– Хоосон ярьдаг биш, хийж бүтээдэг хүмүүсээр төрийн ажил урагшилна –
С.Даваасүрэн МУИС-ийг төгсөж, МУИС-ийн Эдийн засгийн сургуульд магистр, ИБУИНВУ-ын Манчестрийн их сургуульд мастер, АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
1996-2003 онд МУИС-ийн Эдийн засгийн онолын тэнхимд багш, 2001-2005 онд Тогтвортой амьжиргаа төслийн ерөнхий зохицуулагч, Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал, 2005-2008 онд АНУ-ын Хэритэйж Юнайтад Вэй судалгааны байгууллагад судлаач, Өмнөд Нью Хэмпширийн их сургуульд багш, 2009 онд АНУ-ын Дахин хөрөнгө оруулалтын корпорацид судлаач шинжээч, 2010-2016 онд МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд багш, тэнхимийн орлогч эрхлэгч, эрхлэгч, 2014 оноос МАН-ын даргын эдийн засгийн зөвлөхөөр, 2016 оноос Санхүүгийн зохицуулах Хорооны даргаар ажиллаж байна.
– Эрдэм ном, судлал шинжлэлийн замаар тууштай явсан багш хүн яагаад төрийн алба руу шилжчихэв? Төрийн алба төсөөлж байснаас чинь өөр байна уу?
– Гэхдээ би мэргэжсэн, судалсан асуудлаасаа холдоогүй шүү дээ. Харин ч судалсан, мэдсэн зүйлээ улс орны эдийн засаг, санхүүгийн амьдралд, систем тогтолцоонд нэвтрүүлэх, болж бүтэхгүй байгаа зүйлийг засаж залруулах боломж гэж харж байна. Хэдийгээр нарийн түвэгтэй ч гэлээ зайлшгүй шийдэж, сайжруулж, ямар ч бэрхшээл саадтай байлаа гэсэн заавал бүтээж байх ёстой ажил бол төрийн бодлого, түүний хэрэгжилт юм. Одоо төрийн алба, байгууллага удирдаад ажиллаж байхад, төрийн тогтолцоо, механизмыг сайжруулах энэ тэр гэхээсээ аль ч түвшинд гаргаж буй шийдвэр оновчтой, зөв байх, хэрэгждэг байх нь туйлын чухал бөгөөд энэ нь төрийн албанд зүтгэж буй хүмүүс, албан хаагчид, тэдний ажилдаа хандаж байгаа хандлагаас маш их хамааралтай юм байна гэж дүгнэж сууна.
– Төрийн албан хаагчдыг онцолж байгаа тань маш соргог санагдаж байна. Сүүлийн үед бид тогтолцоо, системээ ам нийлэн шүүмжилсэн “тэнгэрлэг” ард түмэн болж бүр гүйцлээ…
– Төрийн хүн өөрөөсөө давж бусдын төлөө ажиллаж чаддаг, төрийн албанд ажиллах чин зүтгэлтэй, чадвартай, бас сэтгэлтэй байх ёстойг би албан хаагчиддаа ч, шавь нартаа ч үргэлж хэлдэг. Төрд жинхэнэ ёсоор ажиллая гэвэл хувийн эрх ашиг, өчүүхэн шунал бүхнээ хаяж, хазаарлаж байж л Төрдөө дэм болно. Манайхан ганц нэг жижиг сажиг эрх ашгийн асуудал байх шүү дээ, байх гэсэн байдлаар үүнд ханддаг. Гэвч үгүй юм аа. Тэр жижиг сажиг эрх ашгууд нийлээд уул овоо шиг том юм болчихно. Тэгээд л засахад маш түвэгтэй, өндөр зардалтай болно шүү дээ.
– Өөрөөсөө давах гэж тун онож хэллээ. Харамсалтай нь тийм хүмүүс ховор биз дээ?
– Тийм хүмүүс л энэ төрийн албанд ажиллахгүй бол бидний хөгжлийн тухай, хууль эрх зүй, шударга ёсны тухай яриа хий хоосон болно. Энэ зарчмыг төрийн албаны, засаглалын тогтолцоонд зөрчих аргагүйгээр шингээж өгөх хэрэгтэй юм байна. Иймээс төрийн албанд хүмүүс зүтгэлтэй, чадвартай, сэтгэлтэй ажиллах ёстой. Шинэ залуу улсыг ийм болгох хэрэгтэй. Зүтгэлтэй байна гэдэг төрийн үйл хэргийн төлөө ажиллах чин хүсэлтэй байхаас эхэлнэ. Ярьдаг биш, хийдэг, бүтээдэг, үр дүн гаргадаг байхыг хэлнэ. Чадвартай байх гэдэгт би төрийн албаны зохих шаардлагыг хангахуйц, төрийн ажил, албанд дэм өгөхүйц туршлага, мэдлэгг боловсрол, ур чадвар эзэмшсэн байхыг хэлж байгаа юм. Төрийн хүн ард түмэн, аж ахуй, бизнес, нийгмийн амьдралд нөлөөлөхуйц бодлого шийдвэрийг гаргадаг байх ёстой. Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн төлөө тууштай явдаг байх учиртай. Нэг юм гаргаж л байдаг юм, түүнийгээ тэгсхийгээд өөрчилж л байдаг юм гэх сэтгэлгээг нийгэмд төрүүлэх юм бол ямар ч шийдвэрийг хэн ч дагаж мөрдөхгүй болно биз дээ. Сэтгэлтэй байх гэдэг нь эрхэлсэн ажилдаа өөриймсөг байж, зөв үйлдэлтэй, ёс зүйтэй байхыг хэлнэ. Төрийн албан хаагчид нэгэнт тодорхой болчихсон бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахын хувьд зүтгэлтэй, чадвартай байх, сэтгэлтэй, миний дээр хэлсэнчлэн өөрөөсөө давж бусдын төлөө ажилладаг байх зэрэг шалгуурууд түрүүнд тавигдана. Гэхдээ төрийн хүмүүс бүхий л талаараа хувийн секторт ажиллагчдаас илүү байх ёстой гэж би үздэг. Бүр маш олон параметрээр илүү байх ёстой. Яагаад гэвэл боловсруулж, хийж байгаа юмных нь далайц, үр нөлөө их том шүү дээ.
– Манайд бодож байгаа, ярьж байгаа, хийж байгаагаа давхцуулдаг хүн алга шив дээ.
– Одоо тийм болгох цаг болсон. Зүтгэл, чадвар, сэтгэл гурвыг төрийн албанд давхцуулдаг болгох хэрэгтэй. Сүүлийн үед бодлоготой байя, судалгаатай байя гэж их ярьж байгаа. Ярих төдийгөөр тийм болчихгүй. Энэ бол ажил хийх тухай л яриад байгаа хэрэг шүү дээ. Судалгаа хийхэд ямар их хүч хөдөлмөр гаргаж хийдэг билээ? Бодлого бол түүнээс цаана. Нэгэнт гаргасан баримт бичгийг тууштай ажил хэрэг болгох бол том ажил. Энэ бол үйл хөдлөл. Ер нь бас алдаа гаргаад, болохгүйгээ мэднэ гэдэг чинь том амжилт юм шүү. Дэлхий нийтээрээ шахуу хоёр системээр яваад, нэг нь 60, 70 жил болсны эцэст болохгүй юм байна аа гэдгээ нотоллоо. Манайд аливаа шатанд нэгэнт тохирч гаргасан бодлого, дүрмээ тууштай мөрдөх, амьдралын хэвшил болгох байдал их дутагдаж байна. Зах зээлийн эдийн засагт төрийн оролцоо бага байх ёстой гэсэн гоё сонсогддог үг их дэлгэрсэн. Энэ бол чухал ойлголт. Чухамдаа бол нийгэм, эдийн засгийн амьдралд төрийн зохицуулалт бол их ч биш, бага ч биш тухайн нөхцөл байдал шаардаж байгаа хэмжээнд байх л ёстой. Зохицуулалтгүй, гэрэл дохиогүй, камергүй зам ямар байдаг билээ. Гэтэл арав хорин зам зохицуулагч нэг уулзвар дээр овоорохоор гэрэл дохиотой, камертай ч тэр зам ямар болдог билээ. Төрийн оролцоо зохистой түвшиндээ байхгүй болохоор хэсэг бүлэг хүмүүс тэр орон зайг бөглөх гэж эрмэлздэг. Тэндээ хагас төр, хагас хувийн хэвшлийн сонин бүлэглэлийг бий болгосон тогтоц манай бүхий л салбарт харагддаг. Төр бол өөрийн хүчирхэг, найдвартай байдлаа үзүүлэх, зохистой байх, гаргасан шийдвэртээ тууштай байх ёстой.
САНХҮҮГИЙН САЛБАРЫН ГУРВАН ТУЛГУУР НЬ БАНК, ДААТГАЛ, ҮНЭТ ЦААС
– СЗХ маань яг юу хийдэг, ямар байгууллага юм бэ гэдгийг манай Уншигчдад хэлж өгөхгүй юу? Над шиг энэ талын мэдлэг муутай, энэ талд анхаарал хандуулдаггүй хүмүүс ховор байх. Уг нь бирж, үнэт цаас гэхээр гадаадынханд амь наана, там цаана ойлголт юм шиг байна лээ.
– СЗХ байгуулагдаад 12 жил болж байна. Өөрийн гэсэн бие даасан хуультай, УИХ-ын дэргэдэх байгууллага. Зах зээл дээр банкнаас бусад санхүүгийн салбар болох хөрөнгийн зах зээл, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын бодлого, зохицуулалтыг хийдэг.
– Яагаад банкнаас бусдыг хийж байгаа юм? Банкыг нь яагаад хийдэггүй юм?
– Олон улсын жишигт төв банкныхаа ажлыг хийдэг зохицуулагч ч бий, хийдэггүй нь ч байгаа. Хөгжингүй улсуудад ерөнхийдөө бүх зохицуулалтыг хийдэг. Төв банк нь зөвхөн мөнгөнийхөө бодлогыг хэрэгжүүлээд явдаг бол Хороо нь санхүүгийн бүх салбаруудынхаа лицензийг нь олгоод, зохицуулалт, хянан шалгалтыг нь хийчихдэг. Жишээ нь Япон, Өмнөд Солонгос, Америк, Англи, Герман, Австрали зэрэг орнуудад ийм байдаг. Санхүүгийн салбар чинь гурван тулгууртай. Банк, даатгал, үнэт цаас. Энэ гурав зэрэг явж байж төгөлдөршинө. Өөрөөр хэлбэл, санхүүгийн салбарын зохистой хөгжлийн түвшин хангагдана.
– Бид чинь улс төржсөн жишээгээр юмыг ойлгодог болтлоо улс төржсөн хүмүүс. Таны яриад байгаа чинь нэг том нам нь монопольдоод, бусад нь “голос” муутайхан шиг явдагтай л төстэй юм аа даа?
– Та тэгж жишмээр байна уу? (инээв) Улс төрийн нам чиглэлийн хувьд зүүнийх, барууных, дундаж ангиа дэмждэг, эсвэл бага орлоготой, ядуу иргэдээ илүү анхаардаг гээд байна. Санхүүгийн салбарын хувьд банк, даатгал, үнэт цаас бол тулгын гурван чулуу юм. Гэтэл үүсэж бий болоод 27, 28 жил болж байгаа үнэт цаасны зах зээл л гэхэд манайд бараг хөгжөөгүй байна.
– 90-ээд оны түвшиндээ байна гэсэн үг үү?
– Тэгж ойлгож болно. Тэр үед 475 улсын үйлдвэрийн газрыг хувьчилсан. Эндээс цөөн тооны хүмүүст хувьцааны төвлөрөл бий болоод, хувьцаа эзэмшигчдийн дийлэнхэд нь багахан хувьцаа ноогдож байна. 2017 оны байдлаар 7.0 тэрбум хувьцаа зах зээл дээр байгаа. 33-аас дээш хувийн хувьцаа эзэмшигчид 0.1 хувь. Харин 5-аас бага хувийн хувьцаа эзэмшигчид 99 орчим хувь байх жишээтэй.
– Энэ чинь ёстой сонирхолтой тоо байна. Баян ядуугийн ялгаа чинь эндээс үүдэлтэй юм биш үү?
– Угтаа хөрөнгийн зах зээл зохих ёсоор хөгжсөн бол иргэдийн гар дээр, эсвэл хадгаламжинд нь байгаа хөрөнгө хувьцааны арилжаанд эргэлдэн, хэрэгцээтэй салбар руу хөрөнгө оруулалт болон орж, зүй зохистойгоор хуваарилагдаж байх учиртай юм.
– Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, “Та нар паблик компани болооч ээ” гэж бизнесүүдэд уриалснаа хэлж байсан. Энэ таны ярьж байгаатай уялдаж байна уу? Финляндын нэг гар утасны компаны хувьцааг хүн амынх нь тал нь гэл үү, гуравны нэг нь ч гэл үү эзэмшдэг гэж сонсож байсан юм байна. Хувьцаа амьд орчиндоо очдог, айл болгонд шахуу хүрдэг, ийм идэвх манайд алга.
– Хөрөнгийн зах зээл дээр одоо байгаа хувьцааны төвлөрөл өндөр, хөрвөх чадвар муу байна гэсэн үг. Компаниуд хэлбэрээ өөрчлөн паблик компани болж шинээр хувьцаа гарган, олон нийтээс хөрөнгө оруулалт татсанаар үйл ажиллагааны зардал нь буурахаас гадна компанийн засаглал нь сайжирна. Ерөөс хөрөнгийн зах зээлийн энэ харилцаа амьд байх ёстой юм.
– Үүнийг хөдөлгөх механизм нь юу байх вэ?
– Өнгөрсөн онд хоёр компани IPO гаргалаа. Олон нийтэд хувьцаагаа санал болгож шинээр гаргаж байгаа хэрэг шүү дээ. “Ай түүлс” компанийн захиалга гурав дахин давж биелсэн. “Анд энерги” компанийнх хоёр дахин давсан. Хөрөнгийн зах зээлийг ерөнхийд нь хэмжиж дүгнэдэг зах зээлийн үнэлгээ гэсэн үзүүлэлт байдаг юм. Энэ үнэлгээгээрээ 2017 онд түүхэндээ байгаагүй хамгийн дээд үзүүлэлтийг үзүүллээ. 2 их наяд 435 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээ гарч байна. Өмнөх 2016 оноос л гэхэд 66 хувиар өссөн.
– Манай эдийн засаг 2012 он хүртэлх таатай байдалтай болоогүй ч гэсэн хөрөнгийн зах зээл маань тэр түвшнээсээ ч давсан байх нь. Энэ бол бас бодит амжилт шүү.
– Энэ бол зөв хөдөлгөвөл манай зах зээл дээр потенциал байна гэдэг нь харагдаж байгаа хэрэг юм. Бид дахиад ч IPO гаргах асуудлыг үргэлжлүүлэн идэвхтэй дэмжинэ. “Сүү” ХК бонд гаргахад л тэр бонд нь амжилттай боллоо шүү дээ.
– Урд нь энэ чинь нэг их яригдаж байгаагүй санагдах юм?
– 2016 онд гаргасан бүх IPO амжилтгүй болсон байдаг юм билээ. Гэтэл 2017 онд хэдэн зуун хувиар биелж, амжилттай болсон нь юу илэрхийлж байна вэ? Үүнд манай СЗХ, компаниудтайгаа зөв хамтарч ажиллаж, зөв бизнес төлөвлөгөө, үйл ажиллагаа явуулсан, хамтран зүтгэгчдийн маань санал санаачлага, идэвх сайн байсан нь их нөлөөлсөн гэж бодож байгаа. Ер нь аливаа юм нэг шөнийн дотор сүнхийгээд бий болчихгүй. Бүх юман дээр чимхлүүр, чамбай, бүтээлч ажиллагаа хэрэгтэй гэдгийг харуулж байгаа юм. Ер нь бол жинхэнэ утгаар нь бид ажиллабал дуусахгүй их ажил энд бий. Эцэстээ нийгэм, эдийн засгийн амьдралд маш их үр өгөөжөө өгнө. Хөрөнгө, санхүүжилт зүй зохистой байршиж, эдийн засаг тэлнэ. Ажлын байр өргөжиж, ядуурал хумигдана. Ер нь л асар их үр нөлөөтэй. Зөв явбал шүү дээ.
– Тэгэхээр маш олон талын, нийтийн эрх ашгийг хөндөж ажилладаг байгууллага юм байна. Тийм үү?
– Тэр үнэн.
– Даатгалын салбар гурван тулгуурын нэг гэж та ярилаа?
– Өнөөдөр манайд даатгалын арав гаруй байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Давхар даатгалын асуудал ч яригдах боллоо. Манай даатгалын компаниуд одоохондоо ердийн даатгал, арилжааны даатгал хийгээд явж байна. Чанарын ахиц гарахаар амьдралын даатгал гэдэг рүү орох ёстой. Олон төрлийн харилцаанд манай иргэд ороод ирэхээр даатгалын эрэлт, хэрэгцээ, шаардлага их болно. Жишээ нь манай иргэд орон сууц худалдаж аваад дараа нь хана нь зузаан нимгэн, чанар нь сайн муу гэж ярьдаг шүү дээ. Уг нь даатгалын үйл ажиллагаа сайн хөгжсөн бол үүнийг зохицуулаад явах бүрэн боломжтой. Замын хувьд ч гэсэн. Ноднин тавьсан зам энэ жил ховхорлоо гэвэл буух эзэн буцах хаяг тодорхой. Тэд эргэн төлбөрт унахгүйн тулд гүйцэтгэлд хяналт, шаардлагаа тавина.
– Солонголог эдийн засаг гээд байдаг даа?
– Солонголог гэнэ үү, төрөлжсөн гэнэ үү, олон тулгууртай гэнэ үү. Асуудлын гол нь манай эдийн засаг уул уурхайн салбараас хамаарсан өрөөсгөл бүтэцтэй. Санхүүгийн салбар нь банк гэсэн ганц тулгууртай. Дээр дурдсан, энэ салбар чинь гурван тулгууртай байх ёстой шүү дээ. Нэг тулгуур нь банк, нөгөө нь даатгал, гуравдахь нь хөрөнгийн зах зээл гээд. Гурвуулаа зэрэг хөгжиж ирвэл санхүүгийн зах зээл тогтвортой, уян хатан болж ирнэ шүү дээ. Энэ нь бас л өнөө дан ганц байгалийн баялагаас хамааралтай тогтолцоотой шууд холбоотой. Тэгэхээр хэрхэн яаж зөв засаглах вэ, хэрхэн оновчтой шийдвэр гаргах вэ гэдэг маш чухал.
– Бидний ярилцлага хэтэрхий албархуу болоод байх шиг. Тэгэхээр хоёулаа сэдвээ жаахан өөрчилье. Хүүхэд насны үе, багын дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцах уу?
– Бололгүй яахав.
БНАСАУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ КИМ ИР СЭН МОНГОЛД АЙЛЧЛАХ ҮЕД ТҮҮНД ЦЭЦЭГ БАРЬЖ БАЙЛАА
– Таны бага нас социализмын үед өнгөрчээ. Тэр үед санаандгүй байдлаар мэргэжил сонгох нь тохиолдол байдаг байлаа. Та эдийн засагч болъё гэж хэрхэн шийдсэн бэ?
– Би Улаанбаатар хотод төрж, II дөчин мянгатад өссөн. Улсын тэргүүний 24 дүгээр дунд сургуулийг дүүргэсэн. Миний аав бол эдийн засагч, техник эдийн засгийн үндэслэлийг тооцоолох ажлыг насаараа хийсэн хүн. Одоо “ТЭЗҮ” гээд ярихад хүн бүр ойлгодог болсон ажлыг хийж ирсэн л дээ. “Feasibility study” (ТЭЗҮ) гэж ярьдаг шүү дээ. Энэ бол аливаа бүтээн байгуулалтын хамгийн гол баримт бичиг шүү дээ. Тийм учраасаа юмыг тооцоотой, судалгаатай хийдэг гэсэн ойлголт бага байхаас суусан нь аавын маань ажлаас эхтэй. Хөдөө орон нутагт сангийн аж ахуй (САА), фермийн аж ахуй, усжуулалтын систем байгуулах гэх мэт бүтээн байгуулалтын ТЭЗҮ их хийсэн. САА гэхэд хэдэн хүн тэнд суурьшиж ажиллах юм, эдийн засгийн өгөөж нь юу байх юм гээд бүр аж ахуйн ажилчдын нийгмийн хэрэгцээ шаардлага гээд хамгийн жижгээс нь томыг нь дуустал тооцоолно гэсэн үг. Аав минь Төлөвлөгөөний комисс, Улсын барилгын зургийн институт, ХАА-н барилгын зургийн институтэд зөвхөн энэ асуудлыг хариуцаж 30-аад жил ажилласан хүн.
– Аавын тань яриа хөөрөө, ажлын хэвшил, зуршил танд нөлөөлжээ. Үе дамжсан мэргэжилтэн хөгжингүй оронд их байдаг. Манайд ч энэ үзэгдэл бий болж байна.
– Өвөө, эмээ маань эрт өөд болсон учраас сайн мэдэхгүй ч аав ээжээсээ их сонсож байсан. Өвөө маань Утай гүмбүмд шавилж ирээд “том толгой” лам гэгдэж, бас хэлмэгдэж байсан юм гэнэ лээ. Тэгээд их хэлмэгдүүлэлтийн үед, “шар шувтална” гэж ярьдаг даа, сахил санваараа халан хар болж эмээтэй минь гэр бүл болсон юм билээ. Одоогийн Ховд аймгийн Зэргийн Хүрээний нэртэй оточ маарамба хүн байсан юм гэдэг. Ээжийн талынхан ч гэсэн энэ хүрээний алдар нэртэй лам хуврага хүмүүс байсан юм билээ.
– Та чинь айлын том хүүхэд үү, бага нь уу, дундах нь уу? Хамгийн сэргэлэн нь үү гэж асуумаар санагдаж байна, яагаад ч юм.
– Дундах хүүхэд, охидын том нь. Хамгийн сэргэлэн, хэнхэг нь дээ, та яаж анзаарав? (инээв)
– Урьд нь та бид бас нэг зөвлөх, зөвлөгөөний чиглэлийн ажлаар хамтарч ажиллаж байхад анзаарсан юм аа. Их л ажил хэрэгч санагдсан. Ажлын хэнээтэй ч юм шиг. Тоглож хэлж байгааг минь ойлгоорой.
– Сурагч байхдаа 24 дүгээр сургуулийн бүлгэмийн зөвлөлийн дарга байлаа. Монголын пионерийн байгууллагын төв зөвлөлийн гишүүн, хотын пионерийн штабын орлогч дарга байлаа. Ийм идэвх, зүтгэлтэй байсан маань надад завгүй байх зуршлыг багаас минь өгчээ гэж боддог. Зүгээр сууж чаддаггүй нэг юм хийж л байвал сэтгэл амар байх шиг байдаг юм. Тэр үеийн пионерууд зүлэг ногоо, мод ургамал тарих, байгаль орчноо хайрлах, өвөг дээдэс, эцэг эхээ хүндлэх, хичээл сурлагадаа шамдах гээд олон сайн юмыг нийгэмд хэвшүүлэхийг зорьдог, өөрсдөө хэвшил болгох гэж хичээдэг байсан шүү дээ. Дээр нь үнэнч шудрага байх, сахилга бат, хүмүүжлийг дээдлэх, бусдад тус дэм болох, ариун цэврийг сахих гээд үлгэрлэх олон юм байлаа. Тухайн үед жаахан охид, хөвгүүд бяцхан оюун бодолдоо нийгэмдээ, улсдаа тус дэм үзүүлж байна гэж л боддог, хичээдэг байлаа.
– Олон нийтийн ажилд оролцохоо илүүд үздэг хүүхэд байв уу, эсвэл хичээл сурлагаа илүүд үздэг байв уу?
– Би онц сурдаг хүүхэд байсан. Манай сургуулийнхан одоо ч зарчимч хүүхэд байсныг, бүр зарим нь эмээдэг байсан гэж дурсан ярьдаг юм. Би тийм хэнхэг энэ тэр байснаа мэдэрдэггүй, байгаагаараа л байсан. Харин сургуулийн хүндэт самбар дээр эрээн галстуктай зураг байдаг байсан. Бусдад сайнаар үлгэрлэж байсан бол сайн л хэрэг. Ер нь зөв бодолтой тийм жаахан охид, хөвгүүд бусдад муугаар үлгэрлэнэ ч гэж юу байх вэ дээ. Хүүхэд нас минь их л үр бүтээлтэй, завгүй, аз жаргалтай өнгөрсөн санагддаг. Харамсаж, алдаж гээсэн юмгүй өнгөрсөн гэдэгт би одоо ч баттай итгэж байдаг.
– Охидод ээжийн нөлөө их байдаг даа?
– Хүн бүрийн ижий үр хүүхдэдээ хамгийн эрхэм дээд хүн байдаг шүү дээ. Миний ижий ч гэсэн тийм л хүн байсан. Гутлын үйлдвэрт ээлжийн ажилчин, мастер гээд бүх шатыг нь дамжиж ажилласан. Ёстой л ажлын төлөө хүн байсан даа. Сайн ажилчидаа мэргэжил дээшлүүлэхээр тухайн үед Чех улсад 2-3 жилээр дадлагажуулан ажлуулдаг байхад тэнд бас дадлагажин, мэргэжлээ дээшлүүлж байсан, төлөвлөгөөт таван жилийн олон удаагийн гавшгайч хүн байсан. Ижий маань дөнгөж 50 гараад өөд болсон доо. Тэр үед би их сургуулиа төгссөн байлаа. Английн Засгийн газрын тэтгэлэгт тэнцчихсэн, явах хугацаа, цаанаас олгосон онгоцны билет нь ээжийн маань 49 хоног хураах өдөртэй давхцаад. Тэтгэлэгийн оюутан чинь хэзээ явахаа ямар шийдэж, өөрчилж чадах биш. Зах зээлийн шилжилтийн тэр хүнд хэцүү үед шүү дээ. Тэгээд аав минь “Охиноо нисгэчихээд ямар буян хураалтай биш” гээд ламаас асууж наана нь, 43 дахь хоног дээр нь буян хураах ёс заншил, будаалгыг үйлдэж байж билээ. Ижий минь ажлыг их, бага гэж голдоггүй ажилч, махруун зан чанар бидэнд болон ач зээд нь уламжлагдан үлдсэн гэж боддог. Ийм хоёр сайн хүний үр хүүхэд болж төрсөндөө би хувь заяандаа баярлаж, дээдлэж явахыг хичээдэг дээ. Намайг охидынхоо том болохоор ч тэгдэг байсан биз ижий минь бүх л зүйлээ ярилцдаг байсан.
– Айлын том охин чинь ээжийн оронд ээж болж явдаг шүү дээ
– Тийм шүү. Одоо ч ээжийн эгч дүүс надтай, ээжтэй маань харьцаж байгаа юм шиг ач холбогдол өгч харьцдаг юм. Завтай үедээ 70, 80 настай нагац эгч нартайгаа их хууч хөөрнө өө.
– Та гэр бүлээ танилцуулахгүй юу?
– Миний нөхрийг Одсүрэн гэдэг, бас айлын дунд хүү, гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажилладаг. Бид хоёр их сургуулиа төгсөөд л гэрлэсэн, ханилаад хорин гурван жил болж байна. Манайх гурван хүүхэдтэй. Том маань хүү, их сургуулийн оюутан, хоёр бага нь охид, дунд сургууль, цэцэрлэгийн албатай. Бид бусад аав ээжүүдийн л адил үр хүүхдүүдээ эрдэм номтой, эрүүл саруул, сайн хүмүүс болгох гээд л хичээж байна даа.
– Сургууль соёлдоо тэргүүний хүүхэд байж ангийнхаа багшийн тухай одоо дурсдаг уу? Та бол бас чамгүй том алба ажил хашиж байна. Миний ээж багш учраас би энэ асуултыг асуух дуртай байдаг юм.
– Дурсалгүй яах вэ? Анги хамт олноо, багш нараа кино зураг гүйж байгаа юм шиг дурсах ч тохиолдол байна шүү дээ. Манай анги даасан багш Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, биологийн багш хүн. Би чинь бүлгэмийн зөвлөлийн дарга, зарчимч, бусдад өндөр шаардлага тавьдаг хүүхэд байсан. Тиймээс ч тэр үү манай хөвгүүд ч надаас эмээдэг байсан гэж дурсдаг. Ер нь тэгээд хүн өөрийнх нь төлөө явж байхад ямарч сахилгагүй, дүрсгүй хүүхэд эцэстээ ойлгодог юм шүү. Бүр бусдаас илүү хүндэлдэг болох нь ч бий. Тэргүүний сурагч алтан медаль, МПБ-ын хошой алтан медаль хүртэж явлаа. Найрамдал зуслан, бүр гадаадын зусланд амрах эрхийн бичгээр шагнагдаж байлаа. Хүүхэд насны бас нэг сайхан дурсамж бол 1988 онд байх аа, БНАСАУ-ын ерөнхийлөгч Ким Ир Сэн Монголд айлчлах үед түүнд цэцэг барьж байлаа (инээв). Багш нар маань л дэмжиж тэр бүхэнд хүрсэн хэрэг шүү дээ.
– Гадагшаа хаашаа явав? Тэр үед гадагшаа явах чинь хувь хүн, гэр бүлийн хүрээнд ховор үзэгдэл байсан биз дээ?
– Германд. Тэр үеийн БНАГУ-ын пионерийн зусланд амарсан. 1987 онд зургаадугаар ангиа төгссөн зун тэнд очсон. Тэгээд Германы төв телевиз болон “Бөмбөр” гээд хүүхдийн сонинд ярилцлага хүртэл өгч байлаа (инээв). Цэдэнбал гуайн Эрик Хонекер гуайд бэлэглэсэн монгол гэр тэр зусланд бариатай байсан. Ихэнх социалист орнууд, Австри болон бусад орноос хүүхдүүд ирчихсэн байсан. Олон хотоор нь явж аялал хийцгээсэн. Ингэж багадаа гадаад орны тухай мэдээлэл, мэдрэмж, сэтгэгдэлтэй болох их чухал юм байна гэдгийг ойлгосон.
– Нацагдорж гуайн “Хуучин хүү” зохиол дээр гардаг шиг тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж бодохгүй багадаа газар үзэж нүд тайлах их чухал биз?
– Чухлаар барах уу (инээв.) Тоглоом ч үгүй чухал шүү. “Агтны бийд газар үз. Аавын бийд хүнтэй танилц” гэдэг дээ. Гадаад хүнтэй танилцаад яриад сурчихна, нүүр хагарна гэдэг чухал. Тэгээд БНАГУ бол төгс төгөлдөр орон юм байна гэж бяцхан зүрхэндээ итгэл үнэмшил авсан байгаа юм (инээв). Энэ итгэл үнэмшил маань 1989 оны 11 дүгээр сард Бранденбургийн хаалгыг буулгах хүртэл баттай байв. Тэгтэл тэнд найз болсон хүүхдүүд Германаас бичсэн. “Хоёр Герман нэгдсэнээр аав, ээж маань ажилгүй боллоо. Аав, ээжид Баруун Германд тэнцэх ажил олдохгүй байна аа” гэхэд нь хөгжил, соёлоороо социализмын оргил болсон улс ийм болж байгаа юм чинь гэсэн бодол, эргэлзэл төрж эхэлж байгаа юм. Үүнээс үүдээд, хожим их сургуульд орсон хойноо социализм бол хангалттай туршигдсан ч ажиллаж чадахгүй систем юм аа гэдгийг ойлгосон. Магадгүй нийгмийн хөгжлийн түвшин нь өндөрт очсон Норвеги, Швед, Финлянд зэрэг улсад өөрийн өнгө төрхтэй энэ систем хэрэгждэг. Үүнээс доод түвшинд энэ систем 70 жил туршигдаад ажиллахгүй юм байна аа гэж гүнзгий ойлгосон.
– Герман найзууд захиа бичиж байсан гэлээ. Германд очоод үе тэнгийнхнээсээ юу олж харав?
– Энэ сэдэв жижиг юм шиг санагдаж магад. Гэтэл хамгийн чухал сэдэв шүү. Хамт байсан хүүхдүүд их ур чадвартай, санаа бодлоо чөлөөтэй, нээлттэй илэрхийлдэг харагдсан. Герман хүүхэд багаасаа худал хэлдэггүй. Цаг барьдаг хүн болж өсдөг нь ажиглагдсан. Энэ хүний хөгжил, харилцааны соёл, уламжлал зэрэгтэй холбоотой байх. Зохион байгуулалтанд орохдоо тэд их онцгой. Чөлөөт цагаа зөвхөн урлаг спорт гэхгүй, оёж эсгэх, дархан мужаан хийх зэрэг олон төрлийн ажилд зориулна.
– Та тухайн үед БНМАУ (Монгол улс), БНАГУ (Зүүн Герман) шиг болоосой гэж бодож байв уу?
– Яг л тийм бодол тээж ирсэн шүү (инээв). Тэгээд төдөлгүй тэр сайхан БНАГУ нуран унаж байхад бидний муулдаг Барууны улс чинь бүр дээгүүр амьдралтай юм байна аа гэж дүгнэсэн. Германы ард түмэн мундаг ард түмэн гэдэг нь ганц жишээн дээр л харагдана даа. Энэ бол XIX зууны Германы сонгодог философи. Философийн суурь хандлагууд болох идеалист, материалист урсгалууд үндсэндээ Гегель, Маркс хоёроор нэршсэн гэхэд буруудахгүй. Энэ урсгалууд XX зууны эхэн үеэс нэлээд үзэл суртлын өнгө аястай болж, улмаар тэдгээр үзэл суртлууд даамжран дэлхий дахиныг капиалист, социалист лагеруудад хуваалаа шүү дээ. Дэлхийн II дайны дараа Герман улсаа хоёр хувааж, энэ үзэл суртлыг туршлаа шүү дээ. Турших явцдаа тэд суралцаж байна. Өнөөдөр Германчууд Европын холбооны санхүү, эдийн засгийн гол асуудлыг нь шийдээд явж байна. Германы тухай ярихаар надад багын дурсамж сэрэх шиг болдог юм. Жаахан хүүхэд хэсэгхэн хугацаанд тэнд байсан шүү дээ. Дараа нь Англид сонгодог эдийн засгийн онолыг судалж магистрын зэрэг хамгаалсан. Өнөө гарт үл баригдах эдийн засаг гэдэг дээ. Бидний сүүлийн 30-аад жил их ярьсан Адам Смит чинь 1776 онд өнөө “Ард түмнүүдийн баялаг” зохиолоо гаргасан. Бие даасан бодолтой хүчирхэг хүмүүс. Уламжлалаа их барьдаг нь Америкчуудаас ялгаатай. Дараа нь АНУ-д докторантурт суралцахдаа тэд Англиас ялгаатай, бас тэднээс судалж, суралцсан нь харагдаж байлаа. Жишээ нь хотын нэршлийг л аваад үзэхэд, Йорк гэж Англид байхад Нью-Йорк гээд АНУ-д байх жишээтэй. Англид Хампшер гэж байхад АНУ-д Нью Хампшер нь байх жишээний. Эдийн засгийн онолын хувьд Англичууд эдийн засгийн сонгодог онолыг, харин АНУ-д бол нью (шинэ) сонгодог онолыг онцолж байх жишээний. Өөрөөр хэлбэл шинэ Английг АНУ-аас олж харсан гэхүү дээ. АНУ-ын Үндсэн хууль нь иргэн хүмүүстээ үйлчлээд, иргэн болоогүй хүмүүст нь иргэн болохоор нь үйлчилнэ гэдгээ хүртэл хатуу тогтсон гэхдээ тэдний эрх зүйг зохицуулдаг “вайт пэйпэр” гэж гаргасан байдаг. Газрын хуваарилалтад хүртэл, уламжлалт бус шудрага, нээлттэй, оролцоотой байх зарчмыг баримталж хийсэн.
– Хэн түрүүлж ирсэн нь газар дээр гадас шаагаад өөрийн болгодог кино үзсэн юм байна?
– Зарчим нь Англи шиг тухайн хүний язгуур угсаа, угшлыг харгалзахгүй “энэ хүн хэн бэ?” гэдэг дээр л тулгуурлаж байна гэсэн үг. Чи хэн байсан, хаанаас ирсэн бэ гэдэг нь хамаагүй. Бүх юм энд А цэгээс эхлээд л явсан. Энэ чинь Хампшер, Нью Хампшертаа биш, тэр бүгдийг шинээр бүтээж байна шүү дээ.
– Та дээр аль үндэстэн, аль муж нутгийнхан юу хийж чаддаг вэ гэдэг бүтээмж дээр нь тохируулж хууль тогтоомжоо гаргасан гэсэн санаа цухуйлгалаа. Тэгвэл манай Монголд тэр нь юу байж болох вэ? Бидний Хампшер яах вэ, тодорхой. Феодализм, социализм гээд бий. Нью Хампшер маань юу байна?
– Олон асуудал бий. Нүүдлийн мал аж ахуйгаа авч үлдсэн нь бидний давуу тал. Давуу тал гэдгийн гол шалтгаан нь энэ чинь unique (давтагдашгүй) байхгүй юу. Монголоос өөр хаана ч ингэж үлдээгүй. Хөгжлийг тодорхойлох чухал зүйл гэж хэлэхээсээ бидэнд байгаа нь чухал үнэ цэнэтэй зүйл. Мэдээж нүүдлийн мал аж ахуйгаа эрчимжүүлэх, эдийн засгийн давуу талыг нь ашиглаж чадвал илүү сайн.
– Африкийн орнууд зарим нь 200, зарим нь 100 жил АНУ, Герман, Франц зэрэг орны нөлөөнд байлаа. Тэд бас Африк чигээрээ л үлдсэн. Бид ч гэсэн АНУ, Европын, гадны хөрөнгө оруулалт л гээд байна африк африк чигээрээ гэдэг шиг бахь байдаг Монголоороо үлдэх юм биш биз?
– Буурай орнуудыг колончлох үйл явц 1970-аад онд эцэс болсон боловч шинэ колончлол гэсэн ойлголт гарч ирсэн. Тэр колончлолын ул мөр тухайн ард түмэндээ гүн үлддэг юм байна л даа. Англи, Францын колончлолын системийн ул мөр боловсрол, соёл, амьдралын хэв маягт нь баттай шингэчихсэн байдаг юм шиг. Энэ байдлаасаа болоод шинэ төрлийн колончлолд ороод эргээд нөгөө улсуудаасаа хамааралтай хэвэндээ л амьдраад байдаг. Өөрсдөө колончлолоо даван гараад шинээр амьдрах механизм нь хязгаарлагдмал болж байх шиг. Жишээ нь Францын колони байсан орон одоо ч хэл соёл нь францаас хамааралтай байх жишээтэй. Энэ нь хэн улс төрийн эрхийг барьж байна гэдгээсээ үл хамаараад түүгээрээ амьдраад дасчихсан улс чинь хуучнаа үгүйлээд, түүн рүүгээ ухраад байх жишээтэй. Жишээ нь Монголчууд 1920 оод он хүртэл хятад цайг их хэрэглэж байсан. Гэтэл 1990-ээд оны эхэн үед гүрж ногоон цайны эрэл сурал байлаа шүү дээ. Тэгэхээр олон жил хэрэглэсэн цайндаа тэгж дассан байна. Ингээд идэж байгаа хоол, ууж байгаа унд нь, өмсөж байгаа хувцас нь, үзэж байгаа зурагтын нэвтрүүлэгт нь тэр нь бат шингэчихсэн байдаг юм байна л даа.
– За тэгвэл хуучин колончлолын ул мөр болсон үтэр түргэн салах муу зүйл нь энэ, шинээр бушуухан олж аваад, амьдралын хэвшил болгох эд нь энэ гэдгийг хэн ялгаж салгаж хэлэх ёстой юм? Францын колони байсан Чаад одоо болтол Чаад хэвээрээ л байна. Францаар ярьдаг, франц костюм өмссөн нэг Чаадыг би оюутан байхдаа таньдаг байв. Тэр манай аав хөрөнгөтөн гэсэн чинь хэдэн өвсөн овоохойтой, гурван эхнэртэй хүний зураг л үзүүлсэн. Тэр хүн сэтгэл хангалуун патиараа татуулсан байгаа гэж юу гэх вэ. Манайд ч гэсэн хий баярхсан феодал маягийн зан авир, шунал нь хөгжлөө давчихаад байх шиг
– Асуулт хэдий сонирхолтой ч нэг амьсгаагаар хариулчих эд биш байна. (инээв.) Амьдралынх нь хэв маяг болчихсон, оюун санаанд бүгчихсэн хоцрогдлыг шийдэхийн тулд эргээд л боловсрол, гэгээрлийн системээ ярих болно. Хүнийг хүүхэд ахуйгаас нь эхэлж шинэ хэвшил маягт сургаж эхлэх хэрэгтэй. Бусдын нөлөөллийн дор асуудлыг шийддэг биш өөрсдөө шийдвэр гаргаж чадах дундаж анги давхрага хурдан бүрэлдэх хэрэгтэй. Тэгэхгүй нэг хэсэг нь баян, нөгөө хэсэг нь ядуу байх тусмаа нийгэмд савлагаа үүсэх магадлал нь их.
– Энэ чинь 10 жил, 20 жилийн асуудал. Түргэн явлаа гэхэд л…
– Тийм. Гэтэл манайхан аливаа юмыг амарчилж тэгвэл маш удаан байна гэж тээршээдэг. Гэтэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш 28 жил болчихсон байна шүү дээ. Тэгэхээр урт хугацаандаа, ядаж богино, дунд хугацаандаа төлөвлөнө өө гэдэг чинь энэ. Түүнээсээ өнөө маргаашийн хэрэгцээндээ хөтлөгдөөд ч юм уу, санамсаргүй байдлаар асуудалд хандаж болохгүй. Гоё сайхан яриа, зөв сонсогдсон болгон ажил хэрэг болдоггүй. Сэтгэлээ гаргаад хийсэн ч бүтдэггүй явдал бий. Үүний цаана тооцоогүй, судалгаагүй юм бүрэн гүйцэд ажил хэрэг болдоггүй гэдгийг хангалттай туршлаа шүү дээ.
– 1990-ээд оны эхээр Бээжин хотын айлууд коммуналь системээрээ манайхнаас дор байсан юм шүү. Айлуудад нь ванн байхгүй байдаг ч юм уу. Гэтэл 20-30 жилд бидний нүдэн дээр Хятад улс Дэлхийн тэргүүлэх орон болж байна шүү дээ. Дэн Сояпин гуай үүнийг урьдчилан харж хийсэн болов уу, эсвэл санаандгүй, гэнэтийн аз дайралтаар хийсэн болов уу, Эдийн засгийн ухааны судлаач хүний хувьд юу гэж бодож байна?
– Олон хүнтэй, байгаа юмаа маш нарийн тооцож хийж байгаа нь нүдэн дээр ил байдаг. Диктатурын аргаар ч хамаагүй бодлогоо нийгэм рүүгээ нэвт явуулдаг. Хятадын явуулж байгаа бодлогыг олон судлаачид янз бүрээр тайлбарлаж, хэлж болно. Гэвч Дэлхийн том эдийн засаг болсон улс гэдэг дээр хэн ч одоо маргах аргагүй. Эд өдгөө 13 дахь таван жилийн төлөвлөгөөгөө биелүүлэх гээд явж байна. Энэ бол танд тодорхой хариу болох байх. Хамгийн гол нь алдаа гаргахаас айдаггүй, гаргасан алдаагаа засдаг, тууштай бодлого явуулж байна. Хятадын эдийн засагт гарч байгаа бүтцийн өөрчлөлт нь Дэлхийн эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөнд нөлөөлөх давалгаа болохоор байна.
– Москва хотын анхны мэр Г. Попов 1990-ээд онд анх ЗХУ-д социал демократ хөдөлгөөн байгуулсан эдийн засагч хүн. Тэрбээр, “Горбачёв (ЗХУ-ын сүүлийн удирдагч) гарч ирэхийн төлөө насан туршдаа тэмцсээр гарч ирсэн. Харин гарч ирээд юу хийхээ мэддэггүй урд урьдын удирдагч нарын нэг байлаа. Дэн Сояпин бол гарч ирэхийн төлөө бас л явсан. Харин гарч ирээд юу хийхээ мэддэг тэмцэгч байсан. Тэгээд хийсэн. Өнөөдрийн Хятадын хөгжлийн үр дүн нь энэ. Хятад, Оросын ялгаа энд л байна” гэж хэлсэн байдаг. Энэ аль зэрэг ортой бол? Манай Монголын эдийн засгийн модель, юу байдаг юм, механизм нь энэ хоёр эдийн засагтайгаа уялдаж, тос маслоо тохируулж эргэх байх л даа.
