Тархиндаа гэмтэл авсныхаа “ачаар” суу билгийг олсон 10 хүн

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Тархиндаа гэмтэл авсныхаа “ачаар” суу билгийг олсон 10 хүн

Тархиндаа гэмтэл авсныхаа “ачаар” суу билгийг олсон 10 хүн

Суу билэгтэн хэрхэн бий болдог вэ? Зарим хүмүүс цаанаасаа суу билэгтэй төрдөг бол зарим нь гэнэтийн ослоос болж урьд өмнө байгаагүй чадвараа олж авсан тохиолдлууд хэд хэд бий.


 

 10 

Дерек Амато

2006 онд Дерек Амато гэх Колорадо мужийн иргэн усан сан руу шумбахдаа толгойгоороо усан сангийн ёроолыг мөргөчихжээ. Тэрбээр ухаан алдаж, эмнэлэгт сэрсэн байна. Ийм төрлийн гэмтэл авсан хүмүүсийн үе мөч саажиж, мэдээ алдаж, хөдөлмөрийн чадвараа алдах нь элбэг байдаг. Энэ ч Дерекийг тойрч гарсангүй, сонсгол нь асар муудаж, толгой нь өвддөг болж, ой санамжаа алддаг болжээ. Гэсэн хэдий ч Дерек энэ ослыг өөрт нь тохиолдсон хамгийн сайхан зүйл гэж боддог. Учир нь тэрбээр авьяаслаг хөгжимчин болсон байлаа.

Ослоос хэдэн өдрийн дараа Дерек нүдээ анихад хар цагаан дүрсүүд урсан өнгөрч байгааг анзаарчээ. Энэ нь хөгжмийн нот байсан гэдэг. Өмнө нь хөгжим тоглож үзээгүй тэрбээр төгөлдөр хуурын ард суун бусад хүмүүсийн хэдэн жил хичээллэж байж тоглодог хүнд аязыг түвэггүй тоглодог болсон байв.


 

 9 

Жэйсон Паджетт

2002 оны үдэш тавилгын худалдаачин Жэйсон Паджетт баарнаас гарч яваад дээрэмчдийн халдлагад өртсөн байна. Түүнийг цохин унагаж, толгой руу удаа дараа өшиглөсөн аж. Энэ үеэр түүний нүдэнд оч харагдаж, нэг л мэдэхэд цус нөжиндөө хутгалдан хүйтэн бетон дээр сэрсэн байна. Халдлагаас болж Паджеттын тархи хөдөлж, харах эрхтэнд нь өөрчлөлт орсон байна. Хэдийгээр тэр энгийн харж байсан ч бүх зүйлс гялтганадаг болсон байв. Яг л бүх обьект зураас, дүрсүүд болон задарсан мэт. Ахлах сургуулиа дүүргээгүй Паджетт өөрийнхөө харж буй зүйлс нь математикийн томьёоллын геометр дүрсжүүлсэн байгааг ойлгосон байна.

Тархиндаа авсан гэмтэл нь нэг ёсондоо математикийг “хардаг” болгожээ. Судлаачид түүний тархийг судлан, янз бүрийн томьёо, тэнцэтгэлүүдийг харуулахад тархи нь асар их идэвхжиж байгааг илрүүлсэн байна. Түүний тархи тоонуудыг дүрс болгон хувиргаж байв. Жэйсон Паджетт өөрт тохиолдож буй зүйлсээ илүү сайн ойлгохын тулд коллежид элсэн, судалгаа хийж байгаа юм.


 

 8 

Жон Саркин

Жон Саркины амьдралын эхний 30 жил эгэл жирийн ертөнцөд энгийн хүний байдлаар өнгөрсөн байна. Эхнэр, хүүхэдтэй тэрбээр бариачаар ажилладаг, чамгүй амжилттай нэгэн байв. Гольф тоглож, хөрөнгийн зах зээлд ч хүч сорьж байлаа. Гэтэл 1988 оны нэг өдөр түүний тархинд цус харважээ. Эмнэлэгт хүргэгдсэн түүнийг аврахын тулд тархиных нь нэгээхэн хэсгийг авах шаардлагатай болсон байна.

Ийнхүү Жон Саркин сэрэхдээ бариач байхаа больж, зураач болон дахин мэндэлсэн байна. Тэрбээр хачин жигтэй зүүд их зүүдэлдэг болж, тэднийгээ уран зургаар илэрхийлэн гаргадаг болов. Ажлаасаа гарч бүх цагаа уран зураг, баримал бүтээхэд зарцуулдаг болсон Жоны талаар урлагийн ертөнц төд удалгүй мэддэг болсон байна. Өдгөө энэ ослоос хойш бараг 30 жил өнгөрсөн ч Жон уран бүтээлээ туурвисаар байгаа бөгөөд түүний бүтээлүүд дэлхийн өнцөг булан бүрт дэлгэгдсэн аж.


 

 7 

Лей Эрцег

2009 онд 49 настай Лей Эрцег Колорадо муж дахь эдлэндээ жалга руу унан, толгой болон нугасаа хүнд гэмтээсэн байна. Түүнийг насан туршдаа тэргэнцэр дээр суух болох нь гэж эмч нар үзэж байсан ч гайхамшигтай тохиолдлоор нугасандаа авсан гэмтэл нь бүрэн эдгэрсэн аж. Харин толгойн гэмтлийн хувьд өөр байлаа. Тэрбээр өөрийгөө хэн гэдгээ санахгүй байсан ба бага нас, эцэг эх гээд унахаасаа өмнөх амьдралынх нь дурсамжаас юу ч үлдсэнгүй. Түүгээр ч барахгүй бүх сэтгэл хөдлөл нь алга болсон гэдэг. Лей ямар үед инээмсэглэх, ямар үед инээх ёстойгоо мэддэг ч яг яагаад ингэх ёстойгоо огт ойлгодоггүй аж.

Өнгөрсөн амьдралынхаа талаар бүх дурсамжийнх нь оронд цоо шинэ ур чадварууд түүнд бий болжээ. Тэрбээр математик сонирхох болж, уран зурагт дуртай болсон байна. Тэрбээр бүтээлээ туурвихдаа математикийн тэнцэтгэл ашигладаг гэж хэлдэг.


 

 6 

Ноён Зи

Тархиндаа хүнд гэмтэл авсан хүмүүс урьд өмнө нь байгаагүй чадвартай болдгийн шалтгааныг олж илрүүлэхээр эрдэмтэд судалсаар байдаг. Ийм үзэгдэл олон арван жилийн өмнөөс л тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Гэхдээ шинэ чадвар нь үргэлж аз жаргалд хүргээд байдаггүй.

1980-аад онд нэгэн судлаачтай ажиллаж байсан Ноён Зи гэх өвчтөн 9 настайдаа гэртээ байхдаа духандаа буудуулжээ. Сум хохирогчийн толгойг нэвт гарсан бөгөөд хүү ярьж, хөдөлж чадахаа больсон байна. Үр дүнд нь Ноён Зи аливааг логикоор бодох чадвараа бараг бүхэлд нь алдсан байна. Хачирхалтай нь, тэр бүх зүйлсийг хэсэгчлэн салгаад эргүүлэн нийлүүлж ойлгодог чадвартай болсон гэдэг.

Ингээд бүх зүйлсийг механикаар хийх болсон тэрбээр аливаа үйл явдлыг нарийвчлан санадаг байлаа. Ганц удаа очсон газрынхаа гудамж бүрийн нэрсийг тогтоосон байхаас гадна бусад бүх деталийг санадаг байна. Харамсалтай нь, Ноён Зи насан туршдаа тахир дутуу нэгэн болон хоцорсон билээ.


 5 

Франко Маньяни

Италийн цагаач Франко Маньяни 1960-аад оны үед гэнэт өвдсөн байна. Хэвтрийн дэглэмд орж, дэмийрч эхлэв. Энэ үеэрээ тэрбээр их зүүдэлдэг байсан гэнэ. Арваад жил очоогүй төрөлх нутаг болох Италийн Понтито дахь гэрээ ч зүүдлэв. Харин сэрээд зүүдэндээ харсан бүх зүйлээ гайхамшигтай сайхнаар зурж чаддаг болсон байлаа. Маньянигийн уран зургууд үнэхээр бодит, олон жил тархинд нь хадгалагдан үлдсэн дурсамжийг тэр чигт нь зотон дээр буулгасан мэт байв.

“Татаж унах өвчин” гэх оноштой Маньяни бага насныхаа бүх зүйлийг деталь бүрээр нь санадаг чадвартай болсон аж. Энэ явдлаас хойш 20 жилийн дараа нэгэн гэрэл зурагчин Маньянигийн уран зургуудын мөрөөр явж, яг л тэр газруудын гэрэл зургийг авсан байв.


 

 4 

Антони Чикория

1994 онд Доктор Антини Чикория гудамжинд утасны бүхээгт утсаар ярьж дуусахтай зэрэгцэн гэнэт нүд сохлом гэрэл гарч ирээд утсыг, дараа нь түүний нүүр рүү “цохисон” байна. Антони арагш саван унасан ба өөрийнх нь хэлснээр энэ гэрэл түүний сүнсийг биеэс нь түлхэн гаргасан аж. Өөрийнхөө ухаангүй хэвтэх биеийг, түүнд туслахаар оролдож буй хүмүүсийг харж байснаа санадаг ба нэг л мэдэхэд эргэн биедээ оржээ.

Тэрбээр аянганд ниргүүлсэн нь энэ байлаа. Энэ явдлаас хойш хэдэн сарын турш Антони Чикория хэвийн амьдралдаа орох гэж хичээж байсан ч өөрт нь ямар нэг юм өөрчлөгдсөн болохыг мэдэрчээ. Ажилдаа илүү сайн төвлөрдөг болж, ой санамж нь бага зэрэг муудсан байлаа. Энэ шинж тэмдгүүд удалгүй алга болсон ч Чикория хөгжим бүтээх асар их хүсэлтэй болсон байжээ. Зүүдэндээ аялгуу сонсож байсан ч түүнийгээ хэрхэн хөгжмийн зэмсэг дээр тоглохоо мэддэггүй байсан тул 42 настай мэс засалч эр төгөлдөр хуур тоглож сурахаар шийдэв. Бүх л чөлөөт цагаа хөгжимд зориулж, эхнэр нь түүнийг орхин явах үед ч хөгжмөө тоглосоор байсан гэнэ.


 

 3 

Хитер Томпсон

2011 оны гуравдугаар сард Хитэр Томпсон худалдан авсан хүнсээ машиндаа хийж байхад нь арын хаалга толгой дээр нь унажээ. Энэ осол түүний тархинд нөлөөлсөн байна. Хэдийгээр тийм ч ноцтой зүйл биш байсан ч тэрбээр нэгэнт өөр хүн болсон байлаа. Гэрэл хэт хурц болж, өнгөнүүд тод болов. Энэ бүгдээс зугтахын тулд өөрийгөө харанхуй өрөөндөө хорьж, Гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа ч татгалзжээ. Өдрийн ихэнхи цагийг унтаж өнгөрүүлэх болсон тэрбээр жаахан зүйл хийсэн ч ядардаг болсон байна. Ганц удаагийн анхааралгүй байдлаас болж түүний амьдрал там болон хувирсан гэдэг.

Нэг өдөр түүний хөрш тайвшрахад нь туслах байх гэж бодон хуучин бийрнүүд өгсөн байна. Томпсон зураг зурж эхлэв. Антони Чикория, Жон Саркин нарын нэгэн адил тэс өөр хүн болжээ. Тэрбээр нөхрөөсөө салж, өөр хотод суурьшин амжилттай бизнесмэнээс зураач болон хувирсан байна. Томпсон өдгөө урьд өмнөхөөсөө ч илүү аз жаргалтай болсон гэдэг.


 

 2 

Орландо Серрелл

Олдмол савант синдромын тод жишээ бол Орландо Серрелл юм. Энэ синдром нь оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүн өөр зүйл дээр бусдаас хол илүү байхыг хэлдэг. Тэрбээр 1979 онд толгойдоо бөмбөгт цохигджээ. Тухайн үед жаахан манарсан ч удалгүй үргэлжлүүлэн тоглож эхэлжээ. Орландо тархиндаа гэмтэл авснаа анзаараагүй байв. Ердөө 10 настай байсан түүний толгой маш их өвддөг болжээ. Харин энэ өвчин зогсох үед тэрбээр бүх зүйлийг санадаг болсон байв. Ямар хувцас өмсөж байсан, цаг агаар ямар байсан, өглөө босоод юу идсэн гээд бүхнийг санана – амьдралынхаа бүх өдрийг шүү!

Зөвхөн өнгөрснөө санаад зогсохгүй ирээдүйг ч харж чаддаг болсон гэнэ. Түүнээс хэдэн зуун жилийн дараах дурын огноог хэлээд долоо хоногийн аль гариг болохыг асуувал тэр дор нь хариулна. Огт алдахгүй. Өдгөө Орландо хүний оюун ухаанд тархины гэмтэл хэрхэн нөлөөлдгийг олж мэдэхийг хүссэн эрдэмтэдтэй хамтран ажилладаг аж.

 


 

 1 

Жим Каролло

Жим Каролло 14 настайдаа автын осолд оржээ. Ослоор ээж нь таалал төгсөж, өөрөө ухаангүй болсон байна. Тархиндаа хүнд гэмтэл авсан түүнийг эмч нар хэдхэн долоо хоног амьдрах байх гэж бодож байлаа. Гэвч Жим амьд гарсан байна. Зургаан долоо хоногийн дараа ухаан орсон тэрбээр удаан хугацааны сэргээх эмчилгээ хийлгэжээ. Удалгүй сургуульдаа эргэн орсон Жим энгийн нэг өсвөр насны хүүхэд байхаа больсон байлаа.

Математикт огт сонирхолгүй байсан тэрбээр хүнд хэцүү бодлогуудыг ч амьсгалахтай адил хялбархан бодож чаддаг болжээ. Огт суралцахгүйгээр ахлах сургуулийнхаа геометрийн ур чадварын шалгалтыг төгс дүнтэй өгөв. Тооцооллын шалгалтуудаа ч амархан өгөх болжээ. Тэрбээр ердөө нэг хараад л ямар ч тоог цээжилдэг болов. Өдрийн дотор “Пи”-гийн 200 цифрийг цээжлэв. Ослын улмаас Жим Кароллогийн толгой дотор эцэс төгсгөлгүй тоо, цифрүүд эргэлддэг болсон ажээ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж