гарч жагссан бөгөөд зохион байгуулагчид тэднийг эрхээ хамгаалах энэ ганцхан өдөртөө огт мөнгө үрэлгүй, ямар ч ажил, алба хийхгүй байхыг уриалсан байна.
Барселонд жагсагчид гол замуудыг хаасан тул цагдаагийн хүчээр зам чөлөөлөх, жагсаалыг тараах арга хэмжээ авчээ. Улсын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ саатаагүй ч харьцангуй цөөн тооны техник, хэрэгсэл ажиллаж, зарим нислэг цуцлагдсан байна.
Мадрид, Барселон, Бильбао, Валенсия хотуудад оройн цагаар жагсаал үргэлжилж, нийтдээ 200 гаруй хот, сууринд их, бага хэмжээгээр жагсаал өрнөжээ.
“8 March” нэртэй үйлдвэрчний эвлэлийн хорооноос энэхүү арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд хүйсийн ялгаварлал, хүчирхийлэл, дарамт шахалтгүй, чөлөөт нийгэмд уриалсан юм.
Испанийн “El Pais” өдөр тутмын сониноос 1500 хүний дунд явуулсан судалгаагаар 82 хувь нь жагсаалыг дэмжсэн, 76 хувь нь Испанид эмэгтэйчүүд эрчүүдээс илүү хүнд нөхцөлд амьдардаг гэж хариулсан байна.
Феминист бүлэглэлүүд жагсаалд зөвхөн эмэгтэйчүүд оролцохыг уриалж, тэдний орон зай ямар чухал болохыг харуулахыг зорьсон гэнэ. Гэхдээ Испанийн хуулиар зөвхөн эмэгтэйчүүд, эсвэл дан эрчүүдийг дангаар жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглодог учир өчигдрийн жагсаалд эрчүүд ч нэгдэх боломжтой байв.
С.ЦЭЛМЭГ