– Том, бас их сонин асуулт хөндлөө, та. Бид мөнхийн хоёр хөрштэйгээ таны хэлснээр механизмынхаа тос маслыг тохируулах л хэрэгтэй. Энэ хоёр, дэлхийн гүрэн болж ирлээ. Тэгэхээр бид тэр хэмжээнд нь таарсан, дороо суурьтай, дотроо бодолтой хөгжил, амьдралын хэвшил, хүний хөгжлөө урагшлуулах хэрэгтэй. Хятад улс бол гурван том удирдагчаа л ярьж байна. Нэгд, Мао Зэдун, хоёрт, Дэн Сояпин, гуравт Си Жиньпинь гээд. Эхнийх нь улс төрийн аргаар улсаа барьж байсан. Удаахь нь, эдийн засгийн аргаар улс орныг хөгжүүлэхийг зорьсон. Си Жинпинь болохоор энэ хоёрыг хослуулсан аргаар хөгжүүлэх гэж байна уу гэсэн байдал ажиглагдаж байна. БНХАУ байгуулагдснаас хойш уламжлал, залгамж холбоон дээрээ тулгуурласан тэр хөгжлийн загварыг барьж байх шиг. Өнгөрсөн оны сүүлд болсон Хятадын коммунист намын хурал дээр Си Жинпинь дөрвөн цаг гаруй тавьсан илтгэл дээрээ Хятад улс зөвхөн улсынхаа биш, Дэлхийн хэмжээнд нөлөөлөх бодлогоо ярьж хэлэлцсэн. Ийм Дэлхийн хэмжээний хоёр хөрштэй манай улс, урьдны түншлэл, харилцааны туршлагаа залгамжлуулах атлаа маш оновчтой зөв байр сууриа хадгалж, сайн ойлголцож ажиллахаас өөр аргагүй. Бид Монгол хүний уужуу тайвуу ухаанаар урагшаа давж харахын төлөө бас санаа бодлоо уралдуулж байх хэрэгтэй болов уу. Гуравдахь хөршийн хувьд мөн л дээрх зарчмаар бодлогоо тодорхойлоод, хамтран ажиллах хэрэгтэй. Бид арай л “даяаршсан” юм яриад байгаа санагдах юм. Одоо сувгаа сольё гэдэг шиг сэдвээ өөрчилбөл яасан юм бэ?
МАНАЙ ТЭНХИМ УЛС ОРНЫ АМЬДРАЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН ТОМ ИНСТИТУЦИ
– Тэгье. Ялимгүй улс төржих үү? Таны оролцож хийсэн МАН-ын мөрийн хөтөлбөр бодитой хөтөлбөр үү? 2020 он гэхэд хэрэгжинэ биз?
– Эдийн засгийн мөрийн хөтөлбөр боловсруулах хэсэг дээр өөрийнхөө хэмжээнд хүчин чармайлт их гаргаж ажилласан. Өмнөх мөрийн хөтөлбөрүүдийг ширхэгчлэн шинжилж үзсэн. Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжих талыг нь илүү, нарийн харж, чармайж хийцгээсэн. Солонгосын Сенгүрэ нам, Австрали, Английн Хөдөлмөрийн намын хөтөлбөрийг нарийвчлан харьцуулж, судалж хийгдсэн хөтөлбөр. 2016 он хүртэл нөхцөл байдал ямар байсан гэдгээ бодитойгоор тооцсон учраас ирэх хүндрэлүүдийг ч тооцсон. Зүүний чиглэлийн нам учраас эдийн засгийн шинэчлэл, өөрчлөлтийн алхмуудыг хийхийн хажуугаар бага орлоготой иргэд рүүгээ чиглэсэн бодлого нь гээгдээгүй. Нийгмийн баримжаатай, бодлогын чанартай асуудал нилээд түлхүү суусан. Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжих болсонтой холбоотой зарим нэг өөрчлөлт орсон ч ерөнхий хайрцгаа алдаагүй.
– Эдийн засагч, судлаачдын гар орсон болохоор чамбай болсон байж таарна…
– Сонирхуулахад, намайг Их сургуульд эдийн засгийн онолын тэнхимийн багш болоход Ардын багш Миеэгомбо, Гавьяат багш Б.Сувд нар маань маш их нөмөр нөөлөг, дэм тус болсон. Шинэ багш нарыг заах арга барилд нь чиглүүлж, судалгаа шинжилгээний туршлага, аргачлалыг нь зааж, сургаж өгдөг байсан. Их сургуулийн багш болоход минь их чухал үүрэг роль гүйцэтгэсэн хоёр хүн гэж би бодож явдаг юм. Хуучин бол халамжлан хүмүүжүүлэгч гэж ярьдаг байлаа шүү дээ (инээв.) Лекц конспектыг хэрхэн төлөвлөхөөс эхлээд бүх юмыг зааж чиглүүлэхээс гадна оюутанд ямар үед нь юу хэлбэл өгөөжтэй вэ гэдгийг хүртэл зааварлана шүү дээ. 20 жилийн дараа Миеэ багшийнхаа хүү М.Энхболд даргын эдийн засгийн зөвлөхөөр ажиллах болсон маань их сонин тохиолдол юм.
– Санаандгүй юм гэж байдаггүй. Санаандгүй байх тусмаа цаанаасаа зураг төөрөгтэй байдаг гэдэг шиг. Тийм үү? Та чинь Кондолиза Райс шиг хүн байна шүү. Тэрбээр эцэг Бушийн ЗХУ, Зүүн Европ хариуцсан зөвлөх байснаа Клинтоны дараа хүү Буш нь гарахад бүр үйл ажиллагаа нь тэлээд Үндэсний аюулгүй байдал хариуцдаг шиг.
– Надад бол ийм л явдал тохиолдсон. Эдийн засгийн тэнхим маань 70 жилийнхээ ойг саяхан тэмдэглэсэн. Хуучнаар Улс төр, эдийн засгийн ухааны тэнхим. Энэ бол түүхэн талаасаа ч тэр, өнөөгийн ач холбогдлоороо ч маш чухал тэнхим. 1947 онд энэ тэнхим анх байгуулагдахад эрхлэгчийнх ажлыг Ю.Цэдэнбал дарга хавсран гүйцэтгэж байсан. Манай тэнхимд Ж.Батмөнх гуай, Миеэ багш, Осор гуай, Чулуундорж гуай гээд эдийн засгийн томчууд байсан. Тэгэхээр манай тэнхим Их сургуулийн нэг нэгж төдий биш улс орны амьдрал, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн том институци юм.
– Тэр мэдээж. Энэ бол өргөн хүрээтэй, том асуудал, ярилцаж барагдахгүй сэдэв. Гэвч бидний ярилцлага хэмжээтэй, зай талбай маань хязгаартай тул өндөрлөхөөс аргагүй нь. “VIPerson” булангийн маань зочноор оролцож, дэлгэрэнгүй яриа өрнүүлсэн танд баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөр, амьдралд тань аз жаргалыг хүсье.
– Баярлалаа. Аав ээж, ажил хөдөлмөр, бага нас, сурагч үеэ дурсаж ярих сайхан байлаа. Ийм ярилцлага өгч байгаагүй юм байна. Танд болон танай сонины хамт олонд ажлын амжилт дүүрэн байхыг хүсье.
Эх сурвалж: ‘Open door’ сонин, www.frc.mn