Дамбын рашаанд “эзэн” хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Дамбын рашаанд “эзэн” хэрэгтэй байна

Дамбын рашаанд “эзэн” хэрэгтэй байна

Дамбын рашааныг ууж болохгүй шүү!!! Рашааны эргэн тойрон нь аймшигтай хөрсний бохирдолтой. Барилгын материалын хог хаягдлаар дүүрэн, ойр хавь нь нүхэн жорлон ихтэй. Хавар нь хөлдсөн рашааны ундарга хальж тэр хавийн айлуудын жорлон юутай нь усанд автуулдаг юм байна. Ийм байтал Дамбын рашааныг хоол ундандаа хэрэглэсээр байх уу? гэсэн нийтлэлийг иргэд нийгмийн сүлжээд түгээх болжээ. 

Үүний дагуу News  агентлагийн сурвалжлах баг Сүхбаатар дүүргийн XVI хороонд байрлах Дамбын рашааныг зорилоо. Рашааныг тойруулан нэг га орчим газрыг хашаалсан байх бөгөөд биднийг очиход хоёр шар сав рашаан барьсан хүн хашаанаас гарч ирэв.  Түүнийг С.Даваадорж гэдэг.  Түүнтэй цөөн хором ярилцлаа. Рашааныг ходоод доторт сайн гэх бөгөөд ойр орчмын айлууд тогтмол хоол ундандаа хэрэглэдэг бол зарим хүн холоос зорьж ирэн рашаанаас хүртдэг. Тэдний нэг нь С.Даваадорж.

С.Даваадорж: 80 гарсан аав минь автобусаар ирээд рашаан авсан   

-Хоёр сав рашааныг хэд хоног хэрэглэх вэ?

-Хэрэглээнээсээ шалтгаална даа. Нэг долоо хоног орчим хэрэглэх байх. Энэ рашаанаар юм угаахгүй. Хоол унданд хэрэглэнэ, түүхийгээр нь ууна.

-Рашааныг хэрэглэснээр таны биед ямар өөрчлөлт мэдрэгдсэн бэ?

-Миний хувьд хэрэглээд удаагүй байна. Ходоод өвддөг байсан. Одоо өвдөх нь гайгүй болсон. Манай ах олон жил ууж байна. Ходоод нь өвддөггүй. Манай аав, 80 гарсан өвгөн бий. Энэ рашааныг байнга уудаг. Өчигдөр автобусаар ирж 10 литр рашаан аваад явсан байсан. Сая биднийг дагаад л ирлээ.

-Рашааны орчин цэвэр байж чадаж байна уу. Үүнийг хамгаалахын тулд ямар ажил хийвэл зүгээр гэж та үзэж байна вэ?

Хашаалсан болохоор харьцангуй цэвэр байна. Манаачтай болгочихвол зүгээр санагддаг. Гаднаа хүүхдийн талбайтай, нэмж сайжруулах зүйл олон байна” гэсэн юм.

Ингээд  рашаан дээр очив. Рашааны эхэнд чихрийн цаас тэргүүтэй хэдэн хог хөвж байв. Харин рашааны эргэн тойронд хог хөглөрөх нь харьцангуй гайгүй байлаа. Энэ үед нэг шар сав барьсан хос хөтлөлцсөөр ирлээ. Савны тэг дундуур нь рашаан авч байв. Тэдэнтэй хэдэн үг сольж амжлаа. Найз залуу нь ичингүйрэн инээснээ “Манай хүнээс асуу” гээд дөлж зогсов. Харин охиныг Ц.Одончимэг  гэдэг.

Ц.Одончимэг: Рашаан болохоор сүүтэй цай чанахад ээддэг

-Зориод ирсэн мөртлөө яагаад саваа дүүргэхгүй байгаа юм бэ?

-Манай гэр ойрхон байдаг. Манайх рашааныг зөвхөн хүртэхээр хэрэглэдэг болохоор ихийг авах шаардлагагүй. Үүнийг бараг долоо хоног хэрэглэдэг.

-Танайх рашааныг яагаад хоол ундандаа хэрэглэдэггүй юм бэ. Ойр хавийн айлууд хоол ундандаа тогтмол хэрэглэдэг юм билээ?

-Рашаан болохоор сүүтэй цай чанахад ээддэг. Тэгээд ч ус биш рашаан тул хүртэх нь зөв байх.

-Рашааныг гэр хороолол хүрээлж байна. Эдгээр айлууд бүгд нүхэн жорлонтой. Энэ нь рашааныг бохирдуулна гэж бодохгүй байна уу?

-Гэхдээ рашаантай тийм ч ойр биш байгаа биз дээ. Манайх рашааныг тогтмол хэрэглэдэг. Ямар нэгэн сөрөг зүйл болоогүй. Бохирдсон бол сөрөг зүйл ажиглагдах байлгүй. Тиймээс бохирдоогүй гэж үзэж байна.

-Рашааныг хамгаалахын тулд ямар ажил хийвэл зүгээр вэ?

-Хүмүүс энд суугаад тамхи татдаг. Тэгээд тамхины ишээ шууд хаях тохиолдол бий. Ялангуяа зун энд олон хүн цугладаг. Тиймээс энд харуул байх хэрэгтэй санагддаг. Харуул нь хүмүүст шаардлага тавиад байвал эзэнтэй айл шиг, цэвэрхэн байна байх. Бас хашааны нэг, хоёр газраар л орж гардаг байх хэрэгтэй санагддаг” гэсэн юм.

Энэ үеэр таван литрийн цэвэр усны сав барьсан хүн ирж явлаа. Тэрбээр сандал дээр савныхаа тагийг тавиад, мөсөн дээр халтирахаас болгоомжлон удаан алхсаар рашаан руу дөхөв. Энэ хооронд түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

Л.Чимэддорж: Урсгал ус нэг метр урсаад л цэвэршдэг

-Энэ рашааны үйлчилгээг та бидэнд тайлбарлахгүй юу?

-Рашаан маань элэг, ходоодонд сайн. Зөвхөн ходоод, элэг гэлтгүй олон төрлийн рашаан байдаг тухай нэгэн буурал надад хэлж байсан юм. Рашааны эх орчим нь ходоодных. Тойроод нүд, зүрх зэрэг үйлчилгээнийхээ хэлбэртэй рашаанууд байдаг юм. Цас хайлахаар тэр нь сайн харагдах байх.

-Рашаан таны биед ямар өөрчлөлт авчирсан бэ?

-Би элэг муутай. Сүүлийн хоёр жил рашааныг тасралтгүй хэрэглэж байна. Рашааныг хэрэглэснээс хойш эм тан хэрэглэхээ больсон. Саяхан С вирусийн шинжилгээ өгөхөд хэдэн саяар тоологдож байсан вирус маань бүрэн устсан байсан. Энэ хооронд ганц нэг эм уусан л даа. Гэхдээ энэ рашаан л их сайн нөлөөлсөн гэж боддог.

-Гэр хорооллын нүхэн жорлон рашааныг бохирдуулаад байгаа юм биш үү?
-Монголчууд урсгал ус нэг метр урсаад л цэвэршдэг гэж үздэг. Байгалийн зүйл болохоор өөрийгөө ингээд цэвэрлэчихдэг.

-Рашааныг хэрхэн хамгаалбал зүгээр вэ?

-ТҮК-ийнхэн ирээд цэвэрлэж байгаа харагддаг. Өвөл халтирч унахаар их эвгүй болдог. Түүнийг нь засаад, янзалчихдаг. Гэхдээ иргэн бүр рашааныг хайрлаж, өөриймсөг хандах хэрэгтэй байх. Харуултай л болох хэрэгтэй байна даа” гэсэн юм.

Өвөө таван литр рашаанаа долоо хоног хэрэглэнэ гэсээр цааш алхав. Энэ хооронд хоёр шар сав барьсан хүү ирэв. Түүнээс зарим зүйлийг асуулаа. Хүү хоёр шар саваар өдөрт гурван удаа ус зөөдөг гэнэ. Түүнийгээ угаалга, хоол ундандаа хэрэглэдэг аж. Хүүгээс “Өдөр бүр ийм их ус авахаар рашаан татарна гэж  боддог уу” гэж асуухад “Рашаан, урсгал ус болохоор зүгээр ш дээ” гэсэн юм. Хүү энэ ажлыг хэзээний хийгээд сурсан шинжтэй, түүртэлгүй, шалмаг гэгч нь усаа уудлаад жаргах нарны туяатай алсрав. Бидний сурвалжлага ч энд хүрээд өндөрлөсөн юм.

Нийслэлд орших энэ рашаанд эзний сэтгэлээр хандаж, ширхэг хогийг ч аваад халааслах өөриймсөг сэтгэл хэрэгтэй байна. Нийслэлээс орон тоо гарган рашааныг харуултай болгож, хог тарьж байгаа хүмүүст шаардлага тавьж, салхиар хийсч ирсэн, эсвэл бусдын тарьсан хогийг тэр дор нь цэвэрлүүлэх хэрэгтэй байна. Бусдын санаатай, санаандгүй тарьсан хог, ямар нэгэн үйлдэл рашааны нүд, чихийг дарж, амийг нь таслахад хүрч байна. Жил ирэх бүр рашаан татарсаар байгаа. Бусдын эрүүл мэндийг илааршуулахаар байгалиас ундарсныхаа төлөө энэ рашаан тарчилж, шийтгэгдэх ёсгүй. Бид тэдний хэлийг сонсдог ч болоосой. Тэр ямар их дуугаар “Намайг авраач” гэж хашхирч байгаа бол.

 

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж