Төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэдэг нэг цэгийн үйлчилгээ “Дүнжингарав” худалдааны төвд байгуулагдаад хоёр жилийн нүүрийг үзжээ. Одоогоор нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв нь хамрах хүрээгээ тэлж Мишээл, Драгон, Дүнжингарав Чингэлтэй гэсэн дөрвөн салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Биднийг “Дүнжингарав” худалдааны төвд 16 цагийн үед очиход зааланд 200 гаруй хүн дугаарлан зогсож байв. Тухайлбал, улсын бүртгэлийн газар, гадаад паспорт захиалах хэсэг, нийслэлийн татварын газрын цонхны урд цөөнгүй хүмүүс дугаарлан зогсож байлаа. Энэ үеэр зарим иргэдийн саналыг сонсоход үдээс хойш тус төвийн ачаалал бага зэрэг буурдаг. Цайны цагаас өмнө ачаалал ихтэй, ялангуяа машины татвараа төлж буй иргэд ихэвчлэн ачаалал үүсгэдэг гэв.
Одоогоор тус төвд нийслэлийн 33 агентлагийн 278 төрийн, хувийн хэвшлийн үйлчилгээ үзүүлдэг ба ачаалал ихтэй үедээ 7000-8000 гаруй хүнд үйлчилдэг гэж тус төвийн ажилтнууд хэлж байлаа. Мөн байгуулагдсан цагаас хойш цагийн хуваарийн дагуу өглөө 08.30-17.30 минут хүртэл ажилласаар ирсэн гэнэ.
Иргэдийн мэдээлснээр тус төвийн зарим үйлчилгээний ажилтнууд олон хүмүүс дугаарлан зогсож байхад компьютер тоглох, гар утсаараа оролдох зэрэг ёс зүйгүй үйлдэлтэй нэг бус удаа таарсан тухай цахим хуудаснаа мэдээлсэн юм. Үүний нэг жишээ нь өнгөрсөн сард сошиалд нэгэн ажилтан бүсгүй компьютерийнхээ ширээний ард хэнэггүй тоглон сууж буй дүр зураг олны бухимдлыг төрүүлсэн юм. Төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэнэ гэсэн уриатай ч энэ мэт иргэдийг чирэгдүүлэх асуудал олонтоо гардаг гэх.
Иймд бид нэг цэгийн үйлчилгээний төвийн ажилчдын ёс зүй, харилцааны соёлын талаар энэ удаагийн дугаарын сурвалжилгадаа өгүүлж байна. Энэ асуудлаар НЗДТГ-ын Нийслэлийн үйлчилгээний төвийн орлогч дарга Б.Ууганбаттай цөөн хором ярилцлаа.
ПОС машиныг нэвтрүүлэхээр зорьж байна
-Иргэдээс үйлчилгээтэй холбоотой санал гомдол хэр их ирдэг вэ?
-Иргэдийн сонирхож буй хамгийн гол асуудал нь төрийн үйлчилгээний асуудал байх шиг байна. Нийслэл үйлчилгээний нэгдсэн төв байгуулагдаад хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Энэ төвүүдэд хотын захиргааны 25 байгууллага сууж үйл ажиллагаа явуулдаг ба 330 нэр төрлийн үйлчилгээг газар дээрээс нь үйлчилж байна. Сошиалаар цацагдсан зураг нийгэмд нэлээн шүүмжлэл дагуулсан л даа. Уг эмэгтэй нь манайд түрээсийн үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллагын ажилтан байсан. Бидний зүгээс тухайн албан хаагчийн үйлчилгээ явуулж буй газрын түрээсийн гэрээг цуцлан төвөөсөө гаргасан юм.
-Иргэдэд чирэгдэл учруулсан эдгээр хүмүүст ямар арга хэмжээ авсан бэ?
-Бид нар албан хаагчдадаа тодорхой хяналт тавин ажиллаж байна. Манай дотоод үйлчилгээний стандарт гэж байдаг. Түүнд зааснаар албан хаагчид 8.20 гэхэд хувийн бэлтгэлээ хангаад бэлэн байх ёстой. Манай Дүнжингарав төвд нийслэлийн олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Сошиалаар зураг нь цацагдсан ажилтны хувьд манайд түрээсийн гэрээтэй байгууллагын ажилтан байсан. Бид нарын хувьд түрээслэгч байгууллагад сахилгын шийтгэл оноох эрх зүйн зохицуулалт байхгүй. Гэхдээ байнга л хяналт тавьж, үйлчилгээний чанарыг сайжруулахаар ажиллаж байна. Мөр зөрчил гаргасан тухайн байгууллагад санал, хүргүүлсэн.
-Хүмүүс ихэвчлэн ямар үйлчилгээ авч байна вэ? Ачаалал хэр их байна вэ?
-Зарим төрийн үйлчилгээ улирлаас хамаарч ачаалал нь нэмэгддэг. Жишээлбэл, манай төвд татвартай холбоотой 15 орчим үйлчилгээ үзүүлдэг. Авто машины татвар гэхэд улирлын онцлогтой байдаг учраас иргэд өөрсдөө хугацаагаа дөхүүлж ирдэг тул ачааллыг улам бүр нэмдэг. Иргэдийн зүгээс зарим тохиолдолд ачаалал их байна гэсэн санал гомдол ирдэг. Гэхдээ бидний судалснаар төрийн үйлчилгээний байгууллагууд биш, банкин дээр л дугаар үүсгэж байна. Тиймээс манай байгууллага төрийн бүх үйлчилгээнд ПОС машин нэвтрүүлэхээр зорьж байна. Хэрвээ иргэдэд үйлчилж буй цонх бүр ПОС машинтай болчихвол ачаалал эрс буурна гэж тооцож байгаа.
Энэ асуудлаар иргэдийн байр суурийг сонслоо.
Бүхий л үйлчилгээг нэг дороос авдаг болохоор их амар байдаг. Одоогоор ачаалал харьцангуй бага байна. Өдийд ер нь ачаалал буурчихсан байдаг юм билээ. Миний хувьд өнөөдөр лавлагаа авах гээд явж байна. Нэлээн хэдэн жилийн өмнө эднийхээр үйлчлүүлж байхад үйлчилгээ нь их удаан байсан. Харин өнөөдөр илт сайжирсан харагдаж байна л даа. Хувийн ч бай, төрийн ч бай иргэдэд хүнд суртал үзүүлдэг байгууллага зөндөө байна. Гэхдээ эднийх харьцангуй гайгүй санагдав.
Дөнгөж саяхан “Дүнжингаравт” ирлээ. Ачаалал гайгүй л байх шиг байна. Тойроод бүх үйлчилгээ нь байдаг болохоор амар байдаг юм. Зарим цонхны үйлчилгээ нь иргэдийг удаан хүлээлгэж байгаа юм шиг санагдлаа. Гэхдээ иргэдийн хандаж буй асуудлаасаа л болдог байх. Миний бодлоор хүмүүсийн харилцаа нь сайжирсан юм шиг санагдлаа гэв.
Э.Ариун